| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 187/2018/0431/Э |
| Дугаар | 1112 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1112
Ё.Х-, Б.Н-, Н.М-,
Б.Н-, Б.З- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
шүүгдэгч Ё.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,
шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр,
шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, Б.Тэнгис,
шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Ё.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ё.Х-, Б.Н-, Н.М-, Б.Н-, Б.З- нарт холбогдох 1802002190108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ……….. овгийн Ё.X, 19.. оны .. дүгээр сарын ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, дүү, бэрийн хамт Ч...... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...... дүүргийн .... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны..... тоотод түр оршиж байсан, /РД: ........../,
2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
2. ......... овгийн Н.М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт........ дүүргийн ... дүгээр хороо, .... хотхоны ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ......... дүүргийн .... дүгээр хороо, ..... хотхоны..... тоотод оршин сууж байсан, /РД:............/,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
3. ........... овгийн Б. З, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.......” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эх, найз охин нарын хамт ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн ......... дүүргийн ...дугаар хороо, ........тоотод түр оршин сууж байсан, /РД:..................../;
4. ........... овгийн Б.Н, 19.. оны...... дүгээр сарын …-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “..........” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........дүүргийн ... дүгээр хороо, ...... хотхоны .... тоотод оршин сууж байсан, /РД:........../;
5............ овгийн Б. Н, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “………” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт............. дүүргийн .... дүгээр хороо, ........ дүгээр хорооллын ......... тоотод оршин сууж байсан, /РД:.........../;
Шүүгдэгч Ё.Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны 1 дүгээр орцонд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй 49.76 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн дээрх бодисоос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КH хотхоны 6е байрны 15 тоотод 3.54 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.З-т 9.5 грамм, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т 8.2 грамм, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 17.8 грамм, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 10.72 граммыг тус тус өгсөн...”,
Шүүгдэгч Н.М-нь “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн орчим өөрийн эзэмшлийн 0606 улсын дугаартай “Бенз” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 8.2 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.З- нь “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Банк”-ны авто зогсоол дээр 83-98 УНЯ улсын дугаартай “Тоёота Фит” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 9.5 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Н- нь “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.8 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Н- нь “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “К-H” хотхоны 6е байрны 15 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодисыг 10.3 грамм, биедээ 0.3 граммыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:.......... овгийн Ё.Х-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ….. овгийн Н. М, ....... овгийн Б. З, ........... овгийн Б.Н, .......... овгийн Б.Н нарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Х-г 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.З-, Н.М-, Б.Н-, Б.Н- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Х-гийн эдлэх 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарын эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З-, Б.Н- нарын цагдан хоригдсон 35 хоногийг, шүүгдэгч Б.Н-гийн цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №8 гэж дугаарлагдсан 3 хэсэг шавар мэт зүйл 3,3 грамм, №1617 гэж дугаарлагдсан 0,4 грамм шавар мэт зүйл, №816 гэж дугаарлагдсан 8,4 грамм шавар мэт зүйл, №178 гэж дугаарлагдсан 1,2 грамм шавар мэт зүйл, №101 гэж дугаарлагдсан ногоон өнгийн асаагуур, №102 гэж дугаарласан хөх өнгийн асаагуур, №822-3 гэж дугаарласан шаргал өнгийн төмөр сав, ёроол хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан дугуй хэлбэртэй шилэн савны хамт, №822-2 гэж дугаарласан цэгчилж шатсан тугалган цаас, №822-4 гэж дугаарласан төмөр чимхүүр, №16 гэж дугаарласан салфеткинд боосон ягаан өнгийн базсан гялгар уут, тугалган цаас, №22 гэж дугаарласан 7,9 грамм шавар мэт зүйл, №11 гэж дугаарласан ягаан өнгийн туяа бүхий гялгар уутны тасархай, №17 гэж дугаарласан 9,2 грамм шавар мэт зүйл, №24 гэж дугаарласан модон гаанс, №1, №2 гэж дугаарласан 2 хэсэг шавар мэт зүйл нийт 16 грамм, №3 гэж дугаарласан 0,9 грамм шавар мэт зүйл, №4 гэж дугаарласан 0,2 грамм шавар мэт зүйл, №20 гэж дугаарласан цэгчилж шатсан тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх коммист даалгаж, №104 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, №822-1 гэж дугаарласан хүрэн өнгийн арьсан саванд хийсэн хуйлсан гадаад улсын мөнгөн тэмдэгт, №24 гэж дугаарласан хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол-Банкинд шилжүүлж, 12 Сиди-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.З-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 83-98 УНЯ улсын дугаартай “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг, Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 71-64 УНЛ улсын дугаартай “Тоёото Камри” загварын “Монос Дэлгэрэх” ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг, Н.М-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 06-06 УБГ улсын дугаартай “Бенз” загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.Н-, Н.М-, “Монос-Дэлгэрэх” ХХК-д буцаан олгож, шүүгдэгч Ё.Х-, Н.М-, Б.З-, Б.Н- нарт авсан Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.Х-, Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ё.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь: Миний бие анх удаа тохиолдлын чанартай дээрх хэрэгт холбогдож, мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед болсон хэргийн талаар, гэм буруугийн асуудалд маргаан үүсгэлгүй, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний бие төрөхдөө хөхний сүүний хордлоготой, арьсны диатизын хүндрэлтэй мэндэлсэн ба улмаар дээрх өвчин маань ажлын ачааллаас болж 2013 оноос эхлэн хүндэрч, үе мөчний хэрэх, тулай, түрүү булчирхайн папилиомын вирус 6-11 хоргүй хавдрын шинжтэй өвчнүүд нэмэгдэж, биеийн байдал хүндэрч муудсан юм. Би холбогдсон хэрэгтээ маш харамсаж, гэмшиж байна.
Хэргийг тал бүрээс нь сайтар, бүрэн бодитой хянаж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэгтээ цагдан хоригдсон эхний 35 хоногийн хугацаанд маш их гэмшиж, бие сэтгэлээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдсан алдаагаа засах боломжийг эрэлхийлсээр байна.
Тухайлбал: Батлан даалтад байх хугацаанд Мансууруулах болон Сэтгэцэд нөлөөт бодисуудын ямар ч хамааралгүйг нотлохын тулд “Гялс” лабраторид мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийлгэхэд миний биеэс огт илрээгүй болно. Мөн “Мансууруулах бодис, хар тамхины эсрэг нийгэмлэг”-ийн зан үйлээ засах, сэтгэл зүйн сургалтад 1 сарын турш хамрагдаж, энэ талаар судалгаа хийж судалсан. Манай эх оронд энэ гэмт хэргийн гаралт нэмэгдэн, хүүхэд залуучуудын дунд түгээмэл болж, буруу мэдээлэл, хууль зүйн мэдлэггүй зэрэг нь нэг талаас хувь хүний асуудал ч, нөгөө талаас төрийн болон төрийн бус байгууллагуудын хүртээмж, цар хүрээ бага байгаа нь энэ гэмт хэрэгт өртөгсөдийн шалтгаан болж байна. Цаашид хүүхэд, залуучууд над шиг алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч “Хар тамхины эсрэг тархи цэнэглэгч төв” төрийн бус байгууллагыг байгуулсан. Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдийн дунд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудын хор хөнөөл, үр дагавруудыг таниулах, үе тэнгийн сургагч нарыг бэлтгэх зорилготойгоор Цагдаагийн Ерөнхий газрын харъяа “Хар тамхитай тэмцэх газар”-ын хурандаа Н.Доржсүрэнд хамтран ажиллах бичгийг өгсөн нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хувьд цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажлуудын маань эхлэл байсан билээ. Дахин цагдан хоригдсон 27 хоногийн хугацаанд энэ хэргээр алдаж орж ирсэн залууст өөрийн мэдэх хэмжээнд ухуулга хийж байна.
Өргөдөл гарах хугацаанд миний бие цагдан хоригдсон байгаа учир ТББ-ын маань үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Мөн эхнэр маань 5 сартай жирэмсэн, анхны хүүхдээ хүлээж байгаа үед сэтгэл санааны тогтворгүй байдал нь түүний минь эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Иймд хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, зан үйлээ зассан, хувийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, охины хамтаар амьдардаг. Хүүхэд байхаасаа спортоор хичээллэж, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг бүхий л төрөлд суралцан олон удаа тэмцээн уралдаанд орж байсан юм. Би 2005 оноос оюутны сагсан бөмбөгийн Лиг-ийн багт тоглодог болсон бөгөөд 2014 он хүртэл байнгын бэлтгэлтэй байж, улсын чанартай болон олон улсын оюутны холбооноос зохион байгуулагддаг тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байсан. Одоо “Оюутны сагсан бөмбөгийн холбоо”-ны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Би 2009, 2014 оны тэмцээний бэлтгэл сургуулилтын үеэр баруун хөлөндөө 2 удаа бэртэл авч, хүнд гэмтсэн. Зохих эмчилгээг хийлгэж байсан боловч сүүлдээ нурууны яс өвддөг болж, удаан сууж ажил хийх боломжгүй болсноор энэ оны 3 дугаар сард ажлаасаа гарч 2 хөл, нуруугаа тууштай эмчлүүлэхийг хүссэн юм.
Миний хувьд “Шавар” нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах болсон үндэслэл нь олон жил гэмтлийн гаралтай өвчнөөр шаналсан, байнгын ачаалалтай, олон цагаар сууж ажилладаг байснаас өвдөлт ихэссэн, зовиур ихтэй нөхцөл байдал нөлөөлсөн. Миний хууль эрх зүйн мэдлэг байхгүй, энэ бодисыг хэрэглээд өвчин зовиураа намдаах гэснээс биш гэмт хэрэг үйлдэж байна гэж ойлгоогүй. Цаашид гарах хор уршгийн талаар сайн мэдэхгүй байснаас болсон гэж бодож байна. Одоо би өөрийн гэм бурууг маш сайн ойлгож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин харамсаж байна. Дахин хэзээ ч энэ төрлийн бодис, эм тариаг хэрэглэхгүй амьдарч, биеэ эмчлүүлж чадна. Миний хувьд архи, тамхи хэрэглэдэггүй, залуу хүний хувьд зөв үлгэртэй, ажил хөдөлмөр хийж, шударгаар амьдрах чин хүсэлтэй.
Шүүх миний алдсан алдааг нэг удаа уучилж, өршөөж, нийгмээс тусгаарлахгүйгээр хань ижил, үр хүүхэдтэйгээ амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж, хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд санаачлага зүтгэлтэй оролцох боломжоор хангаж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ё.Х-гийн өмгөөлөгч Ч.Энхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх ял оногдуулахдаа Ё.Х-гийн хувийн байдлыг анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж, яллах талаас нь харсанд гомдолтой байна. Ё.Х- нь анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, өөр ямар нэгэн холбогдогч, хэлхээ холбоо байхгүй гэдгээ батлан хэлсэн. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.
Ё.Х- нь суурь өвчтэй, арьсны архаг экзем, папалиом 6-11 вирусын гаралтай оноштой, шулуун гэдэсний проктит оношоор 2 удаа хагалгаанд орж байсан, дархлаа муудсан, 2015 оноос үе мөчний үрэвсэл хэрх өвчнөөр өвдсөн, 2018 онд тулай өвчний онош илэрсэн. Түүний үе мөч байнга өвдөж эмч, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд 2 удаа “Сонгодо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд маш олон удаа шинжилгээ өгч, эмчийн хяналтад эмчлүүлж байдаг болно.
Одоогийн байдлаар түүний хөл, гар, амны хөндий идээлсэн байдалтай, өвчин нь сэдэрч эрүүл мэндийн байдал нь дордсон тул цагдан хорих байрны эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энэ байдлаасаа болж өмнө нь өвчнөө намдаахын тулд “Шавар” хэмээх бодисыг хэрэглэж үзсэн төдий билээ. Мөн өндөр настай эхийн хамт амьдарч, түүнийг асран халамжилдаг болно. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З-т ял оногдуулахаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн дагуу ял оноохдоо Б.З-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс болон Б.З-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ялыг тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүссэн. Гэтэл шүүх “...ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах ёстой гэж үүрэг болгосон заалт биш гэж ойлгоно...” гэж үзсэн нь учир дутагдалтай. Учир нь, Б.З-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг сайтар ухамсарлаж, дахин энэ гэмт хэргийг үйлдэхгүй байх, цаашлаад энэ гэмт хэрэгт холбогдож болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхэд залуучуудыг энэ гэмт хэрэгт холбогдох, үйлдэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх төрийн болон төрийн бус байгууллага дутмаг байдаг гэдгийг олж харан, өөрийн санаачлагаар эхнэрийн хамт “Хар тамхины эсрэг тархи цэнэглэгч төв” төрийн бус байгууллага байгуулсан.
Энэхүү төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь өнөөдөр Монголын нийгэмд дутагдаж байгааг өөрийн бие сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд Б.З- олж харан нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаа явуулах болсон. Б.З- нь зөвхөн төрийн бус байгууллагын нэр зүүгээд үйл ажиллагаа явуулдаггүй байгууллага Монголд хэд хэд байдаг юм байна. Би энэ хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсаж, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийх, цаашид юу хийх ёстойгоо бодож тунгаахын тулд сэтгэл зүйч болон бусад мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах зорилгоор хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх төрийн болон төрийн бус байгууллага хайж явсан. Монголд цорын ганц идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” гэх байгууллага байдгийг олж, 1 сарын хугацаанд тус байгууллагын сургалтад суусан.
Сургалтад сууснаар хар тамхины хор хөнөөл удмын санд хэрхэн нөлөөлдөг, дахин хар тамхины төрлийн зүйлийг хэрэглэх нь бүү хэл энэ бодис ямар хор хөнөөлтэй, нийгэмд хэрхэн тарж байгааг судалж, энэ бодисыг хэрэглэж болзошгүй нийгмийн бүлгийг судалж, тэдэнд сургалт зөвлөгөөн хийх, хор хөнөөлийг тайлбарлан таниулах гэх мэт энэ гэмт хэрэгт холбогдох аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилго өвөрлөн яваагаа хэлсэн.
Гэтэл шүүх “Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөл ихтэй бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан гэх үндэслэлийг хорих ял оногдуулах үндэслэл болгосон нь Б.З-ын хийж буй үйлдэл, гэмт хэргийг хэрхэн ухамсарласан байгааг дүгнэж үзэлгүй, нийт нийгмийг хамарсан байдлаар хандаж ял оногдуулсан нь учир дутагдалтай гэж үзэж байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлэх боломжийг хэрэглэлгүй, нотлох баримтыг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтыг үнэлж шийдсэн нь ял шийтгэл бодит болж чадаагүй гэж үзэж байна.
Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж, Б.З-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М-нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолд: “...Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах ёстой гэж үүрэг болгосон заалт биш гэж ойлгоно гээд...” Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар ихтэй байдлыг харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс хар тамхи мансууруулах бодисын нөлөө, нийгмийн аюулын шинж чанар, хор нөлөөний тухай шүүгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хэрэг нь нийгэмд үзүүлж байгаа хор нөлөө, аюул ихтэй, хүүхэд залуучуудын дунд тархсан байгаа ч шүүгдэгч Н.М-ын хувьд анх удаагаа хэрэглэхээр хадгалсан шалтгаан нөхцөлийн хувьд биеийн эрүүл мэндийн байдал, тэсвэрлэшгүй өвчнөөс шалтгаалж бүхий л сайн гэсэн зүйл хэрэглэж үзэх гэсэн өвчтөний сэтгэхүйгээр илэрч байна. Энэхүү үйлдэл нь гэмт хэргийг зөвтгөх биш ч хөнгөрүүлэн үзэх бүрэн боломжтой байсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байгаа болно. Үүнд:
3 дугаар хавтас: Шүүх сэтгэц гэм судлалын “...Мансууруулах бодисын хараат бус” гэсэн дүгнэлт /хх-ийн 133-135 тал/, Н.М-ын “...Өвчин намдаадаг гэхээр нь авч хэрэглэж үзье” гэсэн мэдүүлэг /хх-ийн 184 дүгээр тал/, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байх хугацаанд тус ангийн эмнэлгийн тодорхойлолт болон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл нь хүнд өвчний учир гэсэн прокурорын санал /хх-ийн 226, 229 дүгээр тал/, Өвчтөний түүх /хх-ийн 230-243 дугаар тал/.
4 дүгээр хавтас: Өвчтөнд үзүүлж байсан эмнэлгийн материалууд /хх-ийн 1-38 дугаар тал/, шүүх хурал дээр гаргаж өгсөн Орбита эмнэлгийн болон Гэмтэл согог сэргээн засах эмнэлгийн эмч нарын тодорхойлолт, өвчний түүх, хөлний зураг зэрэг бичгийн нотлох баримтууд болон өмгөөлөгч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зүүн нүдэнд яаралтай мэс ажилбар хийлгэх шаардлагатай болон ясны идээт үрэвсэл Остеомелит өвчнөө эмчлүүлэх, хэргээ хүлээж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх хохирол байхгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэд, жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллага байгуулан ажиллуулж дээрх төрлийн гэмт хэргээс хүүхэд, залуусыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах болохоо, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгсэлд “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Анхан шатны шүүх Б.Н-д ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолдоо “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөл ихтэй бөгөөд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ конвенцид заасан байдаг. Иймд шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд огт тусгагдаагүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг огт хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмаас зөрж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
3. Б.Н- нь 2005 оноос оюутны сагсан бөмбөгийн Лиг-ийн тамирчин байсан. Энэ хугацаанд буюу 2009, 2014 онуудад 2 хөлдөө гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хөл, нуруу нь байнга өвддөг болсон. Сүүлийн үед өвдөлт нь ихсэж, биеэ эмчлүүлэх зорилгоор эрхэлж байсан ажлаасаа түр гарч, оношилгоо, эмчилгээ хийлгэж байсан байдаг. Б.Н-гийн хувьд сэтгэцэд нөлөөлөх уг бодисыг зөвхөн өвчин зовиурыг багасгах зорилгоор бусдаас авч хэрэглэсэн, энэ нь цахим орчноос үзсэн буруу ташаа мэдээлэлд үндэслэсэн байдаг бөгөөд өөрт тохиолдсон зовиур шаналгаагаа багасгах, сайн байж болох магадлалтай гэсэн тэр зүйлийг хэрэглэж өвдөлтийг түр зуурч болов намдаах гэсэн өвчтэй хүний хүслээр хийгдсэн тохиолдлын шинжтэй үйлдэл юм.
4. Гэвч Б.Н- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн талаар бүрэн дүүрэн ухамсарлаж чадсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир цаашид ийм төрлийн гэмт хэргээс бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгэм залуучуудад энэ талаар тодорхой зөв мэдээлэл олгох зорилготой, “Төрийн бус байгууллага”-д нэгдэж байгаа нь энэ хүн өөрийн үйлдсэн хэрэгт чин санаанаасаа гэмшиж, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж, нийгэмд зөв байр суурьтай амьдарч, ажиллах бүрэн боломжтойг харуулж байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалтуудыг Б.Н-д ял оногдуулахдаа хэрэглэх бүрэн боломжтой, хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна.
6. Б.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал огт байхгүй юм.
7. Б.Н-гийн хувьд баталгаатай гэр бүлтэй, бага насны хүүхэдтэй, энэ гэмт хэрэгт холбогдох хүртлээ эрхэлсэн тодорхой ажилтай байсан, өөрийн сурч эзэмшсэн боловсрол мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд зөв байр суурьтай амьдрах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх бүрэн боломж чадвартай хүн гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Б.Н-гийн хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н- нь хэрэг учрал болсон 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6е байрны 15 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 10.3 грамм бодисыг, биедээ 0.3 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үйлдэлд мөрдөн байцаагчийн зүгээс болон прокурор, шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, сэжигтэнээр тооцон, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, ялтны өмгөөлөгчийн хувьд хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, зүйлчлэлийг зөв тодорхойлсон гэж үзэж байна.
Харин Б.Н-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах...” гэмт хэрэг, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “... хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж тодорхойлсон байх ба миний үйлчлүүлэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн зүйлчлэл, ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байна.
Цаашлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн, зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид, шүүхээс ял оногдуулахдаа баримтлах, шүүгдэгчийн хувийн болон эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой хууль зүйн зохицуулалтыг мөн хуульчилсан байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Н-гийн өмгөөлөгч Б.Мөнхтуяагийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгөхийг шүүхээс хүсч өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан боловч шүүх шийтгэх тогтоолын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: хуулийн дээрхи заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ёстой гэж үүрэг болгосон заалт биш...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг хэрэглэлгүйгээр шүүгдэгч, ялтны хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөр зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэсэн нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж үндэстэн мөхөөх аюултай байдал зэрэг Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлуудад тулгуурлан дүгнэлт хийж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлон хуульчилсан байх бөгөөд Б.Н-гийн холбогдсон эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ямар ч нөхцөл байдал байхгүй. Б.Н-гийн зүгээс өөрийн холбогдсон хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг дурьдаж, хүндрүүлэх нөхцөл байдлын хэмжээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзахаас татгалзаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй...” гэснийг зөрчиж байгааг тодорхойлон харуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс Б.Н-д ял оногдуулахдаа гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд анхан шатны шүүх хуулийн дээрхи зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
Тодруулбал: Анхан шатны шүүхийн тогтоолын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь тухайн этгээдүүдэд заавал хэрэглэхээр хуульчилсан хуулийн заалт биш, ...өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь .../бусад шүүгдэгч нарын нэгэн адил Б.Н- нь өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг хэрэглэж өгөөч гэх хүсэлтийг гаргасан боловч шийтгэх тогтоолын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Б.Н-гийн нэрийг дурьдалгүй орхигдуулсан/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн, мөн зүйл хэсгийн 1.2 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл, түүнээс бага хэмжээгээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа боловч ... гэж дурьдсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн аль хэсэгт заасан нөхцөл байдлаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дүгнэн хорих ялыг тэнсүүлэх боломжгүй гэж дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй байна. Тухайн гэмт хэргийн нийтлэг шинж чанар өөрөө хүндрүүлэх нөхцөл байдал болж чадахгүй талаар хуульд тодорхой заасан байгааг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй.
Б.Н-гийн хувьд 2000 оноос хойш Монгол Улсад амьдраагүй, АНУ-д бүх шатны сургуульд сурч боловсрол эзэмшсэн, нийгэмд өөрийн үйлдэл, биеэ авч явах бүрэн чадвартай хүн бөгөөд өөрийн холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож, дахин энэ төрлийн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх бүрэн боломжтой учир шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзахад үүсэх хууль зүйн үр дагавар, тэнсэгдсэн ялтанд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг бүрэн хүлээж чадна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч Б.Н- нь урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлууд нь түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах бүрэн боломжтой нөхцөл байдлыг хууль зүйн хувьд үүсгэж байна гэж үзэж байна.
2. Миний үйлчлүүлэгч Б.Н- нь гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 9 хоног, анхан шатны шүүх хуралдаан болж шийтгэх тогтоол гарсан 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Шүүгдэгч Б.Н- нь урьдчилан хоригдсон цаг хугацаанаас эхлэн биеийн эрүүл мэндийн байдал дордож байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай байгаа бөгөөд хоригдож байх хугацаанд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, бодит үзлэгийн болон компьютер томографийн оношлогоогоор "...Элэгний 8 дугаар сигментэд цусны судалны хавдар, умайн хүзүүний хавдар, мөн баруун зүүн өндгөвчинд хавдарын ургалт"-тай болох нь урьдчилсан байдлаар оношлогдоод байна. Комьпютер томографийн оношлогоогоор оношлогдсон элэгний 8 дугаар сигментын цусны судал дахь хавдар, умайн хүзүүний болон баруун зүүн өндгөвчин дэх хавдарууд нь цаашид яаралтай эмнэлгийн тусламж авч хавдарын эх үүсгэвэр, хортой болон болон хоргүй алин болохыг нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар тодорхойлуулж, мэс заслын болон бусад эмчилгээний арга хэмжээг цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагатай болохыг тодорхой харуулж байна.
Хэрэв дээрхи элэгний болон умайн хүзүү, өндгөвчин дэх хавдарын шинж тэмдгүүдийг цаг алдалгүй эмчлүүлэхгүй орхигдуулвал хавдарын явц хурдан идэвхижэх, бусад эд эрхтэн, цусанд халдварлах аюултай нөхцөл байдалд тулаад байна. Хууль зүй Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "...Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн болон бусад байгууллагын туслалцаа үзүүлэх..." журмын 2.1.2 цусны эсийн хорт хавдар, 2.2 дахь хэсэгт заасан өвчний улмаас үүссэн амин эрхтэний үйл ажиллагааны архаг дутмагшил зэрэг хүндэрсэн нөхцөл байдалд хүрэх бүрэн эрсдэлтэй бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагад яаралтай хандаж арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс анхааруулсаар байна.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Н-гийн холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн болон эрүүл мэндийн нөхцөл байдлууд, өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ” нь хэсэгт "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг үндэслэж, Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.
Б.Н- нь өөрийн гэм буруутай байдлаа давж заалдах шатны шүүхийн шатанд өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг дурьдаж байна. …” гэв.
Шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг “шавар” гэх мансууруулах бодисыг хадгалсан гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч байгаа үйл баримтад шүүх дүгнэлт хийж, 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх уг гэмт хэргийн ангилал нь өөрөө нийгэмд тавигдаж байгаа шаардлагын эсрэг байгаа боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг юм. Анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэнсэж болно гэдэг байр суурьтай байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т энэ бодистой хамааралтай зохицуулалт байгаа учраас анхаарч үзээсэй гэж хүсч байна. Шүүгдэгч Б.З- нь “Хар тамхины эсрэг тархи цэнэглэгч төв” төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд хар тамхитай тэмцэх хэлтсийн 2-3 мөрдөгчтэй уулзаж хамтран ажиллах санал тавьсан. Зан үйлээ засаж байгаа зэрэг хүмүүжлийн шинжтэй нөхцөл байдлуудыг анхаар үзээсэй гэж хүсч байна. ...” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яагаад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийгмийн аюулын шинж чанар, хувь хүмүүстэй холбогдуулаад эдгээр хүмүүсийг тэнсэх боломжгүй байна гэсэн дүгнэлт хийж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ё.Х-гийн хувьд ял, шийтгэл тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ё.Х- нь өөрөө эдгээр хүмүүст санал болгож, мөнгө цуглуулж, хүнээс худалдан авч, эдгээр хүмүүсийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх боломжийг олгосон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр шийтгүүлж тэнсэн харгалзах ял авч байсан. Уг тэнсэн харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь өөртөө хэр дүгнэлт хийж байгааг харуулж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад;
шүүгдэгч Н.М-нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн орчим өөрийн эзэмшлийн 06-06 улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 8.2 грамм шавар гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний эзэмшлийн 06-06 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 8.2 грамм шавар мэт хүрэн бор зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 59-70/, уг шавар мэт зүйл нь Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнибинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4611 дүгээр дүгнэлт /3хх 108-112/, дээрх бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /2хх 15/, Н.М-ын биед үзлэг хийж, биеэс биологи /шээс/-ийн дээж авч шалгахад тетрагидроканнибинолийн агууламж илэрснийг баримтжуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 166-174/, энэ биологийн дээжээс мөн тетрагидроканнибинол илэрсэн тухай шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4613 дугаар дүгнэлт /3хх 95/, “ажил хэргийн шугамаар таних Ё.Х-гаас шавар гэх бодисыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 600.000 төгрөг өгч, дээр нь 400.000 төгрөг зээлж, банк хоорондын шилжүүлэг гээд 990.000 төгрөг шилжүүлж, орой 18-19 цагийн үед Шангрилла төвийн хойд талд Ё.Х-тай уулзаж авсан. Өөрийн өвчний улмаас өөртөө хэрэглэхээр авсан” тухайгаа хүлээн мэдүүлсэн Н.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 182-191, 6хх 159-162/, Ё.Х-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-233/, Н.М-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /5хх 73-85/ зэрэг нотлох баримтуудаар;
шүүгдэгч Б.З- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Банкны авто зогсоол дээр 83-98 УНЯ улсын дугаартай Тоёота Фит загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 9.5 грамм шавар гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний унаж явсан “Ганада” ХХК-ийн эзэмшлийн 83-98 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 9.5 грамм, уутаар боосон шавар мэт хүрэн бор зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 82-92/, уг шавар мэт зүйлээс Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнибинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4611 дүгээр дүгнэлт /3хх 108-112/, дээрх бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /2хх 15/, Б.З-ын биед үзлэг хийж, биеэс биологи /шээс/-ийн дээж авч шалгахад тетрагидроканнибинолийн агууламж илэрснийг баримтжуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 140-145/, энэ биологийн дээжээс мөн тетрагидроканнибинол илэрсэн тухай шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4613 дугаар дүгнэлт /3хх 95/, “Ё.Х-тай ажил хэргийн шугамаар уулзаж байхдаа би өөрийн өвчний талаар ярихад өвчин намдаах зүйл олж өгөхөөр болж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1.0 сая төгрөгийг Ё.Х-д Шангрилла төвийн орчим өгч, цагийн дараа оройны 20 цагийн үед Монгол Банкны гаднах зогсоол дээр очиж авсан. Тэр зүйлийг мансууруулах бодис гэж бодоогүй, өвчин намдаах зүйл гэж бодсон” талаараа мэдүүлсэн Б.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 173-179/, Ё.Х-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх 233/, Б.З-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /5хх 45-72/ зэрэг нотлох баримтуудаар;
шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-64 УНЛ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.8 грамм шавар гэх мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний унаж явсан “Монос дэлгэрэх” ХЗХ-ны эзэмшлийн 71-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 16.8 грамм, уутаар боосон шавар мэт хүрэн бор зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 103-110/, уг шавар мэт зүйлээс Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнибинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4611 дүгээр дүгнэлт /3хх108-112/, дээрх бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /2хх 15/, Б.Н-гийн биед үзлэг хийж, биеэс биологи /шээс/-ийн дээж авч шалгахад тетрагидроканнибинолийн агууламж илэрснийг баримтжуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх150-153/, энэ биологийн дээжээс мөн тетрагидроканнибинол илэрсэн тухай шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4613 дугаар дүгнэлт /3хх 95/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 158/, “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би уг шавар гэх бодисыг Ё.Х- гэх залуугаас авсан. 120-ын автобусны буудлын баруун талд эмийн сантай байрны хажууд машиндаа уулзахад 2 бондгор шавар гаргаж өгсөн. Би бэлнээр 1.0 сая төгрөг өгсөн” тухайгаа мэдүүлсэн Б.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 199-204/, Ё.Х-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-233/, Б.Н-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /5хх 86-121/ зэрэг нотлох баримтуудаар;
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КH хотхоны 6е байрны 15 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх мансууруулах бодис 10.3 граммыг биедээ 0.3 граммыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний амьдран сууж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6е байрны 15 тоот орон сууцанд нэгжлэг хийж, тус тус 3.3, 8.4, 1.2 грамм 3 хэсэг шавар мэт зүйлийг асаагуур, тугалган цаас, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийн хамт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 30-45/, уг шавар мэт зүйл болон хураан авсан бусад зүйл дээр наалдсан байсан зүйлс нь Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнибинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4611 дүгээр дүгнэлт /3хх108-112/, дээрх бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /2хх 15/, Б.Н-гийн биед үзлэг хийж, мөн түүний цүнхнээс 0.2 грамм шавар мэт зүйлийг хураан авсан, биеэс нь биологи /шээс/-ийн дээж авч шалгахад тетрагидроканнибинолийн агууламж илэрснийг баримтжуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 181-186/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 187-206, 2хх 78/, Ё.Х- руу 899.000 төгрөг шилжүүлсэн дансны зарлагын хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 79-82/, “мөнгө зээлээч гэсэн болохоор Ё.Х- руу шилжүүлсэн” гэх түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 212-215/, Ё.Х-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-233/, Б.Н-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /5хх 130-162/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нараас “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмжиж байгаа тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөх” тухай давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан, тэдэнд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудад буруу дүгнэлт хийж, шүүхийн дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр прокурорын яллах дүгнэлтэд хэт хөтлөгдөж, шүүгдэгч Ё.Х-гийн үйлдэлд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ё.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр тухайн мансууруулах бодисыг Ц.Одцацралаас 5 сая төгрөгөөр худалдан авсан, түүнээсээ бусад /Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нар/-д 990.000 төгрөг, 1.0 сая төгрөгөөр 2 удаа, 899.000 төгрөгөөр тус тус өгсөн тухайгаа мэдүүлсэн, энэ талаар зарим нотлох баримтууд авагдсан байтал түүний үйлдлийг “худалдаалах зорилгогүйгээр” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн яллагдагч Ц.О-ын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, бусдад худалдаалдсан байж болох гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин шалгавал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ё.Х-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүний хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ё.Х-гийн хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр болсон тул түүний болон өмгөөлөгч Ч.Энхбаярын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Ё.Х-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.М-, Б.З-, Б.Н-, Б.Н- нарт холбогдох хэргээс шүүгдэгч Ё.Х-д холбогдох хэргийг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Ё.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ