Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарт холбогдох эрүүгийн 2224000000017 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч-1: Монгол улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймаг Тосонцэнгэл сумын Хайрхан баг 24 дүгээр гудамж 3 тоотод байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.У.

Шүүгдэгч-2: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Тосонцэнгэл сумын Хайрхан багт түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.В.

Шүүгдэгч-3: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Тосонцэнгэл сумын Хайрхан баг Хөгжил хорооллын 17-1704 тоотод байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  У- Н.

Шүүгдэгч-4: Монгол улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймаг Их-Уул сумын Үржил багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.О.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Хөх байцын ар” гэх улсын тусгай хамгаалалттай газрын газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 9.226 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, сумын ойн санд 2,800,819 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Хөх байцын ар” гэх улсын тусгай хамгаалалттай газрын газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 9.226 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, сумын ойн санд 2,800,819 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Л.О-н “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан 2,800,819 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 39/,      

Гэрч А.Ч-н “...Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18.00 цагийн үед Рашаант багийн нутаг “Хөх байцын ар” гэх газарт адуунд явж байгаад ойгоос мод бэлтгэж байсан хүмүүстэй таарч уулзсан юм. Тухайн өдөр “Хөх байцын ар” гэх газарт огт танихгүй 4 эрэгтэй хүн мод бэлтгэж байсан юм. Би тухайн үед дээрх 4 хүнд та нар яагаад эндээс мод хийгээд байгаа юм, одоо больцгоо гэж хэлчхээд яваад өгсөн юм. Намайг тухайн үед анх очиход 4 хүн 4 метрийн урттай 100 орчим ширхэг модыг бэлтгэсэн байсан юм. Тухайн хүмүүс ойгоос мод бэлтгэхдээ дандаа босоо модыг тайрч унагаад 4 метрийн уртаар тайрсан байхыг би харсан юм. Намайг анх очиход дээрх хүмүүс ойгоос бэлтгэсэн моднуудаа өнхрүүлээд биеэрээ цагаалж байсан ба ямар нэгэн автомашинаар чирч цагаалсан зүйл байхгүй байсан. Мод бэлтгэх үедээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

Гэрч Н.Г-н “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сумын төвөөс Рашаант баг руу яваад тухайн газарт очиж үзэхэд ойгоос 4 метрийн урттай хэрэглээний моднуудыг бэлтгээд уулын бэл хэсэгт гаргасан байсан юм. Тухайн үед “Хөх байцын ар” гэх газарт С.В, Н.У, У.Н, Д.О гэх хүмүүс байсан юм. Тэгэхээр тухайн моднуудыг дээрх хүмүүс ойгоос бэлтгэсэн нь тодорхой байсан...” гэсэн мэдүүлэг /хх 61/,

Гэрч М.Д-н “...Сумын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс сумын хэмжээнд эрхийн бичиг олгож эхэлсэн юм. Тухайн иргэдийн зүгээс 2022 он гарсаар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 63/,

Гэрч Ч.Б-н “...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 2022 онд ойгоос бэлтгэх модны хуваарийг баталсан. Харин 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд иргэдэд хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож эхэлсэн юм. Тухайн иргэдийн зүгээс надаас 2022 он гарсаар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 65/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай “...Иргэн С.В, Н.У, У.Н, Д.О нарын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний хуурай модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байна. Тухайн моднуудыг 2022 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд бэлтгэсэн байх боломжтой. Иргэн С.В, Н.У, У.Н, Д.О нарын ойгоос бэлтгэсэн моднууд 9,226 метр куб мод байна. Мод бэлтгэсэн гэх Тосоцнэнгэл сумын Рашаант багийн “Хөх байцын ар” гэх газар нь ойн 1-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Иргэн С.В, Н.У, У.Н, Д.О нарын ойгоос бэлтгэсэн хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж, бэлтгэсэн 9,226 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 2,800,819 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй, заасан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. Иргэн С.В, Н.У, У.Н, Д.О нарын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх 69-71/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 72/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 4-11/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Н.Уын: “...Бид нартай хамт явсан С.В цөмөөрөө зүгээр байж байхаар “Хөх байцын ар” гэх газраас 4 метрийн хэрэглээний мод хийе цагаан сар дөхөж байгаа учир мөнгө болгоё гэхээр нь бид нар бүгд зөвшөөрсөн юм. Тэгээд бид нар 2022 оны 01 дүгээр сарын 15, 16-ны орой “Хөх байцын ар” гэх газарт гэрээ аваачиж бариад тэндээ хоночихоод 2022 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд тухайн газраас 4 метрийн урттай моднуудыг ойгоос бэлтгэсэн юм. Мод бэлтгэх үед С.В хөрөөгөө бариад моднуудаа унагаад 4 метрийн уртаар тайраад, харин тайрсан моднуудыг нь бид нар уулын уруу өнхрүүлж цагаалаад бэлтгэж байсан юм. Бид нар ойгоос мод бэлтгэхдээ 40 гаран тооны босоо модыг огтолж унагаад 4 метрийн урттай 88 ширхэг модыг тайрч бэлтгэсэн юм. Бид нарын ойгоос бэлтгэсэн моднууд дандаа хуурай хар моднууд байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.Вгийн: “...Миний зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамт явсан хүмүүстээ цөмөөрөө зүгээр байж байхаар “Хөх байцын ар” гэх газраас 4 метрийн хэрэглээний моднууд хийе цагаан сар дөхөж байгаа учир мөнгө болгоод амьдрал ахуйдаа хэрэглэе гэсэн ажлын санааг анх гаргаж хэлсэн юм. Бид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой “Хөх байцын ар” гэх газарт гэрээ аваачиж бариад тэндээ хоночихоод 2022 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд газраас 4 метрийн урттай моднуудыг ойгоос бэлтгэсэн юм. Мод бэлтгэх үед би өөрөө хөрөөгөө бариад моднуудаа унагаад 4 метрийн уртаар тайрсан. Харин Н.У, Д.О, У.Н нар 4 метрийн моднуудаа уулын уруу  өнхрүүлж цагаалсан юм. Би хөрөө барьж ойгоос мод бэлтгэхдээ 40 гаран тооны босоо хуурай модыг огтолж унагаад 4 метрийн уртаар тайраад 88 ширхэг модыг бэлтгэсэн юм. Бид нарын ойгоос бэлтгэсэн моднууд дандаа хуурай хар мод байсан юм. Мод бэлтгэх үед У.Нгийн эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан хөрөөг ашиглаж бэлтгэсэн. Харин өөр ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй бөгөөд модоо угаасаа модны зах хэсгээс нэг доороос бэлтгэсэн болохоор цагаалахад амар хялбар байсан юм. Бид нар тухайн моднуудыг ойгоос бэлтгэх Ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй бэлтгэсэн юм. Бид нарыг мод бэлтгэж байх үеэр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр морь унасан нэг танихгүй эрэгтэй хvн бид нарын хажууд хүрч ирээд бид нарыг яагаад мод хийгээд байгаа юм одоо больцгоо гэж хэлчхээд явж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч У.Нгийн: “...Бид нартай хамт С.В гэдэг залуу цөмөөрөө зүгээр байж байхаар энэ зүүн тийшээ “Хөх байцын ар” гэх газраас 4 метрийн хэрэглээний моднууд хийе цагаан дөхөж байгаа юм чинь мөнгө болгоод амьдрал ахуйдаа хэрэглэе гэж хэлээд бид нар зөвшөөрөөд тухайн газраас мод бэлтгэхээр болсон юм. Тэгээд бид нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой “Хөх байцын ар” гэх газарт гэрээ аваачиж бариад тэндээ хоночхоод 2022 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд тухайн гаар 4 метрийн урттай моднуудыг ойгоос бэлтгэсэн юм. Мод бэлтгэх үед миний өөр эзэмшлийн цагаан алаг өнгийн хөрөөг С.В бариад босоо моднуудыг огтолж унагаад 4 метрийн уртаар тайраад харин тайрсан моднуудыг нь бид нар өнхрүүлж цагаалж байсан юм. Бид нар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Тухайн моднуудыг эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн юм. Тухайн газраас мод бэлтгэхдээ 40 гаран тооны босоо модыг огтолж унагаад 4 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. Бид нарын ойгоос бэлтгэсэн мод дандаа хуурай хар моднууд байсан юм. Бид нар тухайн газраас дандаа босоо модыг унагаж 4 метрийн уртаар тайрч нийтдээ 88 ширхэг модыг бэлтгэсэн юм. Миний өөрийн эзэмшлийн цагаан алаг өнгийн хөрөө, ягаан өнгөтэй нарийн уяа зэргийг ашиглан мод бэлтгэж байсан юм. Харин өөр ямар нэгэн техник хэрэгсэл ашиглаагүй. Угаасаа бид нар модны захаас тухайн моднуудыг бэлтгэсэн учир цагаалга ойрхон мод бэлтгэхэд амар хялбар байсан юм. Мод хийе гэдэг анхны санааг С.В гаргаад тэгээд бид та хоорондоо ярилцаад хэдэн мод хийгээд мөнгө төгрөг болгоё цагаан сараар хэрэглэе гэж тухайн моднуудыг бэлтгэсэн юм...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Оын: “...Бид нартай хамт С.В гэдэг ах бүгдээрээ одоо зүгээр байж байхаар энэ зүүн тийш “Хөх байцын ар” гэх газраас 4 метрийн хэрэглээний моднууд хийе гэж хэлээд бид нар зөвшөөрөөд тухайн газраас мод бэлтгэхээр болсон юм. Тэгээд бид нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой “Хөх байцын ар” гэх газарт Зил-131 маркийн машинаар хүргүүлээд гэрээ тэнд барьсан юм. Тэгсэн тэр өдөр бид нарын Зил-131 маркийн автомашины мотор нь цохиод эвдэрчихсэн юм. Миний зүгээс Н.У, У.Н, С.В гэх хүмүүсийн хамт 2022 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд “Хөх байцын ар” гэх газраас 4 метрийн урттай моднуудыг ойгоос хамт бэлтгэсэн юм. Мод бэлтгэх үед хөрөөг С.В гэдэг ах бариад босоо моднуудыг огтолж унагаад 4 метрийн уртаар тайрсан. Харин тайрсан моднуудыг бид нар уулын уруу өнхрүүлж, заримыг нь биеэрээ чирж цагаалж байсан юм. Бид нар тухайн газраас 4 метрийн урттай 80 гаран тооны модыг бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол 8,402,457 төгрөгөөс 2,800,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 5,602,457 төгрөгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9,226 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ойн санд учруулсан хохирол 8,402,457 төгрөгөөс 2,800,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 5,602,457 төгрөгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө нь шүүгдэгч У.Нгийн өмчлөлийнх болох нь түүний “...Би өөрийн эзэмшлийн цагаан алаг өнгийн хөрөө, ягаан өнгөтэй нарийн уяа зэргийг ашиглан мод бэлтгэж байсан юм...” гэсэн, шүүгдэгч С.Вн “...У.Нгийн эзэмшлийн хөрөөгөөр би мод хөрөөдсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч У.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 9,226 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40,000 төгрөгийн үнэ бүхий улбар шар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 600,000 төгрөгийн үнэ бүхий 9,226 метр куб хэрэглээний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид ойн санд учруулсан хохиролд 2,800,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 5,602,457 төгрөгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нараас ойн санд учруулсан хохиролд 5,602,457 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Тосонцэнгэл сумын засаг даргад олгосугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, С.В, У.Н, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/05, 07/09, 07/07, 09/09 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

11.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ӨЛЗИЙХИШИГ