Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

 

    2022        03          04                                    2022/ШЦТ/224

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

 

Шүүгдэгч: Б.Г;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Буджав;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

            Хэргийн дугаар: ;

 

Шүүгдэгч Б.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн 1974 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Г нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Есөн-Од” хүнсний дэлгүүрийн ойролцоо хохирогч Н.Б-хийн “ХААН” банкны виза карт, “Нокиа” маркийн гар утас, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлийг авахаар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, нийт 367.720 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 332 тоотод оршин суух иргэн Ц.Н-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шармал төмөр аяга 1 ширхэг, төмөр алх, халуун тогоо, жордан 11 пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 517.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн дээрх тоотод оршин суух иргэн М.Г-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж эрэгтэй хүний савхин куртик, Лининг брендийн пүүз, Шокс брендийн пүүз, Лининг брендийн цамц, хайлшин тогоо 2 ширхэг, Найке брендийн пүүз, эрэгтэй хүний үнэртэй ус, сахлын хөөс, фудволка зэрэг эд зүйлийг хулгайлж 267.800 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 39 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Н.Р-дын байшингийн цонхоор нэвтрэн орж 24 нэр төрлийн эд зүйлийг хулгайлж 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 243 тоотод оршин суух иргэн Х.А-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Монел маркийн зурагт хулгайлж 442.200 төгрөгийн хохирол учруулсан,

2016   оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 328 тоотод оршин суух иргэн М.М-ын гэрээс 43 инчийн “Самсунг” зурагт, Айфоне экс, Делл, Тech загварын гар утаснууд, монетан ээмэг, эрэгтэй хүний бугуйн цаг зэргийг хулгайлж 889.400 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42 дугаар гудамжны 59 тоотод оршин суух иргэн Ч.Т-ын байшингийн цонхоор орж 2 ширхэг тень, шаазан дурсгалын заан, 36 размерын хүүхдийн гутал, хурган дотортой дээл 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 520 тоотод оршин суух иргэн Ш.Х-ын гэрээс 40 инчийн Хайер брендийн зурагт, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс зэргийг хулгайлж 559.400 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 285в тоотод оршин суух иргэн Э.Б-ны гэрээс хөргөгч, угаалгын машин зэрэг эд зүйлийг хулгайлж 992.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо,  Бэлхийн 33 дугаар гудамжны 7-108 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн толь, цайны дээжийн цөгц, маанийн эрх, шарах шүүгээ зэрэг эд зүйлийг хулгайлж 370.500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Б-ын байшингаас 4x6 хэмжээтэй Алтанбулаг хивс, дрож зэргийг хулгайлж 838.800 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суух иргэн С.Б-ын байшинд нэвтэрч Тошиба маркийн хөргөгч цахилгаан хэрэгсэл зэргийг хулгайлж 640.000 төгрөгийн хохирол учруулсан буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний буюу 10.617.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б  /1хх-ийн 8-9, 3хх-ийн 10/, хохирогч Ц.Нарандулам /1хх-ийн 45-46/, хохирогч М.Г /1хх-ийн 47-48/, хохирогч Н.Р /1хх-ийн 89-90/, гэрч Г.Б /1хх-ийн 91/, гэрч Г.М /1хх-ийн 92/, гэрч Ш.Д /1хх-ийн 93/, гэрч Д.З /1хх-ийн 94-95/, гэрч Н.Б /1хх-ийн 96-97/, гэрч Ж.Н /1хх-ийн 98-99/, гэрч Э.Н /1хх-ийн 100-101/, хохирогч Х.А /1хх-ийн 160/, гэрч Ц.Л /1хх-ийн 161/, хохирогч М.М /1хх-ийн 187-188, 189/, гэрч Г.Х /1хх-ийн 190-191/, гэрч Т.М /1хх-ийн 192-193, 3хх-ийн 13/, хохирогч Ч.Т /1хх-ийн 232-233/, гэрч М.О /1хх-ийн 234/, гэрч Б.Е /1хх-ийн 235/, гэрч О.Г /1хх-ийн 236/, хохирогч Ш.Х /2хх-ийн 12-13/, хохирогч Э.Б /2хх-ийн 35-36/, хохирогч Ж.Б /2хх-ийн 57-58/, хохирогч С.Б /2хх-ийн 78/, хохирогч Ц.Б /2хх-ийн 91-92/, иргэний нэхэмжлэгч М.Г /3хх-ийн 83/, гэрч Б.Т /3хх-ийн 150-151/, гэрч Б.Г /3хх-ийн 166-167, 4хх-ийн 190-191/, иргэний нэхэмжлэгч Э.Н /4хх-ийн 2-4/, гэрч Б.Ө /4хх-ийн 57-58/, гэрч С.С /4хх-ийн 59-60/, гэрч Б.О /4хх-ийн 192/, гэрч Б.Г 4хх-ийн 195-196/, гэрч Б.Б /4хх-ийн 197-199/, гэрч Д.Б /5хх-ийн 33-34/ нарын мэдүүлэг, Н.Б-хийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 12/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-29, 67-76, 147-150, 174-178, 216-222, 2хх-ийн 1-4, 27-30, 47-50, 69-72/, учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /1хх-ийн 30-32, 74-77, 179, 223, 2хх-ийн 51/, Н.Б-хийн эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 26-27/, Ц.Н-ын эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 49, 3хх-ийн 225-226/, М.Г-ын эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 50, 3хх-ийн 182-183, 5хх-ийн 46-47/, Н.Р-дын эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 102-103, 5хх-ийн 39-42/, Х.А-ийн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 165, 3хх-ийн 217-218/, М.М-ын эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 194-195, 3хх-ийн 190-191, 194-195, 201-202/, Ч.Т-ын эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 237, 5хх-ийн 50-51/, Ш.Х-ын эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 14, 3хх-ийн 209-210/, Э.Б-ны эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 37/, Ж.Б-ын эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 59-60, 4хх-ийн 15-16, 23-24/, С.Б-ын эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 79/, Ц.Б-ын эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 93, 5хх-ийн 55-56/, автомашины үнэлгээний тайлан /4хх-ийн 72/, гарын мөрөнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 52-58, 104-105, 107, 109-110, 112-113, 115-116, 162, 196, 200-203, 239-241, 2хх-ийн 15-16, 62-64/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1хх-ийн 60, 140, 167, 209, 244, 2хх-ийн 20, 40, 66, 84/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 84, 86/, Н.Рад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 85/, Ш.Дт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 87/, Б.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 127-130/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 122-128/ Ө.Мөнхбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 133-134, 3хх-ийн 46-47, 5хх-ийн 16-19/, Т.Ганбатын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 139-141, 3хх-ийн 40-41/, Л.Болдоогийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 146-148, 3хх-ийн 34-35, 4хх-ийн 5-7, 5хх-ийн 25-27/, Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 154-156, 158, 3хх-ийн 28-29, 174-175, 5хх-ийн 6-7, 8-10, 11, 121-122/, яллагдагч Б.Гийг яллагдагч Т.Ганбаттай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-ийн 34-36/, хохирлын тооцоо /5хх-ийн 82-88/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /5хх-ийн 106-111/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 116-119/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу хохирогч Ц.Нд 385.200 төгрөгийн, хохирогч М.Год 267.800 төгрөгийн, хохирогч Н.Рад 3.255.000 төгрөгийн, хохирогч Ч.Тд 1.452.000 төгрөгийн, хохирогч М.Мд 683.000 төгрөгийн, хохирогч Х.Ат 442.200 төгрөгийн, хохирогч Ш.Хд 559.400 төгрөгийн, хохирогч Э.Бд 992.000 төгрөгийн, хохирогч Ж.Бад 220.000 төгрөгийн, хохирогч С.Бт 640.000 төгрөгийн, хохирогч Ц.Бд 838.800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Есөн-Од” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Н.Б ийг зодож, хүч хэрэглэн довтолж “ХААН” банкны виза карт, “Нокиа” маркийн гар утас, бэлэн 160.000 төгрөг зэргийг нь дээрэмдэн авч 367.720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ц.Н-ын /1хх-ийн 45-46/: “... 2014 оны 06 дугаар сарын 18-ны ...орой 17 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг тоосгоор цохиж онгойлгоод орсон байсан. Харин манай хүүгийн гэрийн цүүг хөшиж мушгиж онгойлгон эвдлэн дотогш орж манай болон хүүгийн гэрээс хувцас, гутал, тогоо зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч явсан байсан. ...харин манай гэрээс алдагдсан хүүхдийн пүүз зэргийг барьчихсан байсныг 25-30 орчим насны залуу харсан байсан. ...1 том аяганы хажууд “Ерөнхий тэнхимийн хамт олноос” гэсэн бичигтэй, 2 дахь аяга нь “Урлал дизайны тэнхимийн хамт олноос дурсгав” гэсэн бичигтэй байсан. Харин нөгөө 2 аяга нь ямар нэгэн бичиг байхгүй. ...надтай хамт амьдардаг хүү Гүррагчаагийн Найке брэндийн жордан 11 нэртэй пүүз алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 21-26/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /3хх-ийн 225-226/,

 

 хохирогч М.Г-ын /1хх-ийн 47-48/: “...2014 оны 06 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ гарсан. ...тэгээд намайг ажил дээр байхад манай ээж над руу залгаад “гэрт хулгай орчихож, цагдаа нар ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа ирэхэд манай 2 гэрийн хаалганы цоожийг хөшөөд онгойлгочихсон доторх эд зүйлийг тараачихсан байсан. ...аваад удаагүй байсан шинэ шахуу 43 размерын Шокс, Шак 44 размерын Лининг брендийн пүүзнүүд, эрэгтэй хүний богино савхин куртик, 3 ширхэг фудволка, цамц, жинсэн өмд цахилгаан тогоо, хайлшин тогтоо үнэртэй дездорант, сахлын хөөс, татуурга, орны бүтээлэг, хөнжлийн даавуу зэрэг эд зүйлс алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 27-32/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /3хх-ийн 182-183/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 8/: “...тухайн өдөр би тэр хоёр монгол гэрийн хаалгыг эвдэж ороод эд зүйлсийг нь авч 7-н буудал орчмоор зарж архи авч уусан. Тухайн хэргийг би үйлдсэн болно...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Н.Р-дын /1хх-ийн 89-90/: “...би 2014 оны 04 дүгээр сарын 07-ны оройн 21 цаг болж байхад гэрээсээ гарч явсан. Маргааш нь ...миний хадам ээж Дархижав над руу утсаар залгаад “гэрт хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Би такси бариад гэртээ ирэхэд байшингийн зүүн полконы цонх хагарчихсан байсан. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд байшин руугаа орж эд зүйлээ бүртгэхэд зурагт болон бусад гэр ахуйн эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 67-77/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /5хх-ийн 39-42/,

 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1хх-ийн 84-85/,

 

гэрч Г.Бын /1хх-ийн 91/: “...Би 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Чиглэл 115” хөдөлгөөнт эргүүлийн автомашинаар цагдаагийн ахлагч С.Тэгшбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн буудал дээр 30-35 насны эрэгтэй хүн хүмүүсийн анхаарал татаад эд зүйлс зарж борлуулж байхаар нь түүнийг шалгасан. Түүнийг шалгах явцад Бямбаа овогтой Ганхуяг нь байсан бөгөөд тэрээр жижиг хэмжээний Алтанбулаг хивс, эмэгтэй хүний урт савхин куртик, зааны дүрстэй суурийн утасны аппарат, морин хуур зэрэг эд зүйлийг зарж борлуулах гэж байсныг саатуулан шалгасан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 8/: “...тухайн гэмт хэргийг би үйлдсэн. Би тэр айлын байшингийн цонхыг хагалж ороод гэр дотроос нь эд зүйлийг нь авсан. Жижиг зүйлсийг нь гудамжинд зарж, зурагтыг нь ломбардад тавьж буцааж аваад танихгүй хүнд зарчихсан. Тухайн айлаас авсан эд зүйлийг зарж байгаад баригдсан. ...зааны суурьтай утасны аппарат, морин хуур, эмэгтэй хүний савхин куртик, Алтанбулаг хивсийг буцааж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Х.А-ийн /1хх-ийн 160/: “...би 2014 оноос хойш ахынхаа хашаанд гэр бариад түр хугацаагаар амьдарч байсан. Тэгэхдээ ахынхаа гэрт зурагтаа аваачсан юм. ...тэгээд ээж түрүүлээд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орчихсон. Миний зурагт алдагдчихсан байсан. Би 2015 онд Нарантуул захаас Монелын 40 инчийн лед дэлгэцтэй зурагтыг 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан.  Би одоо зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 147-150/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /3хх-ийн 217-218/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9/: “...тухайн айлаас зурагт авсан санагдаж байна. Би тухайн хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.М-ын /1хх-ийн 187-189/: “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 08:40 минутын орчим эхнэр, охины хамт гэрээ түгжиж гараад ...18:40 минутын үед гэртээ охинтойгоо хамт ирэхэд манай гэрийн хаалга болон цонх онгорхой байсан. ...манай гэрээс 43 инчийн “Самсунг” ЛСД зурагт, эрэгтэй хүний “Касио” бугуйн цаг, “Айфоне экс” маркийн хар өнгийн гар утас, Делл маркийн хар саарал өнгийн гар утас, эмэгтэй хүний монетан ээмэг, мөнгөн ээмэг, бөгж зэрэг савтай эд зүйлс, хүүхдийн мөнгөний гахай дотор нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй зэрэг эд зүйлс алга болсон. ...өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 174-179/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /3хх-ийн 194-195, 201-202/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9/: “...Би М.М-ын байшинд орж эд зүйл хулгайлсан. ...зурагтыг 7-н буудал дээр хөдөөний бололтой явуулын хүнд хямдхан өгсөн. мөн эд зүйлсийг гар дээрээс хямдхан зарсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ч.Т-ын /1хх-ийн 232-233/: “...2016 оны 03 дугаар сарын 23-ны 119:00 цагийн орчим манай хажуу айлын хашааны хүн болох Гансүх нь манай нөхөр лүү “хашаанаас чинь танай цаад айлын хашааны хүн хашаа даваад гараад явлаа” гэж хэлж байсан. Тэгээд би гэртээ ирэхэд ...байшингийн хойд талын гал тогооны цонхыг хагалаад хөргөгч цонхоор газар унагасан байдалтай байсан. Тэгээд гэртээ ороход манай ил байсан юмнуудыг ухаад дотор нь байсан юмнуудыг гаргасан, 2 давхарт байсан авдрын цоожийг нь эвдээд дотроос нь боодолтой дээл авсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 216-223/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /5хх-ийн 50-51/,

 

гэрч О.Гийн /1хх-ийн 236/: “...нэг орой нохой хойшоо хуцаад байхаар нь гэрээсээ гараад хартал манай хажуу хашааны залуу хашаа даваад гарч байхад нь дуудаж уулзаад “би наад хашааг чинь хардаг юм яагаад даваад байгаа юм” гэхэд “зүгээр зүгээр” гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би хажуу хашааны хүн рүү утасдаж хэлсэн. Тэгээд удалгүй гэртээ ирж үзчихээд хулгай орсон байна гэж хэлсэн. Манай баруун хашааны залуу ганцаараа хашаа давж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9/: “...Ч.Т-ын гэрт орж хулгай хийсэн. Тухайн айлаас эд зүйл авсан. Авсан зүйлээ Хархорин зах дээр гар дээрээс зарсан. Би ганцаараа байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ш.Х-ын /2хх-ийн 12-13/: “...орой 22:00 цагийн орчим ганцаараа ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь ...гэртээ ороод гэрлээ асаасан чинь гэрийн хойморт байсан 40 инчийн Хайер загварын зурагт алга болсон байсан. Би ээж рүүгээ залгахад ээж цагдаад хэл гэж хэлэхээр нь цагдаа дуудсан. ...гэрийн хойморт байсан 40 инчийн Хайер маркийн ЛСД зурагт, шүүгээнд байсан эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /2хх-ийн 1-4/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /3хх-ийн 209-210/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9/: “...би тухайн айлаас эд зүйл авсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Б-ны /2хх-ийн 35-36/: “...2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүү маань гэртээ харих гээд явж байтал манай хашааны хаалга онгойчихсон байхаар нь очоод үзтэл хаалгыг нь эвдэлж ороод дотроос нь юм алдагдсан байхаар нь цагдаад хандаж дараа нь надад хэлсэн юм. ...Брюса маркийн 2 хаалгатай хөргөгч алдагдсан байсан. 2014 онд Брюса төвөөс 950.000 төгрөгөөр худалдан авч байсан.  2014 онд Хятад худалдааны төвөөс 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан угаалгын машин зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан... ” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /2хх-ийн 27-30/,

 

эд зүйлийн үнэлгээгээр /2хх-ийн 37/,

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9/: “...тухайн айлаас хөргөгч, угаалгын машин авсан санагдаж байна. Тухайн зүйлсийг замын унаанд гар өргөн хийгээд Нарантуул захын ойролцоо зарсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ж.Б-ын /2хх-ийн 57-58/: “...2016 оны 09 дүгээр сарын 22-нд би 16 цаг өнгөрөөгөөд 17 цаг дөхөж байхад гэрээ цоожлоод гарсан. Тэгээд ажлаа тараад орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан бөгөөд ...эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /2хх-ийн 47-50/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /4хх-ийн 15-16, 23-24/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9/: “...тухайн айлаас авсан эд зүйл бөөгийн толь, цөгц зэрэг байсан санагдаж байна. Би тухайн айлаас хулгай хийсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Б-ын /2хх-ийн 78/: “...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай хамаатны ах Бямбадорж над руу утсаар залгаад “танай зуслангийн байшингийн хашаа болон гражны хаалга нь онгорхой байна” гэж хэлсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байдаг зуслангийн байшиндаа иртэл хашааны хаалга онгойлгоод мөн гэрийн хаалга онгойлгосон байсан. ...хашааны хаалганы гинж тастаж ороод байшингийн хаалга хөшиж ороод хөргөгч, хөлдөөгч зэрэг эд зүйлс аваад явсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /2хх-ийн 69-72/,

 

эд зүйлийн үнэлгээгээр /2хх-ийн 79/,

 

 хохирогч Ц.Б-ын /2хх-ийн 91-92/: “...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...бид нар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зусланд байрлах зуслангийн байшиндаа очиход байшингийн бүргэд хаалгыг хөшиж эвдэлж онгойлгосон байдалтай байшин дотроос 4x6 хэмжээтэй цэнхэр өнгийн дрож 1 ширхэг, 3x5 харьцаатай Алтанбулаг хивс 1 ширхэг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /5хх-ийн 55-56/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 9-10/: “...С.Б, Ц.Б нар нэг хашаанд  байх хоёр байшингийн хүмүүс юм. ...хөргөгч, хөлдөөгчийг Нарантуул зах дээр зараад Болдоо авсан. ...хивс дрожийг хивс худалдаж авдаг хүнд зарсан. ...Хамт явсан Ганбат, Мөнхбаяр хоёр хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Болдоо тухайн үед тэр айлууд руу ороогүй. Би гаргаж тавьж ачаад айлд тавьсан. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэргүүдийг хэн нэгэнтэй хамтарч бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Н.Б-хийн /1хх-ийн 8-9, 3хх-ийн 10/: “...би 2017 оны 02 дугаар сарын 06-ны 19:00 цагийн үед айлд очоод харих гээд Бэлх захын эсрэг талын “Есөн Од” дэлгүүрийн арын гудамжинд араас хүн ирээд хавсарч унагаад цохих шиг болсон. Тэр хүн “мөнгө төгрөгөө  гарга, өөр юу байна” гэхээр нь “авах юм байвал ав” гэсэн чинь миний куртикны гадна талын халаасанд байсан иргэний үнэмлэх, ХААН банкны виза карт, автобусны үнэмлэх, ахмадын үнэмлэхтэй бор өнгийн хавтастай бичиг баримт, бэлэн 160.000 төгрөг, Нокиа 7680 загварын гар утас аваад явсан. Виза картад 183.000 төгрөг үлдсэн байсан. Тэр дэлгүүрт уншуулж авсан байсан. ...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /4хх-ийн 26-27/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 10/: “...Би тухайн үед хохирогчийг дэлгүүрээс гараад явж байхад халаас руу нь гараа хийгээд утас бичиг баримтыг нь аваад зугтсан. Би тухайн үед хохирогчийг цохиж  зодож дээрэмдсэн зүйл байхгүй. Би картыг нь дэлгүүрт уншуулж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, хохирогч нарын гэрт хулгай орсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр баталгаажуулсан, шүүгдэгч нь хохирсон иргэдийн хөрөнгийг гэрээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, авсан эд зүйлсээ зарж борлуулж байсныг шүүгдэгч, гэрч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон, хохирогч нь бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа мэдүүлсэн, хохирогчийн эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Г нь нэр бүхий 11 хохирогчийн гэрт нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсныг, мөн Н.Б-хийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь хууль бусаар авсан болохыг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Б.Гт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 3 жил, дээд хэмжээ 5 жил байхаар хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил болгон багасгасан боловч ялын дээд хэмжээг 8 жил байхаар хуульчилж хүндрүүлсэн байна.

 

Иймээс прокуророос шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргүүдийг тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар айлын гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Б.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн, мөн бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн өмчлөлд авах зорилгоор бие махбодын хүчирхийлэл үзүүлэн довтолж буй Б.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч Б.Гийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрөл хэмжээг тогтоож, шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж  үзэв. Үүнд:

 

шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;

 

гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй;

 

гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол үлэмж хэмжээтэй;     

 

гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн, хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Б.Гийн нэр дээр ямар нэг эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой орлогогүй учир эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шүүх шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгчөөс гаргасан “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Гийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөлд хамааруулж өгнө үү” гэх саналд дараах байдлаар хариу өгч байна.

 

Монгол Улсын Их Хурлаас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан гаргахдаа хуулийн зорилтыг “Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлж, улмаар уг хуулийн Хоёрдугаар бүлэгт “Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ”-г хуульчлахдаа өршөөлд хамаарах гэмт хэргийг “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг” гэж тодотгон заасан нь хуулийг хэлэлцэн батлах үед хууль тогтоогчийн баримталсан хүсэл зориг мөн болох нь хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсоноос гадна энэхүү хууль тогтоогчийн үзэл санаа хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд тусгагдсан байна.

 

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалд “...ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгана” хэмээн заасныг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг” гэж хуульчилж, өршөөлд хамаарах болон хамаарахгүй гэмт хэргийг ялган тодорхойлсон.

 

Мөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр заахдаа уг зохицуулалтын зорилгыг “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор” гэж нарийвчлан тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл, хорих ангид ял эдэлж буй ялтны бөөгнөрлийг сааруулах замаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан байна.

 

Ингэхдээ хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг хангасан байхыг шаардсан.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг хохирлын мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө нотлох баримтаар шүүхэд нотолж, итгэл үнэмшил төрүүлэхийг ойлгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Гийн “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх саналыг судлан үзэхэд түүний хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй байх тул учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй байна.  

 

Харин Б.Г нь хорих ялыг эдлэх хугацаандаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн “ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” эсэх асуудлыг шүүх жич шийдвэрлэж болохыг дурдаж байна.

 

Иймээс шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгчөөс гаргасан ” 2021 оны Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Гт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөлд хамааруулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагын талаар шүүх дараах байдлаар дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаараагүй, тэрээр урьд өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

 

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Б.Гийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хэргийг илрүүлсний дараа шүүгдэгч Б.Гаас “Алтанбулаг хивс, эмэгтэй хүний савхин куртик, морин хуур, утасны аппарат” (1хх-ийн 84-85) зэрэг 375.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хураан авч хохирогч Н.Рад хүлээлгэн өгсөн байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Гаас хохиролд нөхөн төлсөн 1.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж үүнээс 367.720 төгрөгийг хохирогч Н.Б эд, үлдэх 632.280 төгрөгийг хувь тэнцүүлж буюу хохирогч Ц.Нд 57.480 төгрөгийг, М.Год 57.480 төгрөгийг, Ц.Рд 57.480 төгрөгийг, Ч.Тд 57.480 төгрөгийг, М.Мд 57.480 төгрөгийг, Х.Ат 57.480 төгрөгийг, Ш.Хд 57.480 төгрөгийг, Ж.Бад 57.480 төгрөгийг, Э.Бд 57.480 төгрөгийг, С.Бт 57.480 төгрөгийг, Ц.Бд 57.480 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 9.103.120 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулж үүнээс хохирогч Ц.Нд 327.720 төгрөг, хохирогч М.Год 210.320 төгрөг, хохирогч Ц.Рд 3.197.520 төгрөг, хохирогч Ч.Тд 1.394.520 төгрөг, хохирогч М.Мд 625.520 төгрөг, хохирогч Х.Ат 384.720 төгрөг, хохирогч Ш.Хд 501.920 төгрөг, хохирогч Ж.Бад 162.520 төгрөг, хохирогч Э.Бд 934.520 төгрөг, хохирогч С.Бт 582.520 төгрөг, хохирогч Ц.Бд 781.320 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Н.Б эд төлөх төлбөргүйг дурдаж байна.

 

Шүүх яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэн хохирлыг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тооцож гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 326 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Г-г 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлсны улмааас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.                       

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 326 (гурван зуун хорин зургаа) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.  Шүүгдэгч нь хохирогч Н.Б эд төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Гаас нийт 9.103.120 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Нд 327.720 төгрөг, хохирогч М.Год 210.320 төгрөг, хохирогч Ц.Р-д 3.197.520 төгрөг, хохирогч Ч.Тд 1.394.520 төгрөг, хохирогч М.Мд 625.520 төгрөг, хохирогч Х.Ат 384.720 төгрөг, хохирогч Ш.Хд 501.920 төгрөг, хохирогч Ж.Бад 162.520 төгрөг, хохирогч Э.Бд 934.520 төгрөг, хохирогч С.Бт 582.520 төгрөг, хохирогч Ц.Бд 781.320 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гаас нөхөн төлсөн 1.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 данснаас гаргуулж үүнээс 367.720 төгрөгийг хохирогч Н.Б эд, үлдэх 632.280 төгрөгийг хувь тэнцүүлж буюу хохирогч Ц.Нд 57.480 төгрөгийг, М.Год 57.480 төгрөгийг, Ц.Р 57.480 төгрөгийг, Ч.Тд 57.480 төгрөгийг, М.Мд 57.480 төгрөгийг, Х.Ат 57.480 төгрөгийг, Ш.Хд 57.480 төгрөгийг, Ж.Бад 57.480 төгрөгийг, Э.Бд 57.480 төгрөгийг, С.Бт 57.480 төгрөгийг, Ц.Бд 57.480 төгрөгийг тус тус олгосугай. 

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ