Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0514

 

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 514

Улаанбаатар хот

 

Б.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, П.О нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэртэй, Б.Н-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Б-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж, 2011 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажилтнаар орж, 2011 оны 07 дугаар сараас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах болсон. 2014 оны эхээр дахин сонгууль болж түүний үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг өөрчлөн сонгосон байдаг. 2014 онд өмнөх иргэдийн Хурлын нарийн бичгийн дарга В.Р-тэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь орон тоо бага хариуцсан ажил ихтэй алба юм. Нэг ажилтан нь байхгүй үед бусад нь ажлыг нь нөхөж хийгээд ажилладаг, нэг хариуцсан ажлаа дангаараа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Иргэдийн Хурлын Төлөөлөгчид түүний Тэргүүлэгчдэд үйлчлэх үүрэгтэй ажлын алба юм. 2014 оны 04 дүгээр сард одоо хариуцагчаар татагдсан байгаа Л.Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга болсон. Түүнээс хойш би энэ хүнтэй үр дүнгийн гэрээ шинэчлэн байгуулж ажиллаагүй, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажил чиний нэр дээр тушаалтай байдаг юм байна. Үүнийгээ үргэлжлүүлээд хий гэсэн. 2014 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэрт ажил гараад 4 хоногийн чөлөө хүссэн. Энэ үед Б дарга ажилтай байж байгаад амаар чөлөө өгөөд, бичгээр гаргасан хүсэлтээ ширээн дээр тавиарай гэсэн. Тэгээд дараа нь 4 хоног ажил тасаллаа, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн. Тухайн үед Цагдаагийн байгууллагын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор иргэний зөвлөл байгуулах тухай хууль зүйн сайдын бичиг тоот ирсний дагуу ажиллаж байсан боловч энэ ажлыг хийхгүй байна гэж нэлээн үүрэг чиглэл болж байсан. Энэ ажил надаас шалтгаалж хойшлоогүй, харин ажлын хэсэг, холбогдох албан тушаалтнуудаас шалтгаалж, ажлын хэсгийн хурлын ирц бүрдэхгүй байх гэх шалтгаануудаас болж хойшилж байсан. 08 сарын дундуур ажлаас халахдаа 7 хоногийн өмнө байх 4 хоног ажил тасалсан гэж арга хэмжээ авсан тушаал танилцуулсан. 7 сард энэ асуудлаар арга хэмжээ авсан байж дахиж тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд орж уулзахад нөхөн тушаал гаргаж байгаа юм гэж хэлж байсан. 2014 оны 08 дугаар сард намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасан. Ажлаас халах тушаалын үндэслэл нь удаа дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнүүлсэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хагас жилийн тайлан гаргаагүй, 2014 оны 3 дугаар улиралд хийж ажлын төлөвлөгөө гүйцэтгэл байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллах хугацаандаа нэхэмжлэгч Б.Н-тэй холбоотой асуудлаар ажлын байрны тодорхойлолт шинээр боловсруулж гаргасан, манай бүтэц орон тоо шинэчлэгдэж 12 ажилтны орон тоотой болж ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Б.Н-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцуулсан, энэ ажлыг Б.Н 2011 оноос хойш хариуцаж ажиллаж байсан байдаг. Ингээд бүтэц орон тоо нэмэгдэж байгаа учраас Б.Н-г яг энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцуулаад бүх дотоод ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнийг хамт олны хурлын тэмдэглэл дээр нарийн тусгаж өгсөн. Б.Н-д давуу талууд их байдаг, ажил зохион байгуулах тэр тусмаа ямар нэгэн уралдаан тэмцээн зохион байгуулах талаараа маш сайн боловч өөрийнхөө албанд юу хийсэн нь харагдахгүй байсан. Хагас жилийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн мэдээ тайлан байхгүй, энэ зөвлөл нь 21 гишүүн байдаг энэ 21 гишүүдэд жилийн ажлын төлөвлөгөөг карталж өгөөгүй, 2014 оны 06 сард Цагдаагийн эрх зүйн байдлын тухай хууль өөрчлөгдөж үүнтэй холбогдуулаад Иргэний зөвлөл байгуулах асуудал гарч ирсэн боловч төсөв байгаагүй. Энэ талаар аймгийн Төрийн сангийн хэлтсийн албан тоот нөгөө талаар Хууль зүйн яаманд Иргэний зөвлөл байгуулаагүй байна гэсэн. Иргэний зөвлөл байгуулаагүй ганц аймаг нь манай аймаг байсан.

... Б.Н 4 хоног шалтгаангүйгээр ажил таслаад явсан. Өргөдөл бичиж өгсөн гэж хэлээд хуурамч өргөдөл бичиж хавтаст хэрэгт хавсаргасан байсан энэ байдлаа би өргөдөл өгсөн боловч хүлээж аваагүй гэж байна. Өөрөө хүлээн зөвшөөрөөд би 4 хоног ажил тасалсан цалингаа хасуулъя гэсэн. 4 хоногийн цалин хасуулах үед энэ цалингийн асуудал нь үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэж байсан энэ байдлаар өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед нарийн бичгээр ажиллаж байсан Э гэдэг залуу байгаа. Тэр залуу Б.Н-г ирсэн гээд цагийг нь бүртгэсэн байсан. 4 хоногийн цалинг нь бодоод үзэхэд үндсэн цалингийн 20 хувьтай тэнцүү байсан үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд цалингаа хасуулсан боловч үгүйсгэж байна.

07 дугаар сард Иргэний зөвлөл байгуулах гэж байна гээд хүмүүсийн материал барьж орж ирээд гарсан тэгээд дахиж тэр ажил яваагүй. 2014 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шинээр бүтэц бүрэлдэхүүн бий болсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маш олон удаа хуралдсан, Тэргүүлэгчдийн Хурал 7 хоног бүхэнд хуралдаж байдаг, тэр олон хуралдаанд Б.Н-г нэг ч удаа оруулаагүй. Чи гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлаа хариуц гэсэн үүрэг өгсөн байсан.

Б.Н надтай уулзсанаасаа хойш ажил тасалсан байдлыг нь ирцийн бүртгэл аваад үзэхээр тодорхой байдаг. Ажлаас халах тушаал гарахаас өмнөх 2 хоногт эхний өдөр нь ажилдаа ирээгүй маргааш нь хагас өдөр ажлаа таслаад алга болсон. Ингээд явсан үедээ утсаа авдаггүй. ... Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан. Үүнийг Б.Н их оройтож батлагдсан гэж байгаа юм. Гэтэл энэ төлөвлөгөөн дээр ажиллаагүй, хагас жилийн төлөвлөгөөний биелэлт байхгүй. Иргэний зөвлөл-д сонгогдсон гишүүний 2015 оны төсөв үйл ажиллагааны тодорхой хэмжээний урамшуулал өгнө түүнийг нь 2015 оны төсөвт суулгаж өгөхийн тулд төсвийн хүрээний мэдлэгийг бид 08 дугаар сарын 01-ний дотор Санхүү, төрийн сангийн хэлтэст өгөх ёстой байсан. Би иргэний зөвлөл байгуулах ажлын хэсгийн ахлагч байсан боловч надад маш олон зүйлийг өдөр тутам хийх шаардлага гарч ажлын байрны нөхцөл байдалд олон зүйл давхацдаг байсан. Нарийн бичгийн дарга үүн дээр зөв мэдээллээр хангаж зохион байгуулалтын ажлыг хийх үүрэгтэй.

... Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөгөөрөө ийм ийм ажил хийсэн гэж нотлох баримттай нь гаргаж ирээд яриад ажлаа хийж байсан хүнийг Л.Б ажлаас халсан гэж нотлоод явбал зүгээр байна. Хууль зүйн сайдын тушаал байгаа. Энэ тушаалаар иргэний зөвлөлийг 06 сарын 30-ны дотор байгуулаад материалаа явуулах ёстой байтал манай аймаг явуулаагүй бусад аймгууд бүгд иргэний зөвлөлөө байгуулаад явуулсан байдаг. Цагдаагийн хэлтсээс 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний зөвлөл дээр анхаарч ажиллана уу гэсэн албан тоот ирсэн, Хууль зүйн яамнаас 10 дугаар сарын 01-ний дотор тушаалын хэрэгжилтийг хангуулах тухай гэсэн албан тоот ирсэн үүнд 06 сарын 08-ны өдрийн тушаалын хэрэгжилтийг ханга, танай аймаг ганцаараа биелүүлээгүй байна гэсэн гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Б.Н-н нэхэмлэлтийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Н-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Нд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны хоногийн олговрыг хариуцагчаас гаруулж, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Тус хуралдааны шийдвэрт Б.Нг ажлаас халсан тушаалд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргахдаа 1-рт өмнө 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдаанаар Б.Н нь 2015 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан байгаа гэж хэлсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул үнэлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан атлаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар мөн хийсэн ажлын тайлан байхгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байтал баримтыг үнэлж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ талаар шүүхээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2014 оны бичиг баримтын архивт үзлэг хийхэд 2014 оны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байх бөгөөд түүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын талаар нэр нүүр тайлан орсон байгаагаас өөр баримт байхгүй болох нь тогтоогдсон. Энэ нэг нүүр тайланд эхний хагас жилд хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдээгүй болох нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байгаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2014 оны 3 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл байхгүй гэсэн заалтыг 3 дугаар улирал дуусаагүй байхад дундуур нь гүйцэтгэлийг тооцож ажлаас халсан нь буруу гэсэн шийдвэр нь мөн учир дутагдалтай байна.

Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын төлөвлөгөө нь жил, улирал, сараар нарийн тооцож гаргасан байдаг бөгөөд 2014 оны 2 дугаар улиралд хийх байсан ажлуудыг ч хийж гүйцэтгээгүй байсан нь хавтаст хэрэгт баримтаар батлагдаж байгаа.

Шүүх Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралд гаргасан тайлбар, хариуцагч Л.Б-н шүүхэд гаргасан тайлбар зэргээс Б.Н нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцан ажиллаж байсан гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Н нь ГХУСАЗЗ-н ажилтнаар анх түр тушаалтай ажилд орсон боловч тухайн ажлаа хийдэггүй өмнөх дарга нарыг дагаад зураг аваад явдаг байсныг болиулж ГХУСАЗЗ-ын ажлыг дангаар хариуцуулж дотоод ажлаас чөлөөлсөн нь тухайн ажилтныг хариуцсан ажлаа үр дүнтай хийх боломжоор хангасан явдал байсан.

Б.Н нь ажлын ачааллыг нь багасгаж дотоод ажлаас чөлөөлсөөр байтал хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа дутагдал ихээр гаргаж байсан нь ажлаас халах үндэслэл болсон. Мөн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл түр тушаалтай ажиллаж байсан.

Б.Н-н 2014 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсыг хүчингүй гэж үзсэн мөртлөө ажлаа хангалттай сайн хийж байсан гэдгийг ямар нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалин хөлсийг олгохдоо дундаж цалин хөлсийг бодож гаргаагүй, хэд хоногийн хэдэн төгрөг нь тодорхойгүй байна.

Б.Н нь ИТХ-ын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнаар ажиллаж байгаад ажлаас халагдаад Мэрси-кор ТББ-д цалинтай ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно гэсний дагуу хэрвээ шүүхийн шийдвэр үнэн зөв гэж үзсэн тохиолдолд цалинг нь нарийвчлан тооцож гаргаж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Н-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халжээ.

Хариуцагч ажлаас халсан захиргааны актдаа нэхэмжлэгчийг 2014 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй дүгнүүлсэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээг гаргаж, дүгнүүлээгүй, 3 улиралд хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл байхгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.   

            Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн албанаас халахаар заасан. Энэ зүйлийн “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор байна.

            Нэхэмжлэгч Б.Н-г Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцан ажиллаж байх хугацаанд нь хариуцагчаас байгууллагын хамт олны хурлаар түүнд хариуцан ажиллаж буй чиг үүргийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулах, төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлан мэдээ гаргах, Иргэний зөвлөлийг хурлаар хэлэлцүүлж батлуулах, хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгаврууд өгөгдсөн байх ба дээрх ажлууд хийгдээгүйгээс Хууль зүйн яамны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/3899 дүгээр албан бичгээр “...Иргэний зөвлөлийн дүрмийг өмнө нь баталж хүргүүлсэн. Иргэний зөвлөл байгуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан талаар танилцуулга ирүүлэхийг...” мэдэгдэж байсан, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/1930 дугаар албан бичгээр “...7 дугаар сард төсвийн байгууллагуудаас төсвийн төсөл хүлээн авахад Иргэний зөвлөл байгуулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байсан, Иргэний зөвлөл байгуулагдаагүйгээс зардал 2015 оны төсөвт тусгагдаагүй...” гэж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1280 дугаар албан бичиг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1809 дүгээр албан бичгээр тус тус Иргэний зөвлөл байгуулах талаар тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг хүссэн талаар мэдэгдэж байсан байна.

            Дээрх төрийн байгууллагуудаас ирүүлж байсан албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч Б.Н эрхэлж буй албан тушаалынхаа ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой байна.

            Нэхэмжлэгч Б.Н-н ажлын байрны тодорхойлолтын “Б” чиг үүргийн “ажлын байрны үндсэн зорилт” ажлын байрны гол үйл ажиллагаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн архив, бичиг хэрэг, дотоод ажил төлөвлөх, мэдээ тайлан гаргах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хууль хяналтын байгууллагууд, аймгийн болон сумдын салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын тайлан мэдээг улирал бүр нэгтгэн зөвлөлд танилцуулах, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тодорхой тусгагджээ.

            Гэтэл Б.Н шүүхэд өгсөн тайлбартаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцан ажиллаж байхдаа тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж байгаа ч хийсэн гэх ажлууд нь тодорхой биш, энэ талаар баримтаар нотлогдохгүй байгаа, түүнчлэн байгууллагын дотоод журамд заасны дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын 2014 оны хагас жилийн тайлан мэдээ гаргахаар заасан ч тэрээр “Хууль зүйн яаманд байсан алба нь татан буугдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайлан гэж тусдаа гарахгүй, 2014 оны тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланд хавсаргаж явуулсан” гэх боловч баримт бичгийн архивт хийсэн үзлэгээр ажлын тайланг холбогдох газарт гаргаж явуулаагүй, 2014 оны эхний хагас жилд хийсэн тайлан, мэдээтэй холбоотой баримт байхгүй байсан нь тогтоогдсон байна. 

            Нэхэмжлэгч Б.Н-н эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг “F” үнэлгээтэй дүгнэсэн илтгэх хуудсийг баталгаажуулан зурсан гарын үсэг нь Д.Дэлгэржаргалын гарын үсэг биш болох нь тогтоогдсон хэдий ч Б.Н-н шууд харъяалах дээд албан тушаалтан буюу менежер хагас жилийн үр дүнгийн гэрээг “хангалтгүй” гэж дүгнэсэн дүн, уг дүнд өгсөн “...зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт гаргаагүй, гишүүдэд төлөвлөгөө хүргүүлээгүй, удаа дараа шалтгаангүйгээр ажил тасалсан /арга хэмжээ авагдаж байсан/, Иргэний зөвлөл байгуулаагүйгээс төсөв батлагдаагүй...” гэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих ажлуудыг биелүүлээгүй  нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул ажлаас халах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

            Иймд  дээрх  үндэслэлүүдээр  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88  дугаар  зүйлийн  88.1.1  дэх  хэсэгт  заасныг  тус  тус  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

  ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                             Э.ХАЛИУНБАЯР

                          ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ