Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 2224000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 52 настай, эрэгтэй, * боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * оршин суудаг, *, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.Д

Шүүгдэгч Б.Д нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Худалдааны гудамжинд Ж.Бг түлхэж унагаах, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд баруун 10 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Худалдааны гудамжинд Ж.Бг түлхэж унагаах, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд баруун 10 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Бгийн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14-15 цагийн орчимд байсан байх би дэлгүүрээс нэг шил дэлгүүрээс авч талыг нь уучихаад төв дэлгүүрийн хажуугийн Бөөний төвийн хайсыг налаад зогсож байсан чинь Д нэг машинаас бууж ирээд юу болсон нь мэдэхгүй намайг түлхэж унагаад миний дээрээс дэвссэн, тэгэхлээр нь би хоёр тийш эхлээд займчаад байх шиг л байсан тэрхэн зуур багтарсан байсан, би босох гэсэн чадахгүй байхлаар нь эмнэлэг рүү залгаад дуудлага өгөх гэсэн чинь эхлээд цагдаагаа дууд тэгээд манайх очиж үзнэ гэж хэлсэн, тэгэхлээр нь би цагдаа руу дуудлага өгөөд намайг цагдаа нар ирж аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн, би болсон зүйлийн талаар хэлээд байж байтал эмнэлгийн машин ирээд намайг аваад явсан...Би нилээн халамцуу байсан, гэхдээ өөрийн үйлдлээ мэдэж байсан. Би Дд зодуулж байх үед бага зэрэг багтарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

-Гэрч Д.Р-н: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш би бөөний төвийн урд талын таксины зогсоол дээр машин дотроо сууж байтал бөөний төвийн урд талын хайсыг налаад зогсож байсан Б рүү Д очсоноо түлхээд газар унагаад өшиглчихөөд явж байгаа харагдсан. Харин Б нөгөө газраа суугаад үлдсэн, тэгэж байтал миний утсанд дуудлага ирээд би явчихсан. Хэрэлдээд байгаа бололтой л байсан, би юунаас болж маргалдаж муудалцсан талаар нь мэдээгүй. Бг Д түлхэж газар унагаад нэг удаа өшиглөж байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Яллагдагч Б.Дийн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 14 цагийн орчимд байсан байх би бөөний төвийн урдуур өгсөөд явж байгаад Ж.Бг зогсож байхлаар нь хажуугаар гараад явтал надаас архи уухуу гэж асуухлаар нь үгүй гэж хэлчихээд дэлгүүр орж тамхи авчихаад буцаж гараад урдуур нь явсан чинь чи хэзээ архи уухаа больчихсон юм бэ гээд эргүү балай амьтан бэ гээд хэл амаар доромжилж орилоод байхлаар нь буцаж очоод Ж.Бг түлхэж унагаагаад 2 өшиглөчихөөд явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

-Завхан аймгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 000000138 дугаартай: “...Ж.Бгийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Ж.Бгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Бгийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Дийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Б.Дийн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УРТНАСАН