| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0070/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/83 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Иргэдийн төлөөлөгч С.Энхжаргал,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,
Хохирогч Б.*******,
Гэрч Л.*******,
Мөрдөгч С.*******,
Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 34 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2107000000283 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, , тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Нийслэлийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзсан.
- Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэж,
уг ялыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 123 дугаар зүйлийн 3-аар оногдуулсан 2 жилд, мөн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг багтаан нэгтгэж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийг журамлан Нийслэлийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулж тэнссэн 3 жилийн хорих ялаас 1 жил 6 сарын ялыг нэмж нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн,
- Нийслэлийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нийт 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялаас эдэлсэн 1 жил 1 cap 14 хоногийн ялыг оруулан тооцож, үлдэх 2 жил 10 cap 16 хоногийн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хорих ялаас үлдсэн 1 жил 8 cap 9 хоногийн ялыг тэнсэж суллагдсан.
- Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн 3 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан эдлэх 3 жилийн хорих ял дээр тэнсэн суллагдсан байсан 1 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүнийг 4 жил 8 сар 9 хоног хорьж шийтгэсэн.
- Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39, 16 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 9 хоногийн ялд 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил хорих ял шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг ялыг 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэхтогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял шийтгүүлж ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн ялыг өршөөн хасч 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан.
******* овогт *******гийн ******* /РД:/
2. Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 5, нөхөр 2 хүүхэд, хадам аавын хамт, , тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/19 дугаартай Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар “хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
- Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр , тоотод Б.*******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тоотод Б.*******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газар нэг удаа хутгалсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа буухад манай нөхрийн найз ******* уулзъя гээд дуудсан. Тэгээд автобусны буудал дээр таараад хоорондоо юм ярихад гэр лүүгээ чи нэг очооч ээ гэсэн. Тэгэхээр нь одоо очиж чадахгүй, эргэж очихгүй гэж бодож байгаа гэтэл хадам аавыгаа очиж харахгүй бол болохгүй шүү дээ гээд байхаар нь гэр лүүгээ очсон. Гэртээ очиход гэр аймар болчихсон 5, 6 хүмүүс архидаад сууж байсан. Хадам өмдөндөө баачихсан согтуу байсан. Тэгээд би нөгөө хүмүүсийг нэг нэгээр нь хөөж гаргахад манай нөхөр шал согтуу байсан. Хохирогч Б.******* гэрт үлдээд надтай бага зэрэг маргалдаж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилсон.” гэв.
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэг: “2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би найзуудтайгаа бас *******ийн нөхөртэй гэрт нь уусан. Гэтэл ******* ирээд бид нарыг гэрээсээ хөөж гаргасан. Удалгүй би гарчхаад орцноос нь *******тэй цуг буцаж орсон. Гэрт нь ороход Б.*******ийг хутгалсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг рүү аваачаад эмнэлэг дээрээс цагдаа руу очиход би хутгалсан юм гээд худал мэдүүлэг өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруутайгаа ойлгож байна. Тэгээд би хутгалсан гэж хэлсэн. Аавынх нь бие нь бас тааруу байсан. Би хутгалсан гээд хэлчихсэн юм.” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “*******, *******, *******ийн нөхөр бид хэд хар багын найзууд. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө би гэртээ байж байгаад утсаар руу залгахад хүрээд ир гэж хэлсэн. Би урд өдөр нь уучихсан байсан тул орохоосоо өмнө 100 грамм архи уучхаад яваад орсон. Ороход тэр хэд нэг шил архи задалчихсан байсан. Урд өдөр нь уучихсан байсан тул тэрийг нь уугаад тасраад унтаад өгсөн. Нэг сэрэхэд дахин архи ууж байсан. Тэр чигээрээ би унтсан. Яг юу болсныг гүйцэд санахгүй. Нэг мэдэхэд ******* орж ирээд хөөж байсан. Нөхөртэй нь хар багын найзууд тул үг сөрж хэрэлдэж маргалдсан. Би *******ийг санаатайгаар хүн хутгалах хүн биш гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэв.
Гэрч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хоёр хоногийн өмнөөс , ******* нартай гэрт нь архи ууж байсан. Гэрт нь аав нь хоол ундгүй, юу юу ч байхгүй, сүүлд архи өгөөд байхаар нь би хоёр хоногийн дараа гэртээ харьчхаад ******* лүү залгаад аав чинь ийм байдалтай байна гэж хэлсэн. ******* тухайн үед гэртээ байхгүй муудалцсан байсан байх. *******ийн нөхөртэй би хар багын найз, суухад нь цугт нь найз болсон. Архи дарснаас болж энэ хоёр муудалцаж салдаг. Гэрт нь ороход үнэхээр дэндүү байсан, энэ тэнд архины шил, тамхины иш, хог гээд замбараагүй байсан. Аав нь бас хэвтрийн хүн тул хоол ундгүй хэцүү байсан. Би тэнд хоёр өдөр байхдаа аавд нь шөл хийж өгсөн. Сүүлдээ аавд нь архи өгчихсөн байсан. Тэгэхээр нь орой нь би *******т аавд чинь архи дарс өгөөд, гэрт чинь архидан согтуураад болохоо больж байна гэж хэлсэн.” гэв.
Мөрдөгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц.*******ээс мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх, үүргийг нь сануулаад баталгаа гаргаж авсан. Би тухайн өдөр энэ хэрэгт томилогдож мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Цусыг материал авахад авсан байсан. Тэгэхээр урд өдөр нь авсан байх...Тухайн шөнийн 02 цагт Ц.*******ийг эрүүлжүүлсэн байсан. Миний бие маргааш өглөө нь 12 цаг өнгөрөөд буюу бараг 11 цагийн дараа мэдүүлэг авсан. Саатуулах байрны эмч нь өөрөө ирж хүнээ аваа одоо эрүүлжсэн гэхээр нь би *******ийг авсан. Тэгээд мэдүүлэг авах өрөөнд оруулаад эрх үүргийг нь тайлбарлаад архи чинь гарсан уу, одоо согтолтын зэрэг байна уу үгүй юу гэдгийг өөрөөс нь асуугаад мэдүүлэг авсан. Өөрөө зүгээр байна архи гарсан учир ам цангаж байна гэхээр нь ус өгөөд мэдүүлэг авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Б.*******ийн мэдүүлэг /хх 11-13/, хохирогч Б.*******өөс дахин авсан мэдүүлэг /хх 15/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 23/, гэрч Л.ийн мэдүүлэг /хх 25/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 29/, яаралтай тусламжийн хуудас /хх 79-80/, шинжээчийн 22 дугаартай дүгнэлт /хх 33-34/, яллагдагчаар өгсөн Н.*******ийн мэдүүлэг /хх 63/, яллагдагчаар өгсөн Ц.*******ийн мэдүүлэг /хх 67/, яллагдагчаар дахин өгсөн Ц.*******ийн мэдүүлэг /хх 72/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 8/, эд мөрийн баримтаар хураан авсан хутга, эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл , хохирогчид хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-95/
Шүүгдэгч Н.*******ийн өмгөөлөгчийн зүгээс: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, хохирог Б.*******ийн мэдүүлэг /хх 13-15/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 29/, гэрч н.Сарандэлгэрийн мэдүүлэг /хх 31/, гэрч Л.ийн мэдүүлэг /хх 31/, шинжээчийн 22 дугаартай дүгнэлт /хх 33-34/, яллагдагчаар өгсөн Н.*******ийн мэдүүлэг /хх 63/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээнүүд, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх 97-107/, хохирол төлсөн тухай баримтууд /хх 95/, хохирол төлсөн баримт /хх 138/, шинээр гаргаж өгсөн жирэмсний эход харуулсан зураг, 2 хуудас,
Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгчийн зүгээс: Ц.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 16-17/, шинжээчийн дүгнэлт /хх 36-37/, шинжээчийн 22 дугаартай дүгнэлт /хх 33-34/, шинжээчээр томилсон тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай шүүгдэгч Ц.*******ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Шүүгдэгч Н.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцуулж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч Ц.*******т 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 10 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...
...Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан, шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.*******, Ц.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Ц.*******т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, үүнээс шүүгдэгч Ц.******* нь 10 хоног цагдан хоригдсон тул уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж, нийт 220 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн Н.*******ийн өмгөөлөгч Г.Наранбаатар “...Шүүгдэгч Н.*******ийн зүгээс бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруу дээр маргахгүй байгаа тул прокуророос оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэх зүйлгүй. Шүүхээс хэдийгээр гэм буруутайд тооцсон ч гэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******д 2.700.000 төгрөгийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад, түүнээс ч өмнө хохирогч нь Н.*******ээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурдуулах саналтай байна.
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Хэрэг гарснаас хойш хохирогч Б.******* нь яаралтай эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэсний үр дүнд цаашид зовуурьгүй бүрэн эдгэсэн гэж хохирогч өөрөө хэлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эмчилгээг хийлгэсэн зэрэг нөхцөлүүд тогтоогдож байна. Ер нь бол айлд олон хоног архидан согтуурдаг, тараах гэхэд өөдөөс нь хэл амаар доромжилдог зэрэг үйл явдал тогтоогдсон учраас гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учрах нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна.” гэх,
Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр “...Ц.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хасуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Манай талаас хэргийг прокурорт буцаах байр суурьтай байсан боловч мөрдөгчийн өгсөн мэдүүлгээс шалтгаалж хэрэгт оролцох байр суурь өөрчлөгдөж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд худал мэдүүлэг өгсөн асуудал байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц.******* гэрчээр мэдүүлэг өгөх үедээ согтуу, хэвийн бус байсныг шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн согтолттой гэж тогтоосон. Шүүхийн хэлэлцүүлэгт цусыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан гэдгийг тогтоосон. Энэ худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг гарах цаг хугацаанд Ц.******* нь хүнд зэргийн согтолттой байсан байх тул 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ц.*******ээс гэрчийн мэдүүлэг авсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасныг зөрчиж авсан мэдүүлэг байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдсан гэрчээр өгсөн Ц.*******ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүйгээр нотлох баримтаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.
...Мэдүүлгийг 10 цагийн дараа авсан байна. Гэхдээ 10 цагийн дараа мэдүүлэг авахад эрүүл байсан гэдгийг ямар нотлох баримтаар яаж тогтоосон юм бэ? Тэр цус ер нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цус гэдгийг мөрдөгч ч хэлдэг. Энэ цус нь өөрөө хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг нотолж байна. Иймд хүнд зэргийн согтолттой байсан хүнээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар 8 дахь хэсэгт зааснаар уг гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзээд үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна.
...Миний үйлчлүүлэгч Ц.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр яллаж өгнө үү гэсэн саналтай байна. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь тооцуулж өгнө үү прокурорын саналыг дэмжиж байна” гэх,
Иргэдийн төлөөлөгч “...гэм буруутай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******, Ц.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 23-00 цагийн орчим , тоотод Б.*******ийг “гэрээс гар, зайл” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушгины уналт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******ийн өгсөн: “...манай нөхөр , *******, , , ******* нар жижиг өрөөнд архи уугаад сууж байхаар нь би бүгдийг нь зайлцгаа гэж хэлээд хөөгөөд нөхрийгөө алгадаад том өрөө рүү дагуулаад ороод загнаад зогсож байхад нөгөө хэд жижиг өрөөнөөс гараад явж байх шиг байсан. Тэгээд би хүмүүс гараад явахаар нь жижиг өрөө рүү цэвэрлэх гээд ортол ******* ганцаараа босоод суучихсан нэлээн согтуу байхаар нь би чи гар зайл гэхэд өөдөөс намайг чи муу миний найзын гэрт хүний хүүхэд дагуулж ирчхээд ингэж ярихгүй шүү гээд урдаас хэрэлдээд байхаар нь ширээн дээр байсан хутгыг аваад эргээд хартал ******* босоод ирж байсан ба хутгалсан чинь буцаад хойшоо унасан. Тэгээд л шууд ******* жижиг өрөө рүү ороод *******ийг цус алдаж байна яасан юм бэ гээд сандраад гүйж байгаад эмнэлэг дуудаад удалгүй эмч ирээд шууд аваад Налайх дүүргийн эмнэлэг яаралтай тусламжийн машинд дамнуургаар өргөөд ******* хажууд нь суугаад хөдөлсөн...айгаад зогсож байтал ******* над дээр ирээд миний найз 3 хүүхэдтэй. Бага хүүхэд чинь жоохон юм чинь найз нь хэргийг нь даая гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар араас орж ирээд юу болсон бэ гэхэд шууд ******* би хутгалсан юм гэж хэлэхэд цагдаа нар аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 63 дугаар тал/
1.2. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.*******ийн өгсөн: “...Үнэнийг хэлэхэд би дээрх гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн үед орцноос гарч яваад *******тэй таараад буцаад ортол ******* жижиг өрөөнд цээж нь цус болсон байдалтай байж байхаар нь ******* очоод фодволкыг нь сөхөөл хартал хутгалуулсан байсан...Тэгээд ******* уйлаад байхаар нь яасан бэ, юу болсон юм гэж асуухад ******* би хүн алчихлаа гээд уйлаад байхаар нь би тайвшруулаад би хэргийг нь хүлээчихье гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 67дугаар тал/
1.3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ийн өгсөн: “...эмнэлэгт хэвтэж байхад ******* ирж надад болсон асуудлын талаар ярьсан юм. Тэгэхэд ******* найз нь чамайг хутгалаагүй. ******* хутгалсан гэж хэлэхээр нь би бодоод байсан чинь *******тэй би маргалдаж байснаа санаад байгаа юм. Тэгэхээр намайг ******* хутгалсан юм байна лээ...Тэгээд дараа нь бодоод байхад *******тэй маргалдаж байсан... ******* өрөөнд орж ирсэн бид хоёр маргалдаж байсан. Тэгээд л цээжээр халуу түүгээд ухаан алдсан...******* надад хэлэхдээ би чамайг хутгалсан юмаа ******* намайг нялх хүүхэдтэй гээд хэргийг маань даачихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
1.4. Мөрдөн байцаалтад гэрчээр О.ийн өгсөн: “...би зөрөөд ортол үүдэнд ******* зогсож байсан ба цаана нь ******* том өрөөндөө г алгадаад зодоод байхаар нь чи муу ичээч аавыгаа хараач гээд алгадаад байхаар нь хажуу жижиг өрөө рүү нь ортол *******ийн фодволканы цээж хэсэгт нь цус болсон байхаар нь очоод лавлаад фодволкыг нь сөхөөд хартал суганаас нь цус гарч байхаар нь энэ яасан юм бэ гэхэд ******* санамсаргүй миний хутганд орсон гэж хэлэхээр нь би энэ арай дэндүү цус алдаж байна гээд шууд эмнэлэг дуудаад удалгүй ирэхээр нь хамтдаа эмнэлэг дээр очсон...
...Ингээд юу болов яав гэхэд ******* санаандгүй байдлаар ийм зүйл болчихлоо гэхээр нь би шууд яаралтай тусламж дуудсан. ******* санаандгүй байдлаар миний хутганд орчихлоо, санамсаргүй зүйл болчихлоо гэхээр нь би *******ийг хутгалсан юм байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23, 25 дугаар тал/
1.5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “...******* бид нарыг хараад учиргүй уурлаад би өөдөөс нь би өөдөөс нь яваад очтол үүдний өрөөнд намайг 2-3 удаа алгадаад архичингууд гэртээ бөөгнүүллээ гээд над руу дайраад хажуугаар зөрөөд жижиг өрөө рүү ороод бүгдийг нь зайл гэж хэлж хөөгөөд том өрөө рүү орохоор нь би араас нь дагаад ортол намайг хөгшин хэвтэрт байдаг аавыгаа бодохгүй, үр хүүхдээ ч хайхардаггүй яасан хүн юм бэ гээд загнаж байхад , бек нар гараад явж байх шиг байсан. Энэ үед би эхнэртээ загнуулаад орон дээр суугаад доошоо хараад сууж байтал унтсан юм шиг байгаа юм. Хэсэг зуур юу болсныг санадаггүй. Тэгээд гэнэт чимээгээр сэрэхэд цагдаа нар ороод ирсэн үзлэг хийж байхаар нь гайхаад юу болсныг тодруулахад ******* хутгалуулсан гэдгийг мэдсэн...Тэгээд хэд хоногийн дараа одоо сайн санахгүй байна ямар ч байсан ******* манай гэрт ирээд *******ийг чи хутгалсан шүү дээ би өмнөөс хэргийг чинь хүлээх гэтэл энэ хэрэг хүнд байна. Шоронд явж магадгүй юм байна. Тэгэхээр би үнэнийг хэлнэ гэж хэлэхээр нь би гайхаад юу болоод байгаа юм бэ гэхэд манай эхнэр ******* хутгалсан гэдгийг мэдсэн. Тухайн шөнө эмнэлэг дуудаад ирээд *******ийг авч явахаар нь дагаад эмнэлэг дээр ******* манай эхнэр ******* нар очоод хоорондоо ярилцаад *******ийг хутгалсан гэж хэлэхээр болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр тал/
1.6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/22 дугаар: “Б.*******ийн биед цээжний зүүн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийд хатгалт хийж гуурс байрлуулсан мэс ажилбарын дараах байдал /2021.12.05/ гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 34 дүгээр тал/
1.7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын бактериологийн шинжээч Г.Цаст-Оргилын 355 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хутганаас биологийн ул мөр болон цус илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 44-46 дугаар тал/
1.8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн шинжээч М.ын 168 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 49-51 дүгээр тал/
1.9. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 3-6 дугаар тал/
1.10. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 79-80 дугаар тал/
1.11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 96 дугаар тал/
1.12. Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 83-106 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******ийн цээжин тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушгины уналт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан “хүнд” зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.*******ийн цээжин тус газар нь хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/22 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 45 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ тоотод Б.*******ийг “би хутгалсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
2.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.*******ийн өгсөн: “...Үнэнийг хэлэхэд би дээрх гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн үед орцноос гарч яваад *******тэй таараад буцаад ортол ******* жижиг өрөөнд цээж нь цус болсон байдалтай байж байхаар нь ******* очоод фодволкыг нь сөхөөл хартал хутгалуулсан байсан...Тэгээд ******* уйлаад байхаар нь яасан бэ, юу болсон юм гэж асуухад ******* би хүн алчихлаа гээд уйлаад байхаар нь би тайвшруулаад би хэргийг нь хүлээчихье гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 67дугаар тал/
2.2. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******ийн өгсөн: “...Налайх дүүргийн эмнэлэг яаралтай тусламжийн машинд дамнуургаар өргөөд ******* хажууд нь суугаад хөдөлсөн...айгаад зогсож байтал ******* над дээр ирээд миний найз 3 хүүхэдтэй. Бага хүүхэд чинь жоохон юм чинь найз нь хэргийг нь даая гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар араас орж ирээд юу болсон бэ гэхэд шууд ******* би хутгалсан юм гэж хэлэхэд цагдаа нар аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 63 дугаар тал/
2.3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ийн өгсөн: “...эмнэлэгт хэвтэж байхад ******* ирж надад болсон асуудлын талаар ярьсан юм. Тэгэхэд ******* найз нь чамайг хутгалаагүй. ******* хутгалсан гэж хэлэхээр нь би бодоод байсан чинь *******тэй би маргалдаж байснаа санаад байгаа юм. Тэгэхээр намайг ******* хутгалсан юм байна лээ...Тэгээд дараа нь бодоод байхад *******тэй маргалдаж байсан... ******* өрөөнд орж ирсэн бид хоёр маргалдаж байсан. Тэгээд л цээжээр халуу түүгээд ухаан алдсан...******* надад хэлэхдээ би чамайг хутгалсан юмаа ******* намайг нялх хүүхэдтэй гээд хэргийг маань даачихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
2.4. Мөрдөн байцаалтад гэрчээр О.ийн өгсөн: “...Ингээд юу болов яав гэхэд ******* санаандгүй байдлаар ийм зүйл болчихлоо гэхээр нь би шууд яаралтай тусламж дуудсан. ******* санаандгүй байдлаар миний хутганд орчихлоо, санамсаргүй зүйл болчихлоо гэхээр нь би *******ийг хутгалсан юм байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23, 25 дугаар тал/
2.5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “......Тэгээд хэд хоногийн дараа одоо сайн санахгүй байна ямар ч байсан ******* манай гэрт ирээд *******ийг чи хутгалсан шүү дээ би өмнөөс хэргийг чинь хүлээх гэтэл энэ хэрэг хүнд байна. Шоронд явж магадгүй юм байна. Тэгэхээр би үнэнийг хэлнэ гэж хэлэхээр нь би гайхаад юу болоод байгаа юм бэ гэхэд манай эхнэр ******* хутгалсан гэдгийг мэдсэн. Тухайн шөнө эмнэлэг дуудаад ирээд *******ийг авч явахаар нь дагаад эмнэлэг дээр ******* манай эхнэр ******* нар очоод хоорондоо ярилцаад *******ийг хутгалсан гэж хэлэхээр болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр тал/
2.6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын химийн ахлах шинжээч Б.ын 353 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн “Ц.*******” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.*******” гэж хаягласан цусанд 3,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,4 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 37-38 дугаар тал/
2.7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын биологийн шинжээч Ц.ийн 354 дүгээр: “Шинжилгээнд ирүүлсэн ******* гэсэн хаягтай 000023821 дугаартай хуруу шилтэй цус нь ABO системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 40-41 дүгээр тал/
2.8 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 96, 110 дугаар тал/
2.9. Шүүгдэгч Ц.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 108-131 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.*******ийг би хутгалсан гэж худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, худал мэдүүлэг өгсөн нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Н.*******, Ц.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...гэм буруутай.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Мөрдөн байцаалтанд буцаах байр суурьтай оролцон, нотлох баримт судалж дууссаны дараа гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх, дүгнэлтийн шатанд Цагаатгах” тус тус саналыг гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь улсын яллагч Ц.Цэрэнбалжир яллах дүгнэлтдээ энэ гэмт хэрэг нь “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр...” үйлдэгдэн гарсан гэж бичсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх 79-80/, гэмтлийн эмнэлгийн өвчний түүх, 2021 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 02 цаг 25 минутад эрүүлжүүлэгдсэн карт зэргээр тогтоогдож байх тул энэ гэмт хэргийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 23-00 цагийн орчим гарсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.*******ийг 2021 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 02 цаг 25 минутад эрүүлжүүлж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минут буюу 10 цаг 20 минутын дараа мөрдөгч С.******* нь мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт авагдсан эрүүлжүүлэгдсэн карт, гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, мөрдөгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие маргааш өглөө нь 12 цаг өнгөрөөд буюу бараг 11 цагийн дараа мэдүүлэг авсан. Саатуулах байрны эмч нь өөрөө ирж хүнээ аваа одоо эрүүлжсэн гэхээр нь би *******ийг авсан. Тэгээд мэдүүлэг авах өрөөнд оруулаад эрх үүргийг нь тайлбарлаад архи чинь гарсан уу, одоо согтолтын зэрэг байна уу үгүй юу гэдгийг өөрөөс нь асуугаад мэдүүлэг авсан.” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож, өмгөөлөгчийн “...хүнд зэргийн согтолттой байсан хүнээс мэдүүлэг авсан.” гэх тайлбар, дүгнэлт нь үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах” зарчим баримтална, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, мөн зүйлийн 14.1.6-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх” гэж тус тус заажээ.
Гэтэл шүүгдэгч Ц.******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гэм буруу дээрээ маргахгүй” гэх боловч түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байна гэсэн харин миний хувьд хэргийг прокурорт буцаах байр суурьтайгаар оролцоно. Шүүх хуралдааны үе шаттай холбоотой санал хүсэлт алга”, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна”, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар 8 дахь хэсэгт зааснаар уг гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзээд үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна”, “...Миний үйлчлүүлэгч Ц.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр яллаж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй санал, тайлбар гаргаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд 2.730.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй буй үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээний зардалд 2.730.000 төгрөг төлсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, жирэмсэн, 2-14 насны 2 бага насны хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 11 хоногийг хасаж нэгтэн нийт 212 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт болон эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 20 см урттай, ажлын хэсэг 10 см, шар өнгийн бариул нь 10 см урттай хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон 11 хоногтой, шүүгдэгч нар нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.*******ийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 11 хоногийг хасаж нийт 212 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 20 см, ажлын хэсэг нь 10 см, шар өнгийн бариул нь 10 урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Ц.*******, Н.******* нар нь битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон нийт 11 хоногтой, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус өөрчилсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Ирээдүй, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Т.Итгэл нарт асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ