| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын ******* Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2123000360085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Завхан аймгийн ******* сумын ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /РД:*******/
Д.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн сумын багт байрлах Нэгдсэн эмнэлгийн рентгений тасгийн үүдэнд сандал дээр тавьсан байсан иргэн Г.*******ын гар утсыг хулгайлж, түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн рентгений тасгийн үүдэнд сандал дээр тавьсан байсан иргэн Г.*******ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Дээрх эд зүйлсээ хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.*******ын “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгенд ..хүүхдийнхээ хөлийн зургийг авхуулах гээд ... би сууж байсан сандал дээрээ хүүхдийн гутал, оймс, дээлэн дээр өөрийнхөө гар утсыг тавьж үлдээгээд орчихсон юм. Тухайн үед миний хажууд маск зүүсэн эмэгтэй хүн сандал дээр сууж байсан. Хүүхдийнхээ хөлийн зургийг авхуулаад гараад ирсэн чинь миний гар утас байхгүй болчихсон байсан. Мөн намайг ороход сандал дээр суугаад үлдсэн эгч байхгүй, миний гар утас байхгүй болсон байсан... Миний утас ямар нэгэн хамгаалах код байхгүй. Авсан хүн шууд сим карт хийгээд ашиглах боломжтой... Гар утасныхаа imei кодыг мэдэхгүй. Утасны хайрцаг дээр код нь байгаа...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Эгийн “...******* ... урт сандал дээр хүүхдийнхээ хувцсыг дээр нь гар утсаа үлдээгээд ороод ирсэн юм байна лээ. Хүүхдийнхээ хөлийн зургийг авхуулах гэж хэсэг хугацаа өнгөрсний дараа гарч ирээд сандал дээрээс хүүхдийн хувцсаа аваад шатаар уруудаад явж байгаад чи утсаа яасан бэ гэж асуусан чинь би сандал дээр тавиад үлдээсэн гэж хэлээд буцаад гүйсэн. Буцаж ирээд гар утас сандал дээр байхгүй байна миний хажууд сууж байсан хүн аваад явсан юм байлгүй би энэ хавиар хайх хэрэгтэй байна гээд хайгаад явсан. Намайг утас руугаа залгаад байгаарай гэхээр нь би машиндаа сууж байгаа гэсэн дугаар руу нь 6 удаа залгасан. Хэсэг дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон байсан... Redmi note-8 маркийн цэнхэр туяатай гар утас барьдаг байсан... Коридорт олон хүн байгаагүй. 3-4 хүн байсан. Биднийг очоод байж байхад эмч нь зургийн хариу 14 цагаас гарна шүү гэж хэлсэн чинь тэнд байсан хүмүүс яваад сандал дээр 1 эмэгтэй хүн суугаад үлдсэн...” гэсэн мэдүүлгээр, Д.******* өөрт нь улаан өнгийн гар утас өгсөн талаар мэдүүлсэн гэрч А.ы “...Манай ээж аймгийн төв рүү шинжилгээ өгөх ажлаар 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яваад 12-ны орой буцаж ирсэн юм. Аймгийн төвөөс ирэхдээ redmi note 8 гэсэн гар утас оллоо гэд надад авч ирж өгсөн. Тухайн гар утас ямар нэгэн код байхгүй болохоор гэсэн дугаарыг хийж ашигласан дотор нь байсан зургуудыг устгасан. Фейсбүүк нээж ашигласан. Redmi гэсэн бичигтэй хөх өнгөтэй гадна талдаа үнэртэй усны зурагтай кэйстэй кодгүй гар утас байсан... Аймгийн эмнэлгийн сандал дээрээс олсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй гэрч А.аас redmi note 8 маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, хураан авсан гар утсыг хохирогч Г.*******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүдээр, Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... 11, 12 цагийн үед байх аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгэн зураг авдаг хэсгийн үүдэнд сандал дээр сууж байсан чинь танихгүй хүүхэн залуу хүүхдийнхээ хөлийг үзүүлэх гээд байж байсан. Тэр хүүхэн залуу 2 нэг харсан чинь хүүхдийнхээ хувцасны хажууд гар утсаа үлдээгээд орхичихсон байхаар нь би гар утсыг нь аваад яваад өгсөн юм. Тэгээд жаахан байж байгаад утсыг үзтэл кодгүй байхаар нь утсыг нь унтраачихсан юм. Тэгээд тэр утсыг ******* сум руу авч очоод өөрийн хүүхэд д дугаартай сим карт хийгээд бариулж байгаад баригдсан, сим картыг нь хаясан байх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна. Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Г. *******д 450000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны Завхан аймаг дахь салбарын гэрээт үнэлгээчин Г.гийн “...redmi note 8 маркийн гар утсыг 450.000 /дөрвөн зуун тавин мянган төгрөг/-өөр үнэлсэн” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Г.*******ын өмчлөлийн гар утсыг хулгайлж түүнд 450,000 төгрөгийн хохирол буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид буцаан олгосон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ