Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух,  Г /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, М /РД:/-д холбогдох,

1,999,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Мтэй 2013 оны 10 сард гэрээ хийж байраа түрээслүүлсэн. Энэ түрээсэлсэн байр нь Баянгол дүүрэг,  тоотод байрлах, 2 өрөө манай эгчийн байр юм. Б.М нь надтай тохирсны дагуу эхний 1 жил түрээсийн төлбөрийг төлж байсан боловч жилийн дараагаас төлбөрөө төлөхөө больсон. Б.М нь 2 хүүхэдтэй бөгөөд одоо мөнгө ороод ирнэ, төлбөрөө төлнө гэж гуйгаад байсан. тул үргэлжлүүлсэн түрээслүүлсэн. Б.М нь жилийн дараагаас би нялх хүүхэдтэй учир өвөл гарах хэцүү байна гэрээний хугацааг сунгаад өгөөч гэсэн бөгөөд анхны гэрээний дагуу сарын 650,000 төгрөгөөр түрээсэлж байгаад төлбөрийг багасгах гуйлтыг нь зөвшөөрч сарын 550,000 төгрөг болгосон. Ингээд төлбөрөө бага багаар өгч байгаад төлөхөө больж одоо ийм байдалд хүрсэн. Б.М нь 2013 оны 10 сарын 10-наас эхэлж манай байрыг түрээсэлж 2016 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл суусан. Одоо төлөөгүй байгаа хугацаа нь 2015 оны 08 сарын 23-наас хойш төлбөрөө бүтэн төлөөгүй. 2016 оны 03 сарын 14-ний өдөр дахин гэрээ байгуулж 2016 оны 04 сарын 10-ны өдөр бүх төлбөрөө төлнө гэж баталгаа бичиж өгөөд байрыг суллаж өгсөн. 2016 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл нийт түрээсийн төлбөр нь 1,460,000 төгрөг болсон. Үүн дээр нэмэгдээд СӨХ-ны төлбөр 220,000 төгрөг, гал зуухны тавилга хийлгэнэ гэж түрээсийн төлбөрөөс 240,000 хасуулсан боловч тавилга хийлгээгүй тул 240,000 төгрөг, цахилгааны төлбөр 9,000 төгрөг, эрэн сурвалжилсан тэмдэгтийн хураамж гэж 70,200 төгрөгийг нэмж нийт 1,999,200 төгрөгийг Б.Мэс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь юу нэхэмжилж байгаа гэдгээ мэдэхгүй байна. Мөн хажууд нь сууж байгаа ажиглагч нь өмнөөс нь юм хэлж өгөөд байна. Мөн юу нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа. Б.М нь энэ байранд сууж байсан нь үнэн боловч А.Г гэж хүнтэй түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд Ц.М гэж хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.Мд холбогдуулан Баянгол дүүрэг,  тоотод байрлах, 2 өрөө орон сууцны түрээсийн төлбөр 1,460,000 төгрөг, орон сууц хөлслөх хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 220,000 төгрөг, цахилгааны төлбөр 9,000 төгрөг, гал тогооны тавилга хийлгэх төлбөр 240,000 төгрөг, эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 1,999,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч А.Г гэх хүнтэй орон сууц түрээслэх гэрээ байгуулаагүй тул төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан “Орон сууц түрээслэх түрээслүүлэх” гэрээний 1 дэх хэсэгт “Нэг талаас /цаашид А тал гэх/ Б.М /цаашид түрээслэгч/, /Цаашид Б тал болох/ Ц.Мөнхцэцэг” гэсэн байх боловч гэрээнд нэхэмжлэгч А.Г, хариуцагч Б.М нар гарын үсэг зурсан байна. Мөн 2013 оны 10 сарын 10-ны өдөр хариуцагч Б.М, нэхэмжлэгч А.Г нар “Түрээслэгч тал байртай холбоотой бүх зардал засварыг бүрэн хариуцна” гэсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Г, хариуцагч Б.М нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 5, 6 дугаар тал/

 

Түүнчлэн хариуцагч Б.М 2016 оны 03 сарын 14-ний өдөр түрээсийн төлбөр 1,460,000 төгрөг, орон сууц түрээслэх хугацаанд төлөх сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 220,000 төгрөг, цахилгааны төлбөр 9,000 төгрөг, гал тогооны тавилга хийж өгөхөөр түрээсийн төлбөрөөс хасуулсан 240,000 төгрөг нийт 1,945,000 төгрөгийг 2016 оны 04 сарын 10-ны дотор төлж дуусгах баталгаа болгон баримт үйлдэж, гарын үсэг зурж нэхэмжлэгч А.Год өгснийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийг хүлээн зөвшөөрснөө бичгээр мэдэгдсэн гэж үзэх бөгөөд зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа байгаагүй гэх хариуцагчийн тайлбар уг баримтаар няцаагдаж байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулахад хариуцагчийг эрэн сурвалжлуулах шаардлага гарснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00473 дугаар шийдвэрээр нотлогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

Хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбар, шүүхэд гаргасан баримтыг харьцуулан үнэлбэл түрээсийн гэрээний үүрэг, хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч Б.Мэс 1,999,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Год олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мэс 1,999,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Год олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 46,940 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР