| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02748/И |
| Дугаар | 02364 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 02364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туулын 2-8 тоотод оршин суух, Хошууд ургийн овогтой Түүзэнгийн Лхамсүрэн /РД:ЧН62021806/-ийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэгт байрлах Айргийн эмнэлэгт бичээч нярвын ажлыг хийж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан болон орсон, гарсан тушаал халдвартын эмнэлгийн архивд олдохгүй мөн тус архиваас байхгүй гэсэн бичиг авсан. Одоо тэтгэвэр тогтоолгохын тулд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байгаа юм. Иймд намайг миний 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэлх 2 жил 8 сарын хугацаанд Айргийн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Лхамсүрэн нь 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Айргийн эмнэлэгт бичээч, нярваар ажиллаж байсныг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Т.Лхамсүрэн нь 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Айргийн эмнэлэгт бичээч, нярваар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд гэрч Д.Баасан /РД:ЦИ43062501/, З.Долгорсүрэн /РД:ЦИ49061506/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон тэдний Хөдөлмөрийн дэвтэр, Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Лхамсүрэн нь 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Айргийн эмнэлэгт бичээч, нярваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Лхамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР