Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар      2022/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Г.Э

Хохирогч С.Г /онлайн/, Б.М /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д , Д.Н , О.С , Д.Энхбаяр

Шүүгдэгч Г.П  , Б.М , Б.Д , М.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П  , Б.М , Б.Д , М.Ч нарт холбогдох эрүүгийн 21250000000053 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Б.М

2. Б.Д.

3. Г.П.

4. М.Ч

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Б.Д  Г.П  , Б.М  нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.М-н  ухаа халзан, хар халзан зүсмийн 2 тооны шүдлэн үхэр хулгайлан 1 600 000 / нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М , М.Ч нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Г-н улаан халзан, хар, шар тарлан, хар цоохор зүсмийн 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 8 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.П  , Б.М , Б.Д , М.Ч нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ “ Би үхэр хулгай хийгээгүй. Уулан дээр пиво ууж байгаад бууж ирэхэд машинтай хүмүүс ирсэн. Дараагийн үйлдэл нь Д  үхэр гаргаад өг гэхээр нь очиж үхэр гаргасан. Түүнээс би үхэр хулгай хийгээгүй. Би хохиролд 1 300 000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П   мэдүүлэхдээ “Би үхэр хулгай хийгээгүй. Пиво уучихаад машин барьж явсан учир цагдаа нар байна гэж бодоод зугатсан. Тухайн үед би цагдаа нарт баригдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч мэдүүлэхдээ “Д  ах М-тэй  хамт үхэр туугаад өг гэж хэлэхээр нь үхэр хамт туулцсан. Мөн надад хашааны буланд хутга, сүх өгсөн. Хохиролд 900 000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ “П  уг үхрийг манайх руу туугаад өг гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Г мэдүүлэхдээ “Хохиролд 2 200 000 төгрөг төлсөн. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг үнэн зөв. Би гомдолтой байна. Үлдсэн 500 000 төгрөгөө нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүүлэхдээ “Эдгээр хүмүүс мал хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Гэтэл одоо өөр зүйл ярьж байна. Миний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Үхрээ буцааж авсан тул үнэлгээний 30 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2021 оны 01 сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-26 дахь тал/,

2. Эд зүйлд /уяанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 27- 31 дэх тал/,

3. 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 22:37 цагт Б.Д , Б.М , Г.П   нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 32-34 дэх тал/

4. Б.М , Б.Д  нарын өмсөж явсан гутлыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 38-43 дахь тал/,

5. Хохирогч Б.М-н  “...Миний бие Б.М нь Булган аймаг Бугат сум дахь Дархад хөтөл гэх газарт найз Б-н хамт үнээний ферм ажиллуулдаг юм. 2021 оны 01 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ****тоот эзэнгүй өвс ихтэй хашаанд оруулаад хаалгыг нь төмөр утсаар бэхэлж үлдээгээд бэлтгэлдээ явсан. Тэгээд найз Б-д  үхэр хашсан хашаагаа зааж өгөөд орой үхэрээ гаргаад аваарай гэж хэлсэн. Манай найз Б  үхэрээ очоод авах гэтэл хашааны хаалга онгорхой үхэрнүүд нь байхгүй байна гэж надруу утсаар хэлсэн. Тухайн хашаанд би үхэрнүүдээ оруулаад төмөр утсаар бэхэлсэн өөрсдөө гарах ямар ч боломжгүй Сүүлд тухайн ойр орчмын айлуудас нь сураглахад хажуу айлын хүн нь манай үхэрнүүдийг хашаанаас гаргаж явуулсан талаараа надад хэлсэн. Тэгэхээр манай үхэрнүүдийг бэлчээр дээр явж байхад нь хулгайлахыг оролдсон болж таарч байна. Миний бие үнэлгээний хөлс 30 000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

6. Гэрч Ц.Б-н “...Б  үхрүүдээ тосож аваад явж байсан чинь өөрсдөө нэг эзэнгүй хашаа руу орчихоор нь гадна талаас нь хаалгыг нь төмөр утсаар уячихлаа. Хүн л тэр уяаг нь тайлахгүй бол гарахгүй байх шүү. Найз нь орой бэлтгэлтэй чи орой очоод тэр хашаанаас нь гаргаад цааш нь туучхаарай гэж хэлсэн. Орой 18 цагийн орчим найзууд болох Э , Б нарын хамт Э ын машинтай гадуур явж байгаад Б ын үхэр хийсэн хашаан дээр очиж үхрээ гаргах гэсэн чинь манай үхрүүд байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хавийн гудамжаар хайгаад явсан боловч олдоогүй. Хас тэмдэгтэй уулын цаад тал руу явж байхад манай найз Э  энэ урд талын энгэр дээр хоёр гурван хар юм байна. Энд байшин байсан юм уу гэж хэлсэн. Тэгэхэд 18 цаг 50 минут болж байсан байх. Харуй бүрий болоод холын юм сайн харагдахгүй байсан. Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь хоёр эрэгтэй хүн нэг нэг үхэр хөтлөөд чирээд байгаа юм уу, чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Цаад талд нь Тоёота Приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг харсан чинь манай хоёр шүдлэн үхэр байсан. Тэгэхээр нь найз нартаа энэ манай үхрүүд байна шүү дээ хурдан оч гээд хурдаа нэмэх үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан хоёр үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суугаад хөдлөөд явсан. Бид нарыг очих үед гэр хорооллын зүгт зугтаасан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

7. Гэрч Б.Б “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 20 минутад үхэр байгаа газар очсон. Тэгтэл хашаа хоосон байсан тэгхээр нь тэр хавиар хэсэг хайж байгаад гэрлүүгээ явсан юм болов уу гэж бодоод Булган аймаг Бугат сумын Дархад хөтөл гэх газар луу явж байтал нэг машин нэг том том юм хөдлөөд байсан. Тэгээд дөхөөд очтол хоёр үхэр, хоёр хүн байсан. Шууд үхрээ хаяад машиндаа суугаад зугтаасан. Манай найз манай үхэр мөн байна араас нь хөөгөөрэй гэж хэлээд араас нь хилээн хол 12 км газар хөөгөөд барьж авсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,

8. Гэрч Б.Э ын: “...Чиний машинаар хороолол руу яваад хашаанд хийсэн байгаа манай хэдэн үхрийг гаргаад цааш нь аавын гэр лүү туучихаад ирье гэсэн. Бид нар 17 дугаар сургуулийн урд талын гудамжны урагшаа харсан эгнээний зүүн талаасаа 2 дахь хашаан дээр очсон. Б  тэр хашаанд үхрээ хийсэн гэж Б-д  хэлсэн юм байна лээ. Тэгсэн чинь тэр хашаанд нь Б-н үхрүүд нь байгаагүй. Б  уг нь Б  хашааны хаалгыг нь уясан л гэсэн юм даа хэн гаргаад явуулчихдаг юм бол гээд ааваасаа үхрүүдээ очсон уу гэж утсаар асуусан боловч үхрүүд нь очоогүй гэсэн. Тэгээд бид нар гудамжаар хайсан боловч олдоогүй. Хас тэмдэгтэй уулын цаад тал руу явж байхад замын урд талын энгэр дээр хоёр гурван хар юм хөдлөөд байх шиг харагдсан. Тэгэхээр нь Б аас энд байшин байдаг юм уу гэсэн чинь Б  үгүй дээ. Эргээд явдаа очиж харья гэсэн. Тухайн үед харуй бүрий болоод холын юм сайн харагдахгүй байсан. Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь машин гэрэлд хоёр эрэгтэй хүн хоёр үхэр холбоод нэг нэг талаас нь хөтлөөд чирээд байгаа юм уу, чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Тэр хоёр залуугийн цаад талд нь Тоёота Приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хараад манай найз Б  манай хоёр шүдлэн үхэр байна хурдан яваарай гэсэн. Тэр үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан хоёр үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суусан чинь нөгөө машин шууд хөдлөөд гэр хорооллын зүгт зугтаасан. Нэг нь хар халзан, нэг нь улаан халзан үхэр байсан. Үхэр хулгай хийгээд явж байсан хоёр хүнийг үхрээ хөтлөөд явж байхаас нь эхлээд яг нүд салгалгүй хөөж байгаад саатуулж цагдаад барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

9. Далайван Аудит ХХК-ны үнэлгээнд хамрагдсан 2 тооны шүдлэн үхэр нь 2021 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар 1 600 000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.02.01-ний өдрийн 31 дугаартай “...зам дээр байх гутлын мөрийг харуулав гэсэн” тайлбартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.М  гэсэн шошготой гутлын баруун хөлний гутлын улны хээтэй хээний хэлбэр хэмжээ өсгийн хэсэгт байх шруфны байрлал зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. №32 зам дээр байх гутлын мөрийг харуулав. Гэсэн тайлбартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.Д  гэсэн шошготой гутлын улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өсгий, өлмий болон нум хэсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 75-83 дахь тал/,

11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.01.29-ний өдрийн 32 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй тээврийн хэрэгслийн мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн 92-21 СЭҮ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй хээни ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт / 1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал/,

12. 2021 оны 03 сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол баг 12 дугаар гудамжны дугааргүй хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 34-43 дахь тал/,

13. Хохирогч С.Г-н “...Манайх хар зүсмийн 5 настай, цоохор зүсмийн 3 настай, халзан зүсмийн 3 настай, хар цоохор зүсмийн бяруу тус тус алдсан. Бусдад нядлуулсан үхэр хээлтэй байсан ба энэ жил 2 дахиа тугалах байсан, сааль, сүү нь 10 литр гарах хэмжээний үхэр байсан. Аав, Ээж хоёр хэлэхдээ 3 000 000 төгрөгийн үнэтэй үхэр байсан гэж хэлсэн. Ямартай ч нядлуулсан үхэрний бярууг 2021 оны 3 сард 1 100 000 төгрөгөөр зарж байсан. Би хохирлоо үхрийнхээ үнэлгээг үнэлгээний байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр мөнгөн хэлбэрээр нь барагдуулж авах хүсэлттэй байна... гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

14. Гэрч А.М-ний “...2021 оны 03 сарын 31-ний өдөр миний нагац ах Д  эхнэр хүүхдүүдийнхээ хамт манай гэрт ирээд машинаа ахдаа өгч байгаач ах нь хүүхдээ эмнэлэгт үзүүлж боолтыг нь солиулах гэсэн юм гэж хэлээд миний 49-95 ОРО улсын дугаартай Соната-6 маркын тээврийн хэрэгслийг авч явсан. Явсанаас хойш 1 цаг орчим хугацаа өнгөрсөний дараа манай гэрт эхнэрээ гэр буулгахад туслуулахаар үлдээчихээд өөрөө хүүхдүүдээ харахаар миний машинтай гэрлүүгээ явсан. Тэгээд үдээс хойш 17 цаг өнгөрч байхад ирээд миний машиныг хашаан дотор оруулж тавьчихаад надад машины түлхүүр өгөөд ах нь гэрлүүгээ явлаа гээд явсан...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/,

15. Гэрч С.С-н “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 30 минутын үед 4 үхрээ хашаанаасаа гаргаад гол руу явуулсан, 16 цагийн үед манай урд талын гудамжинд байдаг хөрш Э   над руу залгаад танай үхрийг 2 хулгайч туугаад явж байна танай хүүхдүүд хаана байгаа юм бэ, танай үхэр хариулгатай байгаа юу гэж хэлсэн. Тэгээд 17 цагын үед Номин агуулах худалдааны урдуур төв зам дагуу 100 айл тал руу 2 хүн ээлжлээд туугаад явж байсан, хар өнгийн хувцастай, саарал өнгийн күртиктэй 2 залуу байсан. Эхнэр бид хоёр араас нь дагаад явж байгаад наадмын талбайн хажуугаар гарч яваад, аюулгүйн тойргоор цаашаа жалга дагуу уулын хаяагаар нэвт яваад хүрээлэнгийн хажуугаар гараад цэцэрлэгт хүрээлэн өнгөрөөд гэр хороолол залгаж байсан тэгээд ямар гудамжаар орж байсныг нь мэдэхгүй байна ямар ч байсан 5 дахь айл байсан. Манай алга болсон үхэр нь эрлийз биеэр том хээлтэй байсан боохоор 3 000 000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал/,

16. Гэрч Б.Э  ын “...Тэгэхээр нь би найзыгаа дагуулаад бид 2 машинтай араас нь очиход Номин худалдааны төвийн урд талд С  ахын 4 үхэр байсан ба тууж явсан эрэгтэй хүн нь байхгүй болсон байсан. Ойролцоогоор 10 минутын дараа төвийн шугамны трубаны урдаас үхэрнүүдийг тууж явсан саарал куртиктэй хүн гарч ирээд үхэрнүүдийн ойролцоо байж байтал Номин худалдааны төвийн хажуугаас /хар савхин куртиктэй, хар өмдтэй, дундаж биетэй эрэгтэй хүн, Саарал тохойтой ноосон цамцтай түрийтэй хар гуталтай, хамт явж байгаагаасаа арай том биетэй эрэгтэй хүн/ 2 хүн гарч алхаж гарч ирээд анх үхэр тууж явж байсан саарал куртиктэй хүнтэй шүргэлцэж зөрөөд хар савхин куртиктэй нь үхэр лүү очиж үхрүүдийг бөөгнүүлэн наадмын талбайн зүг туугаад явж эхэлсэн. Саарал куртиктэй эрэгтэй хүн нь урд нь гарч нилээд зайтай алхаж байгаад 100 айл худалдааны төвийн орчмоос алга болчихсон. Харин саарал цамцтай эрэгтэй хүн нь нэг хэсэг зайтай ганцаараа алхаж байгаад Горьдлогын урд талаас хар савхин куртиктэй залуутай нийлж наадмын талбайн урдуур, цааш жалгаар үхрүүд тууж явсаар Уртын гол багийн гэр хороолол дунд ирээд саарал ноосон цамцтай нь хашаа давж хаалга онгойлгон тэр 2 залуу 4 үхрийг айлын хашаанд оруулж хашсан. Манай үхрийг 2 хүн ээлжлээд тууж явсан. Нэг нь дунд зэргийн өндөр талдаа, бүх хувцас нь тас хар өнгөтэй байсан, харин нөгөө залуу нь намхан байсан. Саарал өнгийн богино куртиктэй доогуураа юу өмссөн байсныг нь мэдэхгүй байна холоос хараад явж байсан...” гэсэн мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,

17. Гэрч Б.Б-ниЙ “...Тухайн өдөр 16 цагийн орчим шиг санагдаж байна. Найз Э  ын хамт өөрийнхөө ажиллуулдаг “Батбилэгт буян” компани дээр кофе уугаад сууж байтал Э   С  өвөөгийн үхрийг хүн хөөгөөд байх шиг байна гээд С  ахаас утсаар асуухад манай үхрүүд хариулгагүй байгаа гэсэн. Номин агуулах худалдааны төвийн урд очиход 4 үхэр зогсож байсан харин тууж явсан хүн нь байхгүй байсан. Дулааны турбаны дундуур дунд эргэм насны дэлдэн чихтэй туранхай шар залуу яваад байхаар нь энэ хүн үхэр тууж явсан хүн мөн байх гээд хараад байж байтал Номин агуулахын зүүн талаас саарал ноосон цамцтай 170 орчим өндөртэй эрэгтэй хүн, хар савхин мэт куртиктэй 168 орчим өндөртэй эрэгтэй хүн 2 гарч ирээд 4 үхрийг нийлүүлэн тууж эхэлсэн ба хар савхин куртиктэй залуу нь үхэрнүүдийг үргэлжпүүлэн тууж саарал цамцтай 30 орчим метрийн хойно дагаж явсан. Үхэр тууж явсан 2 залуу Уртынгол багийн орчим гэр хорооллын нэг хашааруу нэг нь давж орон дотроос нь хаалгыг нь онгойлгосон ба тэр хоёр үхэрнүүдийг тууж оруулан хашсан...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 58 дахь тал/,

18. “Далайван Аудит” ХХК-ий шинжээчийн 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 02/02-25 дугаартай үнэлгээ /2 дахь хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М , Б.Д , Г.П  , М.Чулунбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.М , Г.П  , Б.Д  нараас 30 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан хохирогч С.Б ад, шүүгдэгч М.Ч аас 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ганзоригт олгуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М эд 7 жилийн хорих ял, шүүгдэгч М.Ч , Б.Д  нарт тус бүр 4 жилийн хорих ял, шүүгдэгч Г.П  д 5 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.П  , М.Ч , Г.П   нарт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 ны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зорчих эрх хязгаалах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Б.Д ын цагдан хоригдсон 140 хоног, М.Ч-н  цагдан хоригдсон 19 хоног, Г.П  гийн цагдан хоригдсон 19 хоног, Б.М ийн цагдан хоригдсон 81 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгах нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С  дүгнэлтдээ “Хулгайлж авсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, бодит хохирол учраагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бөгөөд Б.Д ийн субъектив санаа тогтоогдоогүй байна. Хохирогчийн мэдүүлгээр үхрийг бэлчээрт байхад нь авах гэж оролдсон гэдэг боловч үхэр өөрөө хашаандаа очсон байсан. Иймд гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д  дүгнэлтдээ “М.Ч-н  4 тооны үхрийг тууж аваачсан гэх үйлдэлтэй маргаж мэтгэлцэхгүй. Энэ хэргийн оролцоо, үйлдэл холбогдлыг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Д  гэдэг хүнийг шалгах шаардлагатай. Учир нь хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэт шалгасны үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч хэргийг бүрэн шалгуулах хүсэлт гаргаж байсан. Өөр оролцогч байгаа учир хохирол төлөх хэмжээг тодорхойлох боломжгүй. Шүүгдэгч М.Ч т 2 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н  дүгнэлтдээ “Г.П  г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Тухайн өдөр Г.П   ууланд гарч пиво уусан.Гэрчүүд тэднийг сэжиглэн дагаж явж улмаар цагдаад барьсан үйл баримт тогтоогддог. Түүнээс үхрийг чирэн хулгайлах гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч, гэрч нар харилцан хамааралтай найзууд байдаг мөн үзлэгээр бэхжүүлсэн мөр нь малыг чирч хулгайлахыг завдсан эсэхийг тогтоогоогүй. Уг мөр малын мөр биш байдаг. Уяагаар холбосон үхрийн зураг хэрэгт авагдсан байгаа боловч эдгээр хүмүүс холбосон уясан нь тогтоогдоогүй. Эдгээр зүйлс таамаг байж болно гэвч бүрэн дүүрэн нотлогдоогүй. Тээврийн хэрэгслийн дугуйны мөр тохирдоггүй тэгэхээр өөр тээврийн хэрэгсэл байсан байх боломжтой. Б.Д , Г.П  г үхэр туугаад хүргээд өгөөч гэж хэлсэн гэж мэдүүлдэг боловч уг мэдүүлэг Б.М , Г.П   нарын мэдүүлгээр няцаагддаг. Б.Д ын мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй байна. Машинаас зугтаасан асуудлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир цагдаагаас зугатсан гэж хэлдэг. Энэ үйлдэл нь мал хулгайлсныг нотлохгүй мөн 2 үхэр хулгайлсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Г.П  д 2 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Б.М ийг мал хулгайлсан гэх үйлдэл нотлогдохгүй байна. Б.М ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Б.М  хохироч Б ад ямар нэгэн хохирол учруулаагүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д  гэдэг хүнийг энэ хэрэгтэй холбоотой шалгуулах шаардлагатай байна. Д  энэ гэмт хэргийг зохион байгуулсан ба машинтайгаа дагаж явсан, хутга багаж хэрэгслээр хангасан. Иймд энэ хэргийг прокурорт буцааж өгнө үү. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Тиймээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

-Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 01 сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд /уяанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 22:37 цагт Б.Д , Б.М , Г.П   нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, Б.М , Б.Д  нарын өмсөж явсан гутлыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.М-н  “2021 оны 01 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ****тоот эзэнгүй өвс ихтэй хашаанд оруулаад хаалгыг нь төмөр утсаар бэхэлж үлдээгээд бэлтгэлдээ явсан. Манай найз Б  үхэрээ очоод авах гэтэл хашааны хаалга онгорхой үхэрнүүд нь байхгүй байна гэж надруу утсаар хэлсэн. Миний бие үнэлгээний хөлс 30 000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н “...Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь хоёр эрэгтэй хүн нэг нэг үхэр хөтлөөд чирээд байгаа юм уу, чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Цаад талд нь Тоёота Приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг харсан чинь манай хоёр шүдлэн үхэр байсан. Тэгэхээр нь найз нартаа энэ манай үхрүүд байна шүү дээ хурдан оч гээд хурдаа нэмэх үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан хоёр үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суугаад хөдлөөд явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ниЙ “Тэгээд дөхөөд очтол хоёр үхэр, хоёр хүн байсан. Шууд үхрээ хаяад машиндаа суугаад зугтаасан. Манай найз манай үхэр мөн байна араас нь хөөгөөрэй гэж хэлээд араас нь нилээн хол 12 км газар хөөгөөд барьж авсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э ын: “бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь машин гэрэлд хоёр эрэгтэй хүн хоёр үхэр холбоод нэг нэг талаас нь хөтлөөд чирээд байгаа юм уу, чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Тэр хоёр залуугийн цаад талд нь Тоёота Приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хараад манай найз Б  манай хоёр шүдлэн үхэр байна хурдан яваарай гэсэн. Тэр үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан хоёр үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суусан чинь нөгөө машин шууд хөдлөөд гэр хорооллын зүгт зугтаасан...” гэх мэдүүлэг, “Далайван Аудит” ХХК-ны шинжээчийн үнэлгээ, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 31 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 32 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д  Г.П  , Б.М  нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.М-н  ухаа халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр хулгайлж 1 600 000 / нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 03 сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол баг 12 дугаар гудамжны дугааргүй хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч С.Г-н “...Манайх хар зүсмийн 5 настай, цоохор зүсмийн 3 настай, халзан зүсмийн 3 настай, хар цоохор зүсмийн бяруу тус тус алдсан. Бусдад нядлуулсан үхэр хээлтэй байсан ба энэ жил 2 дахиа тугалах байсан, сааль, сүү нь 10 литр гарах хэмжээний үхэр байсан. Аав, Ээж хоёр хэлэхдээ 3 000 000 төгрөгийн үнэтэй үхэр байсан гэж хэлсэн. Ямартай ч нядлуулсан үхэрний бярууг 2021 оны 3 сард 1 100 000 төгрөгөөр зарж байсан. Би хохирлоо үхрийнхээ үнэлгээг үнэлгээний байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр мөнгөн хэлбэрээр нь барагдуулж авах хүсэлттэй байна... гэх мэдүүлэг, гэрч С.С-н “...16 цагийн үед манай урд талын гудамжинд байдаг хөрш Э   над руу залгаад танай үхрийг 2 хулгайч туугаад явж байна танай хүүхдүүд хаана байгаа юм бэ, танай үхэр хариулгатай байгаа юу гэж хэлсэн. Тэгээд 17 цагын үед Номин агуулах худалдааны урдуур төв зам дагуу 100 айл тал руу 2 хүн ээлжлээд туугаад явж байсан, хар өнгийн хувцастай, саарал өнгийн күртиктэй 2 залуу байсан. Эхнэр бид хоёр араас нь дагаад явж байгаад наадмын талбайн хажуугаар гарч яваад, аюулгүйн тойргоор цаашаа жалга дагуу уулын хаяагаар нэвт яваад цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар гараад цэцэрлэгт хүрээлэн өнгөрөөд гэр хороолол залгаж байсан. Тэгээд ямар гудамжаар орж байсныг нь мэдэхгүй байна ямар ч байсан 5 дахь айл байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э  ын “Ойролцоогоор 10 минутын дараа төвийн шугамны трубаны урдаас үхэрнүүдийг тууж явсан саарал куртиктэй хүн гарч ирээд үхэрнүүдийн ойролцоо байж байтал Номин худалдааны төвийн хажуугаас /хар савхин куртиктэй, хар өмдтэй, дундаж биетэй эрэгтэй хүн, Саарал тохойтой ноосон цамцтай түрийтэй хар гуталтай, хамт явж байгаагаасаа арай том биетэй эрэгтэй хүн/ 2 хүн гарч алхаж гарч ирээд анх үхэр тууж явж байсан саарал куртиктэй хүнтэй шүргэлцэж зөрөөд хар савхин куртиктэй нь үхэр лүү очиж үхрүүдийг бөөгнүүлэн наадмын талбайн зүг туугаад явж эхэлсэн, үхрүүд тууж явсаар Уртын гол багийн гэр хороолол дунд ирээд саарал ноосон цамцтай нь хашаа давж хаалга онгойлгон тэр 2 залуу 4 үхрийг айлын хашаанд оруулж хашсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ниЙ “...Номин агуулах худалдааны төвийн урд очиход 4 үхэр зогсож байсан харин тууж явсан хүн нь байхгүй байсан. Дулааны турбаны дундуур дунд эргэм насны дэлдэн чихтэй туранхай шар залуу яваад байхаар нь энэ хүн үхэр тууж явсан хүн мөн байх гээд хараад байж байтал Номин агуулахын зүүн талаас саарал ноосон цамцтай 170 орчим өндөртэй эрэгтэй хүн, хар савхин мэт куртиктэй 168 орчим өндөртэй эрэгтэй хүн 2 гарч ирээд 4 үхрийг нийлүүлэн тууж эхэлсэн ба хар савхин куртиктэй залуу нь үхэрнүүдийг үргэлжпүүлэн тууж саарал цамцтай 30 орчим метрийн хойно дагаж явсан. Үхэр тууж явсан 2 залуу Уртын гол багийн орчим гэр хорооллын нэг хашаа руу нэг нь давж орон дотроос нь хаалгыг нь онгойлгосон ба тэр хоёр үхэрнүүдийг тууж оруулан хашсан...” гэх мэдүүлэг, Далайван Аудит ХХК-ны шинжээчийн 02/02-25 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М , М.Ч нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Г-н улаан халзан, хар, шар тарлан, хар цоохор зүсмийн 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 8 700 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.М , М.Ч , Б.Д , Г.П   нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдэхийг завдсан, гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлогдоогүй, хэргийг дахин шалгах шаардлагатай гэх зэрэг санал дүгнэлтүүдийг гаргасан байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үед хохирогч, гэрчүүд мэдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр шүүгдэгч нарыг дагаж, гэмт хэрэг үйлдэх үед нь баривчилсан болох нь тогтоогдож байна. Иймд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд заавал бодит хохирол учирснаар гэмт хэрэг шинж тодорхойлогдохгүй бөгөөд бусдыг малыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, ашиг олох, шунахай сэдэлтээр авч явснаар гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа гэмт хэрэг илэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн үед хулгайлсан малаа орхиж зугтаасныг гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх боломжгүй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М , М.Ч , Б.Д , Г.П   нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М , М.Ч , Б.Д , Г.П   нарт хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Ч , Б.Д , Г.П   нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна. Б.Мөндэлгэрэх нь урьд нь хорих ял шийтгүүлж, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамрагдах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.М  81 хоног, Б.Д  140 хоног, Г.П   19 хоног, М.Ч 19 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ганзоригт 2 700 000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.М , М.Ч , Г.П  , Б.Д  нар шүүх хуралдааны явцад төлсөн байна.

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 хос гутал, саарал өнгийн уяа 1 ширхэг, улбар шар өнгийн уяаг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, хэрэгт хураагдсан 150 кг махыг устгахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М, Б.Д, Г.П, М.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Д ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Ч-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.П  г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ч-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.П-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийн цагдан хоригдсон 81 хоног, Б.Д ын цагдан хоригдсон 140 хоног, Г.П-гийн цагдан хоригдсон 19 хоног, М.Ч-н цагдан хоригдсон 19 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д , Г.П  , М.Ч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хоригдож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Ч , Г.П  , Б.Д  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч , Г.П  , Б.Д  нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар 3 хос гутал, саарал өнгийн уяа 1 ширхэг, улбар шар өнгийн уяаг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, хэрэгт хураагдсан 150 кг махыг устгахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС