Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

­

 

 

   2022        02          18                                     2022/ШЦТ/165

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Г.Түвшинбаяр;

 

Шүүгдэгч: Б.Г (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:;

 

Шүүгдэгч Б.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ganbei (Ганбэй) рестораны текэн дээр байсан иргэн Т.М-ийн эзэмшлийн iphone (Aйфоне) 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.542.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.М-ийн мэдүүлэг /хх-ийн 8/,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19/, Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26/, Б.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30, 42/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ganbei (Ганбэй) рестораны текэн дээрээс иргэн Т.М-ийн эзэмшлийн iphone (Aйфоне) 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.542.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Т.М-ийн (хх-ийн 8): “...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ganbei (Ганбэй) рестораныг ажиллуулдаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн улаан өнгийн, 356591100508108, 356591100665759 имей дугаартай “Айфоне 11” маркийн гар утсаа найз охин Анарт үлдээгээд рестораныхаа бараанд явсан. Гэтэл 12 цаг 03 минутад үл таних хүн гаднаас орж ирээд текэн дээр байсан гар утсыг аваад гарсан байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хх-ийн 17-19),

 

Б.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн (xx-ийн 26): “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ганбэй” ресторан руу хог түүж яваад олсон хоолоо халаахаар орсон. Тэгээд текэн дээр хоол халаагаад өгчих гээд очиход намайг сонсоогүй. Тэр үед текэн дээр нь улаан өнгийн гар утас байхаар нь халаалгахаар барьж явсан хоолныхоо доор хийгээд гараад явчихсан. Тэгээд би автобусанд суугаад Хархорин худалдааны төв рүү очоод гадаа нь байсан үл таних хүнд 130.000 төгрөгөөр зарсан. Мөнгө олох зорилгоор тухайн гар утсыг хулгайлсан. Хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.Гэд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг өөрөө мэдүүлсэн, түүний хулгайн үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогчид учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Г нь Т.М-ийн эд хөрөнгийг хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Б.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид хорих ял оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;

 

хохирогчид учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэж,  мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нөхөн төлөгдөөгүй хохирол, төлбөр болох 1.542.000 төгрөгийг шүүгдэгч Б.Гээс гаргуулж хохирогч Т.М-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 66 хоног цагдаг хоригдсон, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

 

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Гээс 1.542.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.М-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ