| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02832/И |
| Дугаар | 02354 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 02354
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22 дугаар байрны гадаах өөрийн байранд байрлах, “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22 дугаар байр, 30 тоотод оршин суух, Д.Батболдод холбогдох 1,098,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Батболд нь орон сууцыг ашиглаж байсан хэдий ч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбоонд байрны цэвэрлэгээ, харуул, лифт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан, холбооны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түүнээс хойш “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооноос гурван удаа бичгээр анхааруулга хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2017 оны 6 сарын 1-ний өдрийн байдлаар орон сууц ашигласны төлбөр болох 1,098,900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй иргэн Д.Батболдод холбогдуулан 1,098,900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Батболдод холбогдуулан 1,098,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батболд төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэгч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Батболдоос 1,098,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,930 төгрөгөөс 15,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,465 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР