Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1986

 

 

 

 

 

 

 

 

 

С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01840 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ГБТ” ТББ-д холбогдох,

 

6 758 890 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие АНУ-д мэргэжил дээшлүүлэн магистрт суралцахаар судалж үзсэний дүнд АНУ-д 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна, АНУ-ын виз найдвартай гаргана гэсэн мэдээллийн дагуу “ГБТ” -тэй холбогдож, улмаар 2016 оны 6 сарын 19-ний өдөр тус төвтэй 06/35 тоот "магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ"-г байгуулсан. АНУ-ын их, дээд сургуулиудад суралцахад TOEFL-ийн шалгалт өгч, тодорхой шалгуурыг хангасан байхыг шаарддаг тул миний бие гэрээ байгуулахдаа энэ талаар лавлаж тодруулахад “TOEFL-ийн оноо шаардлагагүйгээр 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна, хөтөлбөрт хамрагдагсад сонирхсон мэргэжлийнх нь дагуу АНУ-ын их, дээд сургуулиудаас санал, урилга ирүүлэх бөгөөд АНУ-д очсоны дараагаар шаардлагатай тохиолдолд зохих шалгалтыг өгч суралцах боломжтой, ийнхүү урилга, санал ирсэн, мөн тус боловсролын төвөөс холбогдох тодорхойлолт бичгийг хийж өгснөөр АНУ-ын виз найдвартай гарна" гэх мэдээллийг өгч, танилцуулж байсан тул би дээрх хөтөлбөрийн үнэ, гэрээний төлбөрт 4 600 ам.долларыг төлсөн. Улмаар “ГБТ” -өөс холбогдож "чамд Линденвүүдийн их сургуулиас урилга ирүүлсэн" гэсний дагуу бусад бичиг баримтаа бүрдүүлэн АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлсэн. Гэтэл АНУ-ын элчин сайдын яамнаас “TOEFL-ийн оноо байхгүй учир АНУ-д магистрын сургалтад хамрагдах боломжгүй тул виз олгохоос татгалзах үндэслэл болж байна" гэсэн хариу өгсөн. Энэ нь надаас үл шалтгаалах, миний буруутай үйл ажиллагаа биш тул миний бие “ГБТ” -д болсон үйл явдлыг танилцуулж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар хандаж 2016 оны 12 сарын 02-ны өдөр өргөдөл гаргасан. Гэвч тус төв нь дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөлгүй байсаар 2017 оны 2 сарын 24-ний өдөр 4 600 000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 1 862 ам.долларыг өгсөн бөгөөд үлдэх хэсгийг өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа тул арга буюу гэрээний 6.4-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд гэрээний дагуу төлсөн 4 600 ам.долларын үлдэгдэл болох 2 738 ам.доллар буюу 6 758 000 буцаан гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Мөнхсоёл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай төв нь 2002 онд байгуулагдаж, монголын залуусыг олон улсын их, дээд сургуульд зуучилж оруулах, мөн сургалтын төлбөрөөс зохих хувийг хөнгөлүүлэх, боломжтой тохиолдолд оюутны төлбөрийг бүрэн хөнгөлүүлэх зэрэг эх орныхоо оюуны боловсролд зохих хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа байгууллага юм. С.А 2016 оны 6 сард “ГБТ” -д хандсанаар 2016 оны 6 сарын 19-ний өдөр магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээг байгуулсан. С.Агийн нэхэмжлэлдээ дурдсан “TOEFL-ийн оноо шаардлагагүйгээр 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна, хөтөлбөрт хамрагдагсад сонирхсон мэргэжлийнх нь дагуу АНУ-ын их, дээд сургуулиудаас санал, урилга ирүүлэх бөгөөд АНУ-д очсоны дараагаар шаардлагатай тохиолдолд зохих шалгалтыг өгч суралцах боломжтой, ийнхүү урилга, санал ирсэн, мөн тус боловсролын төвөөс холбогдох тодорхойлолт бичгийг хийж өгснөөр АНУ-ын виз найдвартай гарна" гэх мэдээллийг өгсөн гэдэг нь үндэслэлгүй байна. “ГБТ” -өөс ийм ташаа мэдээлэл огт өгөөгүй бөгөөд С.Атай байгуулсан гэрээний 1.1-т зааснаар "АНУ-ын их, дээд сургууль, коллежид элсэн суралцах шалгуур болзлыг хангасан 16-35 насны Монгол Улсын иргэнийг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах болон энэхүү гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино" гэжээ. Гэрээний хавсралт 1-д тавигдах шаардлагын 6-д зааснаар IBT/TOEFL өгсөн, тус оноо нь 61-ээс дээш байх ба таны хүрэхгүй тохиолдолд АНУ-ын хэлний бэлтгэлд нэг жил сурч болно хэмээн заажээ. Мөн “ГБТ”  нь АНУ-ын визний асуудалд маш нухацтай ханддаг бөгөөд визний асуудал нь хувь хүнээс бүрэн шалтгаалдаг тул энэ асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Энэ тухайгаа ч гэрээний 3.12, 4.6-д заасан. С.Агийн хувьд АНУ-ын Линденвүүдийн их сургууль болон Сант-Францесийн их сургуулиудаас хэлний бэлтгэл үргэлжлүүлэн магистрт элсэн суралцах урилгууд тус тус ирсэн. Хэлний бэлтгэлд тэтгэлэг олгосон учир Линденвүүдийн их сургуулийг С.А өөрөө сонгосон. “ГБТ”  нь гэрээний 1.10 дахь хэсгийн В-д зааснаар 2017 оны 2 сарын 24-ний өдөр 1 862 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 4 600 000 төгрөгийг С.Ад хүлээлгэн өгсөн. “ГБТ” -өөс С.Атай холбоотой асуудал дээр бүхий л боломжоо гарган ажилласан бөгөөд үүний баталгаа нь түүнд ирсэн урилга, хэрвээ түүний виз гарсан бол ямарваа нэгэн асуудалгүйгээр цаашид сурч боловсрох бололцоог нээж өгсөн, сургуулиудын хөнгөлөлтийг авах эрхийг нээж өгсөн төдийгүй одоо ч түүний сургуулиудыг хөнгөлөлтийн эрх нь нээлттэй байгаа юм. Визний асуудалтай холбоотойгоор манай төв хариуцлага хүлээх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т зааснаар хариуцагч “ГБТ” ТББ-аас 5 524 615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, үлдэх 1 234 275 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ГБТ” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 103 344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ад буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл... хэлцэл гэнэ" гэж зааснаар гэрээний хоёр тал хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээний 2.1-д "А тал нь Б талтай гэрээ байгуулж, төлбөр, зуучлалд шаардлагатай бичиг баримт хүлээн авснаар хөтөлбөрийн үйл ажиллагаа, процессийн үйлчилгээг эхлүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу зуучлалын үйл ажиллагаагаа эхлүүсэн. Гэрээний 2.2-т "А тал нь хөтөлбөрт хамрагдах шаардлагатай бичиг баримтыг хүлээн авсан даруй ОУ-ын байгууллагад илгээж, тус байгууллага нь тэтгэлгээр суралцуулах их, дээд сургууль хайх ба сургуулиудад Б талыг санал болгоно" гэж заасны дагуу “ГБТ” ТББ нь АНУ-ын их, дээд сургуулиудад санал болгосны хариуд С.Аг АНУ-ын Линденвүүдийн их сургууль болон Сант Францесийн их сургуулиудаас хэлний бэлтгэл үргэлжлүүлэн магистрт элсэн суралцах урилгууд тус тус ирсэн. Гэрээний 2.3-д "А тал нь зуучлалын үйл явц, сонирхсон их, дээд сургууль, коллежийн болон тэтгэлгийн талаархи аливаа мэдээлэл, хүлээн авагч сургуулиас ирсэн захиа зэргийг яаралтай Б талд бичгээр дамжуулан өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу АНУ-ын сургуулиудаас ирсэн урилга болон мэдээллийг дамжуулсны үндсэн дээр С.А нь Линденвүүдийн их сургууль хэлний бэлтгэлд тэтгэлэг олгосон учир сонгосон юм. Гэрээний 5.2.Б-д “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасан. Манай төв  гэрээнд заасан хугацааны дотор үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх нээгдсэн ба харин виз гараагүй асуудал 100 хувь  С.Агийн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагавар юм. С.Аг TOEFL-ийн оноо байхгүй гэдэг үндэслэлээр виз гараагүй юм. Гэрээний хавсралт  1-д шаардлагын 6-д зааснаар IBT, TOEFL-ийн шалгалт өгсөн /тус шалгалтын оноо 61-ээс дээш байх.../ гэж заасан байна. Мөн манай төвөөс АНУ-ын визний асуудалд  маш нухацтай ханддаг бөгөөд визний асуудал нь хувь хүнээс бүрэн шалтгаалах асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Талууд Иргэний хуулийн 410-412 дугаар зүйлд заасны дагуу зуучлалын гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн гарын үсэг зурж байгуулсан байхад шатны шүүх Иргэний хуулийн 367 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт хууль  хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “ГБТ” ТББ-д холбогдуулан 6 758 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь АНУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хамруулах, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны болон хөтөлбөрийн хураамжид нийт 5 100 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байхад хөлсөөр  ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байгаа боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болох үндэслэлд хамаарахгүй байна.

 

Нэхэмжлэгч С.А нь зуучлалын гэрээтэй холбоотойгоор нийт 4 600 ам.долларыг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 48-49 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 1.6 дахь хэсэгт  “Үйл ажиллагаа болон хөтөлбөрийн нийт төлбөр нь 5 100 ам.доллар байх бөгөөд тэтгэлэг олгогч АНУ-ын ОУ-ын байгууллагын дансанд шилжих тэтгэлэгт хөтөлбөрийн үнэ 4 600 ам.доллар байна. А талын ажлын хөлс 500 ам.доллар байна” гэж заажээ. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар  зуучлуулагч нь  гэрээгээр тохиролцсон хөлсийг зуучлагчид өгөх үүрэгтэй бөгөөд гэрээнд зааснаас дүгнэвэл зуучлагч “ГБТ” ТББ-ын зуучлалын хөлсийг 500 ам.доллар гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгчээс авсан 4 600 ам.долларыг АНУ-ын ОУ-ын байгууллагад дамжуулан төлөх үүрэгтэй байх боловч хариуцагч уг 4 600 ам.долларыг зохих байгууллагад нь төлсөн талаархи баримтыг хэрэгт цуглуулж өгөөгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн 4 600 ам.доллараас үйл ажиллагааны зардалд 500 ам.долларыг хасч, үлдэх 4 100 ам.долларыг хариуцагчаас буцаан гаргуулах шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч “ГБТ” ТББ-ын 4 100 ам долларыг хууль болон гэрээнд заасан ямар  үндэслэлээр авсан нь тогтоогдохгүй байна. Энэхүү илүү авсан  мөнгөн хөрөнгөөс  хариуцагч нь 1 862 ам.долларыг буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч нь  буцаан олгогдоогүй 2 238 ам долларыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд  энэ талаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Харин 2 238 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 488,55 төгрөгөөр тооцоход 5 569 375 төгрөг байхад анхан шатны шүүх 5 524 615 төгрөгөөр тооцож гаргуулсан нь алдаатай байх боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул уг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Түүнчлэн хариуцагч “ГБТ” ТББ-иас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Мөнхсоёлд нэхэмжлэл гардаж авах, хариу тайлбар өгөх эрхтэй итгэмжлэл олгосон байхад анхан шатны шүүх түүнийг шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх боловч, талууд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01840 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 ...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ