| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02733/И |
| Дугаар | 02322 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 02322
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Далив хутагт Жамсранжавын гудамж, 40 дүгээр байр, 5 тоотод оршин суух, Бор адуу ургийн овогтой Батбаярын Өнөржаргал /РД:АЭ88011200/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 64 дүгээр байр, 108 тоотод оршин суух, Тогоо овогт Цэдэнбалжирын Батзориг /РД:ФА90052138/ нарын нэхэмжлэлтэй
Гэрлэлтийг хүчийн төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өнөржаргал, Ц.Батзориг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, гэрч Т.Баярмаа, О.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Өнөржаргал, Ц.Батзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Батзориг болон Б.Өнөржаргал бид хоёр их сургуулийн найзууд ба 2015 оноос Австрали улсад суралцахаар шийдвэрлэж, визний материалаа бүрдүүлж эхэлсэн. Тухайн үед визэнд зуучилсан байгууллагын зүгээс гэрлэсэн хүний хувьд виз гарах магадлал нэмэгддэг гэж зөвлөсний дагуу бид 2 ярилцаж, 2015 оны 11 сарын 24-ний өдөр гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй, гэрлэлтийн үр дагаврыг сайтар бодолцолгүй гэрлэлтээ бүртгүүлсэн. Ингээд Австрали улсын виз мэдүүлж, 2016 оны 01 сарын 05-ны өдөр виз гарч, бид Австрали улс руу суралцахаар явсан ба одоо тус улсад суралцаж, амьдарч байгаа. Ц.Батзориг миний бие түр хугацаагаар Улаанбаатарт ирээд байгаа юм. Бидний хувьд гэр бүл болох зорилго анхнаасаа байгаагүй, гэр бүл болох зорилгоор огт хамтран амьдарч байгаагүй, дундын эд хөрөнгийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул дундын эд хөрөнгийн маргаантай асуудал байхгүй, дундаас төрсөн хүүхэдгүй, зөвхөн Австралийн виз мэдүүлэх зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн болно. Гэтэл энэхүү гэрлэлт хүчин төгөлдөр байгаагийн улмаас бид тус тусын найз охин, найз залуутайгаа гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж чадахгүйд хүрээд байгаа болно. Иймд гэр бүл болох зорилгогүйгээр бүртгүүлсэн энэхүү гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулсны дараа тус тусын гэрлэлтийг бүртгүүлэх зорилгоор энэхүү хүсэлтийг хамтран гаргаж байна. Шүүхээс 2 ч удаа энэхүү хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзаад байгаа болно. 2017 оны 06 сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүгч Ш.Оюунтуул 7 сарын 4-ний өдрийн 102/Ш32017/09327 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136.3-т заасны дагуу хамтран амьдарч байгаагүй талаарх тус тусын хорооны тодорхойлолт, дундаасаа үр хүүхэдгүй болох тухай эрх бүхий байгууллагын лавлагаа, шаардлагатай бусад баримт зэрэг хэрэгт авагдаагүй гэх үндэслэл заасан. Иймд шүүгчийн захирамжид заасны дагуу хамтран амьдарч байгаагүй, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэсэн үйл баримтыг мэдэж байгаа 2 хүнээс тодорхойлолт бичүүлж, мөн Баянгол дүүргийн 6 дугаар хорооноос Б.Өнөржаргал нь хүүхэдгүй, тус хороонд бүртгэлтэй, Ц.Батзориг нь тус хороонд бүртгэлтэй бөгөөд гадаад амьдарч байгаа гэж бүртгэгдсэн болохыг шүүлгэж, тодорхойлолт авсан. Ингээд 07 сарын 21-ний өдөр дахин хүсэлтээ гаргахад шүүгчийн 7 сарын 28-ны 102/Ш32017/10186 дугаар захирамжаар ИХШХШТХ-ийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу 08 сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Архивд биечлэн очиж, гэрлэгчид дундаасаа хүүхэдтэй эсхүл хүүхэдгүй гэдгийг тодорхойлох лавлагаа авахаар хүсэлт гаргахад, тийм бүртгэл хийгдээгүй учраас ийм төрлийн лавлагаа гардаггүй. 1988 оны байдлаар /1988 оноос өмнө/ эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн болохыг 1 /ХААТР/ маягтаар нөхөн лавлагаа гаргаж өгдөг байсан. 1989 оноос хойш хүүхэд төрүүлсэн хүний хувьд боломжгүй. Шүүхээс хүүхэдтэй эсэх лавлагаа авах албан бичиг хэд хэдэн удаа ирж байсны дагуу 2012, 2015 онуудад уг төрлийн лавлагааг гаргаж өгөх боломжгүй болохыг албан бичгээр мэдэгдэж байсан. Өрхийн бүртгэлийг тухайн иргэний харьяалах хороо хөтөлж бүртгэдэг тул хорооноос л тодорхойлолт авах боломжтой гэсэн хариуг амаар өгсөн. Ингээд холбогдох хуулийг судалж үзэхэд: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11.2-т заасан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөлд хэдэн хүүхэд төрүүлсэн болохыг буюу хүүхэд төрүүлсний бүртгэл багтдаггүй байна. Иймд хүүхэд төрснөөр тухайн хүүхдийн хувьд төрсний бүртгэл хөтлөгдөж, төрсний гэрчилгээг олгодог. Иймд тухайн хүүхдийн төрсний бүртгэл буюу гэрчилгээгээр эцэг, эх нь хэн болохыг мэддэг. Тэгэхээс эцэг, эхийн бүртгэлээс хүүхдийг хайж олдоггүй гэх улсын бүртгэлийн архивын тайлбар үндэслэлтэй байна. Харин Иргэний бүртгэлийн хуулийн 21.1-д "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу баг, хорооны Засаг дарга нь өрх, хүн амын тооллого явуулж, бүртгэл судалгаа хөтлөн шаардлагатай үед тодорхойлолт олгож болно*' гэж заасны дагуу хорооны өрхийн бүртгэлээс хүүхэдтэй эсэхийг шүүж тодорхойлолт өгдөг байна. Иймд хүсэлт гаргагч нар харьяалагдах Баянгол дүүргийн 6-р хорооноос Б.Өнөржаргал болон Ц.Батзориг нар хүүхэдгүй гэх тодорхойлолтыг авч, хүсэлтдээ хавсаргасан байсан билээ. Хорооны тодорхойлолтоос өөрөөр хүүхэдгүйгээ нотлохоор лавлагаа авах боломжгүй юм байна. Мөн хамтран амьдарч байгаагүйг нотлох баримт, хорооны тодорхойлолтыг хүсэлтэд хавсаргах шаардлагатай гэсэн болно. Үүний дагуу гэрлэгчид хамтран амьдарч байгаагүй, гэр бүл болох зорилогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн үйл баримтыг мэдэж байгаа хүсэлт гаргагч Ц.Батзоригийн төрсөн ах н.Батгэрэл, Б.Өнөржаргалын найз О.Нямжаргал нараар тодорхойлолт бичүүлж, хүсэлтдээ хавсаргасан болно. Хүсэлт гаргагчид нь хамтран амьдрах зорилгоор биш гэрлэлтээ бүртгүүлэхийн тулд "Батзоригийн оршин сууж байсан Баянгол дүүргийн 6 хороо 10 хороолол, ЭТӨЧ, 64 байрны 108 тоот хаягт Б.Өнөржаргал нь шилжиж, хорооны оршин суугчаар бүртгүүлсэн болно. Энэ нь Ц.Батзоригийн өрхийн бүртгэлийн дэвтэрт Б.Өнөржаргал бүртгэгдээгүй байгааг баримтаар авч, хамт амьдарч байгаагүй тухай хорооны тодорхойлолт авсан Хүсэлт гаргагчид нь Гэр бүлийн тухай хуулийн 16.1-д гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд ... шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэх үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан. Хуулийн уг үндэслэл бүрдсэн эсэх нь гэрлэгчид бодит амьдрал дээр гэр бүлийн харилцаа үүсгээгүй буюу хамтран амьдраагүй цаашид ч гэр бүл болох санаа зорилгогүй болохыг нотлох явдал юм. Үүнд гэрлэгчдийн өөрсдийнх нь тайлбар, хүсэл зориг чухал нөлөөтэй. Иймд тэд анхнаасаа гэр бүл болох зорилгогүйгээр хууль зөрчиж гэрлэлтээ бүртгүүлсэн тул ирээдүйд гэр бүлийн амьдралаар хамт амьдрахгүй болохоо хамтран шүүхэд мэдүүлж, хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Иймд хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Ц.Батзориг, Б.Өнөржаргал нарын гэрлэлтийн бүртгэлийн 1107001294 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Өнөржаргал, Ц.Батзориг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Батзориг, Б.Өнөржаргал нар нь анхнаасаа Австрали улсын виз мэдүүлэх хүсэлтэй байсан бөгөөд зуучлалын байгууллагаас нь гэрлэлтээ батлуулсан, гэр бүл болсон хүмүүс гадаад руу гарахад хурдан байдаг гэж хэлснийг нь дагаж 2015 оны 11 сарын 28-ны өдөр гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулсан байгаа. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүйгээс гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2016 оны 01 сарын 05-ны өдөр виз гарч Австрали улс руу явсан бөгөөд 3 сараас хойш амьдарч, суралцаж байгаа. Талууд анхнаасаа хамт амьдарч, гэр бүл болох сонирхолгүй байсан учир одоо гэрлэлтээ хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байгаа. Талууд хүүхэдгүй бөгөөд хамт амьдарч байгаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 16.1-д зааснаар анхнаасаа гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулсан тул Ц.Батзориг, Б.Өнөржаргал нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Батзориг, Б.Өнөржаргал нар нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ц.Батзориг нь Б.Өнөржаргалтай 2015 оны 11 сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн 1107001294 тоот гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заажээ.
Гэтэл Ц.Батзориг, Б.Өнөржаргал нар нь гэр бүл болох зорилгогүйгээр буюу Австрали улсын виз мэдүүлэхдээ зорчих зөвшөөрөл авахын тулд гэрлэлт бүртгүүлсэн гэж тайлбарлаж байна.
Ц.Батзориг, Б.Өнөржаргал нар гэр бүл болох зорилгогүйгээр буюу Австрали улсын виз мэдүүлэхдээ зорчих зөвшөөрөл авахын тулд гэрлэлт бүртгүүлсэн болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Т.Баярмаа, О.Нямжаргал нарын мэдүүлэг, нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Ц.Батзориг, Б.Өнөржаргал нарыг гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу 2015 оны 11 сарын 24-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлсэн Цэдэнбалжирын Батзориг, Батбаярын Өнөржаргал нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батзориг, Б.Өнөржаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР