Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Ш.Л,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Лд холбогдох эрүүгийн 2124000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1969 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, дугаартай Ш.Л.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Л нь 2019 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Найтагтай толгой” гэх газраас П.Бгийн эзэмшлийн өвөлжөөний зориулалтаар барьсан хашааны модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч П.Бд 1,770,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Л нь 2019 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Найтагтай толгой” гэх газарт байрлах хохирогч П.Бгийн эзэмшлийн өвөлжөөний зориулалтаар барьсан хашааны модыг машин механизм ашиглан авч хохирогчид 1,770,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт 2013 оноос 2018 оны хооронд мал маллаж өвөлдөө Бужир багийн нутаг “Найтагтай толгой” гэх газар өвөлжөө бууцаа гаргаж өвөлждөг болсон. Малд өвөлжөөний хашаа хэрэгтэй болоод сумын төв дээр үхэр хашдаг байсан хашаагаа “Найтагтай толгойн” өвөлжөөндөө зөөж барьсан. Энэ хугацаанд мал маллаж байгаад 2017 оны 11 сард өөрийн хариулж байсан мал ахуйгаа зараад Тэс сумд амьдарч байгаад 2018 оны 12 сард Улиастай сумын ХААН банкны жолоочоор ажилд орж манайх нүүж ирсэн. Улиастайд ирснээс хойш өвөлжөө бууц эзэнгүй байсан. 2019 оны 9 сарын үед над руу М гэж хүн яриад өвөлжөөний чинь хашаа алга болсон байна, зарж борлуулсан юм уу гэж надаас суухад нь би зараагүй гэж хэлсэн. 2-3 хоногийн өмнө адуунд явж байхад хашаа байсан талаар надад хэлсэн. Тухайн өвөлжөөний хашааг Баянтэс сумын төвөөс зөөж барих үедээ 2014 оны үед шар будгаар зөрүүлж дарсан шургаагийн амыг будаж байсан. 2020 оны 6 дугаар сарын дундуур Бужир багийн иргэн Ш.Л гэх хүн “Нуурмагийн өвөлжөө” гэх газарт хуучин хашааны модоор өвөлжөөний хашаа барьсан байсан. Тухайн хашааг очиж үзэхэд миний шар будгаар будаж байсан шургааг байсан. Тухайн хашааны ерөнхий модыг харахаар Найтагтай толгой гэх газарт байсан миний өвөлжөөний хашааны модтой адилхан харагдаж байсан. Намайг 2014 онд Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн “Найтагтай толгой” гэх малын хашаа барихад ямар нэгэн малын хашаа, ямар нэгэн өвөлжөө байхгүй байсан. Хашааны хохирлыг Л барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 22-28/,

Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын иргэн П.Б гэж залуу тус сумаас Улиастай сум руу ажилд орж байгаа гээд шилжээд явсан. Тэр үед П.Б гэх залуу “та манай өвөлжөөг худалдаж авах уу” гэж надаас асууж байсан. Тэдний өвөлжөө нь Бужир багийн нутаг “Найтагтай толгой” гэх газарт байдаг байсан юм. Б бид хоёр өвөлжөөний наймаа хийхээр ярилцаж байсан боловч үнэ тохирч чадалгүй, өвөлжөөний наймаа хийлгүй буцсан. Энэ үеэр буюу 2019 онд байхаа он сар өдрийг нь яг сайн санахгүй байна, тэдний хашаа алга болсон байсан. 7-8 хавирга хашаа л байсан байх, шургааг мод нь үзүүр дээрээ шар будагтай байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31 /,

Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын Б гэж залуу 2018 оны өвөл аймгийн төв рүү шилжихдээ малаа манайд тавьж үлдээсэн юм. Тэгээд би энэ хүний эзэмшиж байсан өвөлжөө бууц нь дээр нэг намар бууж намаржаад харж хандаж байсан. Би 2019 оны 9 дүгээр сарын дунд “Найтагтай толгой” гэж өвөлжөөний хажуугаар малд явсан юм тэр үед өвөлжөө нь бүрэн бүтэн байсан, маргааш өдөр нь дахин малдаа явж байх үед өвөлжөөний хавирга хашаа, саравч нь алга болсон байхаар нь Б рүү утсаар яриад чи өвөлжөө бууцаа зарсан юм уу ачаад явсан байхгүй байна гэж хэл дуулгахад би зараагүй гэж байсан. Б тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж тухайн үед манай суманд ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч газар дээр нь ирж үзсэн...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Шинжээчийн эд зүйлийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 160 дугаартай “...4 метр урттай шургаар /өвөлжөөний хавирга мод/ 770,000 төгрөг, 3 метр урттай шургааг /өвөлжөөний дээвэр мод/ 1,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх 66/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ш.Лгийн: “...Би 2019 оны 9, 10 дугаар сарын үед байсан байхаа одоо яг хэдэн сарын хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг дэвсгэр Найтаг гэх газраас айлын өвөлжөөний саравчийн хашааны модыг аваад Нурамт гэх газар авч очоод өөрийн өвөлжөөндөө хашаа барьсан. Миний ачиж авсан өвөлжөөний саравч хашаа нь 6 хавирга хашаа дээвэртэйгээ барьсан байсан ба уг хашааг буулгаад ачаад явсан. Би уг хашааг ачиж авахдаа ганцаараа явж байсан. Би өөрийн эзэмшлийн УАЗ маркийн машинаар 3 удаа ачаад зөөсөн. Манай өвөлжөө уг газраас 20 гаруй километрт байдаг. Би нэг өдөрт зөөгөөд дуусгасан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг байрлах “Найтагтай толгой” гэх газраас П.Бгийн эзэмшлийн өвөлжөөний зориулалтаар барьсан хашааны модыг машин механизм ашиглаж авсан болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Ш.Лд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч Ш.Лгийн Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт байрлах “Найтагтай толгой” гэх газраас хохирогч П.Бгийн эзэмшлийн өвөлжөөний зориулалтаар барьсан хашааны модыг тээврийн хэрэгслээр тээвэрлэн авсан үйлдэл нь машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Л нь миний гаргасан гомдлын дагуу хохирлыг барагдуулж өгсөн. одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хохирогчийн тайлбар, “..00000000 Пүрэвсүрэнгийн Б 1,770,000 төгрөг гомдол барагдуулсан Лгээс...” гэсэн ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримт тус тус нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан ...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн засаг дарга Д.Бадамгаравын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай “...Тус багийн иргэн Ш овогтой Л нь Бужир багийн малчин нь үнэн болно...” гэсэн тодорхойлолтоор шүүгдэгч Ш.Л нь Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт байнга оршин суудаг болох нь нотлогдож байх тул түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.

Шүүгдэгч Ш.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “УАЗ-33039” маркийн 56-63 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх болох нь УАЗ-33039” маркийн 56-63 ЗАА улсын дугаартай, ачааны зориулалттай эзэмшигч Завхан аймгийн Баянтэс сумын Бужир баг Ш.Л...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаагаар, уг тээврийн хэрэгсэл нь 2,000,000 төгрөгийн үнэтэй болох нь  шинжээчийн эд зүйлийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай “...УАЗ-3303” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /хх 82/ тус тус тогтоогдож байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч Ш.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “УАЗ-3303” маркийн 56-63 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Л-г машин, механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Лг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л нь 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ш.Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч Ш.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,770,000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэ бүхий “УАЗ-3303” маркийн 56-63 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/06 дугаартай  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ