Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Сансарбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.С,

шүүгдэгч Х.Б,

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 2124000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны.......... дугаар сарын ...........-нд ........ аймгийн ....... суманд төрсөн, ..............настай, эрэгтэй, ............ боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ..............с аймгийн ............... сумын оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Х.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 06 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Шовх улааны үзүүр гэх газарт Муссо маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..” гэснийг, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Агийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Хохирогч У.Сийн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай охин Л.А, нөхөр Х.Б, зээ хүү И, манай бага хүү Х нар Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд гэртээ харихаар Муссо маркийн автомашинтай явсан. Би шөнө 00 цаг 40 минутанд Бий утас руу залгаад хаана явж байгааг нь асуухад Архангай аймгийн Тариат сум орж явна, одоо" Солонготын даваа” даваад унтана гэж ярьсан, манай гурав арын суудал дээр унтаж байна гэж хэлсэн. Түүнээс хойш холбогдоогүй, би өглөө 08 цагт хүүхдүүдийнхээ утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. Над руу 09 цагийн орчимд Бий ах залгаад хүүхдүүдийг осолд орсон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

Гэрч Т.Ө-н: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт би жолооч Х.Бтэй Муссо маркийн 00-00 000 улсын дугаартай автомашинтай Улаанбаатар хотоос тэдний эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын чиглэлд гарсан. Шөнө замд явж байхад гэнэтхэн машин хоёр тийшээ дайвалзаад эхлэхэд би унтаж байгаад сэрсэн. Гэтэл шууд замын хойд тал руу машин унаж өнхөрсөн. Тухайн осол болох үед би жолоочийн эсрэг талын урд суудалд суучихсан явж байсан. Тэгсэн машин онхолдмогц жолооч Б над дээр дараад уначихсан байхаар нь би жолооч талын урд хаалганы цонхоор Бийг түлхэж гаргачихаад хойно сууж явсан 2 хүүхдийг гаргачихаад буугаад Бий эхнэрийг нь буулгах гээд хартал машины цонхоор унасан бололтой машин дор дарагдчихсан авч болохгүй байсан. Тэгээд зам дээр гараад 2 машин зогсоогоод 5 хүн буулгаж ирээд машиныг өргөөд дороос нь Бий эхнэрийг татаж гаргаж ирсэн тэгээд тухайн хүмүүсийг эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гээд хоёр хүүхдийг машинд суулгаж Нөмрөг сум руу явуулсан...Бид нарыг Бий эхнэрийг машин дороос татаж гаргаж ирэхэд ухаангүй байсан бөгөөд эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Х-ийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б ах, А эгч, тэдний хүү И болон 1 хүний хамт тавуулаа Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сум орохоор гарсан, тэгээд замдаа явж байгаад нэг даваа даваад бид нар замын хажууд шөнө 02 цагийн орчимд зогсож унтаж байгаад 04 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд А эгч, И хоёр уйлаад орилох шиг болохоор нь сэрэхэд машин онхолдож байсан. Би өөр ямар нэгэн зүйл мэдээгүй, намайг Бээ ах, хамт явж байсан хүн хоёр машинаас гаргасан. Бээ ахын чихнээс нь цус гарчихсан байсан, Иг машины гадна талд гаргаад суулгачихсан байсан, харин А эгчийг Бээ ах хайгаад байсан. Анхаа дарагдчихсан байна гээд Бээ ах орилоод байсан, замаар машинууд өнгөрөөд яваад байх шиг байсан, тэгж байтал 2 машин зогсоод машинаас хүмүүс бууж ирээд И бид хоёрыг машинд оруулж суулгасан. Намайг машины цонх онгойлгоод харахад бид нарын машиныг өргөөд доороос нь А эгчийг гаргаж байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 65-66-р хуудас/

мөн шинжээчийн дүгнэлтүүд :

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000000000 дугаартай: “...Амь хохирогч Л.Агийн биед гэмтэл учирсан байна. Амь хохирогч Л.Агийн биед цээжний битүү гэмтэл,  баруун, зүүн уушгины няцрал, цооролт, баруун бугалгаас зүүн бугалга хүртэл цээжний урд хөндлөн цус хуралт, баруун хацар, баруун ташаан толгойн дээр зулгаралт, дагзны ар хэсэгт хуйхан дээр цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлнө. Цаг хугацааны хувьд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Л.Ад үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Л.А нь цээж дарагдсаны улмаас цээжний битүү гэмтэл уушгины няцрал, цооролын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 100-103-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 454 дугаартай “...Үзүүлэгч Б.И-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаартай “...Үзүүлэгч Х.Бий биед гэмтэл тогтоогдлоо. Х.Бий баруун чихний дэлбэнгийн ард урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зулайн хуйханд, баруун чихний урд, баруун мөрний дээд хэсэгт, баруун бугалга, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, хүзүүний ар доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Баруун чихний дэлбэнгийн ард урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөггөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дух, баруун зулайн хуйханд, баруун чихний урд, баруун мөрний дээд хэсэгт, баруун бугалга, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, хүзүүний ар доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 81-82-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 456 дугаартай “...Үзүүлэгч Г.Хүслэн-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдлоо. Г.Хүслэн-Эрдэнийн хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11304 дугаартай “...Т.Өгийн биед баруун өгзөгт цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000139 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн Х.Бий биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Иргэн Х.Бий биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 107-108-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000000140 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн Л.Агийн биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 107-108-р хуудас/,

2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн: “...Тухайн Musso маркийн 00-00 000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Зурхайч овгийн Хын Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..” гэснийг, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 125-127-р хуудас/,

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаархи  болон бусад нотлох баримтууд:

Цагдаагийн ерөнхий газрын Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,

Зурхайч овогт Хын Б /РД:11111111/-ий иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-20-р хуудас/ болон бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Бийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 06 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Шовх улааны үзүүр гэх газарт Муссо маркийн 00-00 000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Агийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой  дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Үүнд: Шүүгдэгч Х.Б нь Л.А, Б.И, Г.Х, Т.Ө нарын хамт төрсөн аав Ч.Хын эзэмшлийн Муссо маркийн 00-00 000улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч Увс аймгийн чиглэлд зорчин явж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Шовх улааны үзүүр гэх газарт зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Агийн цээж дарагдсаны улмаас цээжний битүү гэмтэл уушгины няцрал, цооролын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..” гэснийг, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөн байна. 

Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Агийн амь насыг хохироосон болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогчийн амь хохирсон  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч нь Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Х.Бий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд эхнэр Л.А, хүү Б.И, дүү Г.Х болон Ө гэх хүмүүсийн хамт Муссо маръийн 00-00 000улсын дугаартай автомашинтай гарсан. Маргааш өглөө нь буюу 06 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум өнгөрөөд дөрвөн замын уулзвараас хойш явж байхад хөдөлгөөн байхгүй байхлаар нь зам голлоод явж байтал гэнэт урдуур амьтан гүйгээд ороод ирэх шиг болохоор нь нөгөө амьтнаас бултуулаад жолоогоо залтал замын хажуу талын хашлагын шон тулаад ирэхлээр нь буцааж дартал машин дайвалзаад эхлэхээр нь машинаа унагахгүй гээд хоёр тал руу ээлжилж дарсан гэтэл машин замын хажуу тал руу унасан..., Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би санамсар болгоомжгүйгээр осол гаргаж эхнэрийнхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж байна...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд жолооч Авто тээврийн тухай хууль, мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг нь давхар нотолж байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Сийн “...Хохирогч У.С миний зүгээс яллагдагч Х.Бээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Бий үйлдлийн улмаас хохирогч Л.Агийн амь нас хохирсон байх боловч шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэр бүлийн гишүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.С нь өөрийн хүргэн болох  Х.Бд гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Х.Б нь  урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Бий үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №00000 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн  эд хөрөнгө байхгүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Б-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг тоолсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн №00000 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ