Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн 212400000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О.

 

Холбогдсон хэргийг талаар:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутагт байрлах өөрийн гэрээс “Морьтон Монгол” фейсбүүк хаягаас мэдээллийн технологи ашиглан цахим орчинд лайв хийж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутагт байрлах өөрийн гэрээс “Морьтон Монгол” фейсбүүк хаягаас мэдээллийн технологи ашиглан цахим орчинд лайв хийж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн үйл баримт нь:

 

Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.О нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийн шилжих шөнө “Морьтон монгол” гэсэн фейсбүүк хаягаас лайв хийж покер тоглуулсан юм. Тухайн тоглолт нь 5 хүн тоглох боломжтой бөгөөд 1 хүн 10,000 төгрөгөөр ороод 3 удаа тоглох эрхтэй болно. Тухайн өдөр цахимаар лайв хийгээд 5000000000 тоот дансыг байршуулахад 7 хүн тус бүр 10,000 төгрөг хийсэн байсан. Тухайн тоглолт нь 5 хүн тоглох боломжтой тул 2 хүний мөнгийг буцаалт хийж өгсөн. Үлдсэн 5 хүн нь покер тоглосон байсан бөгөөд 1 хүн нь 2 удаа гараад 20,000 төгрөг, нэг хүн 10,000 төгрөг хожоод О 20,000 төгрөг авсан байсан. Тухайн тоглолт ингээд дууссан. Дараагийн тоглолт нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тоглуулсан байсан. Энэ тоглолт нь мөн “Морьтон монгол” гэх фейсбүүк хаягаас лайв хийж 5000000000 тоот дансанд 3 хүн тус бүр 10,000 төгрөг хийгээд энэ тоглолт нь 3 хүний дунд явагдсан. Тухайн тоглолтод нэг хүн нь 3 удаа гарч 30,000 төгрөг хожсон байсан. Уг тоглолтод манай нөхөр Б.О мөнгө хожоогүй. Энэ мэдээллийг сүүлд өөрөөс нь сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Э.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр Б нь 5000000000 тоот дансанд 10,000 төгрөг миний нэрээр хийчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу нөхөр Б-н нэрээр 10,000 төгрөг хийсэн. ...Тухайн тоглоомд манай нөхөр Б нь 1 удаа 10,000 төгрөгөөр оролцсон. Тэгээд тухайн мөнгөөрөө тоглоод хожиж чадаагүй болохоор алдсан гэсэн. Сүүлд нь тэгж ярьж байсан. Манай нөхөр бид хоёрт одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23/,

Гэрч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байхаа фейсбүүкээр орж байсан чинь мөнгө шилжүүлээд суудал сонгоод тоглодог тоглоом лайв хийж байхыг нь хараад 1 удаа мөнгө шилжүүлээд тоглож үзэх гээд 10,000 төгрөг шилжүүлж байсан. Би яг ямар нэртэй фейсбүүк хаягтай хүн байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Гэхдээ “Морьтон монгол” байсан байхаа бараг. Тухайн тоглоомд 1 удаа 10,000 төгрөгөөр тоглосон бөгөөд 20,000 төгрөг хожсон...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

Гэрч Э.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Морьтон монгол” гэх фейсбүүк хаягийн талаар мэдэхгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5000000000 тоот дансанд өөрийн 5700000000 тоот данснаас 10,000 төгрөг хийж тоглоод алдсан. Тухайн тоглоомд би 1 удаа 10,000 төгрөгөөр оролцсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 29/,

Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5000000000 тоот дансанд 10,000 төгрөг хийж шинэ он гарах гэж байсан учраас ёндоогоо үзэх гэж нөхрийн хамт анх удаа тоглож үзээд алдсан. Тухайн тоглоомд би 1 удаа 10,000 төгрөгөөр оролцоод мөнгөө алдсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 32/,

Гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 сарын 30-ны өдөр өөрийнхөө фейсбүүкийг ашиглан ямар нэг хаягтай фейсбүүк хаягаас тоглоом зохион байгуулж байсан гэдгийг мэдэхгүй байна. Нэг фейсбүүкээс цахимаар техас покерыг “Live” хэлбэрээр явуулж байсан. Тэгэхээр нь 10,000 төгрөгийг данс руу нь шилжүүлээд тоглосон юм. Тухайн үед хожигдсон санагдаж байна. Сайн санахгүй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар хаягтай хүн рүү мөнгө шилжүүлсэн гэдгээ мэдэхгүй байна. 10,000 төгрөг шилжүүлж тоглоод дахиад тоглоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 37/

Гэрч Н.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 сарын сүүлээр нэг удаа фейсбүүкээр Live хэлбэрээр нэг хүн техас хөзөр тоглуулж байхад нь нэг удаа 10,000 төгрөгөөр өөрийн данснаас мөнгө шилжүүлж тоглож байсан. Би тухайн өдөр мөнгө төгрөг хожсон зүйл байхгүй. Би ямар хүн тоглоом тоглуулж байсан, ямар данс байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 40/,

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх удаа сонирхоод өөрийн “Batjargal” гэх нэртэй фейсбүүк хаягаас цахимаар мөрийтэй тоглоом тоглосон. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн 57000000 тоот данснаас 5000000000 тоот дансанд 10,000 төгрөг хийж мөрийтэй тоглоом тоглосон. Тухайн 5000000000 тоот данс нь хэний ямар нэртэй данс байсан талаар санахгүй байна. Би тухайн цахим мөрийтэй тоглоомд 1 удаа 10,000 төгрөг шилжүүлж оролцсон бөгөөд мөнгөө алдсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 44/ болон С.Э-н 5000000000 дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 66-68/, ХААН банк ХХК-ний Завхан салбарын цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн харилцагч нарын дансны мэдээлэл /хх 70, 73/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.О-ийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийг шилжих шөнө “Морьтон Монгол” гэсэн фейсбүүк хаягаас лайв хийж покер тоглуулсан юм. Тухайн тоглолт нь 4 хүн тоглох боломжтой бөгөөд 1 хүн 10,000 төгрөгөөр ороод 3 удаа тоглох эрхтэй болно. Тухайн өдөр цахимаар лайв хийгээд 5000000000 тоот дансыг байршуулахад 7 хүн тус бүр 10,000 төгрөг хийсэн байсан. Тухайн тоглолт нь 4 хүн тоглох боломжтой байсан тул 3 хүний мөнгийг буцаалт хийж өгсөн. Үлдсэн 4 хүн 3 удаа покер тоглосон байсан бөгөөд 1 хүн нь 3 удаа гараад 30,000 төгрөг хожоод би 10,000 төгрөг авсан байсан. Тухайн тоглолт ингээд дууссан. Дараагийн тоглолт нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тоглуулсан. Энэ тоглолт мөн “Морьтон Монгол” гэх фейсбүүк хаягаар лайв хийж 5000000000 тоот дансанд 3 хүн тус бүр 10,000 төгрөг хийгээд уг тоглолт 3 хүний дунд явагдсан. Тухайн тоглолтод нэг хүн нь 3 удаа гарч 30,000 төгрөг хожсон байсан. Уг тоглолтод би мөнгө хожоогүй. Тухайн үед би өөрийнхөө Iphone 6 маркийн утсаар лайв хийсэн. 2 бичгийн цаас нийлүүлээд хөзөр тавих суурь хийсэн байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй. Би ганцаараа л цахимаар покер тоглуулсан. Би 2 удаа цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Гэхдээ эхний тоглолт дээр 10,000 төгрөг хожсон. Сүүлийн тоглолт дээр мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, мэдээллийн технологи ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “мэдээллийн технологи гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг” гэж тодорхойлсон бөгөөд Б.Оийн “Морьтон Монгол” гэсэн фэйсбүүк цахим хаягаар бусдын фэйсбүүк цахим хаягтай холбогдсон байдлыг мэдээллийн технологи ашигласан гэж үзнэ.

Түүнчлэн покер нэртэй хөзөр ашиглан тоглодог тоглоомын хувьд хэн хожих нь тодорхой биш, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог шинжээрээ болон уг тоглоомыг тоглож буй оролцогч нар бэлэн мөнгөөр бооцоо тавьж, хожсон хүндээ бооцооны мөнгөө шилжүүлэн өгдгөөрөө мөрийтэй тоглоомд хамаарна.

Шүүгдэгч Б.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Оийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 9 дүгээр зүйл /Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл/-ийн 9.2 дахь хэсэгт “...Мөрийтэй тоглоом зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/...”  гэмт хэргийг бүхэлд нь хамааруулсан байх тул шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг болон түүнд оногдуулсан ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хууль хамруулах боломжгүй болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Iphone-6” маркийн саарал өнгийн дэлгэц нь хагарч цуурсан, салсан 1 ширхэг гар утсыг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ийг мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Iphone-6” маркийн саарал өнгийн дэлгэц нь хагарч цуурсан, салсан 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Б.О-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ