Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/300

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2020/0280/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө-,

Шүүгдэгч Д.Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 2018003670318 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Нөмөр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, Т**с з*м ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух Д.Т-,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д.Т- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* гэх газар “Т**с-З*м  зам” ХХК-ны чулуу бутлуурын үйлдвэрт ажиллаж байсан П.П.Б- конвейрийн ременьд хавчуулагдаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Авто замын барилгын ажил явагдах явцад эрсдэл гарч хүний алтан амь нас үрэгдсэн. Ийм явдал болсонд гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.       

Эрүүгийн 2018003670318 дугаартай хавтаст хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

Амь хохирогч П.П.Б-ы ажилд орохыг хүсэгчийн анкет /хх 39/,

“Т**с-З*м  зам” ХХК болон П.П.Б- нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ /41-42/,

 

            Хохирогч П.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 23-ны орой 21 цагийн орчим би Дарханд байдаг манай авга эгч С-ль над руу утсаар залгаад дүү чинь ажил дээрээ осолд орсон байна хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би эгчийндээ ирээд бүгдээрээ хамтдаа Шарын гол руу явсан юм. Тэгээд гэртээ очоод л нас  барсан талаар мэдсэн юм.

...Би эхээсээ хоёулахнаа. Тэгээд одоо төрсөн дүүгээ алдаж байгаад маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 46-47/,

 

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед П.Б- өдрийн ээлжинд чулуу бутлуурын үйлдвэр дээр гарч байсан бөгөөд бид 2 нийлээд ажиллаж байтал чулуу бутлуурын кониверийн нэг тал нь чулуунд хахаад гацсан. Тэгэхээр нь П.Б- бид хоёр бүх ажлаа зогсоогоод чулуугаа цэвэрлэж байтал Х- ах ирж бид 3 нийлээд чулуугаа гаргаж байтал Х- ах төмөр авах гээд бетон цех орсон. Тэр хооронд би П.Б-ыг холдуулж байгаад кониверийг ажлуулж үзсэн чинь ажиллаж байсан. Тэр үед Х- ах ирж таарсан. Тэгтэл дахин конивер чулуунд хахаж зогссон бөгөөд цаанаас А- ах ирсэн. Тэгээд бид хоорондоо ярилцаж байгаад Х- ахыг конивер ажпуулдаг операторын байр руу товчлуур даруулахаар явуулсан. Тэгээд бид нар холдож байгаад товчлуурыг даруулсан чинь конивер ажилласан бөгөөд дахиад нэг чулуу орчихоор нь тэр чулууг авах гээд А- ах гараараа түр зогсоох дохио Х- ах руу өгсөн. Энэ үед Х- ах зогсоосон бөгөөд А- ах дөнгөж эргэтэл конивер ажлаад эхэлсэн. Энэ үед П.Б- кониверын доороос чулуу авч таараад хавчуулагдаж нас барсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/,

 

Гэрч Р.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б-, Х-, П.Б- нар чулууг авч гацааг гаргах гээд байж байсан. Тэгээд би тэд нар дээр очоод тусалсан боловч том чулуу орсон байсан учраас дийлдэхгүй байсан. Тэгэхээр нь бид 4 хоорондоо ярилцаж байгаад моторыг нь асааж ажиллуулж үзье гэж шийдээд Х-ыг чулуу бутлагч үйлдвэрийн кониверийг ажлуулдаг товчлуурыг даруулах гээд операторын өрөө рүү оруулсан. Тэгээд надтай хамт байсан Б-, П.Б- 2-ийг холдуулж байгаад нэг ажиллуулж үзсэн чинь ажиллаж байсан бөгөөд Х- буцаагаад моторыг зогсоосон. Тэгэхээр нь би наахан талаас нь ажлуулж болохгүй шүү гэж гараараа дохичхоод эргээд нөгөө 2 дээр очих гээд дөхөж эргэтэл цахилгаан мотор ажиллаж Б- хөөе зогсоогоорой гэж чанга орилсон. Тэр үед би бас цаашаа Х- руу зогсоо гэж орилоод Б-, П.Б- 2 дээр яваад очтол П.Б- кониверийн завсар хавчуулагдаад нас барсан байдалтай харин Б- хажууд нь орилоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх 50-51/,

 

Гэрч Х.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Т**с-З*м ХХК-д төслийн ерөнхий инженерийн ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд 1 жил орчим ажиллаж байна. Би өөрөө яг талбай дээр очиж гардаж ажил төрөлтэй нь танилцаж ажлын зааварчилгаа өгдөггүй, тэнд ажиллаж байгаа инженерүүдэд үүрэг зааварчилгаа өгч ажлыг явуулдаг.

...2020 оны 06 сарын 23-ны өдөр би өөрийн оффис дээр байтал бутлуурын үйлдвэр дээр осол гарчихлаа гэж хэлэхээр нь би санхүүгийн ажилтан Б- руу утсаар ярихад Шарын гол сумын төвд явж байна гэж хэлэхээр нь үйлдвэр дээр осол гарчихлаа хүрээд ир гэж хэлчихээд чулуу бутлуурын үйлдвэр рүү дөхөж очоод А- ахтай уулзаад юу болсон талаар асуухад П.Б- гэх залууг нас барчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Шарын гол сумын төвд ажилтай явж байхад манай инженер Ж- над руу утсаар залгаад “чулуу бутлуурын үйлдвэрийн реминд П.Б- гэх залуу ороод хавчуулагдчихлаа хурдан хүрээд ирээч” гэж дуудахаар нь би тэр доороо яваад очсон бөгөөд замаараа Шарын гол сумын Эрүүл мэндийн төв болон Онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Тэгээд кемп дээрээ очоод чулуу бутлуурын үйлдвэр дээр очиход Х- гэх залуу ухаан алдчихсан байдалтай байсан. Хамт ажиллаж байсан А-, Б- нартай уулзаж юу болсон талаар асуухад “чулуу бутлуурын доор чулуу орж хавчуулагдсан байсныг гаргаж авах гээд оролдож байхдаа Х-ыг операторын өрөө рүү оруулаад наанаас нь гараараа дохио өгч асааж унтраалгаж байхдаа битгий дараарай гээд гараараа дохио өгсөн чинь товчлуурыг Х- дарж ажиллуулснаас болж П.Б- хавчуулагдсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 54-55/,

 

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19/2020/04 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчигдсөний улмаас хүний амь үрэгдсэн үйлдвэрлэлийн осол гарсан.

2. а/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх” гэсэн заалт,

б/ Ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, зааварчилгаа өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч болох Д.Д.Т- хангуулан ажиллах ёстой. /хх 61/

 

“..Шинжилгээнд ирүүлсэн П.П.Б-ы цусанд болон ходоодны агууламжинд спирт илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 65-66/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

1.Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн хавсарсан гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь үйлдвэрийн ослын үед, чулуу бутлуурын механизмын ажиллах үед үүсгэгдэх боломжтой.

3.Талийгаачийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3. 3.1.12-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтэл учирсан даруйд нас баржээ.

5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

6.Талийгаачийн цусанд спирт илэрсэнгүй.

7.Талийгаачийн цусны бүлэг ВIII, Rh-/+/ байна. /хх 73-79/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 83-84/,

 

Гэрч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 06 сарын 23-ны өдөр би Шарын гол суманд байх гэртээ амарч байсан юм. Тэгсэн чинь манай байгууллагын нягтлан Б-а гар утсаар залгаад 16 цагаас 20 цаг хүртэл хүрч ирээд ажилчих гэж хэлсэн. Тэгээд ажил дээрээ очсон юм. Тэгээд би Б-, А- болон талийгаач П.Б- нарын хамтаар чулуу бутлуурын үйлдвэр дээр очиж ажиллахаар явсан юм. Тэгээд тухайн хэсэгт очоод ажиллаж байгаад үйлдвэрийн осол болсон юм. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /хх 88/,

 

Хохирогч П.М-н хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх 102-119/,

 

“Т**с-З*м  зам” ХХК-ийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй, аюулгүй ажиллагааны журам, зааврыг батлах, танилцуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих албан тушаалтныг тушаалаар томилж үүрэгжүүлээгүй тул Х.Ж-, М.Б-, Р.А-, С.Б-, А.Х-, П.П.Б- нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19/2020/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 122/,

 

Хастаубай овогт Правдагийн П.Б-ы 2020 оны 06 сарын 23-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /хх 135/,

 

Шүүгдэгч Д.Д.Т-аас хохирол төлбөрт 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх 176/,

Хохирогч П.М-с гаргасан: “...миний бие яллагдагч Д.Д.Т-тай эвлэрч 30 000 000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх нэхэмжлэлээс татгалзаж байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан гомдол санал байхгүй, яллагдагчийн гаргасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжиж байна. Шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх 177/,

 

Шүүгдэгч Д.Д.Т-аас гаргасан: “... Хохирогчтой эвлэрсэн. Хохирогчийн ар гэрийн зүгээс гомдол саналгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх 178/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д.Т- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* гэх газар “Т**с-З*м  зам” ХХК-ны чулуу бутлуурын үйлдвэрт ажиллаж байсан П.П.Б- конвейрын ременьд хавчуулагдаж нас барсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ

 

Иймд шүүгдэгч Д.Д.Т-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч П.М- “...миний бие яллагдагч Д.Д.Т-тай эвлэрч 30 000 000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх нэхэмжлэлээс татгалзаж байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан гаргах гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /хх 177/ гаргасан байх тул шүүгдэгч Д.Д.Т-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Т- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Т-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Д.Д.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Д.Т-т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д.Т-т мэдэгдсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д.Т- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            6.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ТӨМӨРХҮҮ