Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 2224000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс *, * боловсролтой, рамчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ч.Х.

Шүүгдэгч Ч.Х нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 10-1018 тоотод байрлах Д.Эийн гэрт согтуугаар Ж.Бгийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхины ар доод хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн байрлах Д.Эийн гэрт согтуугаар Ж.Бгийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхины ар доод хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Бгийн: “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш гэртээ байж байтал утас дуугараад авсан чинь Х байсан, бид хоёр утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд Х такси бариад Гандирас дэлгүүрийн тэнд ирээд бид хоёр уулзаад дэлгүүрээс нэг шил архи аваад нэг найзынд очсон. Би тэр найзынх нь нэрийг мэдэхгүй. Тэгээд тэр айлд архиа хувааж ууцгаасан, архи ууж байгаад хойморын ширээний хойд талд Х дөрвөн хөллөөд хэвтчихсэн байсанаа босож ирээд гэнэтхэн намайг цохьчихсон, тухайн үед би нүдээ дарж унаад ухаан алдчихсан, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Тэгээд тэндээс гараад харьчхаад байж байгаад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Хэвтэж байснаа гэнэтхэн босож ирээд намайг цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Эийн: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манайд гаднаас Б, Х хоёр архи уучихсан нилээн халамцуу орж ирсэн, тэгээд манайд нэг шил архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан, би тэр хоёрыг ирэхийн өмнө нь гадуур гарч хүмүүстэй архи уучихаад гэртээ ирээд унтах гээд ганцаараа байж байсан юм. Тэгээд нөгөө архинаас нь хувааж уугаад би согтоод унтчихсан байсан. Нэг сэрэхэд би гэртээ ганцаараа унтаж байсан, харин нөгөө хоёр явчихсан байсан. Ж.Б, Ч.Х хоёр манайд орж ирээд бид гурав нэг шил архи хувааж ууж байгаад би эхлээд тасраад уначихсан. Манайд Ж.Б, Ч.Х бид гурав байсан, манайд өөр хэн нэгэн байгаагүй, гаднаас хүн орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

-Яллагдагч Ч.Хын: “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд би Б ахтай утсаар яриад Гандирас дэлгүүрийн тэнд уулзахаар болоод очсон, тэгээд дэлгүүр орж нэг шил архи авсан, тэндээс бид хоёр хамт манай найз Эийнд очсон. Тэгээд нөгөө архиа бид гурав хувааж уусан, бид хоёрыг Эийнд очиход Э гэртээ нэлээн халамцуу сууж байсан. Нөгөө архиа хувааж ууж байтал Э согтоод унтчихсан. Б бид хоёр ч гэсэн нэлээн согтсон байсан, нэг мэдэхэд л юунаас болсон юм мэдэхгүй би Б ахыг цохьсон...би Б ахын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон, өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 000000161 дугаартай: “...Ж.Бгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн нүдний доод зовхины ар доод хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Ж.Бгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ч.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Бгийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Ч.Хын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Хт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ч.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Хт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Хын гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Ч.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН