| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2022/0011/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/11 |
| Огноо | 2022-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
улсын яллагч Б.Сансарбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
шүүгдэгч Д.Б,
нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2224000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..............оны...... дугаар сарын .........-нд ............ аймгийн .......суманд төрсөн, .... настай, ........, ...........д боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, . аймгийн .......... сумын .............багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Д.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед ......н аймгийн ...........сумын.............. багийн Омбил хэсгийн хашаанаас Пронтер Бонго маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 1, 3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 нас, 5 сартай Д.Хийг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч О.-н: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой манай нагац ах Д.Б хөдөөнөөс машинтайгаа орж ирээд манайд хоносон. Тэгээд өнөө өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гадагшаа гарч машинаа галлаж асааж бага зэрэг урагшлуулж тавьчихаад гаднаас орж ирээд унд уучихаад мөс ачна гээд гэрээс гарсан. Тухайн үед манай гэрт манай ээж О, Б ахын эхнэр Ц нар хамт явах гээд хувцсаа өмсөөд ............эгч гэрээс гармагцаа л муухай орилоод удаа ч үгүй манай хүү Х-ийг тэврээд ороод ирсэн. Тэгээд би эмч руу залгасан утсаа авахгүй болохоор нь гарч машинаа асаагаад эмнэлэг рүү очиж эмч Ц, сувилагч М нарыг авч ирээд үзүүлсэн чинь нас барчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Гэрч Д.О-н: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө босоод манай дүү Б гарч машинаа галлаж асаагаад буцаж орж ирсэн. Тэгээд Б, түүний эхнэр Ц бид гурав мөсөнд явахаар болсон. Тэгээд гэрээс Б түрүүлж гараад Ц..... бид хоёр гадуур хувцсаа өмсөх гээд үлдсэн. Удаагүй хойноос нь Ц гараад яанаа гээд орилсон, юу болов гээд би гарах гэж байтал урдаас хүүхэд тэврээд ороод ирсэн. Манай хүү бэр хоёр орилолдоод хүүгээ барьж аваад манай хүү Д эмч дуудна гээд гарсан. Тэгээд удаа ч үгүй эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Л.Ц-н: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд би нөхөр Д.Бгийн хамт хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд Д-д бид хоёр очиж хоносон. Өглөө босоод манай нөхөр Б машинаа галлаж асаагаад буцаад гаднаас орж ирээд явж мөс ачицгаая гээд түрүүлээд гараад явсан. Би хойноос нь гадуур хувцасаа өмсөөд гараад иртэл гэрийн зүүн урд талд хүүхэд газарт уначихсан хэвтэж байхлаар нь би очиж хүүхдийг тэвэрч аваад Бгийн машины буруу талын хаалгыг онгойлгоод чи хүүхэд дайрчихлаа гэж хэлээд Дын гэрт орсон...Машин Дын урд байх амбаарын цаад талд, харин талийгаач машины хойд талд доошоогоо харчихсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч Ө.Цэвээнсүрэнгийн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 40 минутын орчимд өрөөндөө үзлэг хийгээд сууж байтал гаднаас талийгаачийн аав Д орж ирээд дуудлага өгөх гэсэн юм гэхлээр нь ямар дуудлага болохыг асуухад хүүхэд машинд дайруулчихлаа гэсэн, хувийн бэлтгэлээ хангаад Дын хамт гэрт нь очсон, намайг очиход тэдний хашаан дотор 2 гэр байсан бөгөөд намайг дагуулаад баруун талынх нь гэрт оруулсан. Намайг гэрт ороход талийгаачийн ээж нь түүнийг энгэртээ тэвэрчихсэн сууж байсан, би хүүхдийг тухайн орон дээр дээш нь харуулж хэвтүүлээд үзлэг хийхэд хүүхэд ухаангүй, зүрхний цохилт болон амьсгал байхгүй, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, гэрлийн урвалгүй болчихсон байхлаар нь тэдэнд хүүхдийг нас барсан талаар хэлсэн. Намайг очих үед хамар, ам, чихний сүвнээс гарсан цус хатсан, зарим хэсгээс цус асгарч байсныг цэвэрлэж үзлэг хийсэн...” гэсэн /хх-ийн 44-р хуудас/ мэдүүлэгүүд,
мөн шинжээчийн дүгнэлтүүд:
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000000004 дугаартай: “...Амь хохирогч Д.Хийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны урагдал, гавал суурь ясны бүтэн тойрог хэлбэрийн хугарал, тархины эдийн гоожилт, доод эрүүний хөндлөн зөрүүтэй хугарал, зүүн шанаа духны зүүн дээд хэсэг, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэл нь ЗТО-ын үед толгой дээгүүр нь гарах үед..., амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны урагдал, гавал суурь ясны бүтэн тойрог хэлбэрийн хугарал, тархины эдийн гоожилт гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна..., гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны урагдал, гавал суурь ясны бүтэн тойрог хэлбэрийн хугарал гэмтлийн улмаас нас баржээ..., задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000000005 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Бгийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/,
2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “...Тухайн Пройнтер Бонго маркийн 00-00 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Шар халзан овгийн Дайрийгийн Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа, /хх-ийн 59-61-р хуудас/,
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаархи болон бусад нотлох баримтууд болох:
Д.Бгийн 2020, 2021 оны жилийн эцсийн мал тооллогын цоохор,
Цагдаагийн ерөнхий газрын Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,
Цагдаагийн ерөнхий газрын Д.Бгийн жолоочтйн үнэмлэхийн дугаар, хүчинтэй, олгосон огноо 2018.06.05 гэсэн жолоочийн лавлагаа,
Д.Б /РД: /-гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн засаг даргийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 017 дугаартай “...Д.Б нь Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт, хх-ийн 99-р хуудас/ Д.Х нь // 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг бүртгэсэн нас барсны гэрчилгээний хуулбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 05-11-р хуудас/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ болон бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Бг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн Омбил хэсгийн хашаанаас Пронтер Бонго маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө зам тээврийн осол гаргасны улмаас 1 нас, 5 сартай Д.Хийг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн Омбил хэсгийн 531 тоот хашаанд Пронтер Бонго маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө зам тээврийн осол гаргаж, 1 нас 5 сартай Д.Хийг дайрч гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны урагдал, гавал суурь ясны бүтэн тойрог хэлбэрийн хугарал, тархины эдийн гоожилт гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 1,3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөн байна.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Пронтер Бонго маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө осол гаргаж 1 нас 5 сартай Д.Хийг дайрч амь насыг нь хохироосон болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.
Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогчийн амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч нь Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өглөө босож машинаа галлаж асаагаад 1 цаг орчим болсон. Гал түлсэн газраасаа машинаа бага зэрэг урагшлуулж тавьчихаад Дын гэрт орж аяга цай уучихаад буцаж гарч ирээд машиныхаа урдуур тойроод машиндаа орж машинаа хөдөлгөөд урагшаа дааман хаалгад дөхөж очмогцоо зогстол манай эхнэр Ц хүүхэд тэвэрчихсэн гүйгээд ирж харагдсан, тэгэхлээр нь би буугаад хойноос нь гүйгээд гэрт ортол хүүхдийг ээж нь тэвэрчихсэн зогсож байсан...Би машиныхаа ойр орчмыг харсан. Тухайн үед ойр орчимд хүн амьтан харагдаагүй. Харин би машиныхаа урд хойд тэнхлэг, 4-н дугуй орчмын доогуур нүдээр үзэж, шалгаагүй. Би санамсар болгоомжгүйгээр хүүхэд дайрч амь насыг нь хохироосондоо маш их харамсаж байна...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд жолооч Авто тээврийн тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг нь давхар нотолж байна.
Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дын “...Хохирогч О.Д миний зүгээс яллагдагч Д.Бгаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Хийн амь нас хохирсон байх боловч шүүгдэгч, хохирогч нар нь төрөл садангийн холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Д.Б нь нь урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар халзан овогт Дайрийгийн Бг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг тоолсугай.
7. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ