Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0430

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай тогтоолын З ХХК-ийн хамгаалалтын албанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутгийг бүхэлд нь Д ХХК-ийн хамгаалалтын албаар хамгаалуулах шийдвэр гаргахыг даалгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төмстий багийн нутагт хууль бус алт олборлогчдын нөлөөгөөр байгаль орчин ихээр хөндөгдөх болсон тул хамгаалуулах шаардлага гарсан. Иймээс хамгаалалтын албадаас хүсэлтүүдийг хүлээн авсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хамгаалалтын албадын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хуралдааны дэгийн дагуу нууц санал хураалт явуулан З ХХК 15 санал, Д ХХК 6 санал авсан тул шийдвэр гаргасан. Тухайн сонгон шалгаруулалтад тодорхой шаардлага тавьж шалгаруулаагүй. Д ХХК нь хамгаалалтын чиглэлээр ямар нэгэн туршлагагүй шинэхэн байгуулагдсан байсан. Орон нутгийг үнэ төлбөргүй хамгаалуулахаар заасан бөгөөд хамгаалалтын үйл ажиллагаагаа компанийн зардлаар санхүүжүүлэх чадвартай эсэх нь эргэлзээтэй. Х ХХК нь тус газрыг олон жил хамгаалсан туршлагатай. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...манай компани Өл, Цагаан чулуут гэдэг газрыг 2010 оноос хойш хамгаалж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн төлбөр төрөөс авч байгаагүй. Мөн тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн бөгөөд тодорхой хэмжээний зардлыг өөрөө гаргаж байсан. Нөхөн сэргээлт хийх гэрээ 2013 оны 05 дугаар сард хийгдсэн боловч Заамар сумын Засаг дарга 2 сар тутам гэрээ хийж, гэрээгээ удалгүй цуцлан ажил ерөөсөө хийлгэдэггүй байснаа 2014 онд Галдан буян ХХК-тай хамтруулан нөхөн сэргээлтийг хийлгэсэн. Улмаар уг компанийг дутуу нөхөн сэргээлт хийсэн гэж гэрээг цуцлахдаа манайхыг хамт цуцалсан. Нэхэмжлэгч компани нь улсад татвар төлж байгаагүй, ажлын туршлагагүй. Бид тухайн газарт тусгай зөвшөөрөлтэй болсноороо хамгаалалт, нөхөн сэргээлтэд гаргасан зардлаа нөхөн боломжтой. Манайх 2014 онд Нарийн гоулд ХХК-ийн талбай дээр олборлолт явуулсныг тус газарт олборлолт явуулсан гэж нэхэмжлэгч ярьдаг гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7.3, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т заасныг тус тус баримтлан "З" ХХК-иар хамгаалалтын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын "З" ХХК-ийн хамгаалалтын албанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын з-д заасныг баримтлан Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрийг "Д" ХХК-иар хамгаалуулах шийдвэр гаргахыг Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: З ХХК нь Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн Цагаанчулуут, Бага өлийн хөндөгдсөн талбайг нэмэгдүүлэхгүй байх ойр орчмын хөндөгдөөгүй газрын бүрэн бүтэн байдлыг хууль бусаар алт олборлогч иргэдээс хамгаалахаар 2010 оны 08-р сарын 10-ны өдрийн гэрээгээр өнөөдрийг хүртэл хамгаалж тухайн газрыг хууль бус алт олборлогч нараас хамгаалж өнөөдрийг хүрсэн.

Шүүхээс дүгнэхдээ энэхүү байдлыг нь огт өөрөөр тайлбарлан тухайн хамгаалалтын бүс нутгаас ашигт малтмал олборлож байсан мэтээр үндэслэлгүй нотлох баримтгүй дүгнэлт хийж нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй ашигт малтмал олборлож байсан байна гэж дүгнэж буй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт бөгөөд тухайн хамгаалж байсан газрын өмнө нь гар аргаар алт олборлогчдын гарт сүйдсэн талбайд нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн ба З ХХК-ний зүгээс нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэд хийсэн ба харин хамтран нөхөн сэргээлт хийсэн Г ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй талаар нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан тайланд тодорхой бичсээр атал Ашигт малтмалын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3-д заасан зөвшөөрөлгүй ашигт малтмал олдворлосон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн өгч буй тайлбараар хамгаалалтын талбайд ашигт малтмал олборлож байгаагүйг тайлбарлан хэлсэн байдаг бөгөөд Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын З ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо ямар хуулийг буруу хэрэглэсэн талаар огт дүгнэлгүйгээр зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3-ийг баримтлан мөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.4-д "Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно" заасан атал огт үндэслэлгүйгээр Хурлын тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

2015 оны 03-р сарын 30-ны өдрийн 08 тогтоолоор З ХХК нь Засаг даргатай гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан мэтээр дүгнэн Гэрээт Харуул хамгаалалтын тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон.

Анхан шатны шүүх хуралдаан дээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээг сунгуулсан гэж тайлбарлан эх хувийг харуулсаар атал шүүхээс тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р зүйлийн 31.1-д "захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" заасан ба шүүх хэрвээ эргэлзээ байсан бол нотлох баримтыг цуглуулах гаргуулж авах үүргээ хэрэгжүүлэлгүй нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн.

 

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 15-р шүүхийн 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн 12 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоос гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

Анхан шатны шүүх, Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутагт орших Өл, Цагаанчулуут орчмын газруудад хууль бус алт олборлогчдын үйл ажиллагаа ихсэж, эрүүл газрыг хөндөж байгаа тул уг газрыг З ХХК-аар хамгаалуулахыг зөвшөөрч Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай 08 дугаар тогтоол гаргасныг буруу гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.

Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тендер зарлах тухай санал, З ХХК-ийн хүсэлт, тусгай хэрэгцээний газрын хамгаалалтын тухай өргөн барьсан асуудлыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд Тусгай хэрэгцээний газрын хамгаалалтын тухай 09 дүгээр тогтоолыг гаргаж, Догшин сүлд ХХК-тай байгуулсан Харуул, хамгаалалтын гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан гэрээг дүгнэж цаашид ажиллах хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллахыг Засаг дарга Д.Болормаад даалгажээ.

Мөн З ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төрийн өмчит болон хувийн 9 компани саналаа ирүүлснээс манай компанийн санал олонхийн саналаар дэмжигдэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 26 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнээс Төмстий багийн нутаг, Цагаанчулуут нь чөлөөлөгдсөн. Одоогоор аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх шатандаа явж байна. Иймд манай компани уг газарт өөрсдийн зардлаар хамгаалалтын үйл ажиллагааг нутгийн ард иргэдийн төлөөлөл, хамгаалалтын албатай хамтран явуулж хууль бус ажиллагааг таслан зогсоох хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар албан бичгээр Төв аймгийн Заамар сумын Засаг даргад хандаж гаргажээ.

2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гэрээт харуул, хамгаалалтын гэрээ-г Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.Б нь З ХХК-ийн хамгаалалтын албатай байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1 дэх хэсэгт ... 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аймгийн тусгай хэрэгцээнээс тухайн газрыг чөлөөлөх эсэх тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг гарах хүртэл хугацаатайгаар байгуулав гэжээ.

Харин Төмстий багийн нутаг Цагаанчулуут орчмын хууль бус алт олборлогчдын нөлөөгөөр хөндөгдсөн 24.5 га газрыг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн тухай Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай 08 дугаар тогтоол 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байна.

Мөн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор З ХХК, Г ХХК-ийн зөөврийн карьер үүсгэсэн талбайг нөхөн сэргээлтийг хийж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхийг сумын Засаг дарга Д.Б-д даалгажээ.

Гэтэл, Д ХХК, З ХХК, Д ХХК, М ХХК, У ХХК-аас тус тус Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг, Цагаанчулуутад хамгаалалтын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргад хүргүүлсний дагуу Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж З ХХК-ийн хамгаалалтын албатай гэрээ байгуулахыг зөвшөөрч Гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай 08 дугаар тогтоол гаргасан нь хууль нийцээгүй байна.

Учир нь З ХХК-ийн харуул хамгаалалтын алба нь үйл ажиллагааны хувьд бусад хүсэлт ирүүлсэн Д ХХК, Д ХХК, М ХХК, У ХХК-ийн харуул хамгаалалтын албанаас ямар үзүүлэлтээр илүү байсан гэх үндэслэл тогтоогдохгүй, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Заамар сумын Төстий багийн нутаг дэвсгэр, Цагаанчулуулт, Жимбэгэрийн Өндөр улаан орчмын хөндөгдсөн 24.5 га газрыг хамгаалах гэрээ байгуулах хамгаалалтыг албыг сонгохдоо хүсэлт гаргасан компаниудыг сонгох, уг сонгон шалгаруулалтыг ямар журмаар явуулах зэргийг тодорхойлоогүй атлаа Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай 08 дугаар тогтоол гаргаж шууд З ХХК-ийн хамгаалалтын албыг сонгон шалгаруулж давуу байдал олгож байгаа нь хууль дээдлэх болон тэгш байдал нийцэхгүй байна.

Мөн маргаан бүхий актыг гаргах үед З ХХК-ийн хамгаалалтын алба нь Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрх нь дуусгавар болсон нь Цагдаагийн ерөнхий газраас З ХХК-нд хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхээс олгосон 287 дугаартай Бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй боловч түүнээс гаргах шийдвэр нь мөн хуулийн8 дугаар зүйлийн 8.1-д ... нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална гэж заасанд нийцсэн байх ёстой.

Тиймээс нэхэмжлэгчийн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын З ХХК-ийн хамгаалалтын албанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хамгаалалтын албаны шалгаруулалтад шударгаар оролцох боломжийг олгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэр, Цагаанчулуут, Жимбэгэрийн Өндөр улаан орчмын хөндөгдсөн 24.5 га газрыг Д ХХК-ийн хамгаалалтын албаар хамгаалуулахаар шийдвэр гаргаагүй, мөн Д ХХК-ийн харуул хамгаалалтын албыг тус нутаг дэвсгэрийг хамгаалуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутгийг бүхэлд нь Д ХХК-ийн хамгаалалтын албаар хамгаалуулах шийдвэр гаргахыг Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны акттай холбоогүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Ашигт малтмалын тухай хуулийн 7.3, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т заасныг тус тус баримтлан Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын "З" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрт 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутгийг бүхэлд нь Д ХХК-ийн хамгаалалтын албаар хамгаалуулах шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

         ШҮҮГЧ                                                                              С.МӨНХЖАРГАЛ

 ШҮҮГЧ                                 Д.БААТАРХҮҮ                        ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР