Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Эрдэнэпүрэв,   

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

хохирогч К.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 43 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2107000960189 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ******* тоотод бүртгэлтэй боловч, ******* тоотод түр оршин суух,

- Урьд Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 43А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жил болгон өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил болгон тогтоож,

Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил эрх хасах гэсэн нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1071 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 379 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн, эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 18 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 9 сар 18 хоногоор тогтоож,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2091 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр торгох ялыг бүрэн биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

 ******* овогт *******ын ******* /РД:*******/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Mitsubishi Minicab маркийн бага оврын ачааны авто тээврийн хэрэгслийг жолоодон ***** дүүргийнны төвөөс хүрэх уруу замд буюу ертөнцийн зүгээс баруунаас зүүн чиглэлд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас автомашин зүүн талаараа зам дээр унан зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд зорчиж явсан хохирогч  К.*******гийн эрүүл мэндэд зүүн атгаал ясны ил хугарал, богтос, шуу ясны ил хугарал, зүүн бугалга, зүүн шууны эдийн дутагдал бүхий хууларсан, салбарсан шарх, зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн тайрагдалт гэмтэл буюу хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  С.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот ороод машины сэлбэг авчхаад ирээд машинаа янзалчхаад гэр лүүгээ явсан. Очиход гэр цоожтой харин ногооны талбай дээр 2, 3 хүн харагдсан. Тэр хүмүүс дээр ирэхэд 2, 3 хүн архи ууж байсан. Ханийгаа чи бие муутай байж яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд үлдсэн архийг өөрөө уучхаад эхнэрээ машиндаа суулгаад Налайх руу явсан. Налайхаас наашаа рүү уруудаж яваад баруун гар тийш огцом дараад хашлага руу ойртохоор нь  буцаж нөгөө тийшээ дараад зүүн талаараа зам дээр унасан.” гэв.

Хохирогч К.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 176-177/, ослын бүдүүвч зураг /хх 186/, хохирогч К.*******гийн мэдүүлэг /хх 14-15/, гэрч Цэрэнгийн мэдүүлэг /хх 22/, шинжээчийн дүгнэлт /хх 32-36/, шинжээчийн дүгнэлт /хх 41-42/, мөрдөгчийн магадалгаа /хх 181/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч К.*******гийн мэдүүлэг /хх 15/, шинжээчийн дүгнэлт /хх 42/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 103/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 103/, шүүгдэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан акт /хх 105/, ажил эрхэлж байсан байдал, дансны хуулга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч К.*******гийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар  хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын бүсээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналыг гаргаж байна. гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Энэ хэрэг С.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр К.*******г авто машиндаа авч яваад зорчиж явахдаа онхолдож биед нь хүнд гэмтэл учруулсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүд хэргийн болсон процессыг бүрэн тогтоогоогүй боловч шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг юунаас болж гарсан, хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан дээр маргахгүй, мэтгэлцэхгүй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хэрэг юунаас болсон талаар үнэн зөвөөр мэдүүлж, учирсан хохирлыг дор бүрд нь барагдуулдаг. Одоогийн байдлаар хохирогч К.*******гийн биеийн байдал дээрдсэн байгаа. Шүүгдэгч нь урьд өмнө  4 удаагийн ял шийтгэлтэй боловч ажил хөдөлмөр эрхэлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, ял шийтгэлтэй гээд хойш суусангүй. Хөдөлмөр эрхэлж, ар гэр ахуй амьдралаа авч явсан байна. Хэдийгээр энэ хоёр дээр байдаг хүүхэд байхгүй боловч энэ хүүхдүүдийг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд энэ хоёр хүний хүч хөдөлмөр байсан. Тэгэхээр энэ бүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч С.******* нь өнөөдрийн байдлаар 67 настай, өндөр настай хүний тоонд ордог. Зам тээврийн хэрэг гэмт хэргийн ангиллын хувьд болгоомжгүй гэмт хэрэгт хамаарагдаж байдаг бөгөөд энэ хэргээр яллагдаж орж ирсэн.  Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн хохирогч К.*******гийн зүгээс “бид хоёр бие биеэ түшиж амьдраад цаашид байнгын хамт байх талаар, мөн гар нь гэмтсэнтэй холбогдуулж, ******* бүх зүйлийг хийж байгаа, энэ хүн хажууд нь байхгүй бол надад хэцүү байх болно ” гэж хэлснийг нь шүүх харгалзан үзнэ үү. Энэ гэмт хэрэг нь хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй байдаг. Шүүгдэгч С.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, өндөр настай, хохирогчийн хэлж байгаа хүсэл зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Мөн энэ хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн тул шүүгдэгч С.*******ид согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах шийдвэр гаргах нь зүйтэй. Нэгэнт гэмт хэрэг учирсан байгаа бол түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь хийсэн хэрэгт нь тохирсон байхыг шаарддаг.  Тэгэхээр нэг жилийн хугацаанд ял оногдуулж тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь энэ хүний үйлдсэн хэрэгт тохирч байна гэж үзэж байна. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг 44 минутын орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй буюу худалдааны төвөөс хүрэх замд Mitsubishi Minicab маркийн улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.83%/ хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл зүүн талаараа зам дээр унаж, иргэн К.*******гийн эрүүл мэндэд зүүн атгаал ясны ил хугарал, богтос, шуу ясны ил хугарал, зүүн бугалга, зүүн шууны эдийн дутагдал бүхий хууларсан, салбарсан шарх, зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн тайрагдалт бүхий хүнд хохирол нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.*******ийн өгсөн: “...манай эхнэр К.******* 10 жилийн ангийнхаа хүүхэдтэй хамт 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг дундаа тавьчихсан ууж байхаар нь тухайн үед уур хүрээд тэр хоёроос архийг нь булааж аваад нөгөө хүнийг нь гэрээсээ хөөж явуулаад үлдсэн архийг нь ганцаараа уучихсан юм. Тухайн үед тал шил л архи байх шиг байсан. Ингээд манай эхнэр бид хоёр С.Цэрэнгийн гэрт очихоор би машинаа жолоодоод эхнэрээ өөрийнхөө хажуугийн суудалд суулгаад явсан. Тэгээд Налайх дүүргийн 8 дугаар хороо худалдааны төвөөс доошоо уруудаад тэй уулзвар орох замд би машинаа бариад явж байсан. Тухайн үедээ замын хоёрдугаар эгнээгээр доошоо уруудаад 50 билүү 60 километр цагийн хурдтай явж байсан. Тэгтэл тэй эргэдэг уулзвар ойртоод дөхөөд ирэх шиг болохоор нь хурдаа сааруулах санаатай тоормос гишгэсэн. Тоормос гишгэхдээ огцом гишгэчихсэн чинь машин шарвах шиг болохоор нь би сандарсандаа жолооны хүрдээ замын эгнээ рүү огцом дарж тоормос гишгэсэн чинь миний машин замын хашлага руу орох гэж байсан. Тэгэхээр нь буцаж нөгөө тийшээ огцом дарсан чинь машин маань жолоочийн эсрэг талаараа уначихсан. Тэгэхэд жолоочийн эсрэг талд сууж байсан манай эхнэр К.******* өөрийнхөө сууж байсан талын машины хаалганы цонхонд зүүн гараа даруулж бяцлуулчихсан байсан. Ингээд би цочирдож сандраад арай гэж машинаасаа гараад шууд эмнэлэг цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 58 дугаар тал/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Цэрэнгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн тоот гэртээ байж байхад өдөр 14 цагийн үед С.******* манайд ганцаараа ирж хашаанаас машинаа аваад гэр лүүгээ явлаа гээд аваад явсан. Тэгсэн орой 17 билүү 18 цагийн орчим над руу С.******* залгаж “эгчээ би эхнэртэйгээ хамт машинтайгаа явж байгаад осолд орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад тэр даруй эмнэлэг, цагдаа руу очсон юм...” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 22 дугаар тал/

 

3. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 6127 дугаар:К.*******гийн биед зүүн атгаал ясны ил хугарал, богтос, шуу ясны ил хугарал, зүүн бугалга, зүүн шууны эдийн дутагдал бүхий хууларсан, салбарсан шарх, зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн тайрагдалт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.68.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт,

/хх-ийн 37дугаар тал/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч Б.Цогбаярын 3485 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн С.*******ийн гэх 000109428 гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.1 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 42 дугаар тал/

 

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 27 дугаар тал/

 

6. Хохирогч К.*******гийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх,

/хх-ийн 29-35 дугаар тал/

 

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-8 дугаар тал/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 60 дугаар тал/

9. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 177-178 дугаар тал/

 

10. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

/хх-ийн 181 дүгээр тал/

 

11. шүүгдэгч С.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 61-105 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.******* нь  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож иргэн К.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж К.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №6127 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч С.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.*******гийн бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч ...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогч нь эхнэр нь, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, нас 61 тэй, машин авч ачаа ачиж дахин алдахгүй төлөө хичээж байгаа, байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн хэргийн газрын үзлэг дутуу, “хохирогч гомдолгүй” гэх үндэслэлд хөтлөгдөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийж дүгнэлт буруу гарсан, түүнд прокурор хяналт тавиагүйн улмаас тус хэргийг 8 сар шалгасныг  дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Эд  мөрийн   баримтаар   хураагдсан Mitsubishi Minicab маркийн бага оврын ачааны улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг хураан авсныг эзэмшигчид нь буцаан олгож,  шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид тэнссэн хугацаанд нь хяналт тавьж ажиллахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч С.*******ид эд мөрийн баримтаар хураагдсан Mitsubishi Minicab маркийн бага оврын ачааны улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг буцаан олгож, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ