Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Чулуунхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 2224000000000 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын ..........-ны өдөр ....... аймгийн ........ суманд төрсөн, .......... настай, .........й, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа ....... аймгийн ........... сумын ........л багийн тоотод оршин суудаг, Б.А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...........н аймгийн ............ сумын .....н багийн нутаг ........................... тоотод байрлах өөрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Бын нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Үүнд: Хохирогч Г.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд А ахтай төв заалны хажууд таарсан, тэгээд манайх гахайн толгой задлах гэж байна очиж ид гэхлээр нь хамт тэднийд очсон. Намайг тэднийд ороход нилээн хэдэн хүн байсан, би тэднийд хоол идчихээд тэд нарыг архи ууж байхлаар нь сөн түшиж сууж байгаад 17 цагийн орчимд Ч ахтай хамт гараад гэртээ орсон. Ч ах бид хоёр манайд байж байгаад буцаж гарч Аыд орсон, бид хоёрыг тэднийд ороход Мөнхсайхан ах, А ах, Д ах, утас засварчин залуу нар сууж байсан. Бас миний зүс таних нэг хүн байсан тэгээд надад нэг шил архи авч өгнө гээд дэлгүүр рүү орж нэг шил архи авчираад өгчихөөд явсан, тэгээд нөгөө архийг нь бид нар хувааж уугаад сууж байтал гар утас засварчинг ална гээд А ах хутга бариад босоод ирсэн, би А ахыг салгаад та боль яагаад байгаа юм бэ, гээд нөгөө гар утас засварчин залууг аваад гэрээс нь гарах гэж байтал миний ар талаас нуруу руу хутгаар хатгачихсан, тэгсэн цаанаас нь Д ах босож ирээд А ахыг татаад автал хутга дүрчихэе гээд А ах дайраад байсан, тэгээд Даваадай ах бид хоёр гараад манай эхнэрийн ажил дээр очоод манай эхнэр бид хоёр эмнэлэг орж үзүүлчихээд цагдаа руу манай эхнэр дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Гэрч Ч.Д-н “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд А над руу залгаад бид нар гахайн толгой шарж байна, миний найз хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би тэднийд очиж хоол унд идээд, архи ууцгаагаад нилээн удаан суусан. Гэтэл гэнэт бужигналдаад эхэлсэн, тухайн үед А Б хоёр маргалдахаар нь би босож ирээд Аыг барьж аваад салгасан, тэгээд би Бын нуруунаас цус гоожоод би цусыг нь арчиж өгсөн, та намайг гэрт хүргээд өг, хоёулаа явъя гэхлээр нь би Бын хамт гараад эхнэрийнх нь ажил дээр ирээд эхнэрт нь танай нөхөр гадаа сууж байгаа, би танай нөхрийг хүргэж ирлээ танай нөхрийг хүн хутгалчихсан гэж хэлээд л буцаад гэр рүүгээ явсан. Харин Б эхнэртэйгээ хамт ажил дээр нь үлдсэн...” гэсэн мэдүүлэг /ххийн 52-р хуудас/,

Гэрч Э.Э-н “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой намайг ажил дээрээ байхад гаднаас нэг хүн орж ирээд танай нөхрийг хутгалчихсан, би түүнийг аваад ирлээ гээд нэг хүн ирсэн, тэгээд зөрөөд гартал манай нөхөр гадаа сууж байсан. Би эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн чинь өөрөө алхах боломжтой бол аваад ирээч гэсэн тэгээд би нөхрөө дагуулаад эмнэлэг рүү явж байхдаа цагдаа руу дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Гэрч М.Р-н “...Бид хоёр дэлгүүрээс авсан архийг задлаад бид нар бүгдээрээ хувааж уусан, сүүлд ирсэн нэг ах Тогноо ах бид хоёрт нэг шил архи авч өгчихөөд явсан, бид нар нөгөө архийг хувааж уугаад би түр зуур унтчихсан байсан. Нэг сэрэхэд Тогноогийн нурууны хэсэгт нь Амраа ах хутгалчихсан гээд нуруунаас цус гараад зүсэгдсэн шарх үүсчихсэн байсан. Би босож ирээд шархыг нь боож өгөх үү гэсэн чинь өөрөө тоохгүй байхлаар нь буцаад унтчихсан, нэг сэрэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

Гэрч Д.Ч-н “....Тэгээд бид нар хоол хийж идээд, нөгөө архиа хувааж ууцгаасан, А, Адъяа ах хоёрыг унтчихлаар нь би Тогноотой хамт буцаад гадагшаа гараад явсан. Тогноо бид хоёр гадуур явж байгаад 16 цагийн орчимд Аыд буцаж очоод нөгөө хоёрыг унтаж байхлаар нь ороод би унтсан. Унтаж байтал цагдаа ирчихсэн сэрээрэй гэж байсан, тэгээд л цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Мөн шинжээчийн дүгнэлтүүд:

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 000000000 дугаартай “...Б.Бын биед гэмтэл учирсан байна. Хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой нурууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Б.Бын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Бын биед шинжилгээ хийхэд асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Сэлэнгэ аймгийн сумын дундын 1 дүгээр шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 124 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 1/02 дугаартай: “...Б.А /ИЦ00/ нь ам бүл-1, Дархан-Уул багийн үндсэн иргэн, үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Б.А /РД:ИЦ00/-ы гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,

Гэрч Д.Б-н “...Б.А одоо ганцаараа амьдарч байгаа, одоогоос 2-3 жилийн өмнө эхнэр нь салаад өөр хүнтэй суучихсан. Б.Аы тухайд амьдралын түвшин дундаж, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн хөлсний ажил төрөл хийгээд амьдрал ахуйгаа залгуулдаг. Тэднийх эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй бөгөөд хоёулаа Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг байрлах өөрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Бын нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Бын “... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд А ахынд ... бид нар архи хувааж уугаад сууж байтал А ах хутга бариад босоод ирсэн..., засварчин залууг аваад гэрээс нь гарах гэж байтал миний ар талаас нуруу руу хутгаар хатгачихсан...” гэсэн,

гэрч Ч.Д-н “ ... А Б хоёр маргалдахаар нь би босож ирээд Аыг барьж аваад салгасан, тэгээд би Бын нуруунаас цус гоожоод би цусыг нь арчиж өгсөн...” гэсэн,

Гэрч Э.Э-н “...гаднаас нэг хүн орж ирээд танай нөхрийг хутгалчихсан гэсхээр нь гарсан чинь  манай нөхөр гадаа сууж байсан. Би эмнэлэг рүү явж байхдаа цагдаа руу дуудлага өгсөн..” гэсэн,

Гэрч М.Р-н “...Нэг сэрэхэд Т-н нурууны хэсэгт нь А ах хутгалчихсан гээд нуруунаас цус гараад зүсэгдсэн шарх үүсчихсэн байсан...” гэсэн,

 “...Б.Бын биед гэмтэл учирсан байна. Хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой нурууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Б.Бын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Бын биед шинжилгээ хийхэд асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ гахайн толгой чанаад найзуудыгаа утсаар дуудсан. Тэгээд манай найзууд ирж хоол идчихээд бид нар архи ууцгаасан, бид нар нилээн муудаад унтаж байгаад сэрсэн чинь манай гэрт Т буюу Б ороод ирсэн, гар утас засварт ажилладаг залуутай маргалдаад байх шиг болохоор нь босож ирээд тогооны саван дээр байсан хар өнгийн бариултай хутгыг барьж аваад Б-ын нуруу руу нэг удаа хатгачихсан. Тэгээд Бын нуруунаас гоожиж байсан цусыг Д буюу Д арчиж өгөөд манайхаас дагуулаад гараад явсан. Тэднийг гарсны дараа намайг унтаж байтал цагдаа нар манайд ирсэн. Тэгээд намайг болон манайд байсан хүмүүсийг эрүүлжүүлсэн...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:

Хохирогч Б.Бын “...Б.А нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул би яллагдагч Б.Атай сайн дураараа эвлэрсэн, одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт,

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5800000000 тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

шүүгдэгч Б.Аы “...Яллагдагч Б.А би учруулсан хохирлоо сайн дураараа төлж, хохирогч Б.Бтой сайн дураараа эвлэрсэн, Б.Бод учруулсан хохирлын бүрэн төлж барагдуулсан, хүлээлгэж болох эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай ажлын хэсгийн урт 16.2 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэв.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай ажлын хэсгийн урт 16.2 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ