Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

 

 

 

О.М-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч О.М-өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1424 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор О.М-холбогдох 201726010464 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн О-ын М, 19. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............................. оршин суух бүртгэлтэй, /РД:................./;

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1055 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

О.М-нь 1 удаагийн үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө бусдын өмчлөлийн машины эд зүйлүүдийг хулгайлж, 870,000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 17-ны хугацаанд 9 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, эд зүйлүүдийг нь авч, 4,709,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.М-үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Болд овгийн Отгонболдын Мөнхзулыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлах” гэмт хэрэг, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

О.М-Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.М-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-оногдуулсан нийт 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.М-урьд нь цагдан хоригдсон нийт 443 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

О.М-нь хохирогч М.Баатарчулууны 870,000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч О.Эрдэнэтуяад 100,000 төгрөг, хохирогч Г.Баатарсүрэнд 400,000 төгрөг, хохирогч Ч.Гэрэлтуяад 500,000 төгрөг, хохирогч Е.Нурбергенд 250,000 төгрөг, хохирогч Т.Оюунбилэгт 600,000 төгрөг, хохирогч Э.Тэмүгэнд 500,000 төгрөг, хохирогч М.Зулжаргалд 300,000 төгрөг, хохирогч Р.Анирмаад 1,400,000 төгрөг, хохирогч Д.Бум-Эрдэнэд 659,940 төгрөг тус тус нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.М-давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.М-нь хулгайн болон залилангийн хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас анхнаасаа хулгайн 1, залилангийн 9 үйлдлээ мөрдөн байцаагч, прокурорт хэлэхэд нэгтгэж шалгана гэсэн ч 1 хавтас хэрэг болгож шийдвэрлээгүйгээс 2 удаагийн үйлдлийг буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байгаа хэргийг орхигдуулж шийдвэрлэснээс өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас илтэд нэмэгдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1424 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ял оногдуулсан нь надад маш хүндээр тусч байна.

Өмнөх 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын үед илрээгүй гэж үзсэн 2 залилангийн хэргийг нэмэгдсэн гэж үзэж шийдвэрлэхдээ ийм өндөр ял оногдуулна гэж ойлгоогүй. Миний хулгайн үйлдэл нь 1 удаагийн үйлдлийнхээ хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн учраас энэ үйлдэлд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой тул миний цагдан хоригдсон 51 хоногийг торгуулийн ялд тооцож, харин залилангийн үйлдэлд өмнөх шүүхээр шийдвэрлэсэн 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулж өгнө үү.

Мөн өмнөх шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн бол өнөөдөр 1 жил 6 сарын хорих ялын 50 хувийг эдэлсэн хугацаанаас өмнө тэнсэн суллагдах боломжтой байсан.

Хохирогч нарт бүх хохирлоо бүрэн барагдуулсан, үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, цаашид гэмт хэрэгт огт холбогдохгүй. Өнөөдрийн байдлаар 461 хоногийг хасаж, 1 жил 6 сарын хорих ялын үлдэх хоногийг эдлүүлэхээр шийдвэрлэж өгч тусална уу. ...” гэжээ.

 

Шүүгдэгч О.М-өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад үйлдлүүдийнхээ талаар хэлж байсан ч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Энэ байдлаас болж шинээр илэрсэн нөхцөл байдлаар прокурорт гомдол гаргаж, энэ хэргийг шалгаж, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмж нэгтгэж шийдэх ёстой гэж буцаасан. Урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас илтэд өндөр ял шийтгэл оногдуулсан.

Хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзаж үзэлгүй ял шийтгэл оногдуулснаас шүүгдэгч О.М-эрх зүйн байдал дордож байна.

Шүүгдэгч Б.Мөнхзулын хулгайн үйлдэл нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хохирогч М.Баатарчулууны автомашины 4 ширхэг обуд, дугуйг тус тус буцаан өгсөн.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бодит байдлыг нуух замаар, хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Шүүгдэгч О.М-залилангийн 9 удаагийн үйлдэл гэж байгаа боловч зарим үйлдэлд нь “хэрэглэчихээд өгье” гэж зээлж авсан нь хохирогчоос бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулсан гэх шинжгүй. Шүүгдэгч О.М-зарим үйлдлийг хууль зүйн үндэслэлээс өөрөөр буюу бодит байдал дээр тухайн гэмт хэргийг үйлдээгүй шинжээр нь зүйлчилсэн.

Залилангийн гэмт хэргийн хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор ял шийтгэл оногдуулахад хулгайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хөнгөн ял шийтгэл оногдуулна гэж байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулах саналыг тавьсан. Нэг удаагийн гэмт хэрэгт холбогдсон хүнд 2 жилийн хорих ялыг оногдуулна гэдэг нь 9 удаагийн залилангийн гэмт хэргийн ял шийтгэлтэй харьцуулахад их байгаа.

Өмнөх шийтгэх тогтоол дээр шүүгдэгч О.М-торгуулийн ял оногдуулж байсан. Тухайн үед цагдан хоригдсон 51 хоногийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлэн оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байгаа. Өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан ялыг нэмэгдүүлэхгүй 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж байгаа боловч шүүгдэгч О.М-эрх зүйн байдал хүндэрсэн. Шүүгдэгч О.М-2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхэд хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулж болно. Өмгөөлөгчийн хувьд 5 жилийн хорих ялаас 50 хувийг багасгаж, 2 жилийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж, нийт 2 жил 6 сарын хорих ял оногдуулж хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Иймд шүүгдэгч О.М-өндөр ял шийтгэл оногдуулахгүйгээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд дүйцүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өөрчилсөн. Ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял өөрчлөн сонсгосон. Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай учир прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь ашигтай гэж үзсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт, давтан үйлдлээр бусдыг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь хоёроос таван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн заасан 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын зүгээс уг ялыг оногдуулсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч О.М-өмгөөлөгч Н.Одонтуяа нь “шүүгдэгч О.М-зээлж аваад, буцаагаад өгсөн мөнгийг прокурорын зүгээс залилан мэхэлсэн гэж үзэж байна” гэж байна. Шүүгдэгч О.М-хувьд тохиолдлын шинж чанартай нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлээгүй, 9 удаагийн үйлдэлтэй. Шүүгдэгч О.М-нь залилан мэхлэх гэмт хэргийг хүсч, санаатайгаар үйлдсэн. Нэг удаагийн үйлдлээр автомашины обуд, дугуй хулгайлахдаа тусгайлан бэлтгэсэн хэрэгсэл, эд зүйл ашигласан. Анхан шатны шүүх энэ гэмт хэрэгт хөнгөрүүлсэн ял оногдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

1. О.М-нь бусадтай бүлэглэж, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 39/Б байрны гадна талын зогсоолоос машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж иргэн М.Баатарчулууны өмчлөлийн 71-01 УНЯ улсын дугаартай “Тoyota chaser” маркийн автомашины 4 ширхэг обуд, дугуй зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 870,000 төгрөгийн хохирлыг,

2. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 00 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэтуяагийн өмчлөлийн “x note” маркийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч 100,000 төгрөгийн хохирлыг,

3. 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1030 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Г.Баатарсүрэнгийн өмчлөлийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг “1 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 400,000 төгрөгийн хохирлыг,

4. 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны гадна иргэн Ч.Гэрэлтуяагийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч, төсөл бичээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 500,000 төгрөгийн хохирлыг,

5. 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Е.Нурбергенийг “хэд хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 250,000 төгрөгийн хохирлыг,

6. 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 195 тоотод оршин суух иргэн Т.Оюунбилэгийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “2 хоног хэрэглээд өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 600,000 төгрөгийн хохирлыг,

7. 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын автобусны буудалд, иргэн Э.Тэмүгэний өмчлөлийн “Эйч Пи” маркийн зөөврийн компьютерийг “түр хэрэглүүлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 500,000 төгрөгийн хохирлыг,

8. 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн оюутны дотуур байрны А/36 тоотод оршин суух иргэн М.Зулжаргалын өмчлөлийн “Toshiba” Ай-5 маркийн зөөврийн компьютерийг түүний дүү М.Шагжаагаас “хэрэглэчихээд орой өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, 300,000 төгрөгийн хохирлыг,

9. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Руби” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Р.Анирмаагийн “I Pone 7 plas” маркийн гар утсыг зээлийн барьцаанд тавиулан бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 1,400,000 төгрөгийн хохирлыг,

10. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 22 тоотод иргэн Д.Бум-Эрдэнийн өмчлөлийн зөөврийн компьютерийг “программ суулгачихаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан залилан авч, 659,940 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь:

 

автомашины эд зүйлүүдээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч М.Баатарчулууны мэдүүлэг /1 хх 35-36/,

 

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлээ ашиглан төөрөгдөлд оруулж эд зүйлүүдийг нь О.М-авсан болохыг мэдүүлсэн хохирогч Ч.Гэрэлтуяа /1 хх 221-222/, Е.Нурберген /1 хх 119-120/, Т.Оюунбилэг /1 хх 93-94/, Э.Тэмүгэн /2 хх 45-46/, М.Зулжаргал /1 хх 213-214/, Д.Бум-Эрдэнэ /3 хх 61-62/, О.Эрдэнэтуяа /1 хх 261/, Г.Баатарсүрэн /2 хх 11-12/, Р.Анирмаа /3 хх 12-13/ нарын мэдүүлэг,

 

хохирогч нарын мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Ц.Сумъяа /1 хх 39-40/, Ч.Энх-Амгалан /1 хх 41-42/, Б.Ганхүү /1 хх 43-44/, О.Эрхэс /2 хх 58/, Э.Алтангэрэл /2 хх 47-48/, О.Мөнхжаргал /3 хх 13-14/, Б.Түвшинжаргал /3 хх 63-64/ нарын мэдүүлэг,

 

хохирлын үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээ /1 хх 17, 91, 217-218, 227, 2 хх 17, 47/, 3 хх 70-71/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-8, 18-21, 24-29/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 18-21, 22/,

 

шүүгдэгч О.М-хэргээ хүлээн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.М-нь “...өмнөх шийтгэх тогтоолтой адил хулгайн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг торгох ялаа цагдан хоригдсон хоногт дүйцүүлж, залилангийн хэрэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулна уу...” гэсэн, өмгөөлөгч Н.Одонтуяа нь “...өмнөх шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас илт өндөр ял оногдуулж, О.М-эрх зүйн байдлыг дордууллаа...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

О.М-бусадтай бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-нд шилжих шөнө иргэн М.Баатарчулууны өмчлөлийн 71-01 УНЯ улсын дугаартай “Тoyota chaser” маркийн автомашины 4 ширхэг обуд, дугуй зэрэг хөрөнгийг хулгайлан авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан тул хорих ялын дээд хэмжээ нь бага төдийгүй, “...торгох, хорих ял...” гэсэн сонгох санкцитай 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлэн ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

 Шүүгдэгч О.М-хувийн байдал, түүний үйлдсэн хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “...2 жилийн хугацаагаар хорих ял...”-ын хэмжээ, төрөл тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэж, О.М-, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор тус гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

О.М-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 17-ны хугацаанд 9 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, эд зүйлүүдийг нь авч, 4,709,940 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул анхан шатны шүүхийн О.М-уг үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, уг хэсэгт зааснаар оногдуулсан ял нь хуульд нийцжээ.

 

Гэхдээ О.М-гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээн мэдүүлж байгаа хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс О.М-2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар хорих ял болгож багасгахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх:

О.М-үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг”-т 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй талаархи хуулийн заалтаа буруу баримталсан,

О.М-“Залилах” гэмт хэргийн үйлдлүүдийн хамгийн сүүлийн үйлдэл нь  2015 оны Эрүүгийн хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байсан цаг хугацаа болох 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байхад Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх заалтыг баримталсан зэрэг алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1424 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч О.М-Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч О.М-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, О.М-нийт эдлэх ялыг 4 жил /дөрвөн жил/ -ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...5 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...4 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ