| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02326/И |
| Дугаар | 02366 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 02366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж,тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Э /РД :/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, байрлах, М холбогдох, Уын даргын 2017 оны 05 сарын 16- ны өдрийн Б-2-83 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан 596,250 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.Э нь У-ын Улаанбаатар татах хэсэгт 1981 оноос хойш ажиллаж байна. Тус байгууллагын Хүний нөөцийн тасгийн даргын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ үнэнч, шударгаар сахин биелүүлсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр У-ын даргын Б-II-83 дугаар тушаалаар Сахилгын шийтгэлийг ногдууллаа. Уг тушаалд “Тушаал шийдвэрийг үг, үсэг, утга найруулгын алдаатай буруу боловсруулж ажлын хариуцлага алдсан” гэсэн үндэслэлийг зааж, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан. Би хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгтээ харш аливаа үйл ажиллагааг хийгээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй болно. Энэхүү хуулийн болоод бодит үндэслэлгүй гаргасан тушаалын улмаас миний хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн хөдөлмөр бүтээл маань үргүйдэж байна. Иймд энэхүү сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулсны улмаас миний цалин хөлснөөс суутгагдсан 596,250 төгрөг суутгагдлаа. Миний сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулсны улмаас миний цалин хөлснөөс суутгагдсан 596,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э нь У-д 1981 оноос хойш ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын шийтгэл, арга хэмжээ авагдаж байгаагүй. Хөдөлмөрийн сахилгыг дээдэлж явсан. У-ын тэргүүний ажилтан байгаа. Энэ хүний хамгийн сүүлд авсан шагнал нь гэхэд Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн тэргүүний цол, тэмдгийг авч байсан. Гэтэл 2017 оны 05 сарын 16-ны өдрийн У-ын даргын Б282 дугаар тушаалаар Ө.Эт сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалд Ө.Э гомдол гаргаж байгаа. Тус тушаалын нэг дэх хэсэгт тушаал, шийдвэрийг үг, үсэг утга найруулгын алдаатай буруу боловсруулж, ажлын хариуцлага алдсан гэсэн зөрчлийг зааж энэ тушаалыг гаргасан байдаг. Гэвч Ө.Э нь ямар тушаалыг үг үсэг, утга найруулгын алдаатай буруу гаргасан гэдгийг мэддэггүй. Өөрөөр хэлбэл тодорхойгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа. Гомдол гаргаж байгаа шалтгаан нь гэвэл Ө.Э нь одоо тэтгэвэрт гарах гэж байгаа. Энэ тушаал нь Ө.Эын нэр төр, ажил хэргийн нэр төрийг илтэд дорд үзэж, халдсан байгаа. Энэхүү тушаалыг гаргахдаа 2017 оны 03 сарын 16-ны өдөр У нийгэмлэгийн дотоод аудитын хяналтын албанаас тус байгууллагад хяналт шалгалт хийсэн. Ийнхүү хяналт шалгалт хийгээд дүгнэлтийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл У нийгэмлэг нь Ө.Эын сахилгын зөрчил гаргасан гэж үзэж болох үндэслэлүүдийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр илрүүлсэн гэх үндэслэлтэй байдаг. Энэ шалгалтын дүнг харахад байцаагч Э.Б нь дүгнэлт гаргахдаа Ө.Э нь тушаал шийдвэрт үг, үсэг утга алдаатай буруу гаргадаг гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг бичихдээ Монгол хэлний 15 алдааг гаргасан байдаг. 2017 оны 04 сарын 06-ны өдөр дүгнэлт хийж гаргахдаа Ө.Э нь 2017 оны 05 сарын 15-ны өдөр шуурхай хурал хийхэд өөрийгөө юунд буруутгагдаж байгаа талаараа сонсдог. Аудитын дүгнэлт гарсны дараа Ө.Эт танилцуулаагүй. Энэ хүн өөрийгөө юунд буруутгагдаад байгааг мэдэхгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, эрх ашгаараа хохирсон. Ө.Э нь ямар үндэслэлээр буруутгагдаж байгаа вэ гэвэл 2016 оны 03, 2016 оны 04 сар гэх мэт тушаалыг буруу, алдаатай гаргасан гэдэг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т ажилтныг сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Гэтэл эдгээр зөрчлүүд нь жилийн өмнөх зөрчлүүд байдаг. Мөн ямар тушаалыг яаж алдаатай, буруу гаргасан талаар баримт байхгүй. Энэ нь Ө.Эын ажлын байрны тодорхойлолттой хэрхэн уялдаж байгаа талаар зааж өгөөгүй. Ийм учир энэ тушаал нь үндэслэлгүй байх нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Аудитын байцаагч энэ дүгнэлтийн 4 хуудсанд бичихдээ сахилгын шийтгэл ногдуулсан болон ажлаас халсан тушаал, үндэслэл болгож буй фактыг огноогүй, үйл баримтын талаар тодорхой дурдаагүй гэж актад дурдсан боловч өнөөдөр өөрсдийнх нь гаргасан тушаал нь үйл баримт нь тодорхойгүй, огноогүй зүйл гаргасан байгаа. Үүнд ямар тушаалыг үг, үсэг, утга найруулгын алдаатай гаргасан болохоор юунд Ө.Эт сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Мөн тухайн шуурхай хурлын тэмдэглэлийг нотариатаар батлуулаагүй байдаг. Жишээ нь тус тэмдэглэлд хуульчаас зөрчил мөн үү гэж асуухад зөрчил биш гэж хэлсэн байдаг. Мөн Ө.Эын гаргасан тушаал нь зөв, буруу эсэх үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх талаар ярилгүйгээр, тогтоолгүйгээр Ө.Эт сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлтэй байна. Шуурхай хуралд аудитын дүгнэлтийг танилцуулаагүй бөгөөд Ө.Э нь юунд шийтгэгдсэн гэдгээ одоо хүртэл мэдэхгүй байгаа. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр суутгасан 596,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ө.Э нь У нийгэмлэгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б-II-83 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсны улмаас цалин хөлснөөс нь суутгагдсан 596,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Ө.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: У нийгэмлэгийн Дотоод аудит, хяналтын албаны Хяналтын хэлтэсээс У нийгэмлэгийн Зүтгүүрийн аж ахуйн албаны “Улаанбаатар татах хэсэг”-т 2017 оны 4 дүгээр сарын 6- ныөдөр шалгалт хийсэн. Тус шалтгаанаар Хүний нөөцийн тасгийн үйл ажиллагаанд хэрэгжиж буй гэрээ, тушаал шийдвэрийн үндэслэл болон бүрдэл зэргийг шалгасан. Дээрх шалгалтын дагуу У-ын Удирдах газарт У-ын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Гук Н.А-ийн удирдсанаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дотоод аудит хяналтын албанаас Улаанбаатар дахь татах хэсгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн болон хүний нөөцийн шалгалтын актад тусгагдсан зөрчил дутагдлыг хэлэлцэхээр шуурхай хурал хуралдсан. Хүний нөөцийн тасгийн дарга Ө.Э нь Тушаал шийдвэрийг үг, үсэг, утга найруулгын алдаатай буруу боловсруулж, ажлын хариуцлага, алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №03 хурлын шийдвэрийг үндэслэн Ө. Эт үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ө.Энь Ажлын байрны тодорхойлолтын “В”-д зааснаар Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг судалж, бодлого чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлж, мэргэжлийн чадварлаг ажиллах хүчээр тасралтгүй хангах, хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтийг хийх, шилж сонгох, зөв байршуулах, тотвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн харилцааг зохицуулах, эрх зүйн баримт бичгүүдийг батлуулж, хууль, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллах, Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөлийн талаар АБТ-ын “Ё”-д зааснаар ...дээд боловсролтой, боловсон хүчний асуудлаар материал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, албаны нууцыг хадгалах, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг ажилд хэрэглэх дадлага туршлага, чадвартай ажилтан байна гэж заасан. Б.Э нь дээрх шаардлагуудыг хангасан хүн гэж У-ын Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэвч тус шалгалтаар тушаал шийдвэр гаргахдаа үндэслэл муутай, үг, үсэг, найруулгын алдаатай буруу боловсруулж гаргадаг нь тогтоогдсон тул Замын даргын шийдвэрээр 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б-II-83 сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Ө.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У-ын дотоод аудын хяналтын албанаас У нийгэмлэгийн зүтгүүрийн ажилтанд 2017 оны 04 сарын 06-ны өдөр шалгалт хийсэн. Дээрх шалгалтын дагуу хүний нөөцийн хэлтэст хэрэгжиж байгаа тушаал, шийдвэр, албан бичиг хэрэг хөтлөлтийн бүрдлийг шалгасан байдаг. Дээрх шалгалтын дагуу УУГ-т 2017 оны 05 сарын 15-ны өдөр санхүүгийн болон хүний нөөцийн шалгалтад үүссэн алдаа, зөрчлийг хэлэлцэхээр шуурхай хурал болсон. Энэ хурлаар Ө.Этай холбоотойгоор Ө.Э нь тушаал, шийдвэрийг үг үсэг, утгын алдаатай, буруу боловсруулсан, ажлын хариуцлага алдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, 2017 оны 05 сарын 15-ны өдрийн шуурхай хурлын 03 шийдвэрийг үндэслэж Ө.Эын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь буруулах шийтгэл ногдуулсан. Ө.Э нь У-д хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурж ажилладаг байгаа. Ажлын байрны тодорхойлолтын Б-д зааснаар хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг судалж бодлого, чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлж, мэргэжлийн чадварлаг, ур чадвартай, ажиллах хүчээр тасралтгүй хангах, хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт хийх, шилж сонгох, зөв байршуулах, тогтвор суурьшилтай ажлуулж , хөдөлмөрийн харилцааг зохицуулах, эрх зүйн баримт бичгийг зохицуулж, хуульд заасан үндэслэлтэй шийдвэр гаргах үндсэн чиг үүрэгтэй ажиллах. Мөн ажлын байрны тодорхойлолтын Ё-д зааснаар дээд боловсролтой, боловсон хүчний асуудлаар материал боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, албаны нууцыг хадгалах, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил эрхлэх, дадал, туршлагатай, чадвартай ажилтан байна гэх заалтуудыг тухайн тушаал, шийдвэр гаргахдаа зөрчиж илт үг үсэг, найруулгын алдаатай, үндэслэлээ бичээгүй 20-30 тушаал гаргасан байдаг. Ингэхдээ 2 сарын цалинг 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа 25-27 тушаалыг үндэслэсэн байгаа. Ө.Э нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрийн мэдлэг, чадварыг ашиглана гэж тухайн ажилд орсон боловч тушаал, шийдвэр гаргахдаа дээрх зөрчлийг гаргасан байгаа нь дотоод аудит хяналтын албанаас тогтоогдсон байгаа тул 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Б283 сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг гаргасан нь үндэслэлтэй байгаа тул Ө.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчимэгшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 03 сарын 16-наас 2017 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл У ХХН-ийн татах хэсэгт хяналт шалгалт хийсэн. Энэ ажил нь төмөр замын байгууллагад зөвхөн санхүүгийн албыг шалгаад хүний нөөцийн албан бичиг баримт боловсруулалтын шалгалтыг орхигдуулдаг байсан учир өнөөдрийг хүртэл Ө.Эыг ажиллах хугацаанд сахилгын шийтгэл аваагүй. Бидний шалгалт 1 жилийн хугацааг хамрах байсан бөгөөд миний шалгах ёстой ажил нь хүний нөөцийн бодлого төлөвлөлт, бичиг баримт боловсруулалт, хөтлөлт, хадгалалт, хамгаалалт, гэрээг үзэх ажлын хуваарьтай байсан. 2013 оны 07 сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын Г-д зааснаар ажлын байранд гүйцэтгэх үүрэг, хөдөлмөрийн гэрээ цуцлах гарах шийдвэрийг гаргах, зохион байгуулах, хяналт тавих, удирдлагаар хангах, шийдвэр гаргах ажлыг хангах гэх мэт хүний нөөцийн ажилтнуудыг удирдлагаар хангах үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Б283 сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаагаар бидний тушаал огноогүй, дугааргүй гэх мэт байна гэж байгаа боловч 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 656 дугаартай тушаалыг авч үзвэл энэ тушаалд он сар байхгүй, хэрэв шүүхийн шатанд энэ гаргасан тушаал нь ирвэл ямар үр дагавар үүсэхийг мэдэж байгаа. Иймэрхүү зөрчлүүд байсан. Тушаалуудад эрх зүйн үндэслэл тодорхойгүй зөвхөн гэрээг үндэслэдэг. Байгууллагын дотоод журам байсаар байхад байгууллагын дотоод журмыг үндэслэсэн тушаал ховор байсан. Хүний нөөцийн чиглэлээр ангилах ёстой байхад бүх тушаал нь нэг дугаартай явдаг. Байгууллагын даргын тушаалын үг үсгийн алдаа, тушаалд дурдсан галт тэрэгний нэр томъёог Монгол хэл рүү хөрвүүлэх ёстой байдаг. 30 гаруй жил ажилласан хүн энэ зэргийн туршлага, мэдлэгтэй байх ёстой гэж үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэл авсан байгаа. Тушаалыг хагас сар өнгөрсний дараа гаргасан байдаг. Ө.Э нь доороо 2 хүний нөөцийн менежертэй. Тухайн тушаал боловсруулахдаа хүний нөөцийн зааварлагч гэж хэд хэдэн тушаал гаргасан байдаг. Эдгээр тушаалыг хянах боломжтой байсан гэж үзэж арга хэмжээг ногдуулсан. Иймд шалгалтын тайлан үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэгдэж байгаа гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э нь М холбогдуулан Уын даргын 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан 596,250 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар дараах үйл баримт тогтоогдож байна.
нийгэмлэг Уын даргын 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, "У" нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн "а" заалт, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Гук Н.А-ийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцийн тасгийн дарга Ө.Эыг "Тушаал шийдвэрийг үг, үсэг, утга найруулгын алдаатай боловсруулж ажлын хариуцлага алдсан" гэх шалтгаанаар түүний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 3 дугаар тал/
"У" нийгэмлэгийн Зүтгүүрийн аж ахиуйн албаны Улаанбаатар татах хэсэгт шалгалт хийхээр Дотоод аудит, хяналтын албаны Санхүүгийн тайлангийн аудитор Д.С, Ч.Х, Ц.О, Д.Юн, Л.О, хяналтын байцаагч Э.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр СТ-61/01 дугаар бүхий удирдамж, хөтөлбөрийн дагуу шалгалтыг 2017 оны 03 сарын 16-ны өдөр эхлэн явуулж, шалгалтын дүнг 2017 оны 04 сарын 06-ны өдөр Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг, ТЧ-2 Н.Хуяг-Эрдэнэ нарт танилцуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байхад нэхэмжлэгч Ө.Эын гаргасан гэх сахилгын зөрчлийг 20 17 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр илрүүлсэн боловч 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын тушаалын хуулбарыг гаргаж өгсөн байх боловч уг тушаалыг нэхэмжлэгч Ө.Э хянасан эсэх, түүний ажлын хариуцлагагүйгээс үг, үсэг, утга найруулгын алдаатай тушаал гарсан болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Ө. Эын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар буруулснаас 596,250 төгрөг олгогдоогүй тухайд маргаагүй гэж тайлбарласан болно.
Иймд Уын даргын 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 596,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 заасныг баримтлан Уын даргын 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Уаас 596,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Эт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Уаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай .
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. АЗБАЯР