Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 2224000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 46 настай, эрэгтэй, *, *, мал малладаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт * оршин суудаг урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б, /РД:/

 

Шүүгдэгч Н.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.6396 м.куб хэрэглээний нойтон мод бэлтгэж, ойн санд 6,814,805 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.6396 м.куб хэрэглээний нойтон мод бэлтгэсэн үйл баримт нь:

-2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.А-с цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Их-Уул сумын Цэцүүх баг Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг гэх газраас 01-р сард 4.30-6.50 мертийн урттай 26 ширхэг шинэс төрлийн нойтон модыг бэлтгэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-02 дугаар хуудас/,

-2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг гэдэг газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-8 дугаар хуудас/,

-2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Н.Бийн эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн банк нь улаан ягаан өнгөтэй, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай, шугам төмөр, сейфтэй, их биеийн хэсэг цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай, 2022 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд /ХХ-ийн 11-14, 19-22 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч О.О-н: “...Иргэн Н.Бийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй байх. Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжлэнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...Тухайн иргэний зүгээс надтай 2 удаа биечлэн уулзаж хохиролоо нөхөн төлөх талаар илэрхийлсэн байгаа...Тухайн газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/,

-Гэрч З.Б-н: “...Манайх Н.Б гэх айлтай өнгөрсөн өвөл айл өвөлжсөн юм. Н.Б нь 2022 он гараад 1 дүгээр сарын 04-05-ны үед манайхантай хамт өвөлжсөн, Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг гэх энэ газраас 9 ширхэг босоо модыг бэлтгэж байсныг би тэр үед мэдсэн юм. Н.Б 2022 оны 1 дүгээр сарын эхээр ярихдаа энэ өвөлжөөндөө хашаа баримаар байна, хэдэн мод унагаад тайраад орхичихлоо гээд ярьж байсан юм. Н.Бийн ойгоос бэлтгэсэн моднууд ойролцоогоор 4-6 метрийн уртаар тайрсан моднууд харагдсан. Уг моднууд нь одоо манай өвөлжөөнд модон дотроо байгаа. Н.Б тухайн моднуудыг ганцаараа өөрийнхөө цахилгаан хөрөөг ашиглаж бэлтгэсэн гэж надад хэлсэн юм. Н.Бийн ойгоос мод бэлтгэсэн газар Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Н.Б тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж надад ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

-Гэрч С.О-н: “...Тухайн иргэний зүгээс 2022 оны 01, 02 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж сумын хэмжээнд 2022 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Сумын хэмжээнд иргэдэд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байна. Иргэдэд түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бичиж олгоно. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ, харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой...Босоо нойтон модыг тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага зөвхөн үйлдвэрлэлийн огтлолоор бэлтгэнэ. Тухайн газар Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний нойтон мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 01 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 6.6396 метр куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг” гэх газар нь ойн сангийн 1-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб хэрэглээний нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ 570,216 төгрөг байна. Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг” гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход хэрэглээний модны 1-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний нойтон модонд 570,216 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,026,388 төгрөг болж бэлтгэсэн 6,6396 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 6,814,805 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалтыг зөрчсөн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 63-64 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Манайх Завхан аймгийн ИХ-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд цэцүүхийн Овоотын зураагийн өтөг” гэх газар өвөлжсөн юм. Би отор хийж өвөлжих гэсэн боловч аймаг, сумын онцгой комиссоос малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор нутагтаа өвөлжих талаар чиглэл өгсөн. Манай өвөлжөө дээр үед баригдаж нурж муудсан учраас би өвөлжөөгөө сэргээн засварлах гээд өвөлжөөний зүүн талын модноос 9 ширхэг босоо нойтон мод огтолж унагаад 4.30-6.50 метрийн урттайгаар тайрч 26 ширхэг мод бэлтгэсэн. Би ойгоос ямар нэгэн мод бэлтгэх талаар эрхийн бичиг аваагүй. 2021 оны мал тооллогын үеэр багийн засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт эндээс мод бэлтгэж хашаа саравч баримаар байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Н.Б нь Завхан аймгийн Их-Уул сумын ойн санд 20,444,415 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох  нь: 

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Шагжжавын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07-04-328-03 дугаартай: “Н.Бийн зөвшөөрөлгүй бэлтгэсэн 6,6396 метр куб хэрэглээний шинэс модонд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 6,814,805 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 20,444,415 төгрөгийн нөхөн төлбөр тавив. Н.Бийн зөвшөөрлийн эрхийн бичиггүй хэрэглээний 6,6396 метр куб шинэс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтын дагуу хурааж шийдвэрлэв. Н.Бийн нөхөн төлбөр болох 20,444,415 төгрөгийг ХААН банкны 100090800914 дугаарын дансанд тушааж тасалбарын нэг хувийн БОХ-ийн улсын байцаагчийн түр орлон гүйцэтгэгчид өгөхийг мэдэгдье...” гэсэн улсын байцаагчийн акт /ХХ-ийн 48 дугаар хуудас/-аар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, 6,814,805 төгрөгийн хохирлыг төлж, 13,629,610 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, иргэний нэхэмжлэгч О.Отай байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

Иймд Н.Бийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Н.Бид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Бийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Бид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын зарим хэсгийг  төлж барагдуулсан болон зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохиролын нөхөн төлбөр болох 6,814,805 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэлдэл 13,629,610 төгрөгийг иргэний нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Н.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн банк нь улаан ягаан өнгөтэй, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай, шугам төмөр, сейфтэй, их биеийн хэсэг цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж 6.6396 м.куб нойтон шинэс модыг бэлтгэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныы явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн тул улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Харин шүүгдэгч нь хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхээс өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боос ойн санд учруулсан хохиролд 13,629,613 /арван гурван сая зургаан зуун хорин есөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор Завхан аймгийн Их-Уул сумын Ойн санд оруулахаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор 13,629,613 /арван гурван сая зургаан зуун хорин есөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг Завхан аймгийн Их-Уул сумын Ойн санд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хувьд оногдох эд хөрөнгөөс нь албадан гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн банк нь улаан ягаан өнгөтэй, маниулын хэсэг ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай, шугам төмөр, сейфтэй, их биеийн хэсэг цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6.6396 м.куб нойтон шинэс модыг улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6.6396 м.куб  шинэс модыг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон модыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлж, шүүгдэгч Н.Бийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг шүүгдэгч Н.Бид анхааруулсугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН