Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/717

 

 

    2021         10        26                                  2021/ШЦТ/717

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар, 

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 1809030420842 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэр хамт, .......оршин суух, урьд:

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №251 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 10.450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зааснаар 1 жил 11 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №758 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9.175 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож 1 жил 8 сар 2 хоног хорих ял дээр 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт биечилэн эдлэх ялыг 3 жил 7 сар 02 хоногийн хорих ялаар тогтоож шийтгүүлсэн, М.О

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.О нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Итгэл барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан Д.Б өмчлөлийн бага гарын шүрэн толгойтой хаш хөөргийг “хөөрөгний эзэн нь хөдөө байгаа юм надаас чи авчих гээд гуйгаад байна” гэж хэлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж Д.Б-д 2.751.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809030420842 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Буяндэлгэр бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд манай өвөөгийн ааваас өвлүүлсэн цагаан өнгийн хаш чулуун, шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын хөөргийг өвлүүлсэн. Гэтэл миний хөөргийг манай нөхөр Буяндэлгэр бид хоёр түрээсийн мөнгө төлөх гээд Буяндэлгэр гэрээс ирээд хөөрөг аваад Отгончулуунтай авч хамт яваад Отгончулууны иргэний үнэмлэхээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо хорооллын ломбардад тавьсан гэсэн. Гэхдээ ломбардын бичгэн дээр миний нэрийг бичээд “энэ хүн ирж авна” гэж бичиг хийж өгсөн байсан. Дараа нь Отгончулуун нь ломбарднаас өвөөгийн маань хөөргийг аваад алга болсон. Би хөөргөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Пүрэврагчаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2 залуу манай ломбард дээр ирэн шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай 18 мм амтай цагаан өнгийн хаш бага гарын хөөргийг 700.000 төгрөгөөр барьцаалсан... Би тухайн үед ломбард сунгалтын бичиг дээр байсан хүн ирж авах юм байна чамд өгөхгүй гэхэд 86909077 гэсэн дугаартай залуу надад хэлэхдээ “хөөрөгний эзэн нь хөдөө байгаа юм, надаас чи авчих гээд гуйгаад байна, чи итгэхгүй бол би тэр хүнд хэлээд чам руу залгая” гэж хэлсний дараа 86816688 гэсэн дугаараас залгаад “би энэ хөөрөгний эзэн байна. Эхнэр одоо очиж авч чадахгүй байгаа юм, би эхнэртэйгээ хамт хөдөө ажиллаж байна. Уг хөөрөг нь хүний хөөрөг болохоор чам руу ярьсан бичиг баримтаараа хөөрөг тавьсан залуу авна” гэхээр нь би итгээд “за тэгвэл дараа ямар нэгэн асуудал болохгүйн тулд миний гар утас руу мессеж биччих” гэсэн. Удалгүй миний гар утсанд 86816688 гэсэн дугаараас Мөнхжаргалын Отгончулуунд миний хөөргийг өгч болно ямар ч асуудал сүүлд нь гаргахгүй гэсэн мессеж бичиж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ижилболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 03 дугаар сард Батсүрэн гэдэг лам багшийн гэрт нь байж байтал Отгончулуун нь миний гар утас руу залгаад “ахаа уулзах хэрэгтэй байна” гэхээр нь би “Баянхошууны зүүн салаанд айлд байна” гэсэн чинь удалгүй Отгончулуун ирээд “ломбардад хөөрөг тавьсан юм хугацаа нь дуусаад авах хэрэгтэй байна мөнгө байна уу” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэж хэлснийг Батсүрэн багш сонсоод “ломбардаас хөөргийг чинь аваад өгье, мөнгөө хэзээ эргүүлж өгөх юм” гэж Отгончулуунаас асуухад “та аваад байж бай, би хөөргийг буцааж тавиад мөнгийг чинь гаргаж өгье, та туслаач” гэж хэлж байсан. Бид гурав хотын төвд байрлах нэг барьцаалан зээлдүүлэх газарт ирээд Отгончулуун нь лам багш Батсүрэнтэй хамт барьцаалан зээлдүүлэх газар руу орсон. Би гадаа машинд сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Отгончулуун гартаа хөөрөг барьж гарч ирээд лам багшид өгч явуулаад бид гурав салаад би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Ижилболд нь “манай хоёр дүү гадаа ном уншуулах гээд ирсэн байна оруулчих уу” гэхээр нь “оруул” гэж хэлсний дараа манай гэрт гурван эрэгтэй хүн орж ирээд надаар ном уншуулсан... Ижилболд “манай энэ гурван дүүд хөөрөг байгаа юм, өнөөдөр ломбардад хугацаа дуусаад, алдах гэж байна, та туслаач цаана нь худалдаж авах хүн нь бэлэн байгаа, таны мөнгийг одоо ингээд гаргаад өгнө” гээд надаас 950.000 төгрөг гуйхлаар нь би цуг ломбард руу нь явахаар болоод Ижилболд нь тэр гурван залуугийн хамт Toyota crown маркийн автомашинд суугаад би араас нь найзынхаа prius машинд суугаад дагаж яваад 11 дүгээр хорооллын Номин их дэлгүүрийн эсрэг талын автобусны буудал дээр очоод надаас нэг залуу нь надаас 950.000 төгрөг аваад ломбард руу ороод хэсэг хугацааны дараа эргэж гарч ирээд “намайг араас дагаад яваарай” гэхээр нь би тэр дөрвийн араас дагаад явтал E mart дэлгүүрийн орчим зогсоод надаас мөнгө авдаг залуу болон Ижилболд нар машинаас бууж ирээд мөнгө авдаг залуу надад “хөөрөг зарчихаад мөнгийг чинь өгнө, та эндээ байж бай” гэхээр нь тэр хавиар хүлээгээд зогсож байтал ирээгүй... Би эдгээр хүмүүст өгсөн 950.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 143-144, 191-192 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Буяндэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “.....2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөнгөний хэрэг гараад өвөөгөөс надад өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой хаш хөөргийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Итгэл” ломбардад зүс таних Отгончулууны бичиг баримтыг ашиглан 700.000 төгрөгөөр барьцаалуулан тавьсан. Уг 700.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан. Би ломбардын цаасан дээр уг хүн нь авахгүй эхнэр болох Болортуяа гэх хүн авна гэж бичсэн. Сар болгоны хүү төлөлтийг би өөрөө очиж төлдөг байсан. Сүүлд 6 сарын төлөлт хугацаа сунгалтыг төлөх гээд ломбард дээр очтол ломбард дээр зогсож байсан хүн надад хэлэхдээ “чи надтай утсаар ярьсан, над руу мессеж бичсэн биз дээ, чиний мессеж энэ биз дээ” гэж харуулсан. Отгончулуун нь миний хөөргийг хуурч мэхлээд аваад явсан байна гэж бодсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Он сарыг нь санахгүй байна. Тухайн өдөр ломбарднаас над руу залгасан. Тэр хөөргийг авсан. Хөөргийг аваад өөр дээрээ байлгаж байгаад алга болгосон. Хохирол учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 75-76 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Шүрэн толгойтой бага гарын цагаан хаш хөөрөг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

“Итгэл” барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь бор шар туяатай, ёроолдоо том цавтай бага гарын хуучны хөөрөг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 06 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2.751.000 /хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 183-188 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Оы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 51-69 дүгээр хуудас/, хохирлын баримт /хх-ийн 120 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяагийн шинээр гаргаж өгсөн оршин суугаа хаягийн тодорхойлолт бүхий 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Итгэл” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан иргэн Д.Бгийн өмчлөлийн бага гарын шүрэн толгойтой хаш хөөргийг “хөөрөгний эзэн нь хөдөө байгаа юм надаас чи авчих гээд гуйгаад байна” гэж барьцаалан зээлдүүлэх газрын ажилтанд хэлж хуурч, өмчлөгч Д.Бгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас 2.751.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Д.Бгийн мэдүүлэг,

 

Гэрч Я.Буяндэлгэр, М.Пүрэврагчаа, Г.Ижилболд, нарын мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Бгийн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Оы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, 

 

“Итгэл” барьцаат зээлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл М.О нь “хөөрөгний эзэн нь хөдөө байгаа юм надаас чи авчих гээд гуйгаад байна” гэж хэлж, үг үйлдлээр төөрөгдүүлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгө болох хөөргийг өөртөө авч бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

М.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.О-ыг бусдыг хуурч төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас 2.751.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан “Итгэл” барьцаат зээлийн гэрээнд “шүрэн толгой, алтан нуухтай бага гарын бор шар туяатай цагаан хаш хөөрөг, ёроолдоо том цавтай. жин 18 гр /бохир халбага нуухтай/” гэж тэмдэглэсэн ба үүнийг гэрч М.Пүрэврагчаа, Я.Буяндэлгэр, шүүгдэгч М.О нарын мэдүүлэг бусад баримтуудаар хохирогчийн хөөрөг нь дээрх хэмжээний эд зүйл байсан болох нь тогтоогдсон,    хавтаст хэргийн 183-186 дугаар хуудсанд авагдсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг бүхий шинжээч бодит зах зээлийн үнэлгээнд тулгуурлан гаргасан байх тул шүүх нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзэх үндэслэл болсон.

    

Харин 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг /хх-ийн 28-29/ гаргахад хохирогчийг зөв тогтоогоогүй, санал, гомдол гаргах эрхийг хангаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн байдлаар үнэлгээг гаргаагүй, мөн 2021 оны 02 дугаар сарын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг /хх-ийн 170-171/ гаргахдаа хөөрөгний хэмжээг өөр байдлаар тусгаж гаргасан байх тул тэдгээрийг бодитой эсэхэд эргэлзээтэй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Бгээс “...хохиролд 950.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 191-192/ илэрхийлсэн байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн мөнгөнд барьцаалж шүүгдэгчээс хөөрөг гэх эд зүйл авсан бөгөөд тэрээр тухайн эд зүйлийг биет байдлаар гаргаж өгөөгүй, хохирогчийнх мөн эсэхийг тодорхойлох боломжгүй энэ талаарх нөхцөл байдал эргэлзээтэй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Энэ хэргийг шийдвэрлэснээр иргэний нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй холбоотой шүүгдэгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг зохих байгууллагаар шалгуулах асуудлыг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч М.Оаас “Итгэл” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан иргэн Д.Бгийн өмчлөлийн бага гарын шүрэн толгойтой хаш хөөргийг 700.000 төгрөгийн барьцаанд тавьж уг мөнгийг хохирогч өөрөө захиран зарцуулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул уг мөнгөн дүнг хохирлоос хасч тооцсон болно. 

 

Шүүгдэгч М.Оаас хохиролд өгөхөөр 2.051.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан мөнгийг гаргуулж, хохирогч Д.Бд олгож, шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх М.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар М.О эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 427 хоног цагдан хоригдсон бөгөөд ийнхүү түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцов.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №758 дугаартай шийтгэх тогтоолоор М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн түүний биечилэн эдлэх ялыг 10.450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №659 дугаартай шийтгэх тогтоолоор М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоосон.

 

Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 9.175 нэгж буюу 9.175.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 1 жил 8 сар 2 хоног хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 1 жил 11 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 02 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Түүнчлэн шүүгдэгч М.О нь 2010, 2018, 2020 онуудад шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэхдээ тодорхой цаг хугацаанд батлагдаж хэрэгжсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд ямар нэг байдлаар хамрагдаж байгаагүй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 659 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оы Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №659 дугаартай шийтгэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хорих ялаар дүйцүүлэн тооцсон 1 жил 8 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.О-г бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.О-ы цагдан хоригдсон 427 хоногийг эдлэх ялд оруулан тооцож ял эдэлсэнд тооцсугай.

 

4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ы урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 659 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оы Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №659 дугаартай шийтгэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хорих ялаар дүйцүүлэн тооцсон 1 жил 8 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хассугай.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч М.Оаас хохиролд төлөхөөр Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 2.051.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН