Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэнгээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Ч.Г, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 222400000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

*улсын иргэн, * төрсөн, 20 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, аавын хамт * оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч. Г /Регистрийн дугаар: /,

*улсын иргэн, * төрсөн, 21 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, * оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Б.Н /Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Г, Б.Н нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бөөгийн нүүрийн ар” гэх улсын тусгай хамгаалалттай газрын газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 8.102 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, сумын ойн санд 2,459,597 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г, Б.Н нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бөөгийн нүүрийн ар” гэх улсын тусгай хамгаалалттай газрын газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 8.102 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, сумын ойн санд 2,459,597 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь:

-2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.А-с цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бөөгийн нүүрийн ар” гэх газраас 2022 оны 01 дүгээр сард хэрэглээний 4 метрийн урттай 50 ширхэг бөөрөнхий модыг ойгоос бэлтгэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 02 дугаар хуудас/,

-2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-9 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч О.О-н “...Иргэн Ч.Г, Б.Н нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй байх. Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжлэнэ...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

-Гэрч С.О-н “...Тухайн иргэдийн зүгээс 2022 оны 01, 02 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж сумын хэжмээнд 2022 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Сумын хэмжээнд иргэдэд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байна. Иргэдэд түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бичиж олгоно...Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичиг заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унаанги модыг бэлтгэх ёстой...Иргэн хүн босоо модыг ойгоос огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Хэрэв босоо модыг огтолж бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...Тухайн газар Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

-Гэрч Г.Б-н “...Ч.Г нь 2022 оны 02 дугаар сарын 06, 07-ны үед миний 97110816 дугаарын утасруу залгаад суманд мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа юу гээд асууж байсан юм. Би тухайн үед Ч.Год сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж ойгоос мод бэлтгэх хуваарийг одоогоор батлаагүй байгаа тул ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд олгохгүй байна гэж хэлсэн юм. Тухайн үед Ч.Г надад хэлэхдээ би Цэцүүх багаас хэдэн хэрэглээний 4 метрийн мод бэлтгэх гэсэн юм гээд хэлж байсан юм. Харин хаанаас мод бэлтгэх гэж байгаа талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Ч.Гын хувьд дахиж надтай утсаар холбогдоогүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж сумын хэмжээнд 2022 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 01 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 8,102 метр, куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бөөгийн нүүрийн ар” гэх газар нь ойн сангийн 1-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб хэрэглээний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бөөгийн нүүрийн ам” гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуураймодны 1-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж бэлтгэсэн 8,102 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,459,597 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалтыг зөрчсөн байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгтүүд /ХХ-ийн 76-77 дугаар хуудас/,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай “...Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Бөөгийн нүүрийг ар” гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг нь үнэн болно...” гэсэн албан бичиг,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 07-04-328-02 дугаартай: “...Ч.Г, Б.Н нар нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8,102 метр куб хэрэглээний шинэс модонд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,459,597 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтыг үндэслэн 7,378,791 төгрөгийн нөхөн төлбөр тавив...” гэсэн акт /ХХ-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод, модон материалыг бэлтгэсэн, уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэд эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч Ч.Г, Б.Н нарыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Ч.Г, Б.Н нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 8,102 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 2,459,597 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 7,378,791 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Ч.Г, Б.Н нараас ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл шүүгдэгч Ч.Г, Б.Н нарын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 8.10238 метр.куб хэмжээтэй шинэс мод, цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, 4,19 метрийн урттай цагаан өнгийн уяа зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8.102 метр.куб хэмжээтэй шинэс мод, цагаан алаг өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгож, 4,19 метрийн урттай цагаан өнгийн уяаг устгах  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нараас гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Г, Б.Н нарыг бүлэглэн Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Г, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.Н нарт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Г, Б.Н нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Г, Б.Н нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.Н нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8,102 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан алаг өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгож, 4,19 метрийн урттай цагаан өнгийн уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.УРТНАСАН