Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Чулуунхүү,

хохирогч Д.А,

хохирогчийн өмгөөлөгч Д.Сарантуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,

Шинжээч Б.Сэргэлэнбаяр,

шүүгдэгч Д.С,

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн......... овогт Д гийн Ст холбогдох эрүүгийн .............0 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ..........-нд .......н аймгийн ............. суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........аймгийн ............. сумын .............. багийн оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нарангийн 1-131 тоотод байх Н.Сийн гэрт болон гэрийн гадна нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Аыг “юу байна ахын дүү” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, баруун нүдний торлогийн бүрэн ховхролт, болорын цайлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.А мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод мэс засалд орж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Одоо 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот явж дахин мэс засалд орно. Нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнээс шүүгдэгч 400.000 төгрөг өгснийг хасаад 9.600.000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч шүүх 7.252.004 төгрөгний бодит хохирол учирсан гэж тооцсон бөгөөд түүнийг  Д.С 6 сарын дотор төлж барагдуулахаар бид  эвлэрлийн гэрээ байгуулсан учраас надад гомдол, санал байхгүй...” гэж,

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Сэргэлэнбаяр шинжээчийн дүгнэлттэйгээ холбогдуулан “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.А нь Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн баримттай ирсэн бөгөөд түний нүдэнд үзлэг хийж, дээрх баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Хохирогчийн баруун нүдний торлогийн ховхрол 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эмчийн үзлэгээр тогтоогдсон гэж үзсэн. ММУБ гэдэг нь Миллиметр мөнгөн усны багана гэсэн утгатай үг, эс байхгүй гэдэг нь баруун нүд хараагүй болсон буюу амьгүй болсон гэсэн үг юм. Болор байрнаасаа 1 дүгээр зэргийн хөдөлсөн гэдэг нь торлогийн ховхролтой холбоотой бага зэрэг хөдөлгөөн орсон гэж ойлгоно. Хүний нүд нь 3 давхаргаас бүрддэг. Торлог нь нүдний хамгийн дотор тал нь бөгөөд торлог ховхорч байгаа тул нүд бүрэн хараагүй болно. Нүдний болорын цайлт нь хүн нас ахих тусам гардаг өвчин. Хүний насны байдал болон гэмтлээс шалтгаална. Манайд нүдний нарийн багаж байдаггүй учраас бал барьж байгаад нүдээр нь харуулаад нүдний эмч нарын үзлэгийн тэмдэглэлүүдийг харгалзан дүгнэлт гаргасан. Хараагүй болсон хүний нүд гэрэлд урвал үзүүлнэ. Тусгай хурц гэрэлтэй багажаар нүднийх нь урдаас тусгахаар гэрэл мэдрэх боломжтой. Уг гэмтэл тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн гэмтэл гэж үзэж байна. “od” гэж тэмдэглэсэн нь хүний баруун нүдийг хэлнэ. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд “od” муу харна гэж бичсэн нь дүгнэлт гаргахаас өмнө хийсэн үзлэгийн тэмдэглэлд  тухайн хүнд илэрч байгаа зовиурын тухайд баруун нүдийг муу харна гэж үзсэн байна. Энэ нь өвчний онош биш зовиурыг тэмдэглэсэн байна...” гэж тус тус  мэдүүлжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Сарантуяа: “...шүүгдэгч Д.С нь хохирогч Д.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  болох нь шинжээчийн дүгнэлт, тайлбар зэргээр нотлогдож байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулбал гомдол, саналгүй гэж үзэж байгаа. Хохирогч нь нүдний торлогийн ховхролын улмаас 2 удаа мэс засалд орсон. Явцын дунд нүд нь бүдэгхэн харна гэж эмч үзсэн. Хохирогч аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид үзүүлэхэд сайн мэдэхгүй, мэс засал хийлгэсэн эмчдээ яаралтай үзүүлэх шаардлагатай гэсэн тул хохирогч дахин хот явах гэж байгаа. Хохирогчийн энэ гэмтэл нь шүүгдэгчийн цохисон үйлдлээс үүссэн гэмтэл мөн. Дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Хохиролд Нүдний торлог ховхролын мэс засалд 4,563,123 төгрөг, болор суулгасан мэс засалд 2,640,781 төгрөг, хот явсан зардал 215,200 төгрөг, эхо аппаратаар үзүүлсэн болон болор хэмжилт хийсэн зардал нийт 60,000 төгрөг, шинжилгээний төлбөр 56,000 төгрөг, эм тарианы үнэ 25,600 төгрөг, эмнэлэгт анх удаа үзлэг хийлгэсэн төлбөр 35,000 төгрөг, дахин хот явсан зардал 215,000 төгрөг, аймгийн төв рүү явсан зардал 110,000 төгрөг, аймгийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр 14,000 төгрөг, өмгөөлөгчийн ирж, очсон зардлууд 162,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нүдний дусаагуурын үнэ 135,000, хот явахдаа худалдан авсан хонины үнэ 150,000 төгрөг, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 2,520,000 төгрөг, хот дотор унаагаар явсан зардал зэрэг багтсан бөгөөд нийт дүн нь 10,000,000 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 400,000 төгрөгийг хасаад 9.600.000 төгрөг нэхэмжилж байгаа.  Шүүх хуралдааны явцад шүүгдэгч талтай эвлэрэн хэлэлцээд шүүхээс тогтоосон 7.252.004 төгрөгийг  шүүгдэгч Д.С 6 сарын дотор төлж барагдуулахаар бид  эвлэрлийн гэрээ байгуулсан учраас хохиргч талд нэмж нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга: “...Шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бол гэм буруугийн талаар маргахгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилсэн. Хэргийн 88 дугаар хуудас дахь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эмчийн асуумжид буюу мэс засал хийлгэхээс өмнө хохирогчийн баруун нүдийг “муу харна” гэж тэмдэглэсэн. Гэтэл шинжээч хохирогчийг огт хараагүй болсон гэж дүгнэлт гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Хэрэв хохирогчийн нүд муу харж байгаа бол энэ талаар дүгнэлт гаргах боломжтой. Шинжээч нь нүдний нарийн мэргэжлийн эмч биш бөгөөд нүдний нарийн мэргэжлийн эмч нүдний харааны чадал гэрэл мэдэрнэ гэж үзсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд хохирогчийн баруун нүдний хүүхэн хараа гэрэл мэдэрнэ гэсэн байдаг. Гэтэл нүд огт хараагүй болсон бол гэрэл мэдрэхгүй байх ёстой. Мөрдөгч шинжээчээр дүгнэлт гаргуулахаар асуулт тавихдаа хөтөлж асуусан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шинжлэх ухааны үүднээс хохирогчийн гэмтэл авсан хугацааг тодорхойлох боломжтой. Шүүгдэгч хохирогчийг баруун гараар 2 удаа алгадсан гэдэг шүүгдэгч үнэхээр хохирогчийн зүүн шанаа руу алгадсан бол түүний баруун нүд гэмтэх боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай. Шинжээч нь нарийн мэргэжлийн эмч биш учраас асуултад хариулж чадахгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, эсвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шинжээч томилох бүрэн боломжтой. Ганц энэхүү шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хэрэгт байгаа бусад баримтуудтай зөрчилдөж байна..., Хохирлын хувьд шүүхээс тогтоосон 7.252.004 төгрөгийг  шүүгдэгч тал  6 сарын дотор төлж барагдуулахаар хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан. Шүүгдэгч нь хохирогчийг цохиж нүдийг нь гэмтээе гэж төлөвлөж тухайн айлд очоогүй учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тохиолдолд хохирогчийн хохирол төлбөр болон шүүгдэгчийн ар гэрийн амьдрал хүндрэлтэй болно. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж торгох ял болон хохирлыг төлөх боломжтой. Тиймээс хэргийн нөхцөл байдал, хохирогч гомдол, саналгүй гэсэн мөн шүүгдэгчийн ар гэрийн  байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү... гэж,

Харин шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Д.Аын “...Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 6 цагийн үед модонд явчихаад гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ толгойгоо угаагаад дууссаныхаа дараагаар гэрээсээ гараад Сийн гэрт очсон. Тэнд би 0,75 литрийн савлагаатай архи уугаад Сийн гэрийн орон дээр хэвтэж байтал гаднаас Могой орж ирсэн. Тэр үед Могой буюу Сийг ахын дүү юу байна гэж хэлэх үед Могой нь нүүр хэсэг рүү цохиод, миний урд сөхөрч суу гээд хэлээд байхаар нь би С-гийн орны урд хэсэг сөхөрч суусан. Тэгээд би босоод С-н гэрээс Могойн хамт барилцаад гадаа гарсан. Тэгээд би С-гийн гэрийн гадна Могойгоос арай чүү нэг салаад шууд гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ иртэл манай эхнэр буюу Б гэр дотор байсан. Намайг харснаа чиний нүүр чинь яачихсан юм бэ гэж асуугаад байхаар нь би намайг Могой ийм болгосон юм гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Могойг эхнэрийн хамт утсаар дуудаад миний царайг харуулсан... Тухайн үед миний нүд хавдчихсан, юм харж болохгүй байсан. Би тухайн асуудлаас хойш эмнэлэгт үзүүлэлгүй байж байгаад юм харахгүй, наана цаана хараад баруун талын нүд бүрсийгээд байхлаар нь л эмнэлэгт үзүүлсэн. Манай суманд аймгийн төвөөс нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байхад үзүүлэхэд л таны нүдний хараа их муудсан байна, та яаралтай Улаанбаатар хот руу явж үзүүл гээд л Улаанбаатар хот руу очиж үзүүлэхэд баруун нүдний торлог салстаасаа салсан, торлогийн хагалгаа хийх шаардлагатай болсон байна, манай эмнэлэг энэ төрлийн хагалгаа хийдэггүй гээд Болор мэлмий эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн тэгээд Болор мэлмий эмнэлэгт үзүүлэхэд яаралтай 2 хагалгаанд орох юм байна гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөгний боломжгүй байсан учраас Тосонцэнгэл суманд буцаж ирээд Ст зодуулсан талаараа цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 17-р хуудас/,

Гэрч Д.Б-н “...Манай нөхөр гэрээсээ гараад 2-3 цагийн дараа гэртээ ирэх үед нүүр болон чих хэсэг нь цус болчихсон ирэхээр нь чи юунаас болоод ийм зүйл болов гэж асуухад намайг Могой буюу С гэх хүн нүүр рүү цохиод ийм болгочихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 88463047 дугаар руу залгахад О буюу Могойгийн эхнэр уг дугаарыг авсан. Тэгээд би болсон асуудал буюу манай нөхрийн нүүр болон чих нь нил цус болчихсон байна. Ямар учраас ийм зүйл болсон юм бэ гэж асуухад манай нөхөртэй муудалцаад ийм зүйл болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь би манай гэрт ирээд Аын царайг хараадах гэж хэлэх үед за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар Отгонжаргал болон С манай гэрт ирээд манай нөхрийн царайг нь хараад надаас юу болсон талаар асуухад нь би танай нөхөр чинь Могой ахын дүүгээр юу байна гэж хэлэхэд манай нөхрийг ингэтэл нь зодсон байна гэж хэлэхэд О нь Сийг өшиглөөд тэгсэний дараагаар манайхаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Н.Сийн “...2021 оны 07 дугаар сарын 10-дын орчимд би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Нарангийн 1-131 тоотод байрлах гэртээ байж байхад 15 цагийн орчимд А гаднаас орж ирсэн, тухайн үед би архи уучихсан гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байсан юм. Тэгээд А бид хоёр нэг шил архи хувааж уучихаад би гэрийнхээ хойморт хэвтчихсэн, А манай хүүхдийн орон дээр хэвтэж байтал гаднаас Могой буюу С орж ирсэн, орж ирэхдээ нэг тал шил архи барьчихсан байсан. Түүнийг ороод ирмэгц нь би одоо хэдүүлээ болих юм биш үү гэж хэлээд хэвтэж байгаад тэрхэн зуур унтчихсан байсан гэтэл л хүмүүс ноцолдоод байгаа чимээ гараад би сэрсэн чинь манай хүүхэд Бямбажаргал ааваа энэ хүмүүс чинь зодолдоод нүдэлцээд болохоо болилоо гэсэн тэгээд би босоод хартал Аын дээр Могой гарч суугаад хүүхдийн орон дээр дарчихсан байсан, Тэгэхлээр нь би тэр хоёрыг хөөгөөд гэрээсээ гаргасан, тэгээд л буцаад гэртээ ороод унтсан. Тэгээд л тэр хоёр гараад явчихсан. Түүнээс хойш би Могойтой таараагүй...” гэсэн мэдүүлэг /ххийн 22-23-р хуудас/,

Гэрч Б.Н-н “...2021 оны 07 дугаар сарын 10-дын орчимд манай нөхөр С, А бид гурав манай гэрт зурагт үзээд хэвтэж байтал гаднаас Могой /С/ орж ирсэн, би гэрт байж байгаад гарч 00 орчихоод иртэл манай гэрт А, С хоёр барьцалдчихсан зогсож байхлаар нь би тэр хоёрыг манайх зодооны орон биш гар та хоёр гээд тэр хоёрыг гэрээс гаргасан. Тэр хоёр гарчихаад гэрийн гадаа хэрэлдэж байхлаар нь би хаалгаа түгжсэн, удаа ч үгүй тэд явчихсан байсан ...” гэсэн /хх-ийн 29-30-р хуудас/ мэдүүлэгийн нотлох баримтууд,

Шинжээчийн дүгнэлт:

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000398 дугаартай: “...М.Аын биед гэмтэл учирсан байна. М.Аын биед баруун нүдний торлогийн бүрэн ховхролт болорын цайлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. М.Аын биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021.07.13-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. М.Аын биед олон тооны гэитэл тогтоогдсонгүй. М.Аын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох заалтын 31.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 32-34-р хуудас/

 шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, хохирлын талаархи баримтууд, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн толгойн томографийн шинжилгээний дүгнэлт, Болор мэлмий эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хуудасны хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтний түүх,

Гэрч Ц.Д-н “... Д.С нь төлөв даруу, нийтэч, хүнд тусархуу зантай. Муу зуршил гэвэр хааяа архи дарс хэрэглэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эгэл жирийн хамьдралтай айл. Бүрэн дунд боловсролтой...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.О-н “...Д.Сийн зан байдлын тухайд гэвэл төлөв даруу, нийтэч, хүнд тусархуу зантай, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй гэж бодож байна. Муу зуршил гэвэл хааяа архи хэрэглэдэг, бүрэн дунд боловсролтой. 1996-1997 онд цэргийн алба хаасан...” гэсэн мэдүүлэг,

С-ийн Хүслэн, Отгонжаргалын Буянжаргал, Сийн Халиун, Сийн Хангай нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг байх Н.Сийн гэрт хохирогч Д.Аыг “юу байна ахын дүү” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, баруун нүдний торлогийн бүрэн ховхролт, болорын цайлт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н.Г-н “...Могой буюу Сийг “ахын дүү юу байна” гэж хэлэх үед Могой нь нүүр хэсэг рүү нүүр нүдгүй цохиод, миний урд сөхөрч суу гээд байхаар нь би Санжаагийн орны урд хэсэг сөхөрч суусан. Тэгээд би босоод Санжаагийн гэрээс Могойн хамт барилцаад гадаа гарсан. Тэгээд би Санжаагийн гэрийн гадна Могойгоос арай чүү нэг салаад шууд гэр рүүгээ явсан....” гэсэн,

гэрч Н.С-ийн: “...хүмүүс ноцолдоод байгаа чимээ гараад би сэрсэн чинь ... Аын дээр Могой гарч суугаад хүүхдийн орон дээр дарчихсан байсан, тэгэхлээр нь би тэр хоёрыг хөөгөөд гэрээсээ гаргасан...” гэсэн,

 гэрч Д.Б-н: “...Манай нөхрийн нүүр болон чих хэсэг нь цус болчихсон ирэхээр нь чи юунаас болоол ийм зүйл болов вэ гэж асуухад намайг Могой буюу С гэх хүн нүүр рүү цохиод ийм болгочихлоо гэж надад хэлсэн.....” гэсэн мэдүүлэгүүд,

“...М.Аын биед баруун нүдний торлогийн бүрэн ховхролт болорын цайлт гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох заалтын 31.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтний түүх, Болор мэлмий эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хуудасны хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус заан баталгаажуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй хүнд  хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн, уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн нь түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Санжаагийн гэрт очсон. Намайг Санжаагийн гэрт ороход Санжаа гэрийнхээ хоймор хэсэгт харин А зүүн талын орон дээр нь хэвтэж байсан. Намайг Санжаагийн гэрт ороход А надад хандаж нэг хорчин үг хэлсэн, тэгэхээр нь би Ат хандаад “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд бариад автал А бас намайг бариад авсан. Тэгээд бид 2 барилцаад автал С-н эхнэр С уурлаад гарч зодолд гэр оронд битгий зодолдоод бай гээд гаргасан. Гэрээс гартал А Санжаагийн гэрийн хаяанд суучихсан. Тэгэхээр нь би “чи надаас уучлалт гуй” гэхэд А үгүй, үгүй гээд байхаар нь би уурандаа 2 алгадаад хөөгөөд явуулсан. Тэгээд би Санжаагийн гэрт орох гэтэл оруулахгүй болохоор нь гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал Аын эхнэр манай эхнэр лүү залгаад гэр хүрээд ир гэхээр нь эхнэр бид 2 яваад очсон. Тэгтэл Аын нүд хавдчихсан гэртээ хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад “чи намайг цохисон биздээ” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр одоо яах вэ? Эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад А “яах юм бэ, нүд хавдаа л биз гайгүй байх” гэж хэлэхээр нь гараад гэртээ харьсан. Тухайн үед зүүн талын шанаа хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа алгадсан. Дараа нь толгойны орой хэсэгт гараараа нэг удаа цохисон, өөр цохисон зүйл байхгүй. Аль нүд нь хавдсан байсан талаар санахгүй байна...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, хуульчилсан байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч өөрийн  гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг  хариуцан арилгах нь зүйтэй байна.

Хохирогч, түүний өмгөөлөгч нар нь хохирогчийн эмчилгээний зардал болон эмчилгээнд явсан, ирсэн унааны зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 14 хуудас, нийт  60 ширхэг баримтыг ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан дараах зардлуудыг шүүгдэгч Д.С-өөс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: 2021 оны 12 сарын 21-ний өдрийн Болор мэлмий эмнэлэгт төлсөн Торлог ховхролтын мэс заслын 4,563,123 төгрөгийн, Хот хооронд Д.А-н зорчсон 12 сарын 17-ны өдрийн 53800 төгрөгийн,   Д.Б-н зорчсон 53800 төгрөгийн, 12 сарын 20-ны өдрийн Мэлмий эмнэлэгт төлсөн 2,640,781 төгрөгийн, мөн өдрийн Болор мэлмий  эмнэлэгт төлсөн 60,000 төгрөгийн, Хот хооронд Д.А-н зорчсон 10 сарын 29-ний өдрийн 52000 төгрөгийн, Д. Б-н зорчсон 52000 төгрөгийн, 2021 оны 10 сарын 27-ны өдрийн Болор мэлмий эмнэлэгт төлсөн  анхны  үзлэгийн 35,000 төгрөгийн, 2022 оны 01 сарын 19-ний өдрийн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид үзүүсэн 14,000 төгрөгийн, 2021 оны 12 сарын 28-ний өдрийн Хүрмэн эмийн сангаас худалдан авалт хийсэн 5,500 төгрөгийн, Хот хооронд Д.Б-н зорчсон 12 сарын 29-ний өдрийн 52,000 төгрөгийн, Д.А-н зорчсон 12 сарын 01-ний өдрийн 52000 төгрөгийн, 01 сарын 12-ны өдрийн эм худалдан авсан 18,0000 төгрөгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан эм, эд зүйл, ирсэн явсан унааны зардлын баримтын он сар өдөр,  хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, хохирогчийн эмчилгээнд зарцуулсан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд  дээрх 7,652,004 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Харин 2021 оны 12 сарын 20-ны өдрийн ЗАЗА мартын 7,200 төгрөгийн, 2022 оны 01 сарын 19-ний өдрийн Босоо трейд ХХК-ны 50,000 төгрөгийн, 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Orgil center-ийн 13,880 төгрөгийн, Хас банкнаас авсан гэх 2021 оны 12 сарын 25-ны өдрийн 70,500 төгрөгийн, 12 сарын 28-ны өдрийн 15,400 болон 11,500 төгрөгийн, М2 маркетаас эд зүйл худалдан авсан 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 7,150 төгрөгийн, 2021 оны 12 сарын 29-ний өдрийн 10,086 төгрөгийн, 2022 оны 1 сарын 9-ний өдрийн 11,050 төгрөгийн, Баярлалаа дэлгүүрээс эд зүйл  худалдан авсан гэх 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 6500 төгрөгийн  баримтууд болон гар утаснаас мобиал банк ашиглаж гүйлгээ хийж,  гүйлгээний талаар ирсэн мэдээлэл бүхий мессэжний зургийг авч нотлох баримтаар ирүүлсэн нийт 1,485,854 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна,

мөн хохирогч талын нэхэмжилж буй  хохирогчийн өмгөөлөгчийн ирсэн явсан зардал, өмгөөллийн хөлс болох 655,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон  эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа  талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөрийг нь  гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул   өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 1,485,854 төгрөг, өмгөөлөгчийн ирсэн явсан унааны зардал, мөн  өмгөөллийн хөлч болох 655,000 , нийт 2,140,856 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин эмчилгээнд зарцуулсан гэх 2021 оны 12  сарын 13-ний өдрийн Ач тус эмнэлгийн 12,200 төгрөгийн, мөн 10200 төгргийн, 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 30,000 төгрөгийн, 01 сарын 18-ний өдрийн 30,000 төгрөгийн, Өрнөх тэнгэр эмийн сангаас эм худалдан авсан гэх 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 2500 төгрөгийн, 1 сарын 25-ны өдрийн 8,700 төгрөгийн,  2022 оны 1 сарын 06-ны өдрийн 5,400 төгрөгийн, Тавин ус эмийн сангаас 12 сарын 21-ний өдрийн эм худалдан авсан гэх 11,140 төгрөг, мөн  3,800 төгрөгийн, 12 сарын 27-ны өдрийн 27,000 төгрөгийн, М2 маркетаас эд зүйл худалдан авсан 2021 оны 12 сарын 26-ны өдрийн 7,800 төгрөгийн,  2022 оны 01 сарын 4-ний өдрийн 3,800 төгрөгийн, Хүрмэн эмийн сангаас эм худалдан авсан 2021 оны 12 сарын 28-ны өдрийн  12,600 төгрөгийн, Өлзийдэн эмийн сангаас эм худалдан авсан 2022 оны 01 сарын 04-ний өдрийн  24,800 төгрөгийн, Аз хоолны гарын 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 13,400 төгрөгний, мөн өдрийн Буланба дэлгүүрээс эд зүйл худалдан авсан 5,400 төгрөгний баримтуудыг ирүүлсэн байх боловч дээрх баримтууд нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, тооцоо гаргах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан дээрх 207,140 төгргийн  нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 400,000 төгрөгийг хохиролд тооцон хохирогчид төлсөн, дээрх мөнгийг хохирогч хүлээн авсан болох нь талуудын тайлбар, мэдүүлэг, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байна.

Иймд 207,140 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,140,854 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон шүүх хэлэлцээгүй орхисон 207,140 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулах 7,652,004 төгрөгөөс хохирогчид төлсөн 400,000 хасаж, 7,252,004 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 400,000 төгрөг, хариуцлага ногдуулах шүүх хуралдаанаас түр завсарлах хугацаа авч дээрх хугацаандаа хохирогчтой сайн дураараа эвлэрэн хэлэлцэж, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бодит хохирол болох 7,252,004 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 6 сарын дотор хохирогчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлснийг шүүх шүүгдэгчийг хохиролоо төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зан харилцааны хувьд зүй бус үйлдэл гаргасан нь нөлөөлсөн боллхыг  дурдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол прокурорын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 40 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 5, 8, 36.10 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.С-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сөөс хохиролд 7,252,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,140,854 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 207,140 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 7,252,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлснийг дурдаж, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 7,252,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 40 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ