| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02898/И |
| Дугаар | 02395 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 02395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 21, ИНОВА төвд байрлах, “Пролог Солюшн” ХХК /РД:5638062/-ийн нэхэмжлэлтэй “Эс Би Моторс” ХХК, захирал Б.Сайханбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Пролог Солюшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Пролог Солюшн” ХХК нь тээвэр зуучлалын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эс Би Моторс” ХХК-тай “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулан зуучлалын үйлчилгээ үзүүлсэн болно. Тус компанитай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актаар тээврийн зардал 8,290 ам.доллар /тухайн үеийн долларын ханш 1984 төгрөг/ нэмэгдэл зардал 187,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн. Тээвэр зуучлалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4 дэх хэсэгт заасанчлан тээврийн зардал болон нэмэгдэл хөлсийг төлөх үүргийг “Эс Би Моторс” ХХК хүлээсэн боловч тус үүргээ биелүүлээгүй тул тээврийн зардал болох 16,883,840 төгрөг, нэмэгдэл зардал 187,000 төгрөг нийт 17,070,840 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэвч уригдах тал буюу хариуцагч ирэхгүй байсаар эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болно. Манай компаний зүгээс эвлэрүүлэн зуучлалаар маргааныг шийдвэрлэх боломжтой байсан боловч хариуцагчийн хаяг тодорхой бус байгаа тул маргааныг шийдвэрлэх ажиллагаа зогсоход хүрээд байна. Иймд тус иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эс Би Моторс” ХХК, захирал Б.Сайханбаярыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Пролог Солюшн” ХХК нь “Эс Би Моторс” ХХК, захирал Б.Сайханбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Эс Би Моторс” ХХК /РД:5408172/, захирал Б.Сайханбаяр нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 390 дугаар тэмдэглэл, тооцоо нийлсэн акт, “Пролог Солюшн” ХХК-ийн нэхэмжлэх, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1-2, 5, 6, 8 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эс Би Моторс” ХХК, захирал Б.Сайханбаяр нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 390 дугаар тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эс Би Моторс” ХХК, захирал Б.Сайханбаяр нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эс Би Моторс” ХХК /РД:5408172/, захирал Б.Сайханбаяр нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Эс Би Моторс” ХХК, захирал Б.Сайханбаяр нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Пролог Солюшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР