Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

  2022         05            12                                 2022/ШЦТ/181

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.А

Хохирогч Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч Я.э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н

Шүүгдэгч Ү.Ү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Үд холбогдох эрүүгийн 2225000000202 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Үг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бог гол” баарны гадна 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим иргэн Б.Бтай маргалдаж баруун гараараа түүний нүүр хэсэгт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -шүүгдэгч Ү.Үгийн мэдүүлсэн:Гэм буруугаа хүлээж байна. Би шулуун байрлалд нэг удаа цохисон.11,200,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Б мэдүүлсэн: 03 дугаар сарын 22-нд найзын хамт Богд гол бааранд орсон. Тэгээд гадаа гарч тамхи асаах гээд зогсож байхад нэг нь өгсөн. Нэг нь галгүй явдаг” гэх мэтээр хэлсэн. Нэг нь түлхсэн нэг нь шууд нүүрэнд цохиж би унасан. Хэдэн залуус тал талаас өшиглөсөн. Олон сар ажилгүй байлаа. Яс бүрэн бороолсны дараа имплант хийнэ гэсэн. Тухайн үед үүдэн хоёр шүүд арагш тагнайд наалдсан байсан. Эмчилгээний зардлуудыг авсан. 11,200,000 төгрөг авсан. Зөрүү 612,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

- Богдгол баарны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/

-хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Богдгол бааранд 21 цагийн үед найз Түмээгийн хамт орж 4 шил пиво хувааж ууж дуусчихаад 23 цаг 30 минутын үед би баарнаас ганцаараа гарч ирж гадаа зогсож хүмүүсээс тамхи авч татаад зогсож байсан чинь 25-30 орчим насны 4-5 залуу над дээр ирж хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь хэрэггүй дүү нар минь гэж хэлсэн чинь нэг хар өнгийн куртиктэй залуу миний, урд шүдний хэсэг рүү шулуун цохилт хийж унагасан. Тэгээд би газар унасан чинь дээрээс 4-5 залуу нийлж өшиглөж зодож эхэлсэн. Тэгээд би босож ирсэн чинь миний урд хоёр үүдэн шүд хугарсан байсан. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гэж хэлээд утсаа гаргаж ирсэн чинь миний Самсунг нөте 4 маркийн гар утсыг газар шидэж хагалсан.Самсунг с-5 маркийн гар утсыг намайг зодож байх үед хагарсан байсан. Тэгээд тухайн залуучууд зугтаад яваад өгсөн. Би баарны урдаас такси барьж гэртээ хүргүүлэхдээ би мөнгөгүй байсан болохоор, таксины жолоочид хоёр хагарсан утсаа үлдээж орж мөнгө авчаад ирнэ гэж хэлж орох хооронд миний гар утсыг таксины жолооч авч явсан байсан..... Самсунг нөтэ 5 загварын гар утас миний халаасанд байсан ба цохиулаад газар унах явцад дэлгэц нь хагарч, эвдэрсэн. Намайг зодсон залуучуудын араас хөөж байхдаа би гартаа барьчихсан байсан самсунг с5 загварын гар утсаа санамсаргүйгээр шидээд хагалчихсан юм. Дээрх хоёр утасны төлбөрийг Ү.Ү гэх залуу төлж барагдуулсан. Миний эмчилгээнд ойролцоогоор нийт 4,200,000 төгрөгийн зардал гарсан. Цаашид дахин зардал гарна. Ү.Ү гэх залуугаас дансаар болон бэлнээр нийт 11,200,000 төгрөгийг хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15, 17-р тал/

-гэрч П.Бын мэдүүлсэн... 2022 оны 03 дугаар сарын 22-ны ...00 цаг 30 минутын үед нөхөр Баасанжаргал гаднаас орж ирээд надтай юм ярихдаа сонин яриад байхаар нь юу болсон бэ? гэж асуухад “хүн намайг зодож, цохиод шүдийг минь хугалчихлаа" гэж хэлсэн, би шүдийг нь үзэхэд дээд талын үүдэн хоёр шүд нь дотогшоо цөмөрч орсон байдалтай байсан. Ам, хамар нь цус болчихсон, өмсөж явсан куртик нь цус болчихсон байсан. Энэ үед нөхөр Баасанжаргал нь гэрийн гадна талд такси байгаа, би таксины жолоочид мөнгө өгөх ёстой гэж хэлсэн, энэ үед бид хоёр гэрээс гараад харахад такси байхгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн... 2022 оны 03 дугаар сарын 22-ны орой  Богд гол бааранд ажпын залуучууд Лхаграгчаа, Билгүүн, Ү, О нарын хамт 10 цагийн үед орсон. Тэгээд бааранд 0.75 литрийн Соёрхол, шилтэй пиво бид хэд хувааж ууссан. Тэгээд 23 цаг 40 минутийн үед баар хаах үед Лхаграгчаа, Билгүүн, Ү, О нарын хамт баарнаас гараад тамхи татаад зогсож байсан чинь баарны урд үүдэн дээр нэг танихгүй цагаан куртиктэй эрэгтэй хүн зогсож байсан. Билгүүнээс гал асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь дахин дахин асуугаад байсан. Тэгээд бид хэд явах гэж байсан чинь араас аятайхан байгаарай банди нар минь гэж хэл амаар доромжилохоор нь би эхэлж очиж маргалдаж баарны гадна талын үүд хэсэг рүү түлхэсэн.Тэгээд намайг О, Лхаграгчаа хоёр салгасан тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болхоор сайн санахгүй байна. Ямарч байсан маргаан болоод зодолдоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

-гэрч Э.Оын мэдүүлсэн... 2022 оны 03 дугаар сарын 22-ны орой ...баар хаах үед Лхаграгчаа, Билгүүн, Ү, Б нарын хамт баарнаас гараад тамхи татаад зогсож байсан чинь баарны урд үүдэн дээр нэг танихгүй цагаан куртиктэй эрэгтэй хүн зогсож байсан. Билгүүнээс гал асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь дахин дахин асуугаад байсан. Тэгээд бид хэд явах гэж байсан чинь араас хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд Б түрүүлж очиж тухайн залуутай маргалдаж түлхсэн. Тэгээд Лхаграгчаа бид хоёр Бат-Эрдэнийг салгаад авч явж байсан чинь миний ардаас толгой хэсэг рүү нэг юм шидсэн. Тэгээд тэр танихгүй эрэгтэй хүн хойноос ирж манай хэдтэй зууралдаж авсан. Би тухайн үед зодоонд оролцоогүй салгаж явж байсан маш хурдан болоод енгөрсөн болхоор би хэн нь хэнийгээ цохисон талаар бол сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

-гэрч Г_Лгийн мэдүүлсэн.... Тухайн өдрийн оройны 20 цагаас 21 цагийн хооронд найз Б, Ү, Билгүүн, О нарын хамтаар Богд гол гэх паб-д сууцгаасан... гал асуусан. Тэгээд бид нар гал байхгүй байна гэж хэлтэл галаа өгчих гээд хоёроос гурван удаа хэлээд байсан. Тэгээд бид нар гал байхгүй гэж хэлээд явах гэтэл “дүү нар мөрөөрөө зайлаарай” гэж хэлсэн. Тэгээд манай найз Б гэх залуу тухайн ах дээр очоод “Та юу гээд байна” гээд маргаан болох гээд байхаар нь би дундуур нь орж салгаад явах гэсэн миний ард нэг ах унасан. Би эргээд хартал Ү цохисон байсан.Тэгээд бужигналдаад зодоон болоод эхэлсэн бөгөөд юу болоод байсан эсэх нь сайн харагдаагүй, тэгээд бид нар яваад өгсөн.....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай ... Б.Б биед түүшин ясны хугарал, 11, 21-р шүдний хугарал, дээд доод уруул, дух, баруун бугалганд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Түүшин ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, 11, 21-р шүдний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тоггооно... гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/

-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн...11, 21 дүгээр шүд нь нэг дор зэрэгцээд байрладаг урд үүдэн шүднүүд, түүшин нь энэ хоёр шүд байрласан эрүүний ясны хэсэг нь дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх магадлалтай.... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 622/3330 дугаартай Самсунг Нөте-5 загварын гар утас үнэ 150,000 төгрөг, Самсунг С5 загварын гар утас үнэ 100,000 төгрөг нийт 250,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/

-шүүгдэгч Ү.Үгийн эзэмшлийн 5217024985 дугаартай ХААН банкны дансны хуулга /хх-ийн 68-69-р тал/

-шүүгдэгч Ү.Үгийн сэжигтнээр мэдүүлсэн... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Богдгол бааранд ажлын залуучууд Лхагварагчаа, Б, Билгүүн, О нарын хамт 10 цаг 40 минутын үед орсон... Тэгээд Б тэр ахыг хоёр гарнаас бариад болиулах гэж байхад нь би хажуу талаар нь гараад баарны үүдэнд зогсож байсан цагаан куртиктэй эрэгтэй хүнийг баруун гараараа баруун талын шанаа хэсэгт цохисон чинь газар унасан... /хх-ийн 34-35-р тал/гэх мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

   Үйл баримт:  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймаг Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Богд гол” баарнд хохирогч Б.Б үйлчлүүлж согтуурсан байдалтай гадаа утсаар ярьж зогсоход нь баарнаас шүүгдэгч Ү.Ү нь найз нарын хамт 5-уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай  гарч ирж гадаа үүдний хэсэгт тамхи татаж зогсоход Б.Б гал асууж тамхилж улмаар Б нь түүнтэй м

аргалдаж түлхэлцэж байхад Ү.Ү нь Б.Быг түлхэж холдуулснаа гэнэт баруун гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж унаган биед нь түүшин ясны хугарал, 11, 21-р шүдний хугарал, дээд доод уруул, дух, баруун бугалганд 4 тооны цус хуралт бүхий  гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,камерын бичлэгийг тэмдэглэлээр бэхжүүлсэн баримт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ү.Үгийн үйлдлийн улмаас Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Б... Тэгэхээр нь хэрэггүй дүү нар минь гэж хэлсэн чинь нэг хар өнгийн куртиктэй залуу миний урд шүдний хэсэг рүү шулуун цохилт хийж унагасан.....гэх мэдүүлэг, гэрч Г_Лгийн....Тэгээд маргаан болох гээд байхаар нь би дундуур нь орж салгаад явах гэсэн миний ард нэг ах унасан. Би эргээд хартал Ү цохисон байсан....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай ... Б.Б биед түүшин ясны хугарал, 11, 21-р шүдний хугарал, дээд доод уруул, дух, баруун бугалганд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Түүшин ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Ү.Үгийн сэжигтнээр мэдүүлсэн... Тэгээд Б ахыг хоёр гарнаас бариад болиулах гэж байхад нь би хажуу талаар нь гараад баарны үүдэнд зогсож байсан цагаан куртиктэй эрэгтэй хүнийг баруун гараараа баруун талын шанаа хэсэгт цохисон чинь газар унасан....гэх мэдүүлэг,Богд голд баарны гадаа камерын бичлэгийг хатуу дискэнд буулгаж бэхжүүлсэн ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Ү.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр үл таних Б.Б биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг  мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон нотлох баримтууд зөрүүгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймаг Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бог гол” баарны гадна шүүгдэгч Ү.Ү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бтай маргалдаж баруун гараараа түүний нүүр хэсэгт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн: шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг: хохирогчийг таван хүн зодож өшиглөж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байхад ганцхан хүнийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Мөн хохирол бүрэн төлөгдөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр санал гаргасан нь үндэслэлгүй гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ял тохирчээ. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай ... Б.Б биед түүшин ясны хугарал, 11, 21-р шүдний хугарал, дээд доод уруул, дух, баруун бугалганд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Түүшин ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, 11, 21-р шүдний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тоггооно... гэсэн дүгнэлт, шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн...11,21 дүгээр шүд нь нэг дор зэрэгцээд байрладаг урд үүдэн шүднүүд, түүшин нь энэ хоёр шүд байрласан эрүүний ясны хэсэг нь дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх магадлалтай.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан ба камерын бичлэгийг буулгаж бэхжүүлсэн хуурцагийг уншуулж шинжлэн судлахад, Ү.Үгийн нүүрэн хэсэгт нь цохисон цохилтын улмаас хохирогч унасан ба босож Ү.Ү нарын араас утсаа шидэж гүйж очиж бүгд барьцалдахад газарт унахад хүрэн курткатай хүн нуруу руу нь өшиглөж, Ү.Ү цаанаас гүйж ирээд дээрээс нь нэг удаа хөлөөрөө өшиглөж байгаа дүрс бичигджээ. Өөрөөр хэлбэл 5 хүн зэрэг зодож байгаа нөхцөл байдал бичлэгт бичигдээгүй, энэ талаар өөр ямар нэгэн нотолгоо байхгүй байна.

Хохирогч Б.Б биед учирсан түүшин ясны хугарал, 11, 21-р шүдний хугарал дээд доод уруулын цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь Ү.Үгийн цохилтоор учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба  харин дух, баруун бугалганд зөөлөн эдэд учирсан цус хуралтууд нь барьцалдаж ноцолдож газарт унахад үүссэн байхыг үгүйсгэхгүй ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хэн учруулсныг шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, ач холбогдолгүй юм. Энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд, хохирол бүрэн төлөгдөөгүй гэх тайлбар ч үндэслэл муутай байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон торгуулийн ялыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Бд шүүгдэгч 11,200,000 төгрөг төлсөн талаар хохирогч маргаагүй боловч зөрүү 612,000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч эмийн болон оношлогооны баримт, паданаар нийт 1,089,900 төгрөг, 11,21-р шүдийг имплантаар сэргээхэд 3,600,000 төгрөг шаардлагатай, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 3,872,000 төгрөг, 3 удаагийн хагалгааны зардал 3,000,000 төгрөг шаардлагатай, гар утасны 250,000 төгрөг нийт 11,812,000 төгрөг гэж нэхэмжлэлээ задалж тайлбарлажээ. Үүнээс 11,200,000 төгрөг шүүгдэгч төлсөн байх тул зөрүү гэж 612,000 төгрөг нэхэмжилсэн ч, ирээдүйд гарах зардлуудаа урьдчилж авсан, ажил эрхэлж байсан талаархи дүгнэлт хийхэд шаардлагатай баримтуудыг бүрдүүлээгүй, эмийн зарим баримтууд паданаар авагдсан нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа зэргээс дүгнэвэл 612,000 төгрөг нь яг юуны зөрүү болохыг шүүх дүгнэх бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ. Харин одоогийн байдлаар шүүгдэгч баримтаар нотлогдсон эмчилгээний зардал болон ирээдүйд гарах зардлыг бүрэн төлсөн байх тул хохирлын асуудлаар хэргийг прокурорт буцаах тухай өмгөөлөгчийн санал үндэслэлгүй байна.           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт Үнэнбатын Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Үг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Үд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ү.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 612,000 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг  хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ