Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

 

 

     2022         01         21                                           2022/ШЦТ/94

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Я.Мөнхзаяа;

 

Шүүгдэгч: Д.М (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:  ;

           

Шүүгдэгч Д.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Эрчист Гүрэн” ХХК-нд газрын менежерээр ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.М нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02-03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол 3 дугаар сургуулийн баруун талд өөрт нь үйлчилж байсан дуудлагын жолоочтой маргалдаж, дуудлагын жолоочийг авахаар ирсэн иргэн Л.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.М-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.О /хх-ийн 14-16/, гэрч Д.Амартүвшин /хх-ийн 17-19/, гэрч П.Ганпүрэв /хх-ийн 24-26/ нарын мэдүүлэг, Л.Оын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, Д.М-ны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-48/, Д.М-ны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, хохирогч Л.Оын хүсэлт /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02-03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн баруун талд иргэн Л.Отай маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Л.Оын /хх-ийн 14-16/: “...би 2018 оноос хойш “Экспресс тур транс” ХХК-нд дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг ажил хийж байгаа. ...2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 03-04 цагийн орчимд “Скай” Их дэлгүүр дээр дуудлагын жолооч авах дуудлага ирж манай жолооч Амартүвшин тус дуудлагад очсон. 30-40 минутын дараа өөрийн дугаараас миний утас руу залгаад “үйлчлүүлэгч нартай маргаан болоод байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн “Тоёота Приус” маркийн 9603 УНЕ улсын дугаартай машинаар Монгол 3 дугаар сургуулийн баруун талд очсон. Очиход дуудлагын жолооч Амартүвшинтэй жолооч дуудаж авсан 2 залуу маргалдаад зогсож байсан. Би очоод “юу болсон” талаар асуухад 25-30 орчим насны халамцуу залуу “чамд ямар хамаатай юм” гээд маргалдаж намайг 1-2 удаа цохисон. Тэгээд би зууралдаж газарт унаж ноцолдож байгаад салсан. Ноцолдож байхад Амартүвшин цагдаа дуудсан. Миний биед учирсан гэмтэл 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой үүссэн. Нэлээн согтуу байсан, 25-30 орчим насны нэг залуу 2 удаа нүүрэн тус газарт цохиж, ноцолдож байх үед үүссэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Амартүвшингийн /хх-ийн 17-19/: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02:53 цагт “Скай” Их дэлгүүрийн зогсоол дээр дуудлагын жолооч авъя гэсэн дуудлага ирж тэр газарт 03 цагт очиход хөх өнгийн “Тоёота Сай” маркийн 0679 дугаартай автомашин дотор 2 залуу сууж байсан. Өөрийгөө дуудлагын жолооч гэж танилцуулаад хаана хүргэх талаар асуухад 32-ийн тойрог орно гэж хэлсэн. Машиныг нь бариад хөдлөөд явж байхад нэг залуу нь буруу замаар явлаа гээд хэл амаар доромжлоод байсан. Жолооч нь бололтой нэг залуу нь “манай найз согтуу байгаа, уучлаарай” гэсэн. Тэгээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараар хойшоо эргэхэд намайг хажуугаас нэг удаа цохиод авсан. Тэгээд би машиныг нь замын хажууд зогсоогоод машинаас буухад тэр залуу бууж ирээд над руу хаагуур яваад байгаа юм гээд дайрсан. Тэгээд би захирал Одбаяр руу залгаад “маргаан болоод байна” гэж хэлсэн. Захирал удалгүй ирээд нөгөө залууд юу болоод байгаа талаар асуухад “чамд ямар хамаатай юм , чи хэн юм” гээд нүүрэн дундуур нь 2 цохиод авсан. Тэгээд тэр 2 зууралдаад газарт унахаар нь машины жолооч залуу бид 2 салгасан” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Ганпүрэвийн /хх-ийн 24-26/: “...машины жолооч утсаар ярьтал нэг хүн ирээд “яасан, юу болсон” талаар асуухад Д.М “чамд ямар хамаатай юм” гээд агсраад байсан. Нөгөө хүн “юу гэнэ ээ” гэсэн чинь Д.М нүүр рүү нь 2 удаа цохичихсон. Тэгээд тэр 2 зууралдаад газарт өнхөрсөн, дуудлагын жолооч залуу бид 2 очиж салгасан...” гэх мэдүүлгээр,  

 

Л.Оын биед “тархи доргилт, дух, баруун чамархай, уруул, хэл, зүүн чих, хамар, хоёр гуянд цус хуралт, хамар, хоёр хацар, дээд уруулын баруун дээд хэсэг, баруун бугуйд зулгаралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11264 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 34-35/,

 

Д.М-ны яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-9/: “...гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хэт согтуурхаж бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн, хэрүүл маргааныг эв зүйгээр шийдэх гэж оролдсон  хохирогчийг хүч түрэмгийлэн зодсон болохыг хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.М нь Л.Оыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.М-ны гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Л.Оын “...гомдол саналгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.М-ны “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдаг хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ