Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар   2022/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        02          15                                     2022/ШЦТ/151

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Э.Билгүүн (томилолтоор);

 

Шүүгдэгч: Д.Н;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Мөнхтуяа;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:  ;

           

Шүүгдэгч Д.Н регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1957 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 65 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  , урьд:

 Нийслэлийн шүүхийн 1973 оны 05 сарын 08-ны өдрийн 40 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Улаанбаатар хотын Найрамдлын Районы ардын шүүхийн 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155-ын 2-В-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 6 cap хорих ял шийтгүүлж, 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 673 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Д.Н нь урьдын таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр, “дарамталдаг” гэх шалтгаанаар 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар сургуулийн хойд талд Э.Г-ийн зүүн гуя хэсэгт нь хутгалж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын  07-ны өдөр Э.Г-тай айлд таарсан. Би Э.Г-т зодуулж, тариа хийлгэж байж хөл дээрээ босож байсан. Намайг доромжлоод байхаар нь би гэртээ очоод бор иштэй хутга авч гараад Э.Г-тай уулзвар дээр таараад гуянд нь нэг, гаранд нь нэг удаа хатгасан. Гэртээ очоод байж байтал араас цагдаа орж ирээд хутга хаана байна гэж асуухад нь “тэр модон доор байгаа” гэж хэлээд хутгыг нь гаргаад өгсөн. Би “чамаас хариугаа авна шүү” гэж өөрт нь хэлж анхааруулсан. Би зүгээр байхад нь тэгээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г  мэдүүлэхдээ: “2021 оны 11 сарын 07-ны өдөр ахынхаа найзынд Д.Нтэй таарсан. Эрдэнэ, Д.Н бид 3 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи уугаад Д.Н бид хоёр маргалдсан. Тэгээд Д.Н гараад явчихаар нь би бас “харилаа” гээд гэр лүүгээ явж байтал 58 дугаар сургуулийн ард Д.Нтэй таарсан. Ардаа хутга нууж ирээд үгийн зөрүүгүй гуянд 2 удаа, бөгсөн дээр 1 удаа хутгалчихаад шууд яваад өгсөн. Одоо хүртэл сорив нь арилаагүй байгаа. Энэ гэмтлээс болж би ажилдаа ч явж чадаагүй. Урьдын асуудлаас болж маргалдсан. Эгч, ахаасаа 450.000 төгрөг зээлж аваад 500.000 төгрөгөөр эм тариа хийлгэсэн. Эмчилгээний боолтод дүүгийнхээ машинтай явж байсан. Хохиролд 350.000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, түргэн тусламжийн хуудас /хх-ийн 17/, Э.Г-ийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 21-23/, хохирогч Э.Г /хх-ийн 26-27, 28-29/, гэрч С.Энх-Эрдэнэ /хх-ийн 35-36/ нарын мэдүүлэг, Э.Г-ийн биед  үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11231 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/, Д.Нгээс Э.Г-т хохирол төлсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 43-44/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45/, Д.Нн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-55/, Д.Нн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 58, 60-72/, Д.Нн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь урьдын таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр, “дарамталдаг” гэх шалтгаанаар 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар сургуулийн хойд талд Э.Г-ийн зүүн гуя хэсэгт нь хутгалж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Э.Г-ийн /хх-ийн 26-27, 28-29/: “...Энх-Эрдэнэ ах бид 2 нэг шил архи ууж байхад Д.Н орж ирээд гарсан. Тэр үед хальт маргалдаад өнгөрсөн. Гэхдээ зодож цохисон зүйл байхгүй. ...орой 17 цагийн үед гэртээ харих гээд явж байхад 58 дугаар сургуулийн ард Д.Н өөдөөс ирж таараад зам дээр уулзахад нуруугаа үүрсэн байсан. Үгийн зөрүүгүй шууд зүүн гуя хэсэгт 2 удаа хутгалчихаад яваад өгсөн. Би тэр газар нь жаахан хэвтэж байгаад буцаад Энх-Эрдэнэ ахын гэрт очиж эмч, цагдаа дуудсан. ...бид хоёр бие биеэ таньдаг хүмүүс болохоор уулзаж ярилцаад надад хохирол болох 350.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгээр,

 

 гэрч С.Энх-Эрдэнийн /хх-ийн 35-36/: “...Э.Г “хөдөө явж байгаад ирлээ” гээд манайд ирсэн. Тэгэхэд манай найз Д.Н гаднаас ороод ирсэн. Ер нь бол Д.Н манайд байнга ирж миний ус түлээг дөхүүлж өгдөг. Д.Н, Э.Г 2 хоорондоо жаахан таарамжгүй байдаг. Тэр өдөр Д.Н орж ирээд сууж байгаад гараад явсан. Гэтэл орой нь Э.Г “Д.Н намайг хутгалчихсан” гээд ороод ирсэн. ...одоогоос 1 жилийн өмнө манай гэрт архи ууж сууж байгаад Э.Г Д.Нг зодоод хамраас нь цус гаргаад зугтаагаад явчихсан. Үүнээс болоод Д.Н Э.Гийг үздэггүй юм...” гэх мэдүүлгээр,

 

Э.Г-ийн биед “зүүн гуянд шарх” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11231 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 39-40/,

 

Д.Нн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 6-7/: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед би гэртээ байж байгаад, Энх-Эрдэнэ гэх найзынхаа гэрт очсон. Гэтэл тэдний гэрт Ганхуяг байж байсан. Тэгээд намайг хэл үгээр доромжлоод байсан. Юу гээд байгаа нь сонсогдож өгөхгүй байсан. Тэгж байснаа босож ирээд, намайг заамдаж авсан. Ер нь намайг дарамтлаад байдаг. Тэгэхээр нь салаад гарч яваад гэрт байсан бор иштэй хутгыг аваад буцаж явсан. Ганхуяг замд 58 дугаар сургуулийн ард надтай таарсан. Тэгэхээр нь би гуя руу нь нэг хатгаад, дахин нэг хатгах гээд хутга хүрээгүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.Нд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн зүүн гуя хэсэгт хутгаар хатгасан болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг хутгаар хатгасан, хохирогч нь бусдад хутгаар хатгуулсны улмаас гэмтсэн, шүүгдэгчийн хүнийг хутгаар хатгасан үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Н нь Э.Г-ийн зүүн гуя  хэсэгт хутгалж хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Нн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрлөөс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн;

 

хохирогч гомдол, саналгүй болсон;

 

хохирогчид төлөх төлбөргүй;

 

урьд 5 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан;

 

Д.Нн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Н зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 350.000 төгрөгийг хохирогч Э.Гт нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Нг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                                               

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ