Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 02233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Г.Ариунаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29А байр, 74 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Отгонбаярын Урантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 2д байр, 76 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Пунцагийн Оюунгэрэлд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Урантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч П.Оюунгэрэл, иргэдийн төлөөлөгч З.Төгсжаргал, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч О.Урантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Урантуяа би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 36и байрны 4 тоот хаягт байрлах зоорьийн давхрын 15м.кв өрөөг түрээсэлж “Мост Хай” ХХК-ийн “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх ломбард газрыг үйл ажиллагааг бие даан эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө 23 цагаас хойш хяналтын камерт бичигдсэн дээд давхарт байрлах “Жаргалант” түргэн хоолны газрын тосгуурын холигч крантны мултарч шөнөжин ус алдсаны улмаас түргэн хоолны газрын шал усаар дүүрч улмаар миний ажиллуулж буй барьцаалан зээлдүүлэх газрын таазыг нэвтрэн орж таазны хөөсөнцөр хавтанг нураан зориулалтын тавиур дээр хураасан байсан үйлчлүүлэгчдийн үнэ цэнэтэй эд хөрөнгийг гэмтээн шал 25 см усаар дүүрч сейфний хаалганы доод хэсгээр орж мөн түүнд хадгалагдаж байсан эд хөрөнгийг норгон гэмтээсэн байсан. “Жаргалант” түргэн хоолны газрын хаалгаар ус урсаж байсныг өглөө эрт гудамжаар явж байсан хүмүүс харж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны орон сууцны конторт өглөөний 6 цаг 47 минутад дуудлага өгснөөр нийтээр нь халуун хүйтэн усыг хааж зогсоосон байдаг. Энэ бүх байдлаас болж манайд итгэж үйлчлүүлж байсан олон иргэдийн эд хөрөнгө устаж гэмтэн эд хөрөнгийн болон сэтгэл санааны их хэмжээний хохирол учраад байна. Үүнд: 1. LG i5, Acer i5, Toshiba i3, Mac Pro, Sony 133, Acer, Lenovo зэрэг 7 ширхэг зөөврийн компьютер усанд норсноос болж зарим эд анги эвдэрснийг засуулсан ба огт ажиллагаагүй болсон 1 компьютерыг сэлбэгэнд өгсөн. 2.Samsung, Sony, Panasonic маркийн 3 Led smart телевизор мөн усанд норсноос болж эвдэрч гэмтсэн ба үүний 2 нь засвар авсан боловч Samsung маркын телевизор нь эргээд ажиллагаагүй болсон ба үлдсэн 1 телевизор нь сэлбэг байхгүй, олдохгүйн улмаас буцаагдсан, ажиллагаагүй болсон. 3.Phantom-3 дроны удирдлага, их бие, зай хураагуур цэнэглэгчийн хамт усанд норсны улмаас ашиглах боломжгүй болсон. 4.Sony-XDCAMEX мэргэжлийн видео камер усанд норсны улмаас зэврэлт үүсч ажиллагаагүй болсон зэрэг хохирол учирсан. Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэх нь: 1.Зөөврийн компьютерын засварын 460,000 төгрөг, засвар аваагүй ажиллагаагүй болсон компьютерын зах зээлийн ханш болох 200,000 төгрөг, телевизор засварт 440,000 төгрөг, засвар аваагүй 2 телевизорын зах зээлийн дундаж ханш нэгийнх нь 350,000 төгрөг, нөгөө нь 600,000 төгрөг, Phantom-3 дрон эвдэрсэн ба зах зээлийн дундаж ханш 2,000,000 төгрөг, Sony-XDCAMEX мэргэжлийн видео камер мөн усанд норсны улмаас эвдэрсэн, зах зээлийн дундаж ханш 2,000,000 төгрөг, эдгээрийн үзлэг оношлогоо хийлгэсэн зардал 600,000 төгрөг. Иймд нийт 6,650,000 төгрөгийг “Жаргалант” түргэн хоолны газрын эзэн Н.Оюнгэрэлээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч О.Урантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жаргалант түргэн хоолны газар нь Андууд ломбардтай хамт нэг түрээсийн байр түрээсэлж байрладаг бөгөөд Жаргалант түргэн хоолны газар нь 2017 оны 06 сарын 15-аас 16-ны өдөр шилжих шөнийн 23 цаг 00 минутын үеэс эхлээд тосгуурын холигч муудаж задарч буудсанаас болж ус алдаж Андууд ломбарданд 6,650,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд 7 ширхэг нөүтбүүк усанд норсноос болж зарим эд анги нь эвдэрснийг засаж, засвар аваагүй 1 нөүтбүүкийг сэлбэгт өгсөн. 3 ширхэг зурагт байснаас нэгийг нь засварт өгч, 1 нь засагдахгүй болж, сэлбэгэнд өгсөн. 1 ширхэг дрон ямар ч ажиллагаагүй болж эвдэрсэн. 1 ширхэг мэргэжлийн камер ажиллагаагүй болсон хохирол учруулсан. Жаргалант түргэн хоолны газар ороход крант болон 00-оос нь байнга ус алдсан байдалтай байдаг бөгөөд үүнийгээ ерөөсөө засдаггүй. Түрээсэлсэн хугацаандаа элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтлийг засах гэрээтэй байгаа. Энэ хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж их хэмжээний ус алдаж бусдад хохирол учруулсан. Техникийн комиссын тодорхойлолтод Орон сууц, нийтийн аж ахуй, хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс тодорхойлолт үйлдсэн байгаа. Үүнд тосгуурын холигч муудсаны улмаас буудаж ус алдсан гэсэн байсан. Хариуцагч тал хариу тайлбартаа хэт даралттай ус ирснээс болж ус алдсан гэж байгаа боловч хэрэв хэт даралттай ус ирсэн бол бүх айл, аж ахуйн нэгжийн карант буудаж их хэмжээний ус алдалт болох байсан байх. Иймд Жаргалант түргэн хоолны газрын буруутай үйл ажиллагаанаас болж бидэнд 6,650,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. Иймд энэ хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч П.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36 дугаар байрны 4 тоотод Жаргалант түргэн хоолны газрыг түрээслэн ажиллуулж амьдрал ахуйгаа авч явдаг. Цэрэн-Очирын Цолмон гэж хүний нэр дээр энэ байр болон подваль байдаг ба бидэнд түрээсэлдэг. 2017 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 23 цаг 30 минутад түргэн хоолны газраа хаагаад, хаахын өмнө бүх цахилгаанаа салгаад усаа хаагаад гарсан. Энэ шөнө ус тасарсан ба ус буцаж ирэхдээ даралттай ус ирсний улмаас холигч задарч ус алдсан байсан. Өглөөний 06 цаг 50 минутад дуудлага өгсөн байсан. Подвалиас усыг хаасан байсан. Энэ ус алдсанд бидний буруу байхгүй. Шөнө ажлын бус цагаар гэнэтийн зүйл болсон байсан. Үүнээс болоод бид ч бас хохирсон. Бидний хувьд крантаа онгорхой орхисон зүйл байхгүй. Энэ ломбард чийгтэй газар, подвальд үйл ажиллагаагаа явуулж байсан. Хүмүүсээс авсан үнэт зүйлсийг вакуумжуулсан орчинд хадгалаагүй, аюулгүй байдлыг хангаагүй, гэнэтийн эрсдэлийн даатгалд хамрагдаагүй, гал усны дохиолол хамгаалалт байхгүй, зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулсан байна. Эрсдэлээс хамгаалсан зүйл хийгээгүйн улмаас гэнэтийн осолд өртсөн байна. Мөн түрээслүүлэгч Ц.Цолмон, С.Болдбаатар нар орон сууцны даатгал хийлгээгүй байна. Техникийн комиссын тодорхойлолтод манай түргэн хоолны газрыг буруутгаж дурдаж бичээгүй тул түрээслүүлэгчээс нэхэмжлэлээ шаардах эрхтэй байхад биднийг хариуцагчаас татсан нь үндэслэлгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2017 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын барьцаат зээлийн гэрээнүүд байна. Мөн зарим барьцаат зээлийн гэрээ нь гаргав гэсэн баримтууд ч байна. Он сарын хувьд ч эдгээр эд зүйлсийг би хариуцах үндэслэл алга байна. Нэхэмжлэлээс харахад “Мост Хай” ХХК-ийн “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар байсан байна. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байхад иргэн О.Урантуяагаар нэхэмжлэлээ гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг заажээ. Нэхэмжлэгч О.Урантуяа нь иргэнээр нэхэмжлэл гаргажээ. “Мост Хай” ХХК-ийн “Андууд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар нэхэмжлэл гаргаж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хэн үүсгэн байгуулсан, хэн нэхэмжлэл гаргах эрхтэй зэрэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. Мөн Ломбард өөрсдийн буруутай үйл ажиллагаа явуулснаас эрсдэлд орсон байна. Иймд би хариуцах үндэслэл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Манайх 23 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад хаадаг. Ингээд явахдаа бүх усаа хааж явдаг. Манай байранд мөн загасны дэлгүүрийн эгч байдаг бөгөөд манай 00-ын өрөөнд ордог. Ингээд өглөө 03 цагт ороход ус гойжиж байгаад ус ирэхдээ даралттай ус ирсэн гэсэн. 06 цагт дуудлага өгсөн байсан бөгөөд би 09 цагт очсон. 23 цагт ус алдсан гэдэг нь худлаа би 23 цаг 30 минутад бүх юмаа хаагаад гарах гэсээр байтал 00 цаг болдог. Манайх байнга 00-ыг засуулдаг. Гэвч манай 00-д байнгын хүн орж, гарч байдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь бүгд падан дээр бичсэн баримтууд байсан. Ломбард ажлуулж байгаа хүн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх ёстой бөгөөд дохиолол хамгаалалттай байх ёстой. Гэвч энэ ломбард нь ямар ч үйл ажиллагааны шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна Би тухайн үед юу юу байсан талаар нь хараагүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Урантуяа нь хариуцагч П.Оюунгэрэлд холбогдуулан гэм хорын хохиролд 6,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Урантуяа нь хариуцагч П.Оюунгэрэлд холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 36и байрны 4 тоотод байрлах зоорийн давхарт байрлах “Мост Хай” ХХК-ийн “Андууд” барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө дээд давхарт байрлах “Жаргалант” түргэн хоолны газраас ус алдсаны улмаас учирсан хохирол 6,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...ус алдсан нь үнэн боловч үүнд өөрийн буруу байхгүй, нэхэмжлэгч хадгалж байгаа эд зүйлсийнхээ аюулгүй байдлыг хангаагүй, гэнэтийн эрсдэлийн даатгалд хамрагдаагүй, гал усны дохиолол хамгаалалт байхгүй, зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулсан буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирсон этгээдэд гэм буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч О.Урантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан “Мост хай” ХХК болон тус компанид барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Мост хай” ХХК-ийн “Андууд” барьцаалан зээлдүүлэх газарт зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө эвдэрч, устсан” гэх тайлбар зэргээс дүгнэвэл О.Урантуяа нь “Мост хай” ХХК-д учирсан хохирлын төлбөрийг өөртөө гаргуулан авахаар нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч О.Урантуяа нь “Мост хай” ХХК-д ямар албан тушаал эрхэлдгээс үл шалтгаалан хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцах нэхэмжлэгч, хариуцагч байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 36и байрны 4 тоотод байрлах зоорийн давхарт байрлах “Мост Хай” ХХК-ийн “Андууд” барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө дээд давхарт байрлах “Жаргалант” түргэн хоолны газраас ус алдсаны улмаас нэхэмжлэгч О.Урантуяад 6,650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна

 

Иймд хариуцагч П.Оюунгэрэлээс 6,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Урантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Оюунгэрэлд холбогдох 6,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Урантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Урантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Г.АРИУНАА

 

                                                                        М.МӨНХТӨР