Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

    2022        05           05                                   2022/ШЦТ/172

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2225000000178 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын ойр орчим иргэн М.Б, Ц.С нарын малыг маллаж байх явцдаа 2021 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд түүнд итгэмжлэн хариуцуулсан иргэн М.Бын эзэмшлийн хээр зүстэй жинст олом тамгатай 4 настай гүү, иргэн Ц.Сын эзэмшлийн хул зүстэй, 8 настай гүүг бусдад худалдан борлуулж эд хөрөнгийн эрхийг завшиж 2.300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Ц.Б мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирлыг цалингаасаа суутгуулахаар тохирсон гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:  

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р тал/

-хохирогч М.Бын мэдүүлсэн  ... 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай малчин Баттулгын эхнэр над руу утсаар яриад манайд хүмүүс ирж хоносон. Б мөнгө зээлээд адуу өгнө гэж хүмүүстэй ярьсан юм байна. Тэгээд нөгөө хүмүүс нь адуугаа авах гэж ирсэн байна. Б хар азаргатай адуу руу явлаа тэнд манай адуу байдаггүй яах гэж явсан юм бол та мэдэж байгаа зүйл байна уу? гэхээр нь тийм юм мэдээгүй ах нь угаасаа адууныхаа араас явах гээд төвөөс гарч байна гээд бид хоёрын хоорондын яриа дууссан...манай хар азаргатай, алаг азаргатай адуунуудыг вокзал руу цавьдар морьтой хүн, хар приустай машинтай хүмүүс тууж яваа харагдахаар нь юун танихгүй хүн тууж явдаг юм бол гээд дурандаа сууж байтал манай хашаа руу хөөж ирж хашаад адуунуудтай хөөцөлдөөд эхэлсэн. Тэр адуунуудтай хөөцөлдөж байгаа хүмүүс дотор таних хүн байгаагүй. Тэр хүмүүс нэг нэгээр нь адууг барьж аваад өөр хашаанд ялгаж хашаад байсан...Манай ах Өлзийбаяр, Батбаяр, бид гуравын адуунууд байсан. Өөр хэний ч адуу байгаагүй. Манай адуучин Баттулгын ганц ч адуу хар азаргатай болон алаг азаргатай адуунд байхгүй. Бд дээрхи адуунуудаас захиран зарцуулах эрх байхгүй. Би адуугаа өөрийн нэр дээр тоолуулдаггүй. Манай хоёр ахын нэр дээр байдаг. Гэхдээ миний эзэмшлийн 3 тооны адуу байсан. Хонгор зүстэй 11 настай хонгор гүү имгүй жинст олом тамгатай,  Хээр зүстэй даага 2 настай, жинст олом тамгатай, Алаг зүстэй байдас, 4 настай, жинст олом тамгатай байсан. Би адуундаа үнэлгээ тогтоолгохгүй.  гэх мэдүүлэг /хх-н 9-12-р тал/

-хохирогч Ц.Сын мэдүүлсэн... Урьд өмнө нь манай адуунаас тоо, толгой удаа дараа дутаж байсан. Би хэн нэгэн манай адууг хулгайлсан байх гэж бодож байгаа. 2021 оны 11 дүгээр сараас 12 дүгээр сарын хооронд миний эзэмшлийн хул зүстэй, Б үсгэн тамгатай, 8 настай гүү алга болсон. Тэгээд би өөрийнхөө адуугаа хайгаад сураглаж явахад миний хул зүсмийн адууг манай малчин Ц.Б нь надад мэдэгдэлгүй дур мэдэн нутгийнхаа Болд гэх хүнд нядлаж идшинд өгчихсөн байсан. Би тэр Болд гэх хүнтэй уулзаж уурлахад Болд нь надад хэлэхдээ Б надад нэг үхрээр зарсан юм гэж хэлж байсан. Би тэгээд Ц.Бтай уулзаад яаж байгаа юм гэж уурлахад надад хэлэхдээ “Харин тиймээ ийм зүйл болчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би үргэжлүүлэн хээр гүү хаана байна гэж асуухад Ц.Б хариулахдаа тэрийг би мэдэхгүй байна, алга болчихсон гэж хэлээд гүрийгээд байсан. 2022 оны 03 сарын 12-ны өдөр хашаанд үл таних хүмүүс манай сүргийн адуунаас тасдаж хашиж байх үед би цагдаагийн алба хаагч нартай тухайн хашаанд очсон. Тэгээд тэр хүмүүс дээр очиж хэний зөвшөөрлөөр адууг минь хашиж авах гэж байгаа юм гэж асуухад тэр дунд байсан өөрийгөө Гангал гэж нэрлэх залуу хэлэхдээ бид нар Баттулгын зөвшөөрлөөр адуу авах гэж байна, би ганцаараа байгаагүй надтай хамт Пүүжээ ах эхнэрийн хамт, Баятбаяр ах, Б нар хамт байсан. Батбаяр ах ахиад авах ёстой хоёр тооны адуу байхгүй байна гэхээр нь Б би яваад олоод ирье гээд мотоциклтой явсан байсан. Тойруулга угшилтай гүү байгаа юм. Хурдны угшил удам байхгүй. Зах зээлийн үнэлгээ нь миний адуу 1 сая төгрөгний үнэтэй л байгаа байх, би үнэлгээний байгууллагаар адуугаа үнэлгээ тогтоолгохгүй... Би Ц.Бас нэхэмжпэх зүйл байхгүй. Манай адуунаас дур мэдэж 1 тооны адууг бусдад зарсан байсан. Б нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь манай адуунаас 2-3 тооны адуу алдагдаж байсан, гэхдээ хэн авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үедээ цагдаагийн газарт бүртгүүлж байсан. Б бид нар учир зүгээ олсон. Би адууныхаа мөнгийг нэхэмжпэхгүй, Манай адууг харж байгаа, олон жил миний адууг харж байгаа төрөл садан улсууд учраас нэхэмжлэхгүй. Би Бар өөрийнхөө адууг цаашид маллуулах болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р тал/

эрч Л.Гын мэдүүлсэн... Би тэр адуунуудын эзний нэрийг нь мэдэхгүй байна зүс харвал танина. Баагий надад алаг азаргыг 2021 оны 11 дүгээр сард зарахад нь би энэ алаг азарга чиний адуу мөн юм уу? гэхэд мөн гэж хэлээд 2.500.000 төгрөгөнд зарна гэж хэлсэн. Би Баагийг эзнээсээ худалдаж авсан гэж ойлгосон. О.Б ах зүсэлж зааж өгөөд бид хоёртой ялгалцсан. О.Б ах Баагийтай зун 7 дугаар сард адууны наймаа хийсэн гэж надад хэлсэн. Надад О.Б хэдэн төгрөгөөр хичнээн тооны ямар зүс нартай адуу худалдаж авсан талаараа хэлээгүй. Адуу ялгах үед байхгүй байсан. Адууг хашаанд шахаж оруулах үед Баагий байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

-гэрч Б.Пгийн мэдүүлсэн... Тэгээд авах адуугаа О.Б зүсээр нь ялгаад хашсан. Нэг саарал, хоёр бор, нэг шарга, нэг хул зүстэй 5 тооны гүү, нэг алаг байдас, нэг сартай хүрэн байдас, нэг хээр даага зэрэг 8 тооны адуу ялгаж хашаад Баагийг хүлээнгээ хээр даага, хүрэн байдас хоёрын арангыг авч байтал...Тэгээд бид 3 Говилын эхийг тойроод буцаад вокзалын хоолны газар хоолонд орж байтал цагдаагийн газраас залгаад намайг цагдаа ирээд уулзаадах гээд хэлэхээр нь цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25-р тал/

-гэрч О.Бын мэдүүлсэн....3 сарын 11-ны өглөө Орхон аймагт ирж вокзалын урд талд байрлах Баагий гэдэг хүнээс өмнө нь ойролцоогоор 9.000.000 гаруй төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь өгчихсөн байсан тул авлагатай болох зүсэлчихсэн байсан 11 тооны адуугаа авахаар ирсэн юм... Баагийгийн хашаанд адууг хашсан. Тэгээд би өмнө зүсэлчихсэн байсан 2 бор гүү, 1 шар гүү, хонгор гүү хээр унагатайгаа, 1 хул алаг байдас, 1 хүрэн байдас, 1 саарал гүү нар тус тус нийт 8 адууг авахаар болж тусдаа хашаанд хашсан. Манай дүү болох Гангал нь уг адуугаас өмнө нь авахаар тохиролцсон байсан 1 алаг азрага адууг барьж түүнийг эмээллэж авсан. Тэгээд тэр үед миний авах ёстой /зүүн талын гуянд бундан тамгатай/1 халзан азрага, 1 шарга байдас /баяд тамгатай/, баяд тамгатай 1 хүрэн байдсыг олж ирж надад өгөхөөр хайгаад явчихсан байсан. Дээрх миний зүсэлж дурдсан адууг 2021 оны зун Баагий өөрөө эхнэрийн хамтаар надад өгөхөөр зүсэлсэн байсан тул уг адуу нь бүгд /баяд тамга/ буюу сэнжтэй олмон тамга, тэмдэгтэй адуу байсан боловч би хавар төрхийг нь дөхүүлэх гээд одоог хүртэл авахгүй байж байгаад өнөөдөр авахаар болсон юм. Тэгээд бид нар Баагийг үлдсэн гурван адуугаа авах гэж хүлээнгээ авсан адууныхаа аранг шүдийг /өвчтэй шүдийг авахгүй бол адуу таргалдаггүй юм гээд/ цохиж аваад 3 адуунаас авчихаад байж байтал ...цагдаагийн алба хаагчид Пүүжээгийн утас руу залгаж цагдаа дээр ир гэж дуудсан” гэх мэдүүлсэг /хх-ийн 27-28-р тал/

-гэрч М.Өын мэдүүлсэн...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүү М.Б манай адуучин Бас хүн адуу авахаар ирсэн байна гэж хэлсэн.. хэн ямар хэргээр танайд ирэв гэж Батулгаас асуухад “ О.Б надаас миний хоёр адууг авахаар манайд ирсэн” гэж хариулсан. Би адуугаа эргэж явахад машин, мотоцикльтой хүмүүс манай алаг азарага, хар азаргатай адуунуудыг бөөгнүүлээд манай вокзалын хашаа руу тууж оруулаад алаг азаргыг барьж эмээлээд хашааны гадаа уяаад адуунаас 8 тооны адууг бугуйлдаж ялгаж өөр хашаанд хашсан. Ялгасан адуунд дотор манай адуучин Баттулгын адуунууд байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандахыг дүү Ст хэлээд тэгээд цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн... Ялгасан 8 тооны адуун дотроос цавьдар зүстэй даагатай шар зүстэй гүү байсан, жинст олом тамгатай адуунууд байгаа юм. Б манай адуунуудаас захиран зарцуулах ямарч эрх байхгүй, би болон манай дүү нар ч түүнд захиран зарцуулах эрх өгөөгүй... Гангалаас асуухад алаг азарга манай адуучин Бас худалдаж авсан азарга гэж хэлсэн. Бусад адууг О.Б мөн манай адуучинаас худалдаж авсан адуу тул одоо би тууж явах гэж байгаа адуу гэж хэлсэн. Надад одоо адуучин Бтай холбоотой гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-гэрч М.Бын мэдүүлсэн...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед дүү М.Б руу утсаар ярихад хүмүүс манай хашаанд адууг хашсан адуу бариад байна таны алаг азаргыг бариад эмээлээд уясан байна гэхээр нь би вокзалын ард байдаг хашаан дээр яваад очиход 8 адуу тусад нь хашсан миний алаг азаргыг эмээлээд хашааны гаднаас уясан байсан. Ялгаж хашсан 8 адуун дотор миний саарал зүстай хязаалан байдас жинст олом тамгатай, сүүлгүй буурал гүү жинст олом тамгатай, бор зүстэй гүү жинст олом тамгатай, 3 тооны гүү байсан. Мөн миний алаг азаргыг эмээлж хязгаарлаад хашааны гадаа уясан байсан.Манай ах Өлзийбаяр, Баяртогтох, С бид  дөрвийн адуунууд байсан.Тэнд өөр хүний адуу байгаагүй.Гомдолтой байна. Хүний адууг дур мэдэн хүнд барьж өгсөн. Зарж борлуулахыг завдсан учраас гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

-Шүүгдэгч Ц.Б сэжигтнээр мэдүүлсэн...Тэгэхээр нь би зөвшөөрөөд түүнд хариулж байсан адуунаасаа нийт “жинстэй олом тамгатай хүрэн зүсмийн гүү, хул зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, хүрэн даага, хээр зүсмийн унага" зэргийг би сонгож өгсөн. Батбаяр нь харин “шарга зүсмийн гүүг авъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өгөхөөр тохиролцсон. Тэгээд Батбаяр нь манай эхнэрийн данс болох Төрийн банкны дансруу нь 4 сая орчим төгрөг шилжүүлж, бэлнээр 2.800.000 орчим төгрөг Батбаяраас авч банкны эдийн засагчид өгөх ёстой нийт 6.800.000 төгрөгийн өр, зээлээ төлж тэглэсэн юм...Батбаяр мөн манайд хонох өдөртөө дүү болох Гангал гэдэг залуутай утсаар ярьсан “Өглөө вагонд суугаад хүрээд ирээрэй энэ өвөл чи Бтай 2.500.000 төгрөгөөр алаг зүсмийн азрага авахаар тохиролцож урьдчилгаа саарал зүсмийн хязаалан насны сувай үхэрээ өгсөн биздээ, үлдэгдэл мөнгөө ямаа самнахаар өгнө гэж тохиролцсон байсан, маргааш 500.000 шилжүүлчих тэгээд үлдэгдэл мөнгөө 4 сараас ямаа самнахаар болно биз, би Бас авах ёстой адуугаа авахаар ирчихсэн байна, чи ч гэсэн адуугаа авчихгүй юу” гэх зэрэг миний хажууд утсаар ярьж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

-“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №220120 дугаартай 8 настай гүү 1 , 4 настай хязаалан гүү 1  нийт 2,300,000 төгрөг ...гэх дүгнэлт /хх-ийн 41-45-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Ц.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалд М.Б, Ц.С нарын адууг маллаж байхдаа тэдний зөвшөөрөлгүйгээр М.Бын эзэмшлийн хээр зүстэй жинст олом тамгатай 4 настай гүү, Ц.Сын эзэмшлийн хул зүстэй 8 настай гүүг 2021 оны 11-12 дугаар сарын хооронд бусдад худалдан борлуулан өөрийн хэрэгцээнд хэрэглэж 2.300.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.Б үйлдлийн улмаас Ц.С, М.Б нарын эзэмшлийн эд хөрөнгөд нийт 2,300,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Бын мэдүүлсэн...Тэгэхээр нь дүү С руу яриад цагдаад мэдэгд манай адуунуудыг танихгүй хүмүүс хашаанд хийгээд ялгаад байна гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр орой дээрээс хараад байхад 8 тооны адууг ялгаж хашаанд нэг азарга барьж эмээлж хашааны гадаа уячихаад нэгийгээ үлдээгээд бусад нь приус машиндаа суугаад явцгаасан... Бд дээрхи адуунуудаас захиран зарцуулах эрх байхгүй...гэх мэдүүлэг,хохирогч Ц.Сын мэдүүлсэн.... Тэгэхээр нь би үргэжлүүлэн хээр гүү хаана байна гэж асуухад Ц.Б хариулахдаа тэрийг би мэдэхгүй байна, алга болчихсон гэж хэлээд гүрийгээд байсан. 2022 оны 03 сарын 12-ны өдөр хашаанд үл таних хүмүүс манай сүргийн адуунаас тасдаж хашиж байх үед би цагдаагийн алба хаагч нартай тухайн хашаанд очсон. Тэгээд тэр хүмүүс дээр очиж хэний зөвшөөрлөөр адууг минь хашиж авах гэж байгаа юм гэж асуухад тэр дунд байсан өөрийгөө Гангал гэж нэрлэх залуу хэлэхдээ бид нар Баттулгын зөвшөөрлөөр адуу авах гэж байна гэсэн.... гэх мэдүүлэг, гэрч Л.Гын мэдүүлсэн.... О.Б ах зүсэлж зааж өгөөд бид хоёртой ялгалцсан. О.Б ах Баагийтай зун 7 дугаар сард адууны наймаа хийсэн гэж надад хэлсэн. Надад О.Б хэдэн төгрөгөөр хичнээн тооны ямар зүс нартай адуу худалдаж авсан талаараа хэлээгүй..... гэх мэдүүлэг, гэрч Б.Пгийн мэдүүлсэн:... Тэгээд авах адуугаа О.Б зүсээр нь ялгаад хашсан... гэх мэдүүлэг, гэрч О.Бын мэдүүлсэн... Тэгээд би аав, ээжийндээ хоночихоод 3 сарын 11-ны өглөө Орхон аймагт ирж вокзалын урд талд байрлах Баагий гэдэг хүнээс өмнө нь ойролцоогоор 9.000.000 гаруй төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь өгчихсөн байсан тул авлагатай болох зүсэлчихсэн байсан 11 тооны адуугаа авахаар ирсэн юм. Тэгээд би Баагийгийн гэрт түүний эхнэр, хоёр хүүхэд бид дөрөв уулзацгааж маргааш өглөө өмнө зүсэлсэн байсан 11 тооны адуугаа авахаар тохиролцож хоноцгоосон... гэх мэдүүлэг, гэрч Б.Өлзийбаярын мэдүүлсэн... Ялгасан адуунд дотор манай адуучин Баттулгын адуунууд байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандахыг дүү Ст хэлээд тэгээд цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Ц.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөх хэлбэрийн талаар хохирогч нартай тохиролцсон тул хохирогч нар төлбөр нэхэмжлээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ц.Баттулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Ц.С, М.Б нарын эзэмшлийн 4 настай гүү, 8 настай гүүг бусдад худалдан борлуулж нийт 2,300,000 төгрөгийг завшсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.

Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд:шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг болон өөрийн үйлдлийн зөв, бурууг ялгах, буруугаас зайлсхийх ухаарал дутмаг, бусдыг хайрлах, өөрийгөө хүндэтгэх төлөвшил хангалтгүй зэрэг нөлөөлсөн гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.С, М.Б нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хх-ийн 77-78-р хуудаст авагдсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш овогт Цын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар  тэнсэнийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 5. Шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ