Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2234

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-145 тоотод оршин суух, Алаг адуу ургийн овогтой Лайханжавын Түвшинбаяр /РД:ЧМ94447173/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 10 дугаар байрны 5 тоотод оршин суух, Сартуул ургийн овогтой Сэджавын Амаржаргал /РД:ЧЗ76041701/,

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 10 дугаар байрны 5 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Баярын Хүдэр /РД:ХД76031677/ нарт холбогдох

 

39,839,450 төгрөг гаргуулах, Л.Түвшинбаяраас  250,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Түвшинбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Хүдэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Түвшинбаяр миний бие 2012 оны 4 дүгээр сараас эхлэн 1 дүгээр хороололд баар ажиллуулдаг байсан. Тэгтэл 2012 оны 4 дүгээр сард миний найз С.Алтанцэцэгийн ах С.Алтансүхийн найз гэх Б.Хүдэр гэдэг залуу “танай бааранд хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллая” гэсэн санал тавьсан болно. Ингээд нийт 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож 2012 оны 4 дүгээр сард 50 сая төгрөгөөр хоёр удаа нийт 100 сая төгрөг, үлдсэн 150 сая төгрөгт нь шинэ Lexus-570 маркын автомашин өгсөн. Ингэхдээ бидэнд тус Lexus-570 маркын автомашиныг 160,000,000 төгрөгөөр бодож өгсөн бөгөөд бидний зүгээс зөрүү болох 10,000,000 төгрөгийг 2012 оны 7 дугаар сард буцаан өгч, нэгэнт Б.Хүдэр, С.Амаржаргал нар нь хамтран ажиллаад эхэлсэн тул машин авах гээд байна гэхээр нь баарны орлогоос 5,000,000 төгрөг нэмж өгч байсан. Энэ цаг хугацаанаас эхлэн Б.Хүдэр, С.Амаржаргал нар нь надтай хамтран ажиллаж эхэлж улмаар сар бүр тухайн баарны орлогоос тодорхой хувийн ашгийг /1,600,000-2,800,000 төгрөг/ тогтмол авдаг болсон. Гэтэл 2013 оны 3 дугаар сараас эхлэн таарч тохирохоо больж 250,000,000 төгрөгөө буцаан авахаар нэхэж эхэлсэн. Гэвч надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй бөгөөд нэхсэн хугацаанаас хойш бидний зүгээс Б.Хүдэр, С.Амаржаргал нарын нэрлэн заасан банкин дахь дансанд нийт 278,989,550 төгрөгийг дансаар шилжүүлэн хийж өр төлбөрийг бүрэн барагдуулсан  төдийгүй 28,989,550 төгрөгийн илүү төлөлтийг хийгээд байна. Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл хамтран ажиллах үйл ажиллагааны дагуу тухайн баарны орлогоос ашиг авч ажиллаж байсан. Энэ бүхнээс үзвэл бидний зүгээс хамтран ажиллах гэрээ, хэлцлийнхээ дагуу хүлээсэн үүргээ 100% биелүүлэн ажиллаж байсны зэрэгцээ иргэн Б.Хүдэр, С.Амаржаргал нарын оруулсан хөрөнгө оруулалт болох 250,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг 100% эргүүлэн төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдож байгаа болно. Өр төлбөр болох 250,000,000 төгрөгийг бүрэн төлснөөс гадна илүү төлөлт болох 28,989,550 төгрөг, сар бүр ашиг авдаг байсан гэж бодохоор ойролцоогоор 300,000,000 орчим төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл биднийг одоо болтол өр барагдуулж дууссаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна мөнгө нэмж төлөхийг байнга шаардаж, доромжлох, дарамтлах үйлдлүүдийг гаргаж бидний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр байна. Иймд иргэн Б.Хүдэр, С.Амаржаргал нарт хамтран ажиллах гэрээ цуцлагдсантай холбогдуулан 250,000,000 төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, бүрэн төлж барагдуулсан өрийг дахин нэмж төлөхийг шаардаад буй эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Тус шүүхэд Л.Түвшинбаярын нэхэмжлэлтэй С.Амаржаргал, Б.Хүдэр нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Дээрх иргэний хэрэгтэй холбогдуулан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч Б.Хүдэр нь Л.Түвшинбаярын ажилуулж байсан баарыг 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж байсан бөгөөд 50 сая төгрөгөөр 2 удаа нийт 1,000,000 төгрөг, 150,000,000 төгрөгөнд Лексус 570 маркийн машин өгсөн. Ингээд нийт 250,000,000  төгрөг өгсөн ба үлдэгдэл 250,000,000 төгрөгийг оруулах боломжгүй болсон туг нэхэмжлэгч тухайн үед бэлнээр гарган өгөх боломжгүй байсан учраас нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчид эргүүлэн өгөхөөр болсон. Уг 250,000,000 төгрөгөөс гадна ямар нэгэн байдлаар илүү мөнгө төлөхөөр тохиролцоогүй. Хэдийгээр бэлэн бусаар оруулсан Лексус 570 маркийн машин нь 150,000,000 төгрөг хүрэх эсэх нь эргэлзээтэй боловч нэхэмжлэгчийн зүгээс үнийн дүн дээр маргахгүй болно. Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр нь хариуцагч С.Амаржаргал, Б.Хүдэр нар нь ямар нэгэн  байдлаар гэрээ хэлцэл байгуулаагүй. Хамтран ажиллах ямар нэгэн нөхцөл тохироогүй Л.Түвшинбаярын тухайд 2013 оноос 2017 оны хооронд нийт 289,839,450 төгрөгийг С.Амаржаргал, Б.Хүдэр нар өөрсдийнх нь болон нэр заасан дансанд нь шилжүүлж өгсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн нэхэмжлэлийн шаардпагаасаа бүрэн татгалзаж байгаа бөгөөд одоо хариуцагч нарт илүү төлсөн 39,839,450  төгрөгөө С.Амаржаргаг Б.Хүдэр нараас гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд С.Амаржаргал, Б.Хүдэр нараас 39,839,450 төгрөгийг гаргуулж Л.Түвшинбаярт олгуулж өгнө үү” гэжээ.

 

   Хариуцагч С.Амаржаргал, Б.Хүдэр нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Хүдэр нь Л.Түвшинбаярын гаргасан “хамтран ажиллах гэрээ цуцлагдсантай холбогдуулан 250 сая төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, бүрэн төлж барагдуулсан өрийг дахин нэмж төлөхийг шаардаад буй эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох” тухай нэхэмжлэлд сөрөг нэхэмжпэл гаргаж, “Хамтран ажиллах гэрээний дагуу Л.Түвшинбаярт оруулсан 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Л. Түвшинбаяраар эргэн төлүүлэхийг” шаардсан. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг "илүү төлсөн төлбөр болох 39,839,450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах" хэмээн өөрчилчснөөс үл хамааран хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн шаардлага хэвээр бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн шаардлага болох 250 сая төгрөгийг Л.Түвшинбаяраас ямар үндэслэлээр шаардаж байгааг үүгээр тодруулж байна. Хариуцагч Б.Хүдэр нь нэхэмжпэгч Л.Түвшинбаяраас хамтран ажиллах гэрээний талуудын дундаа өмчлөх хөрөнгөөс өөрт оногдох хувь 250 сая төгрөг гаргуулахыг хүссэн болох нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараас харагддаг. Тухайлбал, тэрээр 2015 онб 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа1 “...Б.Хүдэр миний бие хамтран ажиллах боломжгүй болж хөрөнгө оруулсан 250 сая төгрөгөө буцааж авъя гэхэд ...” гэснээс харахад тэрээр хамтран ажиллах гэрээнээс гарч, дундын хөрөнгөөс өөрийн оруулсан хураамжийнхаа хэмжээнд ногдох хувиа авахыг хүссэн нь харагдаж байна. Хамтран ажиллах гэрээний нэг онцлог нь талуудын оруулсан хураамж тэдний дундын хөрөнгө болдог бөгөөд хураамжаа төлсөн тал гэрээнээс гарах тохиолдолд нийлүүлсэн хураамжаа буцааж авах боломжгүй, харин дундын хөрөнгөөс өөрт оногдох хувиа гаргуулах боломжтой болдог. Тиймээс Б.Хүдэрийн шаардсан 250 сая төгрөг нь хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох зорилгоор дундын хөрөнгөөс өөрт ногдох хувиа гаргуулах тухай шаардлага гэж ойлгох нь зүйтэй юм. Б.Хүдэр, Л.Түвшинбаяр нар 2012 оны 4 дүгээр сараас эхлэн Л.Түвшинбаярын ажиллуулж байсан баарыг хамтран ажиллуулахаар тохирч, тухайн үед 500 сая төгрөгөөр үнэлэгдээд байсан баарны тал үнэ болох 250 сая төгрөгийг Б.Хүдэр Л.Түвшинбаярт төлснөөр тус баар нь Л.Түвшинбаяр, Б.Хүдэр нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө  болсон бөгөөд талууд баарны үйл ажиллагаанаас олох ашгийг оруулсан хэмжээнд хувь тэнцүүлэн буюу 50:50 хувиар хуваах эрхтэй болсон. Талуудын хамтын үйл ажиллагаа нь тэдний хооронд хийгдсэн аман хэлэлцээрт үндэслэсэн бөгөөд хамтран ажиллах гэрээний хураамж болгон Б.Хүдэрийн оруулсан 250 сая төгрөг, Л .Түвшинбаярын оруулсан баар нь тэдний тус тусын хуваарьт хөрөнгө байхаар гэрээндээ тухайлан тохирсон зүйл байгаагүй учир Б.Хүдэр баарны үйл ажиллагааг хамтран ажиллуулахаар 250 сая төгрөгийг Түвшинбаярт төлсөн мөчөөс эхлэн Л.Түвшинбаярын баар Хамтран ажиллах гэрээний дагуу Б.Хүдэр, Л.Түвшинбаяр нарын дундын хөрөнгө болсон бөгөөд энэхүү дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө бүгд талуудын дундаа өмчлөх хөрөнгө юм. 2012 оны 4 сараас 2013 оны 5 сарыг хүртэл Б.Хүдэр баарны үйл ажиллагаан гар бие оролцож, заримдаа баарыг ажиллуулахад шаардлагатай зардлыг хувиасаа төлөөд эргүүлээд авах тохиолдол гардаг байсан. 2013 оны 7 дугаар сараас хойш Б.Хүдэр баарны үйл ажиллагаанд биечлэн оролцохоо больсон боловч талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгоогүй тул тэрээр хамтын үйл ажиллагааны ашгаас хүртэх эрхтэй хэвээр байгаа. Гэтэл дундын хөрөнгө болох баарны үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад ногдох хувийг нь хуваарилаагүй байж нэхэмжпэгч Л.Түвшинбаяр нь хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсон, Б.Хүдэрт төлөх өр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэл гаргаснаа одоо өөрчилж, талуудын хооронд ямар ч хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хамтарч ажиллаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Талуудын хамтын зорилго нэгэнт үгүй болсон тул Б.Хүдэр нь хамтран ажиллах гэрээний хураамж, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон дундын хөрөнгийг хуваарилж, өөрт оногдох хувиа авахыг хүсч байгаа бөгөөд хамтын ажиллагаа болох баарны үйл ажиллагаанд удаан хугацаанд оролцоогүй, мөн дундын хөрөнгө нэхэмжлэгчийн мэдэлд байгаагийн улмаас дундын хөрөнгийн одоогийн үнэлгээг гаргах боломжгүй тул дундын хөрөнгөөс өөрт оногдох хувиа тодорхойлохын тулд дундын хөрөнгийн үнэлгээг анх хамтарч ажиллаж эхлэх үеийн үнэлгээ болох 500 сая төгрөгөөр тооцож, түүнээс өөрт оногдох 50 хувь буюу 250 сая төгрөгийг Л.Түвшинбаяраас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Иймд хамтран ажиллах гэрээний талуудын дундаа өмчлөх хөрөнгөөс Б.Хүдэрт ногдох хувь 250,000,000 төгрөгийг Л.Түвшинбаяраас гаргуулж, Б.Хүдэрт олгож өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 205,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 45,000,000 төгрөгийг  нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов.”гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр нь хариуцагч С.Амаржаргал, Б.Хүдэр нарт холбогдуулан 39,839,450 төгрөг гаргуулах, Л.Түвшинбаяраас 250,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 205,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Түвшинбаяр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр нь 39,839,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, хариуцагч Б.Хүдэр, С.Амаржаргал нар нь 250,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 205,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Түвшинбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,350 төгрөгөөс 357,150 төгрөгийг, хариуцагч Б.Хүдэр, С.Амаржаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965/-өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 703,975 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Хүдэр, С.Амаржаргал нарт олгосугай. 

 

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР