Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 02396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 15 дугаар хороо, 23В байр, 136 тоотод оршин суух, Дүнжингарав ургийн овогтой Жамбаагийн Ариунханд /РД: ХЗ6110708/-ын нэхэмжлэлтэй,

 

Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ариунханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ариунханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд дараах 2 шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.Би 1981 онд ЗХУ-ын Техникийн сургуулийг төгсөж ирээд 1981 онд Нийтийн Аж Ахуй Техник Туслалцааны Барилга Угсралтын Ерөнхий газрын Ус Суваг Шугам Сүлжээний Барилга Угсралтын Конторт норомчин ажилчнаар томилогдсон. Би тэтгэвэрт гарах гэтэл миний 1981 оны 08 сараас 1985 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Нийтийн Аж Ахуй Тенхик Туслалцааны Барилга Угсралтын Ерөнхий газрын Ус Суваг Шугам Сүлжээний Барилга Угсралтын Конторт норомчноор ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэсэн. Улсын төв архиваас очиж лавлагаа авах гэтэл лавлагаанд миний авч байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн бөгөөд 1981 оны 08 сараас эхэлж цалин авсан нь гарч ирсэн. Мөн гэрчээр асуугдсан манай 2 дарга миний ажиллаж байсан талаар нотолсон байгаа. Нийтийн Аж Ахуй Техник Туслалцааны Барилга Угсралтын Ерөнхий газрын Ус Суваг Шугам Сүлжээний Барилга Угсралтын Конторт норомчин ажилчнаар 1981 оны 08 сараас 1985 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 2. Миний Нийгмийн даатгалын болон Хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг "Жамбаа" гэж бичих байтал "Жамба" гэж буруу бичсэн байдаг. Иймд намайг Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ариунханд нь Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох, 1981 оны 08 сарын 05-ны өдрөөс 1985 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Нийтийн аж ахуй, Техник туслалцааны барилгын удирдах ерөнхий газрын Ус суваг шугам сүлжээний барилга угсралтын конторт норомчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

“Жамба”-ийн “Ариунханд”-д олгосон Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт овог “Жамба”, нэр "Ариунханд", төрсөн он “1962” гэж бичсэн байх ба “Жамбаа”-ийн “Ариунханд”-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт эцгийн нэрийг “Жамбаа”, төрсөн он, сар, өдрийг “1960 он” гэж бичсэн байна.

 

“Жамба”-ийн “Ариунханд”-д 1984 оны 01 сарын 12-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн, 1996 оны 03 сарын 25-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Жамбаа” овогтой “Ариунханд” мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Ариунхандын төрсний бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд гэрч Г.Буд, Я.Лхагвацэрэн нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон тэдний Нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн дэвтэр, Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн тэрээр 1981 оны 08 сарын 05-ны өдрөөс 1985 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Нийтийн аж ахуй, Техник туслалцааны барилгын удирдах Ерөнхий газрын Ус суваг шугам сүлжээний барилга угсралтын конторт норомчноор ажиллаж байсан болох нь Нийтийн аж ахуй, Техник туслалцааны барилгын удирдах Ерөнхий газрын даргын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн Гадаад дотоодын ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай, 1982 оны 03 сарын 26-ны өдрийн Бригадуудын хөдөлмөр зохион байгуулалтыг батлах тухай, 1983 оны 04 сарын 11-ний өдрийн Цалинтай чөлөө олгох тухай, 1984 оны 02 сарын 07-ны өдрийн Бригадын хөдөлмөр зохион байгуулалтыг батлах тухай  1985 оны 08 сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт дээрх бичилтээр нотлогдож байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,  118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Жамбаагийн Ариунханд нь 1984 оны 01 сарын 12-ны өдөр “Жамба”-ийн “Ариунханд”-д олгосон Хөдөлмөрийн дэвтрийн, 1996 оны 03 сарын 25-ны өдөр “Жамба”-ийн “Ариунханд”-д олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, 1981 оны 08 сарын 05-ны өдрөөс 1985 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Нийтийн аж ахуй, Техник туслалцааны барилгын удирдах ерөнхий газрын Ус суваг шугам сүлжээний барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ариунхандаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР