| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
МО НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ө.*******д холбогдох 2123000000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 19-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, өмнө 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******ын*******, регистрийн дугаар *******/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Их маргазын Нэвт” гэх газраас хохирогч Ө.*******ын өмчлөлийн 4 тооны үхрийг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ө.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Их маргазын Нэвт” гэх газраас хохирогч Ө.*******ын өмчлөлийн 4 тооны үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Ө.*******ы өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй байх болно. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Ө.*******ын өгсөн: “...Манайх 2019 оны 12 дугаар сарын 03- наас 05-ны хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Их маргаз” гэх газрын Нэвтийн өвөлжөөнөөс гурван үнээ, нэг эр бяруу гэсэн дөрвөн тооны үхэр алдсан. Алдаад одоог хүртэл хайгаад олдохгүй байхаар нь аргаа бараад танай байгууллагад хандаж байна. Тухайн үед би сумын төв дээр өөрийнхөө гэрт байдаг байсан. Тухайн жил өөрийнхөө үхэрнүүдийг Баян-Улаан багийн иргэн гэх хүнд тоолж хүлээлгэн өгөөд өвөлжүүлсэн юм. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой над руу утсаар залгаад “танай үхэрнүүдээс Хар халзан гунжин үнээ, Улаан халзан гунжин үнээ, Улаан ягаан гунжин үнээ, Улаан эр бяруу зэрэг нийт дөрвөн үхэр байхгүй байна. Би хайгаад олохгүй байна” гэхлээр нь сумын төвөөс гараад замдаа үхэрнүүдээ байж болох газруудаар харж үзээд ахынд очоод ахтай тэр өдрөө өвөлжөөнийх нь ойр хавийн газар орон нутгаар хайгаад олоогүй маргааш нь бас би “Их, Бага маргаз” уулыг тойр ч хайгаад бас л олоогүй. Тэрнээс хойш өдийг хүртэл *******, Ургамал, ЦэцэнУул, Увс аймгийн Өндөрхангай сумдын нутгаар хайгаад олоогүй. Одоог хүртэл сураг ажиг гарахгүй байна. ...Ө.******* нь надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Эхлээд 2020 оны 11 дүгээр сард 3.000.000 төгрөг, дараа нь нэг морь, дээрээс нь 500.000 төгрөг өгч надад учруулсан бүх хохирлыг бүрэн барагдуулж, одоо бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй. Зав бүл муу учир би уг хэргийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй. Миний хувьд одоо гомдолгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-22-р хуудас/,
- Гэрч Ө.гийн өгсөн: “...Манай ах *******ынх 2019 оны 12 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Их маргаз газрын Нэвтийн өвөлжөөнөөс 3 үнээ 1 эр бяруу гэсэн дөрвөн тооны үхэр алдсан. Алдаад одоог хүртэл хайгаад олдохгүй байгаа юм. Тэгээд би ахдаа цагдаагийн байгууллагад хандаж олуулах арга хэмжээ авсан дээр байх гэж хэлээд манай ах танай байгууллагад хандсан байна. Тухайн үед манай ахынх сумын төв дээр байдаг байсан. Тэр өвөл ахынх өөр айлд үхрээ өгөөд хөлсөөр маллуулдаг байсан. Тэгтэл нэг өдөр ах ******* нь манай үхэрнээс дөрвөн үхэр алга болсон гэж байсан. Би хайж яваад ирлээ ямар ч сураг байдаггүй. Би байж болох бүхий л газраар хайлаа огт сэжиг ажиг гарахгүй юм гэхлээр нь ах бид хоёр Завхан аймгийн Ургамал сум, Увс аймгийн Цагаан хайрхан, Өндөрхангай сумдын нутгаар хайгаад олоогүй, огт сураг чимээ гараагүй. Тэрнээс хойш манай ах алдсан үхэрнүүдээ 2 жил шахуу хайж байна. Одоо хүртэл олдохгүй байгаад байхаар би цагдаад ханд гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Гэрч Ц.ын өгсөн: “...2019 оны 12 сарын сүүлээр манай хүүхэд******* нь их мөнгөжсөн байдалтай дүү нартаа мөнгө, төгрөг өгөөд дээрээс нь хувцас хунар авч өгөөд байхаар нь би гайхаад өөрөөс нь “хүү минь чи хаанаас ямар учиртай мөнгө олоод байна. Ямар их мөнгөтэй болчихоо вэ” гэхэд манай хүүхэд надад тухайн үедээ юм ярилгүй өөр юм яриад өнгөрсөн юм. Би тухайн үед сумын төв дээр хүнсний юм бөөгнүүлж явсан болохоор дахиж асууж чадаагүй мартчихсан байсан. Тэр үед хар цохиж байсан. Тэгээд сүүлд нь 2020 оны 11 дүгээр сарын 20-оос хойш би өдрийг сайн санахгүй байна. Нэг өдөр манай сумын Баяннуур багийн залуу Ө.******* нь манайд ирээд*******тай уулзаж байгаад намайг гадаа хашаа хорооны хог цэвэрлэж байхад над дээр ирээд эгчээ “танай хүүхэд******* нь 2019 оны 12 дугаар сард манай 4 тооны үхрийг хулгай хийж аваад зарж борлуулсан байна. Одоо би үхэрнүүдээ төлүүлмээр байна” гэхлээр нь эхэндээ би үнэмшихгүй хүүхэд*******аас асуухад “тэгсэн юмаа” гэж манай хүүхэд надад хэлээд тэрнээс хойш хоёр, гурав хоногийн дараа төв орж банкнаас зээл авч Ө.*******ын өөрийнх нь данс руу 4 тооны үхрийн төлбөр гэж 3.000.000 төгрөг хийсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/, - Ө.*******ы яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 сарын эхээр өдрийг нь одоо санахгүй байна. Би малдаа явж байгаад “үхэр худалдаж авна” гэсэн портер машинтай 2 залуутай таарсан юм. Тэр хоёр залуу Увс аймгаас явж байна “зарах үхэр байна уу” гэхээр нь “надад зарах үхэр байгаа гээд унаж явсан морио чөдөрлөж хээр үлдээгээд тэр 2 залуугийн машинд нь сууж яваад “Их маргазын Нэвт” нэртэй газар олон тооны Монгол үхэр байхаар нь “энэ манай үхэр байна” гэж хэлээд тэр үхэрнээс 3 тооны үнээ, 1 тооны бяруу барьж аваад тэр 2 залууд зарчихсан юм. Үнээгээ нэгийг нь 1.000.000 төгрөгөнд, бярууг нь 500.000 төгрөгөнд, нийт 3.000.000 төгрөг бэлнээр аваад зарчихсан юм. Тэр 2 залуу үхрээ аччихаад намайг морин дээр хүргэж өгөөд явсан. Дараа нь үхэрний эзэн ******* намайг хардаад “чи миний үхэрнүүдийг авсан байна, чамайг хохирол барагдуулж өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ” гээд байхаар нь би данс руу нь 3.000.000 төгрөг бэлнээр шилжүүлчихсэн юм. Үхэр авах үедээ хэний эзэмшлийн үхэр гэдгийг мэдээгүй, дараа нь ******* ирж уулзаад “миний үхэрнүүдийг чи авсан байна” гэхээр нь *******ын үхэр гэдгийг мэдсэн. Хар халзан гунжин үнээ, улаан халзан гунжин үнээ, улаан ягаан гунжин үнээ, улаан зүсмийн эр бяруу зэрэг 4 тооны үхэр байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-11-р хуудас/ - Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хохирогч Ө.*******ын Хаан банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12- 14-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Ө.*******ы 2019 оны 12 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Их маргазын Нэвт” гэх газраас хохирогч Ө.*******ын өмчлөлийн 4 тооны үхрийг хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгч Ө.******* нь уг гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03- наас 05-ны өдрийн хооронд үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бодоос дээш малыг ойлгоно гэж тодорхойлсон байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж хуульд өөрчлөлт оруулсан. Иймд шүүгдэгч Ө.*******ын үйлдлийг прокуророос 2019 оны 12 дугаар сарын 03-наас 05-ны өдрийн үед дагаж мөрдөж байсан хуульд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.*******т 2,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн ******* сумын Үнэлгээний комиссын шинжээч Д.гийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/-ээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.*******т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөг болон нэг адуу өгч учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Ө.*******тын ХААН банкны дипозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.*******ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус үндэслэл болгов. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ө.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-56-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч Ө.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ө.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ө.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт *******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Ө.*******д “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Ө.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ө.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ө.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ