Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 39 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000030 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, тоотод оршин суух бүртгэлтэй,

           Урьд Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүрэн эдэлж дууссан,

          Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн  7 сар 10 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          ******* овогт *******ын ******* /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь ****** тоотод 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед архины шавх руу өглөө гэх шалтгааны улмаас А.*******ын толгой руу архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Хохирогч шөнийн 12 цагийн үед манайд 1 шил архитай орж ирсэн. Ширээн доогуур архийг нь тавьсан байсан чинь архиа аваад явлаа гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд нэлээд удаж орой 01 цагийн үед архиа ууж дуусаад хуруу хэрээтэй архиа бариад манайд ороод ирсэн. Манайд орж ирээд намайг уу гэхэд нь би уухгүй, чи бүтэн байхад нь авч явчхаад шавх руу архи надад өглөө гээд л хоорондоо маргалдсан. Тэгээд миний өрөөсөн нүдний хөмсгийг яз цохисон.  Тэгэхээр нь би архины шилийг нь аваад толгой руу нь цохичихсон. Толгой нь хагарсан байсан. ******* өөрөө их болдоггүй хүн, энэ тэнд архи уугаад, тамхи архины мөнгө нэхээд явж байдаг. Хэрэг болсноос хойш хайгаад олдохгүй, хэд хоног харагдахгүй байхаар нь сураг тавьсан чинь нэг айлд ороод цуг архи уучхаад унтсан хойно нь тэр хүнийхээ халаасыг нь ухаад 90.000 төгрөгийг нь аваад явсан байсан. Харагдсан уу гэж асууж байсан, харагдахгүй байгаа... Эмнэлэгт үзүүлэх боломж олдоогүй намайг цагдаад аваачаад хорьчихсон. Тухайн үед миний хөмсөг бага зэрэг задарсан байсан. Айхтар том задраагүй, цус нь гоожоод байсан... т айлын хонь хариулдаг. Тийшээ явж чадахгүй байгаа... Хавар болж байгаа тул ямаа самнаад хэдэн төгрөг олох боломжтой.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч А.*******ын мэдүүлэг /хх-5/, шинжээчийн 76 дугаартай дүгнэлт /хх-11-12/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-9-10/, яллагдагчаар өгсөн О.*******ы мэдүүлэг /хх-14/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Мөн шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд дурдуулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх нь зүйтэй байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****** тоотод 2022 оны 01 дүгээр сарын 02 ноос 03-ны шилжих шөнө 01 цагийн үед хохирогч А.*******ыг архины шавх руу надад өглөө гэх шалтгааны улмаас толгой руу нь архины шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар О.*******ы өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цагийн үед ***** тоот гэртээ байж байхад гаднаас манай найз А.******* 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд байж байснаа ямар ч шалтгаангүй авчирсан архиа буцаад аваад манайхаас аваад гарчихсан. Ингээд бараг 30 билүү 40 минутын дараа А.******* манайд талаас доогуур болчихсон Хараа нэртэй архиа барьчихсан буцаж орж ирээд тэр үлдсэн архиа надад өгөхөөр нь тухайн үед би жаахан уучихсан байсан учир гэнэт уур хүрээд чи надад уусан архиныхаа шавхрууг өглөө гэсэн чинь өөдөөс хэрэлдээд надтай муудалцсан. Тэгээд би уурандаа түүнийг Хараа нэртэй архины шилээр толгой руу нь 1 удаа хүчтэй цохисон. Тэгсэн *******ын толгойноос нь цус гараад байхаар нь би эмнэлэг рүү залгасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.*******ын өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 билүү 01 цагийн үед ****** тоотод оршин суудаг найз О.*******ыд 1 шил Хараа нэртэй архи бариад яваад очсон юм. Ингээд О.******* бид хоёр архиа хувааж ууж байгаад нэг мэдсэн бид хоёр хоёулаа нэлээн муудчихсан, тасарчихсан хоорондоо муудалцаж байсан. Тэгсэн О.******* миний толгой руу архины шилээр 1 удаа цохиод миний толгойг хагалчихсан. Тухайн үед миний толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5 дугаар тал/

 

3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/76 дугаар: А.*******ын биед эмнэлгийн бичигт бичигдсэнээр баруун чамархайн шарх гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

4. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 9-10 дугаар тал/

 

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 23 дугаар тал/

 

6. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 38 дугаар тал/

 

7. Шүүгдэгч О.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-45 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч А.*******ын толгойн тус газар архины шилээр цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/76 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Түүнчлэн шүүгдэгч О.*******ы ...Эмнэлэгт үзүүлэх боломж олдоогүй намайг цагдаад аваачаад хорьчихсон. Тухайн үед миний хөмсөг бага зэрэг задарсан байсан. Айхтар том задраагүй, цус нь гоожоод байсан...т айлын хонь хариулдаг. Тийшээ явж чадахгүй байгаа... Хавар болж байгаа тул ямаа самнаад хэдэн төгрөг олох боломжтой гэх зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэв.

Иймд О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, улсын яллагчтай 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  тохиролцсоныг хөнгөрүүлэн түүнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Бусад асуудлаар

     Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.           

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ