| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0051/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/51 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/51
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б-т холбогдох 2216000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, У овогтой С-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б-н Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчим хохирогч С.З-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цай ууж байсан аягаар түүний толгойн тус газарт цохиж, баруун зулайд шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч С.Б-н шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “... Манай дүүгийн нөхөр байж байгаад салсан Г гэдэг архи уудаг, эхнэр хүүхдээ зодож танхайрдаг хүн байдаг байсан ба Г-с дор гэж манай эхнэр С.З хэлэхээр нь миний уур хүрээд цайгаа уугаад дууссан байсан аягаа эхнэр С.З рүү шидэхэд толгойн хэсэгт нь онож цус гарсан. Тэгээд толгой хагарчихлаа гээд уйлаад босоод ирсэн. Цус гарч байгаа хэсгийг нь дарах гэтэл эхнэр С.З түлхээд ойртуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 81 дүгээр тал/,
Хохирогч С.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би айлаас өөрийнхөө хонийг тууж ирсэн. Тэгээд орой нь гэртээ ирээд цай уугаад сууж байсан. Би 10 км орчим алхаад мал туусан байсан болохоор ядарсан учир бас уур хүрээд чи хүргэн Гантөмөрөөс долоон доор гээд хэлэхэд над руу манай нөхөр С.Б муу хүнтэй зүйрлэлээ гэж уурлаад цай ууж байсан аягаа шидэхэд миний толгойны урд хэсэгт оносон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Би уйлаад толгойгоо дараад байж байтал хажуу айлын Б, эхнэр Э нар орж ирсэн. Тэгээд цусаа тогтоогоод амарсан...манай нөхрийн дүүгийнх нь салсан нөхөр Г гэдэг архи уугаад эхнэр хүүхдээ зоддог хүн байсан болохоор Г-с доор гэхэд манай нөхөр уурласан...манай нөхөр С.Б шаазан аягаар толгойн урд хэсэг лүү цохисон. Цохисны улмаас миний толгойд 3 оёо тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
Гэрч Я.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 03 сарын 02-ны шөнө би нөхөртэйгөө гэртээ байж байсан юм. Тэгсэн манай нөхөр морь харах гэж гэрээсээ гарсан. Тэгээд гадаа жаахан байж байгаад гэрт орж ирээд манай энэ дээд айлын хүмүүс яасан ширүүн байгаа юм бэ? том том дуугаралдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-д наад хүмүүс чинь их чанга дуугаар ярьдаг хүмүүс байна билээ гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр үгүй байхаа эхнэр нь уйлж байна гэж хэлээд гэрээс гарч явсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа Б-н гэр рүү яваад орсон. Тэгээд намайг гэрт нь ороход Б-н эхнэр З-н толгойноос нь цус гарсан уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би сандраад гэрээс нь гараад З-н төрсөн ах Д лүү утсаар ярьж хэлсэн. Тэгээд буцаж Б-н гэрт орж З-н толгой дээр ус хийж өгч, толгойных нь цусыг цэвэрлэж, цусыг нь тогтоож өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би гэрээс морь харах гээд гарсан чинь манай хажуу айлын гэрт эхнэр нь уйлж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би буцаж гэртээ орчихоод эхнэртээ энэ хоёр хоорондоо зодолдоно гэж баймааргүй юм гэж хэлчихээд хажуу айлдаа явж орсон. Намайг Б-н гэрт явж ороход эхнэрийнх нь толгой хагарсан цус гоожсон байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ? та 2 чинь гэж хэлсэн чинь сүртэй юм болоогүй гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр гаднаас орж ирээд юу болов, яав гэж асуухад тэр 2 дуугарахгүй байсан. Тэгсэн манай эхнэр гэрээс гарч явчихаад удалгүй орж ирснээ би Д лүү утсаар ярьчихлаа гэж бид нар хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө гэртээ байж байхад манай хүргэн С.Б-н хажууд байдаг айлын эхнэр Э шөнө над руу залгаад Б манай дүү З-г зодлоо гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн өдөр хүргэнийхээ гэрт очиж амжаагүй юм. Тэгээд маргааш нь болох 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эгч С.Г-г гэрээс нь аваад хүргэнийхээ гэрт очсон юм. Тэгсэн хүргэний гэрт манай дүү З гэртээ ганцаараа байсан тэгэхээр нь дүүгийнхээ зодуулсан гэх байдлыг харахад манай хүргэн манай дүүгийн толгойг хага цохисон байсан. Тэгээд би дүүгээсээ юугаар цохисон эсэхийг асуухад дүү уйлаад миний өмнөөс хариулт хэлээгүй. Тэгсэн манай дүүгийн хажууд байдаг айлын эхнэр Э надад хэлэхдээ танай дүүг нөхөр нь аягаар толгойг нь хага цохисон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,
Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед манай төрсөн дүү Д над руу утсаар яриад З-г хүргэн Б зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Б-н гэр лүү алхаж явж байсан чинь манай дүү Д намайг мотоцикльтой ирж тосч авсан юм. Намайг дүүгийнхээ гэрт очиход манай дүү С.З орон дотроо хэвтэж байсан. Тэгээд би дүүгийнхээ хажууд явж очоод харахад манай дүүгийн толгой 2 газраа хагарсан нүүр ам нь хавдартай харагдаж байсан. Тэгэхээр нь би сумын төв рүү утсаар ярьж эмнэлэг дуудсан. Тэгээд гэрт нь гэрийг нь цэвэрлээд галыг нь түлээд байж байсан чинь манай хүргэн Б гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би хүргэнээ загнаад чи яагаад манай дүүг зодчихов гэж хэлсэн. Тэгсэн манай хүргэн хэсэг чимээгүй байж байгаад миний өмнөөс чи сайндаа манай гэрт ирээгүй чи миний мууг үзэх гэж манай гэрт ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад гэрийн гадаа байж байсан чинь эмнэлгийн машин ирсэн. Тэгээд эмнэлгийн ажилтан гэрт орж манай дүүгийн хагарсан толгойг оёж өгчихөөд эм тариа хийж байгаад буцаад сум руу явсан. Би эмнэлгийн машинд дайгдаад гэр лүүгээ дөхөж буусан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,
Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тэр талаар сайн мэдэхгүй. Сүүлд тэр хоёроос асууж сурагласан. Манай дүү Б надад хэлэхдээ үл ойлголцлоос болоод би З рүү урдаа байсан аяга аваад шидсэн чинь толгойг нь хагалаад хаячихлаа. Би түргэн уурандаа урдаа байсан аягыг аваад шидчихлээ миний буруу гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай “...1.С.З-н биед баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-5 дугаар тал нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хохирогч С.З-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цай ууж байсан аягаар түүний толгойн тус газарт цохиж, баруун зулайд шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дүгээр тал/, хохирогч С.З-н Цагдаагийн газарт гаргасан “...Бид эвлэрсэн тул нөхөр С-н Б-т гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд миний гомдол, санал байхгүй байдлыг харгалзаж үзнэ үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогтой С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-т сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА