Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд, улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүгдэгч П.Анхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Пүрэвсүрэнгийн Анхбаярт холбогдох эрүүгийн 201611000025 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хэрээд овогт Пүрэвсүрэнгийн Анхбаяр, Дорнод аймгийн Булган суманд 1989 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖГ89070771/, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 28 дугаар байрны 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч П.Анхбаяр нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Хавирга” хилийн боомтоор хориглосон эд зүйл буюу 1 ширхэг чонын толгойг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз Галбаярын

нохойнууд чоно барьсан байсан ба надад мөнгөний хэрэг болоод тэр чонын толгойг нь

би  авч  улсын  хилээр  гаргах  гэж  байгаад  баригдсан. Энэ миний буруу гэдгийг хүлээн

2016.07.07   ¹73

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

зөвшөөрч байна. Харин чоныг би алаагүй, нохойд бариулсан чоно байсан учраас үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Т.Байгал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Саарал чоныг Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Засгийн газрын 54 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад тус тус зааснаар  амьтан ургамал болон тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр гаргахад экспортлоход эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авдаг. Саарал чоныг зүүн бүсийн хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2014 оны А61 тоот тушаалаар 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон тул зөвшөөрөл олгогдоогүй.

...Гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон тул саарал чоно болон түүний түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан байдаг...” гэжээ. /хх 155-156/

 

Дорнод аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тухай актад: “11-41 ДОР улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн тээврийн хэрэгслийн голд...эмэгтэй хүний гар цүнхэнд битүү скочидсон хөлдүү чонын толгой байсан нь гэмт хэргийн шинжтэй байх тул нягтлан шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв...” гэжээ. /хх 13/

 

Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьстай толгой нь Махчдын баг Нохдын овгийн Нохойн төрөлд хамаарах Саарал чонын арьстай толгой мөн болно... Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг арьстай толгойг саарал чонынх болохыг дараах шинж тэмдгээр тогтоов. Гадаад шинжээр, ...арьсны өнгө, зүс, сарьсан хоншоорын хэлбэр, соёоны ил гарсан байдал зэргээр тогтоосон болно... Харин уг толгойн ясны хэлбэр, эрүүний хэмжээ, соёоны ил гарсан зэргээс харахад нас бие гүйцсэн чоно болно... Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаатай хориглов... Саарал чоно нь зэрлэг  амьтан, ургамлын ховордсон зүйлүүдийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн (CITES) II хавсралтад орсон амьтан болно... Саарал чонын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эм бодгаль 600000 төгрөг, эд бодгаль 510000 төгрөг байдаг байна. Мөн Амьтны тухай хуулиар зохицуулагдах болно...

...Жич Үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, мөн 2012 оны 5 сарын 17-ны өдрийн “Амьтны тухай” хууль зэргийг баримталсан болно. гэжээ. /хх 39-41/

 

Гэрч М.Жавхлантөгс /хх 31-32/, Б.Галбаяр /хх 80, 157/, Д.Мартболд /хх 33/, Б.Амарбаясгалан /хх 34-35/, Б.Төгсжаргал /хх 36/, Э.Түвшинбаяр /хх 37/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Ж.Мөнхцэцэгийн сэжигтнээр өгсөн /хх 48/, шүүгдэгч П.Анхбаярын үйлдсэн гэмт хэргээ хүлээж мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар /хх 50, 53-54, 159-160/ өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Иргэн Ж.Мөнхцэцэгээс чонын хөлдүү толгой 1ш-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 22-23/, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх 35/, Чонын толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, Чонын толгойг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 26/,  Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх 65/, Чонын толгойг устгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 151-153/, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт /хх 168-173/, Дорнод аймгийн хилийн боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй бодис бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх 62-63/, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-ийн I,II хавсралт /хх 165/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /хх 18-21/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 78/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88// зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч П.Анхбаяр нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан чонын толгой /амьтны гаралтай түүхий эд/-г Дорнод аймгийн “Хавирга” хилийн боомтоор хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Анхбаярын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг;

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэний нэхэмжлэгч Т.Байгал, гэрч М.Жавхлантөгс, Б.Галбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тухай акт, Ж.Мөнхцэцэгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, иргэн Ж.Мөнхцэцэгээс чонын хөлдүү толгой 1ш-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, Чонын толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Чонын толгойг эд  мөрийн баримтаар  тооцож,  хэрэгт  хавсаргах тогтоол,  Ан  амьтны  экологи-

эдийн засгийн үнэлгээ, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 19 тоот дүгнэлт, Чонын толгойг устгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, Дорнод аймгийн хилийн боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй бодис бараа бүтээгдэхүүний жагсаалт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хил нэвтрүүлсэн чонын толгой /амьтны түүхий эд/ нь хязгаарласан ангилалд хамаардаг болох нь иргэний нэхэмжлэгч Т.Байгал, гэрч М.Жавхлантөгс нарын мэдүүлэг, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хаьсралт, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт /хх 168-173/, Дорнод аймгийн хилийн боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй бодис бараа бүтээгдэхүүний жагсаалт, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-ийн I,II хавсралт зэргээр тогтоогдож байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэд чонын толгойг  “хориглосон” эд зүйл гэж дүгнэсэн нь буруу байх ба шүүхээс “хязгаарласан” эд зүйл гэж өөрчилж шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Анхбаярын чонын толгойг зохих зөвшөөрөлгүйгээр, хил нэвтрүүлэхийн тулд нуун далдалж, гаалийн хяналтын бүсэд оруулсан үйлдлийг хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг төгс үйлдсэн гэж гэж үзнэ.

 

Шүүгдэгч П.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хориглосон эд зүйл улсын хилээр гаргасан гэдгээ хүлээнэ, үнэлгээг зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч Д.Галтогтох “...Чонын толгойг бүтэн чонын үнэлгээгээр үнэлсэн нь буруу юм. Зөвхөн толгойг үнэлж хохирлыг тооцох ёстой, нөгөө талаар чоныг миний үйлчлүүлэгч алж экологид хохирол учруулаагүй. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцжээ.

 Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын саналыг доорх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Шүүгдэгч П.Анхбаярын зохих зөвшөөрөлгүйгээр чонын толгой /амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд/ бусдаас авсан, улмаар гадаад гаргахыг завдсан уг үйл баримт /факт/ нь Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйл “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий

эдийг худалдахыг...хориглоно...”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...гадаад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэх хэм хэмжээг зөрчсөн хууль бус

үйл ажиллагааны үр дагавар нь хязгаарлсан эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлж байгаа нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэх бодит нөхцөл байдлыг бүрдүүлжээ. Иймд хязгаарласан эд зүйл буюу чонын толгойг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баримталж 510000 төгрөг /саарал чонын эр бодгаль/-өөр үнэлснийг зөв гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Анхбаярын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хязгаарлсан эд зүйлийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Шүүгдэгч П.Анхбаяраас хууль бусаар хил нэвтрүүлсэн хязгаарласан эд зүйлийн үнэ 510000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулбал зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эд зүйлийн үнийг шүүгдэгчээр төлүүлж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэсэн тул түүний эзэмшлээс “Panda” маркийн 21 инчийн телевизор битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ЖГ89070771 регистрийн дугаартай шүүгдэгч П,Анхбаярын иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

   

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хэрээд овогт Пүрэвсүрэнгийн Анхбаярыг хягаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар  шүүгдэгч  П.Анхбаярыг  эд  хөрөнгийг  хураахгүйгээр  251 /хоёр зуун тавин нэг/

цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан П.Анхбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан П.Анхбаяраас хууль бусаар хил нэвтрүүлсэн хязгаарласан эд зүйлийн үнэ 510000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5. Ялтан П.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн ЖГ89070771 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  ялтан П.Анхбаярын эзэмшлээс“Panda” маркийн 21 инчийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  П.Анхбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

ДАРГАЛАГЧ                     Ү.ОДГЭРЭЛрх