Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох 2224000070013 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: **********************************

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 7-14 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.Дтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 7-14 тоот хашаанд Г.Дын нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний баруун дээд 1-р шүд унаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт нь:

Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед О гэх найзтайгаа таараад хүүхэдтэйгээ цуг гэр рүүгээ хамт очиход Б гэртээ ганцаараа сууж байсан. Би гэртээ ороод байж байтал манай хамтран амьдрагч нөхөр болох Б нь нэгдсэн эмнэлэгт хүн эргэж хоол унд хийж аваачиж өгмөөр байна гэхээр нь би чи өөрөө хоол ундаа хийхгүй юу гэж хэлсэн. Тэр үед Б нь гэрээс гараад явсан. Гэрээс гараад явахаар нь би явчихлаа гэж бодоод араас нь гартал миний куртикнээс барихаар нь тавиач гэж хэлээд татсан чинь баруун гараараа саваад нүүрэн хэсэг рүү цохиход би газар унасан. Тэр үед миний шүд унасан. Би босож ирээд миний шүд рүү цохичихлоо гээд гэртээ орсон. Намайг гэр рүүгээ орох үед найз О гэрт сууж байсан. Миний хамтран амьдрагч болох О.Б нь тухайн үед миний шүдийг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх 14-17/,

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хэдэн цагийн үед мэдэхгүй байна. Д эгчтэй тэдний гэрт нь очиход Б гэх нөхөр нь гэртээ сууж байсан. Д эгч нөхөртөө хандан чи намайг айлгаад цохиж нүдээд байхаар нь би айлд хоночхоод ирлээ гээд нөхөртэйгөө маргалдаад байсан. Тэгээд нөхөр нь гэрээс гараад явсан. Д эгч араас нь гараад бас л хоорондоо гэр бүлийн маргаан хийгээд байсан. Тэгтэл Б ах Д эгчийг ор гэж хэлээд гэрийн хаалга онгойхоор нь хаалганы үүдэн хэсэг рүү хартал Д эгч үүдэнд унасан. Д эгч унах үедээ Бээ чи гараараа миний шүдийг цохиод унагачихлаа гэж хэлээд босож ирж байгаа харагдсан. Д эгч өөрийнхөө шүдийг баруун гарынхаа алган дээр барьчихсан гэрийн хаалганы үүдэн хэсэгт орж ирээд зогсож байсан. Амнаас нь цус гарчихсан, уруул болон ам хэсэг нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 0000000072 дугаартай: “...Г.Дын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна. Г.Дын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 30/,

Шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цагдаагийн ахмад Г.Нямсүрэнгийн хүсэлтээр үзлэг хийсэн. Үзлэгийн явцад шинжлүүлэгч Г.Д нь биед зовиур байхгүй, биед ил харагдах гэмтэлгүй гэсэн. Харин үзлэгээр баруун дээр 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдсон. Тухайн унасан гэх шүд нь уг хэсгээр бүрэн булгарч унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 25/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч О.Бий “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед хамтран амьдрагч Г.Дтай маргалдаж байгаад баруун гараараа нүүрэн тус газарт цохиод газарт унагаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Г.Дын нүүрэн тус газарт гараараа цохисон үйл баримтыг давхар нотолж байна дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Бий хохирогч Г.Дын нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдэл нь хохирогчид учирсан баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч О.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Дын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч О.Бий үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Надад хиймэл шүд хийлгэж өгсөн. Хиймэл шүдний мөнгө 40,000 төгрөгийг төлсөн. бид эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хохирогчийн шүүгдэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ