Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Ж.М,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.М-т холбогдох эрүүгийн 2224000000016 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *********************

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 10 дугаар сарын үед Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт байрлах П.Бгийн эзэмшлийн амбаарт нэвтрэн орж, монгол гэрийн унь, багана зэрэг эд зүйлийг авч П.Б-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 10 дугаар сарын үед Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт байрлах хохирогч П.Бгийн эзэмшлийн амбаарт нэвтрэн орж, монгол гэрийн унь, багана зэрэг эд зүйлийг авч хохирогчид 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улиастай сумд нүүж ирэхдээ хөдөө барьж байсан жижиг гэрээ Баянтэс сумын төв дээр уурын зуухны урд талд байдаг хашааны амбаартаа жижиг гэрийн унь, тооно, багана, хаалга зэрэг зүйлсийг хурааж үлдээсэн. 2020 оны 6 дугаар сард Баянтэс суманд сонгууль өгөх ажлаар очихдоо үзэж харахад бүрэн бүтэн байсан. 2020 оны 11 дүгээр сард идэшний үеэр Баянтэс сум ороод амбаарт хураасан гэрийн эд зүйлсээ үзэхэд алга болсон байсан. Зайгал багийн иргэн Ү гэдэг хүн 2021 оны зун намайг Баянтэс суманд очиход “Улаан эрэг” гэх нэртэй газар жижиг гэр барьсан байсан. Тухайн гэрт ороход миний амбаараас алга болсон гэрийн багана, унь, ширээ зэрэг зүйлс мөн байсан. Харин гэрийн хаалга, тооно хоёр байхгүй байсан. Үүрээ гэх хүнтэй утсаар ярихад би гэрийн багана, унь, ширээ зэргийг хулгайлж аваагүй хүнээс ямаагаар худалдаж авсан гэж надад хэлсэн. Манай хашаан дотор байх шургаагаар бариад гадна талыг нь шавардаагүй 12х8 харьцаатай амбаар байдаг юм. Урдаасаа ордог жижиг муу модон хаалгатай тэрэнд нь Хятадын жижиг цоож зүүгээд орхисон байдаг байсан. М манай амбаараас авсан гэрийн багана унины хохирол болох 600,000 төгрөг барагдуулж өгсөн. Маас одоо нэхэмжлэх зүйл байхгүй, тооно хаалганы мөнгөө Маас нэхэмжлэхгүй. М авсан бол авснаа хэлэх байсан. Тэрийг өөр хэн нэгэн авсан байх надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 9-13, 86/,

Гэрч П.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны хавар 5 сарын үед бор гэр бэлдэж хөдөө барих гээд өөрийнхөө жижиг гэрийн унийг урт болгох санаатай өөрийн найз Мын амбаарт байсан унийг авсан юм. Тухайн үедээ найз нь энэ унийг чинь аваад би чамд нэг ямаа өгье гэж ярилцаад тухайн унийг авсан юм. Манай найз одоог хүртэл ямаагаа аваагүй байгаа. Сүүлд нь манай сумын гаралтай Б ахтай тааралдахад чи барьсан гэрийнхээ унь, багана зэргийг хаанаас авсан талаар надаас асууж байсан. Сүүлд сонсож байхад манай найз тэр унь, багана зэргийг 2020 оны намар айлын эзгүй амбаараас авсан юм билээ...” гэсэ мэдүүлэг /хх 18-19/,

Насанд хүрээгүй гэрч Ш.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард хичээлдээ явж ирээд өдөр намайг гэрт байх үед М ах манай гэрт орж ирээд ахдаа гэрийн унь зөөлцөөд өгөөч гээд намайг дагуулж гарсан. Намайг гэрээс гарах үед манай хашааны баруун талын хамар хашааг түшүүлээд тавьсан монгол гэрийн унь, багана зэрэг байсныг зөөж амбаарт оруулсан. Өдөр намайг хичээлдээ явах үед л тийм зүйлс харагдаагүй харин хичээлээс ирэх үед манай хашааны баруун талын хамрыг түшүүлээд тавьсан тийм зүйл харагдсан. Тэр монгол гэрийн унь, багана зэрэг нь манай баруун талын хамар хашааны Б ахын хашаан дотор байдаг байсан амбаар дотор харагдаж байсан унь, багана мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24, 88-89/,

Гэрч Ч.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь аймаг шилжихээсээ өмнө өөрийн хашаатай байсан. Хашаан дотор шургаагаар барьсан амбаар байдаг байсан. Манайх Баянтэс сумын төв хуучин Дизель станцын 2-р хэсгийн 1-2 тоотод байдаг. Харин Бгийн хашаа манай баруун талын хашаа байгаа юм. Амбаар нь хаалга, цонхтой л харагдаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 35/,

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хашаан дотор шургаагаар барьсан амбаар байдаг байсан. Манайх 2017 онд Баянтэс сумын төвд ирж суурьшихад Бгийн хашаа нь манай аавын буюу одоо манай амьдарч байгаа хашааны зүүн талын хашаа байгаа юм...Амбаар нь хаалга, цонхтой цоож цуургатай харагдаад байдаг байсан. Хашаа нь онгорхой хаалгагүй байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр жижиг гэр худалдаж авах талаар ярилцаж байтал манай нөхөр нэг өдөр хажуу талын эзгүй хашаанд байсан онгорхой амбаараас гэрийн унь, багана байхаар нь Шинэхүү ахын амбаарт хийчихлээ, хоёулаа энэ тэндээс юм цуглуулж байгаад гэртээ болж болох юм байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 93-95/,

Шинжээчийн эд зүйлийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаартай “...Монгол жижиг гэрийн унь 480,000 төгрөг, Монгол гэрийн багана /1 хос/ 120,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх 49/, болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 81-84/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38-40/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ж.Мын: “...Би 2020 оны 10 дугаар сарын үед байсан яг өдрийг санахгүй байна, хүний мал хөлсөөр харах гээд надад гэрний хэрэг гараад би зүүн талын эзгүй хашаанд байдаг амбаараас гэрийн унь, багана зэрэг авчихсан юм. Манай зүүн талын зэргэлдээ голдоо, тасалгаагүй хашаа нь манай найз Үүрцайхын авсан хашаа байшин тэрний хойд талд хөрш айлын эзгүй хашаа байдаг. Тэр хашаанд нэг муу амбаар байдаг, тэр амбаар дотор улаан шаргал өнгийн гэрийн унь, 1 хос багана зэрэг зүйл байсан би тэрийг аваад хашаанд байдаг айлынхаа амбаарт хийсэн. Тэгээд байж байтал 2021 оны хавар хэдэн сар гэдгийг сайн санахгүй байна, манай найз Үманай айлын хашаанд миний оруулж хийсэн гэрийн унь багана зэргийг харчхаад надад өгчих гэж хэлэхээр нь би хариуд үгүй ээ наадахыг чинь би айлын амбаараас авсан буцааж хийх гэж байгаа юм гэж хэлтэл за яах вэ найз нь авчихъя тэгж байтал эзэн нь гараад ирэх байлгүй гээд гэрийн унь, багана зэргийг аваад явсан...би тэр амбаараас гэрийн унь, багана зэргийг гаргаж тавьж Л гэх хүүхдийн хамт гэрийнхээ хашаа руу зөөсөн...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хохирогч П.Бгийн амбаараас монгол гэрийн унь, багана зэрэг эд зүйлийг авсан болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Ж.Мт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч Ж.Мын Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт байрлах П.Бгийн эзэмшлийн амбаарт нэвтрэн орж, монгол гэрийн унь, багана зэрэг эд зүйлийг хууль бусаар авч байгаа үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй болох нь “...М манай амбаараас авсан гэрийн багана унины хохирол болох 600,000 төгрөг барагдуулж өгсөн. Маас одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хулгайлах Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.М нь Завхан аймгийн Баянтэс суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 600,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.М-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 600,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ