| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 41 дүгээр байр, 20 тоотод оршин суух, Пүрэвхүүгийн Аюушжав /РД:ТВ71091775/-ын нэхэмжлэлтэй Отгонтүлхүүрийн Үүрийнтуяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.Аюушжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Аюушжав миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн О.Үүрийнтуяад амьдралын нэлээд хүнд байдалд, жирэмсэн өнөө маргаашгүй төрөх болчихсон, ээж, аав нь хөдөө ирж чадахгүй гээд орох оронгүй байхад нь тусалж 520,000 төгрөгийг хүүгүйгээр 20 хоногийн хугацаатай зээлсэн. Үүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Харин О.Үүрийнтуяа хугацаандаа мөнгөө төлөөгүй, хөдөөнөөс ээж, аавыгаа ирэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна. Сүүлийн үед утсаа авдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, нөхөртэй нь холбогдохоор удахгүй өгнө гэж хэлдэг боловч хэлсэн үгэндээ хүрдэггүй арга саам хийсээр өнөөдрийг хүрч байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч П.Аюушжав нь иргэн О.Үүрийнтуяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. О.Үүрийнтуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2017/08196 дугаар захирамж, зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 5, 6, 11 дүгээр тал/ Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Үүрийнтуяа /РД:ФМ87100540/-ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2017/08196 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Үүрийнтуяаг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Отгонтүлхүүрийн Үүрийнтуяаг эрэн сурвалжилсугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан О.Үүрийнтуяа /РД:ФМ87100540/-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д даалгасугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Аюушжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР |