| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02677/И |
| Дугаар | 02257 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 02257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд голын баруун эрэг, 46 тоотод байрлах, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК /РД:2077361/-д нэхэмжлэлтэй “Ганхүлэг Хурд” ХХК /РД:2817993/-ийн, гүйцэтгэх захирал В.Ганзоригийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь “Ганхүлэг Хурд” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр RPO16/04-01UB тоот Тоног төхөөрөмж түрээсээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “Ганхүлэг Хурд” ХХК нь 9ЕМ07686 тоот серийн дугаартай D8R маркийн гинжит бульдозерыг түрээсээр худалдан авсан байдаг. Улмаар “Ганхүлэг Хурд” ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ удаа дараалан зөрчиж байсан тул “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “Ганхүлэг Хурд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг уурхайн хаягаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Гэвч “Ганхүлэг Хурд” ХХК нь нэхэмжлэлээ ирж гардан аваагүй тул Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрийг хариуцагчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2017/07082 дугаартай тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү “Ганхүлэг Хурд” ХХК-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т заасны дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ганхүлэг Хурд” ХХК, түүний гүйцэтгэх захирал В.Ганзоригийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь “Ганхүлэг Хурд” ХХК, захирал В.Ганзоригийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Ганхүлэг Хурд” ХХК, захирал В.Ганзориг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2017/07082 дугаар захирамж, “Ганхүлэг хурд” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1-2, 9-11, 13-15,16, 17 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ганхүлэг Хурд” ХХК, захирал В.Ганзоригийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2017/07082 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ганхүлэг Хурд” ХХК, захирал В.Ганзоригийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ганхүлэг Хурд” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Ганхүлэг Хурд” ХХК, захирал В.Ганзоригийг эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР