Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

 

    2022       02          18                                             2022/ШЦТ/166

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Г.Түвшинбаяр;

 

Шүүгдэгч: Д.С (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар;

           

Шүүгдэгч д.с регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Малчин” телевизэд гэрээт зураглаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Авто плаза төв”-ийн орчим Э.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хүзүү, эрүү хэсэгт нь пивоны шилээр зүсэж биед нь халдаж эрүүл мэндэд нь доод эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Т /хх-ийн 12/, гэрч Э.Мөнх-Оргил /хх-ийн 9/ нарын мэдүүлэг, Э.Тын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/, Д.Сийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Д.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-41, 91/, Д.Сийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-90/, хохирогч Э.Тын хүсэлт /хх-ийн 93/зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Авто плаза төв”-ийн орчим Э.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг пивоны хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Э.Тын /хх-ийн 12/: “Миний бие 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим найз эмэгтэй Нарангаравтай уулзаж 13 дугаар хорооллын “Ди Икс” пабад сууж пиво уусан. ...00 цагийн орчим Нарангаравын найз Д.С гэх залуу ирсэн. ...бид 3 тэр газраа Д.Сийн авчирсан виски уусан. 01 цагийн үед тухайн газраас гарч такси бариад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Авто плаза төв”-ийн орчим Д.С бид 2 таксинаас буугаад Нарангарав гэртээ харихаар тухайн таксигаар явсан. ...Д.С бид хоёр гадаа юм ярьж суунгаа пабаас авч гарсан пиво ууж байгаад хоорондоо маргалдсан. ...Д.С ууж байсан “Калтенберг” пивоны шилээ хагалаад “чамайг бол би алж чадна” гэж хэлэхэд нь “чаддаг юм бол шаа” гэж хэлсэн чинь Д.С гартаа байсан хагарсан пивоны шилээрээ миний хүзүүний зүүн хэсгийг нэг удаа зүссэн. Би тэр үед гайгүй байх гэж бодсон боловч маш их цус миний хүзүүнээс гарсан. Би Д.Сийг яв гэж хэлсэн чинь Д.С гүйгээд явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Мөнх-Оргилын /хх-ийн 9/: “...03 цагийн орчим ах Э.Т залгаад “Авто плаза төв”-ийн хажууд гэмтсэн хэвтэж байна, ирээд ав” гэж хэлсэн. Намайг очиход нүүр, ам нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Тын биед “доод эрүүнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 16-17/,

 

Д.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32-33/: “...Э.Т надаас Нарангарав хаана байгааг асуухад нь би “яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Э.Т “чи таньдаг таксиндаа өгөөд явуулсан юм биш үү” гээд надаас асуугаад байсан. Э.Т бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би нэг ухаан ороход Э.Тын эрүүг пивоны шилээр зүссэн байсан. Би пивоны шил гартаа барьсан зогсож байсан. Тэгээд Э.Т “чи хурдан яв, цагдаа нар хүрээд ирнэ” гэж хэлсэн. Би “явлаа шүү гэж Э.Тд хэлэхэд” “яв, яв” гэхээр нь цаашаа гүйсэн...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21/, СиДинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тухайн хэрэг гарсан өдөр хохирогч, шүүгдэгч нар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, шүүгдэгч, хохирогч нар согтуурхаж өөр хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч нь хохирогчийн доод эрүүг пивоны шилээр зүссэнийг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад пивоны шилээр хүзүүгээ зүсүүлсний улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.С нь Э.Тыг пивоны шилээр зүсэж хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Сийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Сийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Тын “...гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Kaltenberg” нэртэй пивоны шил 3 ширхэг, шилний хэлтэрхий, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн маск 2 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Kaltenberg” нэртэй пивоны шил 3 ширхэг, шилний хэлтэрхий, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн маск 2 ширхэг зэргийг устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ