Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Бямбадагвын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 77 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн 2202000930061 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс Торгууд, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, охин, эгч, дүү нарын хамт *******  тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 204 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлсэн,

*******ийн ******* /РД:*******/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын нутгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 87.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ********* тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Би ноднин жил 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сум руу явж төвд нь очоод өвс гэх ургамлыг бага зэрэг түүж авчраад Налайхад Бадралд ирээд байшингийн завсар хийсэн байсан. Түүнээс нэг удаа л хэрэглэж үзсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-16/,  хүний биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 21-22/, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх 27/, шинжээчийн 850 дугаартай дүгнэлт /хх 42-44/, шинжээчийн 849 дугаартай дүгнэлт /хх 48-50/, яллагдагчаар өгсөн О.*******ийн мэдүүлэг /хх 62-63/, сэтгэцийн шинжээчийн 171 дугаартай дүгнэлт /хх 54-55/, ял шалгах хуудас /хх 67/, 60 дугаартай шийтгэх тогтоол /хх170-172/, шүүгчийн захирамж /хх 74-77/,  эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 78/, эд мөрийн баримтаар хураан авсан сиди бичлэг /хх-ийн 86-89/, ял шийтгэгдсэн тогтоол биелэгдсэн тухай баримт /хх 104-110/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...шүүгдэгч О.*******ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай ногоон өнгийн нунтаг 87.8 грамм жинтэй ургамал мэт зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, хэрэгт хавсаргаж шүүхэд ирүүлсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргаж үлдээх саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, О.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 87.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар дээрх бодисыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9-24 тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.*******ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын нутгаас очиж бага зэргийг гялгар уутанд түүж авсан. Би ******* сум руу ганцаараа хот хоорондын замын машинд сууж явж ирсэн. Сумын төвөөс нь хойшоо алхаж байгаад түүсэн. Тэгээд авчраад ******* тоот хашаанд аваачиж хадгалсан. Тэгээд уг өвчнөөс авчирснаасаа хойш хэрэглэхгүй байж байж байгаад нэг удаа тамхи шиг цаасанд ороож татаж хэрэглэсэн. Тэгээд үлдсэн өвсөө гялгар ууттай нь хамт байшингийн ард хадгалчихсан байсан. Тэгээд би цагдаа нарт баригдахдаа сайн дураараа гаргаж өгсөн. Өвсөндөө ахуйн газ шингээж галаар хатаагаад хэрэглэвэл үйлчлэл өндөртэй байдаг гэж сонсож байсан. Өөрөө тэгж яг хийж үзээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 62 дугаар тал/

2.  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 11-16  дугаар тал/

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 17-20  дугаар тал/

4. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 21-22 дугаар тал/,

5.  Эрүүгийн 220200093 дугаартай хэрэгт хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 25-26 дугаар тал/

6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/хх-ийн 27 дугаар тал/

7. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч Б.Цогбаярын 850 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.  Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцод багтдаг болн... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 43-44 дүгээр тал/

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч Б.Цогбаярын 849 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн ******* 2022.01.20 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ******* 2022.01.20 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 49-50 дугаар тал/

            9. Шүүх эмгэг сэтгэц судлалын 171 дугаартай: О.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.******* нь сэтгэцийн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна...О.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. О.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.******* нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. гэх дүгнэлт,

            /хх-ийн 55 дугаар тал/

            10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 67 дугаар тал/

            11. Шүүгдэгч О.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 63-78 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 87,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

  Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Марал-Эрдэнэ нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.

Бусад асуудлаар

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн нунтаг гялгар уутны хамт 108,7 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч О.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

   4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  болгон өөрчилж, түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн нунтаг гялгар уутны хамт 108,7 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

   6. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ