| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02607/И |
| Дугаар | 02210 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 02210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 39 тоотод оршин суух, Очир ургийн овогтой Шинэсамбуугийн Шаравсамбуу нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 44f байр, 22 тоотод оршин суух, Хотгойд ургийн овогтой Жамсрангийн Батням,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: : Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 44f байр, 22 тоотод оршин суух, Очир ургийн овогтой Шаравсамбуугийн Гүнсэндарь,
Б.Хонгорзулыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Шаравсамбуу, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Батням, Ш.Гүнсэндарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Шаравсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Шаравсамбуу миний бие нь эхнэр Ш.Содномцэрэнгийн хамтаар өөрийн охин Ш.Гүнсэндарь, хүргэн Ж.Батням нарын төрсөн охин Б.Хонгорзулыг үрчлэн авсан. Эхнэр Ш.Содномцэрэн 2016 оны 07 сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан, миний бие өвчний улмаас цаашид асах боломжгүй болсон тул охиноо төрсөн эцэг, эхэд нь буцааж өгөхөөр үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Захиргааны байгууллагаар явсан боловч хүлээж авахгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Гүнсэндарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн охин Б.Хонгорзулыг эцэг эхдээ үрчлүүлсэн. Одоо буцаан авахад татгалзахгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Батням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн үрчлэлтийг буцааж, охин Б.Хонгорзулыг авахад татгалзахгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Шаравсамбуу нь 2002 оны 04 сарын 01-ний өдөр охин Б.Хонгорзулыг үрчилсэн 19 тоот үрчлэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ш.Шаравсамбуугийн гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.
Ж.Батням, Ш.Гүнсэндарь нар нь 1997 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Хонгорзулыг Ш.Шаравсамбуу, Ш.Содномцэрэн нарт 2002 оны 04 сарын 01-ний өдөр үрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын “Үрчилсний бүртгэлийн лавлагаа”, “Төрсний бүртгэлийн лавлагаа”, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 7, 8 дугаар тал/
Нэхэмжлэгч Ш.Шаравсамбуу нь үрчлэлт хүчингүй болгох тухай шаардлагын үндэслэлээ “... Ш.Хонгорзулыг хамт үрчлэн авсан Ш.Содномцэрэн өвчний улмаас нас барсан. Мөн миний бие өвчний улмаас цаашид хүүхэд асран өсгөх боломжгүй болсон тул үрчлэлтийг хүчингүй болгож, Ш.Хонгорзулыг төрсөн эцэг Х.Батням, эх Ш.Гүнсэндарь нарын асрамжид буцаан өгөх хүсэлтэй байна. Захиргааны байгууллага шийдвэрлэж өгөхгүй байгаа тул шүүхээр үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.”, 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үрчлэлтийг хүчингүй болгох дээрх хууль заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ш.Хонгорзулыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Түүнчлэн Б.Хонгорзул нь насанд хүрсэн байх тул үрчлэлт хүчингүй болгох, овог солиулах зэрэг шаардлагыг өөрөө холбогдох байгууллагад гарган шийдвэрлүүлнэ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Хонгорзулыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгох тухай Ш.Шаравсамбуугийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2002 оны 04 сарын 01-ний өдөр Б.Хонгорзулыг үрчилсэн 19 тоот үрчлэлтийг хүчингүй болгох тухай Ш.Шаравсамбуугийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Шаравсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР