Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 

        2022        01          14                                     2022/ШЦТ/82

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Я.Мөнхзаяа;

 

Шүүгдэгч: Б.М (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар:  ;

           

Шүүгдэгч Б.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хур Сюкерти” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт  , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна иргэн Г.М-аас “утсаар чинь эхнэртэйгээ яриад өгье” хэмээн хуурч, түүний эзэмшлийн “Самсунг нөт 8” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.М /хх-ийн 20, 21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28/, Б.Мий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41, 49-55/, Б.Мий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-72/, Б.Мий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна иргэн Г.Мыг хуурч, “утсаар чинь эхнэртэйгээ яриад өгье” гэж худал хэлж улмаар түүний “Самсунг нөт 8” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Мын /хх-ийн 20-21/: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай багын найз Баатарчулуун “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Өвөр Монгол” рестораны доод талд байрлах “Эгшиглэн” гэх нэртэй караокед байна хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд яваад очтол надтай танилцуулсан Батсүрэнгийн Мөнхтүвшин гэх хүн хамт байсан. Тэнд тэр хоёр юм уугаад сууж байгаад би 100 гр татсан. Тэр хоёр хэд хэдэн пиво уусан. Тэгээд тэндээс 00 цаг болж байхад гарсан. Гараад дэлгүүр орж ус, ундаа, тамхи аваад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны хажуу талд сааданд юм яриад сууж байсан. Тэгтэл Б.М Баатарчулууны гар утсаар хүнтэй ярьсан. Тэгээд байж байгаад миний гар утсыг хүнтэй яриадахъя гээд аваад ярьсан. ...саадан дотор сууж байгаад “эхнэр одоо ирж байна, би зам руу гараад тосож авъя” гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 1 дүгээр байрны аркаар чигээрээ явсан. ...эхнэр нь миний гар утас руу зөрүүлээд залгасан. Тэгээд тэр аркаар гараад тэр чигтээ яваад өгсөн. Баатарчулуун бид хоёр нэг цаг гаран хүлээсэн. Хүлээж байх хооронд өөрийн дугаар луу залгасан чинь яриад байсан, тасралтгүй яриад байсан. 20-30 минут ярьж байсан. Тэгээд 1 цаг орчмын дараа залгасан чинь холбогдох боломжгүй болсон. ...Баатарчулууны гар утсан дээр Б.М ажил гээд тэмдэглэсэн байсан. Гэрийг нь хайгаад олоогүй. ...Б.М надтай уулзаж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 27-28/,

 

Б.Мий яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн  38/: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шиг санаж байна. Хуучин махны үйлдвэрт ажилладаг байсан найз Баатараатай уулзаад пиво уусан. 11 дүгээр хорооллын тэнд Баатараа нэг найзыгаа дуудсан. Тэгээд найз нь орж ирээд танилцсан. Гурвуулаа ууж сууж байгаад тэндээсээ гараад “Эгшиглэн” гээд караоке ороод үргэлжлүүлэн уусан. ...тэндээсээ гараад дэлгүүрээс пиво аваад арктай байрны голд байрлах сааданд очиж уусан.Тухайн үед барилга дээр ажилладаг байсан. ...манай найз охин миний утас руу залгаад “чамайг одоо очоод авъя” гээд байсан. Тэгээд манай найз охин ирээд намайг авах шиг болсон. Гэртээ очоод унтаад сэрсэн чинь миний халаасанд гар утас байсан. Тэр утас нь унтарсан байсан. Ямар утас байсан талаар санахгүй байна.  Тухайн үед Бартезанд барилгын ажилтай байсан болохоор шууд яваад өгсөн. Тэр утсыг би хаанаас авсан, яасан талаар ерөөсөө санахгүй байгаа. Тэгээд хүн амьтан надтай холбогдож асуухгүй байхаар нь ... 200.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь шүүгдэгчийн “утсаар яриад өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчоос худал хэлж “Самсунг нөт 8” загварын гар утсыг нь авснаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.М нь хуурч мэхлэх аргаар Г.Мын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Б.Мгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Мын “...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Мийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдаг хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ