Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0411

 

 

2015 оны 8 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0411

Улаанбаатар хот

 

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, М.М, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийдвэрт хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, тус дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаартай захирамжийн Д ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дугаар захирамжийн Т.Ц, Н.О, М.Н, Д.Н, Г.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр захирамжаар Д ХХК-д 5000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.5.3, 31.2, 33.1.2-д заасныг зөрчин төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэлгүйгээр эзэмшүүлсэн. Мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчин хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иймд тухайн захирамжийг хүчингүй болгохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д ХХК-д 2010 онд 549 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.2.3, 31.2, 33.1.2, 33.4т заасныг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн. Мөн 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.

Уг газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны төлөвлөгөөний дагуу 2014 оны захирамжаар А/240 дугаартай захирамжаар иргэн Т.Ц, Н.О, М.Н, Д.Н, Г.Т нарт олгосон гэжээ.

 

Гуравдагч этгээд иргэн Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...газар хүссэн өргөдлөө Баянгол дүүргийн Засаг даргад 2014 оны 01 дүгээр сарын 05 өдөр гаргаж өгсөн. Миний газар хүссэн өргөдлийг 2 сарын хугацаанд шийдвэрлэн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 тоот захирамжаар 1000 м2 газрыг 5 жилийн хугацаатай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "хүнсний ногоо тарих зориулалтаар" эзэмшихээр газрын гэрчилгээ гарсан. Иймд газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд иргэн Т.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: ..."Д" ХХК Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12-р сарын 01-ны өдрийн 549 дугаартай захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь Газрын тухай хуулийн 21.5.3-д заасан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэх заалтуудыг зөрчсөн байна.

Мөн эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд иргэн Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие Баянгол дүүргийн Өмч, газрийн харилцааны газарт "хүнсний ногоо тарих зориулалтаар" Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-зааснаар газар хүссэн өргөдлөө Баянгол дүүргийн өмч газрын харилцааны газарт 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн. Миний газар хүссэн хүсэлтийг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 тоот захирамжаар шийдвэрлэж 1000 м2 газрыг 5 жилийн хугацаатай 20 дугаар хороонд "хүнсний ногоо тарих зориулалтаар" эзэмшихээр газрын гэрчилгээ гарсан. Иймд газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд иргэн М.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт "хүнсний ногоо тарих зориулалтаар" Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар хүссэн хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг даргад 2014 оны 01 дүгээр сард гаргаж өгсөн. Миний газар хүссэн өргөдлийг 2 сарын хугацаанд шийдвэрлэж 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар 100 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ гарсан. Иймд газар эзэмших эрхийг хэвээр үлдээж, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд иргэн Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Н.О миний бие Баянгол дүүргийн Өмч, газрийн харилцааны газарт "хүнсний ногоо тарих зориулалтаар" Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар хүссэн хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг даргад гаргаж өгсөн. Миний газар хүссэн өргөдлийг шийдвэрлэж 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар 100 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ гарсан. Иймд газар эзэмших эрхийг хэвээр үлдээж, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "Д" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн "Д" ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дугаар захирамжийн иргэн Т.Ц, Н.О, М.Н, Д.Н, Г.Т нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. "Д" ХХК-д Дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр захирамжаар БГД-ийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд 5000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Үүний дагуу дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Газрын гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар болон гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 -р зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгоно" хэмээн заасан байдаг.

 

Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр "дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын судалгаа"-г гарган дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. Тус судалгаанд Д ХХК-ийг хамруулсан бөгөөд судалгаагаар тус газар нь Сүүлийн 2 жил газраа зориулалтаар нь ашиглаагүй бөгөөд одоогоор хоосон байгаа гэдэг нь тогтоогдсон байдаг. /Холбогдох нотлох баримтууд хэргийн материалд хавсаргасан болно/

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А287 дугаартай захирамжаар "дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дугаартай захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн".

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч нарын тайлбартай холбогдуулан үзвэл хариуцагч нь эзэмшил газраа ямар шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болохыг нарийн тодорхойлон шаардлага хангасан бодитой судалгаа хийж, дүгнэлт гаргаагүй, Мөн Хуулийн этгээдэд газар эзэмших эрх үүсээд мөн зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбаруудаар тогтоогдож байх тул..." гэжээ.

Гэтэл Д ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр анхны нэхэмжлэлээ гаргасан байдаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу шүүх хурал болох хүртэлх хугацаанд "Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар маргаан бүхий газрыг ашиглаагүй гэдгээ холбогдох нотлох баримтаар нотлоогүй юм.

 

Гэвч 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр нэмэлт нотлох баримт буюу "Жанлавын Билэгтхүүгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг авчирч газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар 2 жил дараалан ашиглаагүй гэсэн." хэмээн шүүгчийг төөрөгдүүлсэн.

Гэтэл дээрх Жанлавын Билэгтхүүгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Ж.Билэгтхүүг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байдаг.

Мөн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тус тус тогтоосон байдаг бөгөөд дээрх нотлох баримтууд нь Д ХХК болон БГД-ийн Өмч, газрын харилцааны албатай байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-нд заагдсан 2 жилийн хугацаанд хамааралгүй юм.

 

Д ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дугаар захирамжаар БГД-ийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд 5000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А287 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан үндэслэлүүд 2010-2013 он бус нь цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг бөгөөд дээрх үүргийг биелүүлээгүй, илт хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хэрэгт хамааруулан шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг шийдвэрлэнэ үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 549 дүгээр захирамжаар Хур хог цэвэрлэсэн гэсэн үндэслэлээр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 5000 м.кв газрыг Д ХХК-д аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, гэрээ байгуулан 0229799 дугаартай гэрчилгээ олгожээ.

           

            Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин газар эзэмших эрх олгосон, газраа хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасны дотор Д ХХК багтжээ.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчин хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар тухайн нэхэмжлэгч Д ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

           

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэх, 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан ...дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгах эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгайлан олгогдоогүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг дарга эдлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг дарга захирамж гаргахаар хуулиар харъяалуулан шийдвэрлэх асуудлыг түүний өмнөөс шийдвэрлэх эрхгүй бөгөөд Газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхэд энэ нь хамаарахгүй тул маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д ХХК-ийн захирал Ж.Б нь эрүүл мэндийн шалтгаантай байсан, тухайн хугацаанд маргаан бүхий газарт агуулахын барилга барихаар эскиз зургийг батлуулсан байхад хариуцагч дүүргийн Засаг дарга эдгээр байдлыг тогтоогоогүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн уг захирамжийн хууль зүйн үндэслэл болгосон хуулийн зүйл заалтууд нь хоорондоо зөрчилдөөнтэй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох нь захиргааны байгууллагын өөрийн үйл ажиллагаанд хамааралтай, түүний хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд эдгээрийг зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр газар эзэмших эрхийг олж авсан байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй тул хүсэлтийг хангахгүй орхисныг дурдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

       ШҮҮГЧ                                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 ШҮҮГЧ                                                                                    С.МӨНХЖАРГАЛ

 ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР